Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 143/ШШ2022/00436

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Г.Э

30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж, хариуцагч Г.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Энхтөр нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А/16 дугаартай тушаалаар Батсээр ХХК-д агуулахын менежер албан тушаалд томилогдон ажилласан. Г.Энхтөр нь ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод гэр, оронгүй түрээсийн байраар амьдарч байна, ар гэр хэцүү байна та надад 30 000 000 төгрөг 3 жилийн хугацаатай хувиасаа түр зээлээч гэж удаа дараа гуйсны дагуу Д.Бат-Эрдэнэ миний бие Г.Энхтөрд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны 1102884999 дугаарын данснаас Г.Энхтөрийн Хаан банкны 5601006811 дугаарын дансанд Гэндэн Энхтөр зээл, Энхтөр Хаан төв банк гэсэн гүйлгээний утгатай 30 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай амаар тохиролцож зээлж шилжүүлсэн болно.

Д.Бат-Эрдэнэ миний бие 2019, 2020, 2021 онд тус тус зээлдүүлсэн 30 000 000 төгрөгийг буцааж төлөх талаар Г.Энхтөрөөс шаардаж байсан ба Г.Энхтөр нь одоогоор боломжгүй байна гэдэг байсан. Гэтэл Г.Энхтөр нь манай Батсээр ХХК-ийн агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа миний итгэлийг алдаж байнга архи, дарс ууж, ажил тасалж, хариуцсан агуулахаас их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба дээрх асуудал нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 17.1 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Иймд миний бие 2018 онд Г.Энхтөрд 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн 30 000 00 төгрөгийг Г.Энхтөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Г.Энхтөр Д.Бат-Эрдэнэ дээр ирж уулзахдаа ажлаасаа гарсан, ажил төрөлгүй хэцүү байна, хүүхэд оюутан, цалин мөнгө хэрэгтэй байна, та намайг ажилд аваач гэж гуйж ярилцсаны үндсэн дээр Батсээр ХК-д ажилд оруулахаар болж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А16 дугаартай тушаалаар тус компанид агуулахын менежерийн албан тушаалд томилж түүнийг 1 000 000 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэж ажилтай болгосон байдаг. Гэтэл Г.Энхтөр нь ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод гэр оронгүй, түрээсийн байраар амьдардаг, хэцүү байна, хүүхэд оюутан, цалин хүрэлцэхгүй байна, та надад мөнгө зээлээч, хотод амьдрахад хэцүү байна гэж ажилд орсон цагаасаа буюу 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын хооронд 20 000-450 000 төгрөг буюу 3 066 500 төгрөгийг өөрийн буюу бусдын данс руу шилжүүлэн Д.Бат-Эрдэнээс зээлж авч байсан. Энэ мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэхгүй.

Харин түүнд их хэмжээгээр зээлүүлсэн 30 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Дээрх 30 000 000 төгрөгийг Г.Энхтөр зээлж авахдаа дээрх гэр оронгүй, хүүхэд оюутан, ар гэр хэцүү байна гэдэг шалтгаанаар өөрийн гэсэн байр оронтой болоход урьдчилгаа мөнгө байхгүй байна, та надад 3 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай хувиасаа зээлүүлээч гэж Д.Бат-Эрдэнэд хандсаны дагуу Д.Бат-Эрдэнэ амьдралд нь тус болох үүднээс түүнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банк ХХК-ийн 11022884999 гэсэн дугаарын данснаас Г.Энхтөрийн Хаан банк ХХК-ийн 5601006811 дугаарын дансанд иргэн Г.Энхтөр зээл гэсэн гүйлгээний утгаар 30 000 000 төгрөгийг түүнд шилжүүлж зээлүүлсэн байдаг. Энэ нь банкны шилжүүлгийн баримтаар нотлогддог. Д.Бат-Эрдэнийн зүгээс тухайн мөнгөө Г.Энхтөрөөс авахыг тодорхой хугацаагаар шаардаж байсан. Г.Энхтөр нь одоогоор боломжгүй байна, өр зээлтэй байгаа, боломжтой болохоороо хувааж төлж барагдуулна гэдэг байсан. Энэ нөхцөл байдал дээр Д.Бат-Эрдэнэ түүнд итгэж өдий хүрсэн. Гэвч Г.Энхтөрийг Батсээр ХК-д агуулахын менежерээр ажиллаж байхдаа кабелийн дутагдал гаргасан гэдэг шалтгаанаар 2021 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Үүний дараа компанийн тооллого явагдсан. Энэ тооллогоор бас 600 000 000 төгрөгийн хохирол төлбөр дутагдсан асуудлууд гарсан. Энэ асуудалд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол өгөөд шалгуулаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдаж байгаа. Тэр асуудал нь холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгагдаад хэн нь тухайн бараа материалыг дутагдуулсан гэдэг нь тодорхой болох байх. Үүнийг зүгээр дурдаж байгаа юм. Иймд нэхэмжлэгчээс 2018 онд Г.Энхтөрд зээлдүүлсэн 30 000 000 төгрөгөө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм гэв.

2. Хариуцагч Г.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Энхтөр миний бие иргэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжилж байгаа 30 000 000 /гучин сая/ төгрөгийг зээлж аваагүй болно. Учир нь анх надад 2017 оны 6-р сард Батсээр ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ Манай компани Оюутолгой ХХК-д сэлбэг, бараа материал нийлүүлэх тендер авч, гэрээ хийсэн боловч туршлагатай ажиллах боловсон хүчин манайд алгаа. Тиймээс чи манай компанид нэг сарын 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн цалинтай, агуулахын менежерээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотод ирж ажиллаач, ах нь чамд орон байрны асуудалд тусалж байрны урьдчилгаа өгнө гэсэн санал тавьсан билээ. Иймд энэ саналыг хүлээн аваад би 2017 оны 7 сарын 1-ээс Батсээр ХХК-д агуулах менежерээр ажилд орсон.

Ийнхүү 2018 оны 5 сард миний охин Э.Нандин-Эрдэнэ /Г.Энхтөр миний бие хамтран зээлдэгч нь болно/ Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууцны байр авсан бөгөөд тэр үед Д.Бат-Эрдэнэ захирал амласан ёсоороо байрны урьдчилгаа 30 000 000 /гучин сая/ төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн. Тусламжийн мөнгөө миний ХААН банкны 5601006811 тоот дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж шилжүүлсэнг лавлаж асуухад Эрдэнэцэцэг эгч чинь /эхнэр нь/ мэдвэл хэцүү шүү дээ. Чи ойлгоорой гэж хэлсэн. Мөн Голомт банкинд Тус компанид агуулахын менежерээр ажилладаг Г.Энхтөрд Буцалтгүй тусламж болгон олгосон 30 000 000 /гучин сая/ төгрөгийн гүйлгээний утгыг Зээл гэж бичсэн болно гэсэн тайлбар хүргүүлсэн байдаг. /Хавсралт материал №1 "Батсээр ХХК-н захирлын 2018.05.28-ны өдрийн 1/62 тоот/

Би тухайн үед нь Д.Бат-Эрдэнэ захиралд Энэ их мөнгийг хүнээс зүгээр авах хэцүү байна. Анх тохиролцсон ёсоор миний 2 500 000 төгрөгийн цалингаас суутгаж 1 000 000 төгрөгөөр тайлагнаж байгаа, цаашид ч хэвээрээ цалингаас суутган авахыг хүсэж байна гэсэн. Тэрээр энэ саналыг минь зөвшөөрсөн бөгөөд цаашид гарт авах цалинг чинь шатлалтайгаар өсгөнөө гэсэн. Ингээд 2017 оны 7 сараас 2020 оны 9 cap хүртэл 38 cap ажилласаны дараа Д.Бат-Эрдэнэ захирал надад хэлэхдээ 30 000 000 төгрөгийг төлж дууссан гэж үзье, чиний цалинг анх тохирсон ёсоороо 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болгоё гэсэн. /Хавсралт материал №2 Төрийн мэдээллийн сангийн лавлагаа/

Харин миний хувийн тооцооллоор бол би энэ мөнгийг давуулан төлсөн байгаа юмаа. /Хавсралт материал №3 "Аман тохиролцоот цалин"-гийн суутгалын тооцоолол/ Дээрх тайлбар нотолгоондоо үндэслэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Д.Бат-Эрдэнэ захирал энэ 30 000 000 төгрөгийг урьд өмнө удаа дараа төлөхийг шаардаж байсан хэмээн нэхэмжлэл дээрээ худал ташаа бичсэн нь утга учиргүй зүйл юмаа. Яагаад гэвэл миний гарт олгох цалингаас суутгаж авах бүрэн эрх нь байсан шүү дээ. Мөн намайг Батсээр ХХК-д их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргасан, байнга архи дарс уудаг хэмээн илтээр гүтгэн, дайрч доромжлон, хүний нэр төрд халдсан шинжтэй зүйлсийг дурдсан нь миний санаанд нийцэхгүй байна. Яагаад гэвэл намайг анх ажилд ороход Батсээр ХХК-иас надад хүлээлгэн өгсөн бараа материал, болон бүртгэл жагсаалт байхгүй учир надад дутаасан болон хохироосон эд хөрөнгө байхгүй. ...Иймд Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бат-Эрдэнэ захирлаас 30 000 000 төгрөгийг зээлж аваагүй юм. Намайг ажилгүй байж байгаад ажилд аваач гэсэн хүсэлт гаргасан гэж хэлээд байгаа юм. Би ерөөсөө тийм хүсэлт тавиагүй. ...Харин надад хүсэлт тавьсны дагуу би Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод очсон. Тэр үед надад оюутан хүүхэд байгаагүй. Миний охин 2016 онд их сургуулиа төгсөөд ажилд орчихсон байсан. Анх ярихдаа Д.Бат-Эрдэнэ захирал ах нь чамайг 2 500 000 төгрөгөөр цалинжуулна гэсэн. Анх намайг очиход Батсээр ХК үнэхээр хүнд байдалтай байсан. Тэгэхэд Д.Бат-Эрдэнэ захирал ах нь тэр орон байранд чинь тусална, урьдчилгаа өгчихнө, хоёулаа тохирчхож болох байх гэсэн. Тэгээд миний охин явсаар байгаад 2018 онд тэр байрыг олсон. Ажилд орохоос өмнө ах нь чиний сарын цалинг 1 500 000 төгрөгөөр өгнө, компанийн тайланд 1 000 000 төгрөгөөр тусна, 500 000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохирсон байсан. Үүнийг би энэ өөрийнхөө цалингийн тооцоолол дээр тодорхой тавьчихсан байгаа. Ингээд 1 000 000 төгрөгөөр нийгмийн даатгалд тайлагнасан байгаа. Тэгээд 2018 оны 08 дугаар сараас эхлээд банкны шаардлагын дагуу албан ёсоор 1 500 000 төгрөг авдаг л юм бол 1 500 000 төгрөгөөрөө нийгмийн даатгалд тайлагнах ёстой гэснээр дансаараа нийт 1 500 000 төгрөг авдаг болсон. Үүнээс өмнө бэлнээр тоолж өгдөг байсан. Тэгээд энд нь нягтлан нийгмийн даатгалд тооцуулаад 500 000 төгрөгийг надад бэлнээр өгдөг байсан. Нийгмийн даатгалаас авсан хуулбар дээрээ үндэслээд би цалингийнхаа тооцоог гаргасан байгаа. Энэ дээр бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Тэгээд ер нь би чамд 1 500 000 төгрөгийн цалинг өгье. 1 000 000 төгрөгийг нь чи байрны урьдчилгаа гэж бодоорой. Тэгээд чи надад ямар ч байсан 3 жил ажиллах ёстой шүү гэж хэлсэн. Тухайн үеийн Оюу толгой ХК-ийн гэрээ 3 жилийн хугацаатай байсан. Би 3 жил ажилласан. Цаашдаа үргэлжлүүлээд ажиллахгүй бол дахиад шинэ гэрээнүүд ороод ирсэн учраас хүндрэлтэй гэж хэлсэн байгаа. Тийм учраас үргэлжлүүлээд ажилласан байгаа.

Би энэ 30 000 000 төгрөгийг зүгээр авъя гээгүй юм. Д.Бат-Эрдэнэ захирал өөрөө ах нь чамд буцалтгүй тусламж маягаар өгнө гэсэн. Би ийм их мөнгийг хүнээс авч чадахгүй л гэсэн. Та тэгвэл энэ цалингаасаа суутгаад авчих гэсний дагуу энэ аман яриа болоод миний цалин ийм болж хувирсан. Үүний баталгаа нь юу вэ гэхээр 2020 оны 09 дүгээр сараас эхлээд миний цалин 2 500 000 төгрөгөөр тайлагнаж эхэлсэн байгаа. Энэ хүртэл би энэ компанид 38 сар ажилласан байсан. Тэгээд би нэг өдөр Д.Бат-Эрдэнэ захиралд хэлээд би хангалттай 30 сар ажиллачихсан байна. 30 000 000 төгрөг болчихсон. Та одоо миний цалинг амласан хэмжээгээрээ өг гэсэн. Тэгье гээд 2020 оны 09 дүгээр сараас эхлээд миний цалин 2 500 000 төгрөг болоод явсан байгаа. Ингээд халагдах хүртэл 2021 оны 04 дүгээр сар хүртэл миний цалин 2 500 000 төгрөгөөр олгогдож байсан юм. Хагас жил гаран ингэж олгогдсон. Анхны 2 500 000 төгрөгийн цалингийн баталгаа нь энэ байж байгаа.

Түүнчлэн тус компанид агуулахын менежерээр ажилладаг Г.Энхтөрд орон сууц худалдан авахад нь зориулан буцалтгүй тусламж болгон олгосон 30 000 000 төгрөгийг Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж бичсэн болно гээд Голомт банк ХХК энэ дээр буцалтгүй тусламж өгсөн гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн юм. Яагаад гэвэл банк надаас та орлогынхоо эх үүсвэрийг нотол гэж ийм баримт шаардсан юм. Энэ нь компанийн албан ёсны тамгатай захирлын гарын үсэгтэй албан ёсны бичиг баримт гэж банк хүлээж авсан байгаа. Тэгээд үүнийг 2 хувь үйлдсэн байсан. Миний охинд үлдсэн нэг хувиас нь би энэ эх хувийг авсан байгаа. Тэгээд шүүхэд өгөхдөө нотариатаар баталгаажуулаад өгсөн байгаа юм.

Мөн энэ 30 000 000 төгрөгийг удаа дараа төлөхийг шаардаж байсан гэж буруу ташаа яриад байгаа юм байна. Энэ бол ямар ч утга учиргүй яриа. Яагаад гэвэл тийм үндэслэл байхгүй. Хэрвээ тийм төлөх шаардлага байсан бол миний авч байгаа цалингаас энэ 30 000 000 төгрөгийг суутгаад авах бүрэн эрх нь тэр компанид байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч ор үндэсгүй зүйл. Удаа дараа надаас шаардаж байсан, тэгээд би боломжгүй, дараа өгье гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Анхнаасаа Д.Бат-Эрдэнэ захирал ах нь чамайг байртай болгоно, тусалъя, дэмжье, байрны чинь урьдчилгааг өгчихнө гэж ярьсан.

Тухайн үедээ хэдэн сая төгрөг болохыг нь мэдэхгүй байсан. Миний охин байр сонгоод 30 000 000 төгрөг хэрэгтэй юм байна аваа гэхээр нь би 30 000 000 төгрөгийн урьдчилгаа байх юм байна гэсэн. Тэгээд л тэр үед нь 2018 онд байр авахад 30 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байна лээ. Тэгээд зээл гээд гүйлгээний утгыг хийсэн юм байна лээ. Тэрийг нь яагаад тэгсэн юм бэ гээд асуусан чинь Д.Бат-Эрдэнэ захирал эхнэр мэдчихвэл их хэцүү байдаг юм гэсэн. Яагаад гэвэл, Д.Бат-Эрдэнэ захирал эхнэртэйгээ жаахан гэр бүлийн таарамжгүй харьцаатай байсан үе байгаа юм. Тэгээд нэг хэл ам болно энэ тэр гэдэг үүднээс тэгээд хийчихсэн юм гэж надад тайлбар өгч байсан. Үүнийг би яг өөрөөс нь сонссон. Эндээс би тайлбартаа бичсэн байгаа юм. Тусламжийн мөнгөө миний хаан банкны дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж шилжүүлсэнг лавлаж асуухад Эрдэнэцэцэг эгч чинь гээд эхнэр гээд тэмдэглэсэн байгаа. Эрдэнэцэцэг эгч чинь мэдвэл хэцүү шүү дээ, чи ойлгоорой гэсэн. Тэгээд нэгэнт гэр бүлийн нөхцөл байдал нь тийм гэдгийг мэдэж байгаа учраас тэгэх ёстой юм байлгүй дээ гэж бодсон. Миний цалингаасаа суутгуулсан цалингийн тооцоолол байж байгаа. Энэ нь нийгмийн даатгал төлсөн баримтаар баталгаажна гэв.

Нэхэмжлэгчээс: 2018.05.22-ны өдрийн 30 000 000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримт, 2022.06.09-ний өдрийн 0635 дугаартай итгэмжлэл, 2022.08.25-ны өдрийн Голомт банкны албан бичиг, Батсээр ХХК-ийн 2017.0.701-ний өдрийн ажилд томилох тухай, 2021.04.12-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, Г.Энхтөрд шилжүүлсэн мөнгөний тооцоо, 2021.08.18-ны өдрийн 211001457 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Д.Бат-Эрдэнийн дансны дэлгэрэнгүй хуулга; Хариуцагчаас: 2018.05.28-ны өдрийн 1/62 дугаартай Бэтсээр ХХК-ийн албан бичиг, 2022.07.19-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, аман тохиролцоот цалингийн суутгалын тооцоолол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ хариуцагч Г.Энхтөрд холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч Г.Энхтөр нь 30 000 000 төгрөгийг зээлж аваагүй, Д.Бат-Эрдэнэ амласан ёсоороо байрны урьдчилгаа 30 000 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн, ...уг мөнгийг цалингаасаа төлж дуусгасан үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнээс хариуцагч Г.Энхтөрд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкны 1102884999 дугаарын данснаас Г.Энхтөрийн 5601006811 дугаарын дансанд 30 000 000 төгрөгийг Гэндэн Энхтөрд зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнээс хариуцагч Г.Энхтөрд 30 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагч мөнгөн хөрөнгө нь зээл байгаагүй, буцалтгүй тусламж гэж өгсөн тул төлөх үндэслэлгүй гэж маргасан. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Д.Бат-Эрдэнэ, Г.Энхтөр нарын хооронд мөнгө шилжүүлсэн явдал нь хариуцагч Г.Энхтөр нь орон сууц худалдан авахад урьдчилгаа төлөх зорилгоор нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнээс мөнгө шилжүүлж авсан, уг мөнгөн хөрөнгөө эргүүлэн төлж барагдуулсан гэх зэргээс үзвэл талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсоноор зээлийн гэрээ байгуулагджээ.

Мөн Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтын гүйлгээний утга хэсэгт Гэндэн Энхтөрд зээл гэж бичигдсэн, Г.Энхтөр нь уг мөнгийг эргүүлэн төлсөн гэх байдал зэргээс дээрх мөнгөн хөрөнгө нь тусламж бус зээл байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх юм.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдүүлэгч тал мөнгийг шилжүүлснээр гэрээний үүргээ хэрэгжүүлсэн байна.

Хариуцагч Г.Энхтөр татгалзлын үндэслэлээ мөнгийг шилжүүлснээс хойш 6 хоногийн дараах буюу Бэтсээр ХХК-ийн 2018.05.28-ны өдрийн 1/62 дугаартай Голомт банкинд тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр /хх-15 тал/ 30 000 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн нь нотлогдоно гэж мэтгэлцдэг.

Зээлийн гэрээнээс гадна хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээний харилцааг зээлийн гэрээний харилцаанаас тусгаарлах шаардлагатай.

Нэхэмжлэлийн шаардлага гагцхүү зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцаанд хамааралтай байх тул Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бие даасан байдлыг хангах зарчмын дагуу зээлдэгч болон ажилтны эрх, үүргийг тусгаарлан авч үзэх нь зүйтэй.

Мөн хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг 2017 оноос эхлэн цалингаасаа суутгуулан буцаан өгсөн нь цалингийн суутгалын тооцооллоор /хх-18 тал/ нотлогдоно гэж тайлбарладаг ба энэхүү зээлийн харилцаанд зээлийг төлөх арга, журмыг талууд ийнхүү тохиролцсон гэж үзвэл зээлдэгч мөнгийг буцаан өгснөө нотлох үүрэгтэй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

Зээлдэгч Г.Энхтөр нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч Д.Бат-Эрдэнэд буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч Г.Энхтөрийн хувийн тооцоолол /хх-18 тал хавсралт №3/ гэх баримтаар 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

7. Иймд нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлдүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн байх тул тэрээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхтөрөөс 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН