Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 143/ШШ2022/00429

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х Б

Хариуцагч: Э.С

Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 38 373 869.33 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 38 388 869.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Үндсэн зээлдэгч Э.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд зурагт хөргөгч, 5 ханатай гэр тус тус барьцаалуулсан.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгах, 04 сарын үндсэн зээлийн төлбөрөөс хойшлуулахаар нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсан. Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 937 011.08 төгрөг, зээлийн хүүнд 5 073 869.12 төгрөг, нийт 9 010 880.20 төгрөгийг төлсөн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Иймээс банк 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот зээлийн гэрээний зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 669 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

2. Үндсэн зээлдэгч Г.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд тэрээр энэ зээл дээрээ нэмэгдүүлэн дараах зээлүүдийг авсан. Үүнд:

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ дугаартай барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 12 074 942.70 төгрөг дээр нэмэгдүүлж 2 900 000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дугаартай зээлийн гэрээ, дугаартай барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 13 997 322.27 төгрөг дээр нэмэгдүүлж 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр хувийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844171791-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгах, үндсэн зээлийн төлөлтийг 4 сараар хойшлуулж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 6 464 456.36 төгрөг, зээлийн хүүнд 4 663 044.43 төгрөг, нийт 11 127 500.79 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Иймээс банк 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дугаартай Зээлийн гэрээний зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 683 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1. Иймд зээлдэгч Э.*******, Г.******* нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах,

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 24- ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

-2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулах

А/ Үндсэн зээлийн төлбөр: 19 062 988.92 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр: 5 836 354.07 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 167 804.84 төгрөг

Г/ Нотариатын үйлчилгээний хөлсөнд: 8 000.00 төгрөг,

Нийт 25 075 147.83 төгрөг гаргуулах

-Зээлдэгч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зурагт, хөргөгч, 5 ханатай гэр зэрэг хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамж 283 326 төгрөг, 70 200 төгрөг, нийтдээ 353 526 төгрөг төлсөн.

2. Иймд зээлдэгч Г.*******, Э.******* нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах,

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 24- ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

-2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тоот зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулах

А/ Үндсэн зээлийн төлбөр: 9 535 543.64 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр: 3 625 834.10 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 145 343.76 төгрөг

Г/ Нотариатын үйлчилгээний хөлсөнд: 7 000 төгрөг,

Нийт 13 313 721.50 төгрөг гаргуулах

Улсын тэмдэгтийн хураамж 224 519 төгрөг төлсөн.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д "...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заасан тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцагч Э.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч Э.*******, хамтран зээлдэгч Г.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот гэрээ байгуулан 23 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай 15.6 хувийн хүүтэй авсан. Тус зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******-1 тоот зээлийн гэрээгээр өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нар зээл авснаасаа хойш зээлээ төлж байгаад 2020 оны 02 дугаар сараас зээлээ төлөөгүй. Үндсэн зээлдэгч Э.*******, хамтран зээлдэгч Г.******* нарын гэрээн дээр нийт 25 075 147.83 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Үндсэн зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч Э.******* нарын зээлээс 13 313 721.50 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний 2.4.4 дэх хэсэгт зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж гэрээ дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан байгаа. Мөн зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсэгт зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалтаар гэрээг дуусгавар болгож байгаа. Гэрээний хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусна. Зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийг хугацаанаас нь өмнө бүрэн төлүүлэхийг шаардана гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* банкны Өмнөговь салбарын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай нэхэмжлэлийг авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* банкны Өмнөговь салбар нь Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 38 373 869.33 төгрөг, нотариатын төлбөрт 15 000 төгрөг, нийт 38 388 869.33 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 25 075 147.83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн зээлийн төлбөр 19 062 988 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан дүнг бол хүлээн зөвшөөрөхгүй багасгуулах хүсэлтэй байна. Нотариатын зардал нь тус гэрээний үүрэгт хамааралгүй учир хүлээн зөвшөөрөхгүй.

13 313 721.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж үзэж шаарджээ. Уг шаардах эрх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний дагуу үүсдэг. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь нэг талаасаа хуульд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ мэт харагдах боловч энэхүү гэрээ нь хамтран зээлдэгчээс төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үндэслэл үүсгэхгүй гэж үзэж байна. ******* банкны Өмнөговь салбарын цалин барьцаалсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахдаа надад эргүүлэн төлөх үүргийг үүсгэж байгаа талаар би мэдээгүй. Учир нь уг зээлийн гэрээ нь миний талийгаач нөхөр Г.*******гийн хөдөлмөрлөх эрхийн үндсэн дээр ирээдүйд бий болох цалинг барьцаалж зээлж олгож байгаа гэж ойлгосон учир миний хувьд үүрэг үүсэж байгаа гэж ойлгоогүй. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шаардлагатай гэхэд нь л би зурсан юм. Харамсалтай нь миний нөхөр Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Одоогоор би 2 хүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй том хүү Б. нь 3 дугаар ангийн сурагч, бага хүү Б. нь 2 настай санхүүгийн асар хүнд нөхцөл байдалд амьдарч байна.

2018 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд Э.******* нь ийм үүрэг хүлээнэ, ийм эрх эдэлнэ гэсэн зүйл гэрээнд харилцан тохиролцсон зүйлгүйгээр хамтран зээлдэгч гэж үзэж төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн авсан зээл болох 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот гэрээний төлбөр болох 25 075 147.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин талийгаачийн зээл болох 13 313 721.50 төгрөгөөс 6 656 860.5 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. 50 хувийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анх гэрээ байгуулахдаа талийгаач хэдэн төгрөг, хамтран зээлдэгч би хэдэн төгрөг төлнө гэж банк болон талийгаач тохиролцоогүй. Г.******* 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Тэгээд 2 жоохон хүүхэдтэйгээ үлдээд аав, ээж хоёртойгоо хамт амьдаръя гээд ирсэн. Тэгтэл аав маань жилийн өмнө бурхан болсон. Тэгээд би одоо ээжтэйгээ 4-үүлээ байдаг. Манай ээж нуруугаа хугалаад нурууны хагалгаанд орсон, миний нуруун дээр бүх амьдрал ирсэн болохоор хуримтлагдсан хүүг хөнгөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/201844171791 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн № дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Г.*******, Э.******* нарын зээл хүссэн хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ201844179944 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас Б., Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 38 373 869.33 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 38 388 869.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа дараах 2 төрлийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаарджээ.

2.1. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201844179944 дугаартай ******* банк ХХК, Э.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 25 067 147.83 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 25 075 147.83 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

2.2. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/201844171791 дугаартай ******* банк ХХК, Г.*******, Э.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 13 306 721.5 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 13 313 721.5 гаргуулах.

3. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, өөрийн үндсэн зээлдэгчээр оролцож авсан зээлийн гэрээний төлбөр нийт 25 075 147.83 төгрөгийг, мөн үндсэн зээлдэгч нь Г.*******, өөрийн хамтран зээлдэгчээр оролцсон зээлийн төлбөрийн 50 хувийг буюу 6 656 860.75 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6 656 860.75 төгрөгийг эс зөвшөөрч маргадаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас ******* банк ХХК, нөгөө талаас Э.*******, Г.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 23 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар олгохоор тохиролцсон байна.

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844179944-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацаа: 2023 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл 12 сараар сунгах-аар тохиролцжээ.

Зээлдэгч Э.*******, Г.******* нар нь сар бүр зээл, хүүгийн төлбөр тогтмол төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 23 000 000 төгрөг төлөхөөс 3 937 011.08 төгрөг төлөгдөж үлдэгдэл 19 062 988.92 төгрөг, зээлийн хүүд 10 910 223.19 төгрөг хуримтлуулснаас 5 073 869.12 төгрөг төлөгдөж үлдэгдэл 5 836 354.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 167 804.84 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 25 067147.83 төгрөг болсон байна.

4.2. Мөн нэг талаас ******* банк ХХК, нөгөө талаас Г.*******, Э.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201844171791 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлийн үлдэгдэл 13 997 322.27 төгрөг дээр нэмж 100 000 төгрөгийг олгон, нийт зээлийн хэмжээ 14 097 322.27 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар тохиролцсон байна.

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844171791-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацаа: 2022 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл 12 сараар сунгах-аар тохиролцжээ.

Зээлдэгч Г.*******, Э.******* нар нь сар бүр зээл, хүүгийн төлбөр тогтмол төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 16 000 000 төгрөг төлөхөөс 6 464 456.36 төгрөг төлөгдөж үлдэгдэл 9 535 543.64 төгрөг, зээлийн хүүд 8 288 878.54 төгрөг хуримтлуулснаас 4 663 044.43 төгрөг төлөгдөж үлдэгдэл 3 625 834.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 145 343.76 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 13 306 721.5 төгрөг болсон байна.

Зээлдэгч нь 2020 оны 07 сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 669-683 хоног хугацаа хэтрүүлжээ.

5. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

Хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд ******* банк ХХК, Э.*******, Г.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 25 067 147.83 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 25 075 147.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул уг хэсгийг хангах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж тус тус заажээ.

******* банк ХХК болон Г.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/201844171791 дугаартай зээлийн гэрээнд Э.******* нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан, үндсэн зээлдэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан талаар талууд маргаагүй.

Үүрэг гүйцэтгүүлэгч ******* банк ХХК нь үндсэн зээлдэгч Г.******* нь нас барсан учир үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгч Э.*******гаас шаарджээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй буюу талууд хүлээх үүргээ тодорхойлоогүй, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хуульд тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасныг баримтлан хариуцагч Э.*******гаас 6 656 860.75 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Зээлдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25 075 147.83 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргажээ.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БГХ201844179944 дугаартай барьцааны гэрээ байгуулж 5 ханатай гэр, хөргөгч, зурагт зэрэг хөрөнгийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9. Хариуцагч тал зээлийн гэрээний хүү өндөр байх тул хүүг багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

Талууд зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байх ба талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэлд дурдсан хэмжээний хүү хуримтлагджээ.

Иймд зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 578 045 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 456 585 төгрөгийг /хэрэгсэхгүй болгосон 6 656 860 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 121 460 төгрөгийг хасаж тооцон/ гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* банк ХХК, Э.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Э.*******гаас 25 075 147.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* банк ХХК, Г.*******, Э.******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/201844171791 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Э.*******гаас 6 656 860.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 6 656 860.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* банк ХХК, Э.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/201844179944 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 25 075 147.83 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, хөргөгч, зурагт зэрэг барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 045 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 456 585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНСҮРЭН