2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/939

 

 

 

 

 

 

 

   2025        04         15                                  2025/ШЦТ/939

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, 

улсын яллагч Г.Бат-Оргил,

  шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  хохирогч Л.Э,

  иргэний хариуцагч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э.Эт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

З овогт Э.Э, регистрийн дугаар .............................

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр .......................... “Үет Хулс” хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Л.Эын ............... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Э нь:

2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ............................. гаднаас иргэн Л.Эын ...................... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв. 

Хохирогч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэмж мэдүүлэх зүйлгүй. Одоогоор түүнээс хохирол төлбөртэй холбоотой авсан зүйлгүй. Надад хохирлоо барагдуулаагүй байгаа ...” гэв.

Иргэний хариуцагч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би энэ хүнээс жилийн өмнө хөөрөг авсан нь үнэн. Анх орж ирэхдээ 1,000,000 төгрөгөөр тавих, дараа нь 800,000 тавих зорилготой орж ирсэн. Тэгээд 280,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд цаашид зарж борлуулах санаатай байгаа тухайгаа надад хэлсэн. Тэгээд би мэдэхгүй гээд явуулсан. Тэгээд зээлсэн мөнгөний хугацаа дуусаад залгахад энэ хүн утсаа аваагүй. Тэгээд хөөргийг нь 300,000 төгрөгөөр урт цагааны тэр хавьцаа зарсан. Тэгээд мөрдөгчтэй хамт явж энэ хүнийг хайж байгаад урт цагааны тэнд олж авсан. Тэгээд мөрдөгчид аваачиж өгөөд мэдүүлэгээ өгсөн” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Л.Эын “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу шинийн 15-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах The Bull нэртэй хоолны газраар найзуудын хамт сууж үйлчлүүлсэн бөгөөд тухайн газраас гарахаар үүдэнд зогсож байхад 25-30 орчим насны 165-170 орчим см өндөртэй залуу жолооч авах уу? гэж асуухад нь ээ би архи согтууруулах ундааны зүйл амссан байсан тул зөвшөөрч өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай ................. маркийн тээврийн хэрэгслийг бариулахаар тохиролцож Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үет хулс хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож бид 2 хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн бөгөөд тухайн жолооч залуугийн тооцоог би хийж өгсөн. Тэгээд би тухайн жолооч залууд итгээд би гэр лүү орчихоод гараад ирье гэж хэлээд гэр лүү ороод гарч иртэл миний голын хайрцгийн хажууд байсан хөөрөг алдагдсан байсан бөгөөд миний хаан банкны данснаас 125,000 төгрөг атм-ээр зарлагадсан байсан... Миний эд зүйлсийг жолоо барьж явсан жолооч залуу хулгай хийж авч явсан, учир нь би гэртээ орчихоод гараад ирье гэж хэлээд ороод гараад ирэхэд миний тээврийн хэрэгсэл онгорхой орхигдсон байсан бөгөөд жолоо барьж явсан залуу надаас жолоо барьсан хөлс юмаа авалгүй явсан байсан. Мөн тухайн этгээд нь надтай хамт үет хулс хүнсний дэлгүүрээр хамт үйлчлүүлсэн бөгөөд намайг картаараа тооцоо хийх үед миний картын нууц кодыг жолооч залуу хажууд сонсоод зогсож байсан, АТМ-нээс бэлэн мөнгөөр зарлага гарсан гэхээр миний машинд үлдээсэн Хаан банкны ............... дансны картыг жолоо барьж явсан тухайн залуу л нууц кодыг мэдэж байсан тул тэр хүн зарлага хийсэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Б.Мын “...Би Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвших-2 барьцаалан зээлдүүлэх газарт менежер ажилтай бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэг нүдний шилтэй залуу орж ирээд хөөрөг тавих гэсэн юм, миний хөөрөг байгаа юм аа Өмнөговь аймгийн цагаан чулуун хөөрөг гэх зэрэг зүйлс ярьсан тухайн залуугаас хэдэн төгрөгт барьцаалах талаар тодруулахад 1,000,000 төгрөгт тавина гэсэн тул би татгалзсан тул тэр залуу үнээ буулгаж манай барьцаалан зээлдүүлэх төвд 280,000 төгрөгөөр барьцаалж байсан. Түүнээс хойш манай ломбардад хөөрөг тавьсан залуу дахиж ирж тухайн хөөргийг аваагүй, мөн хугацаа сунгуулаагүй тул манай байгууллага тухайн хүний 91512006 гэсэн дугаарт байгууллагын утаснаас барьцаалан зээлдүүлэх хугацаа дууссан талаар сануулж болон мэдэгдэж тухайн хөөргийг цааш нь зарж борлуулж байгууллагыг алдагдалгүй болгосон... Тийм ээ манай мэдээллийн санд байгаа. Тухайн хүнийг Э овогтой Э /РД:............./ гэдэг би шаардлагатай бол тухайн үед бичигдсэн мэдээллийн хуулбарыг гаргаж өгч болно... Манай байгууллага хагас жилээр тооцож хураагдсан болон зарагдсан эд зүйлсийн баримтыг устгадаг тул байхгүй, гэхдээ тухайн үед дарж байсан зураг байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...”6” гэж дугаарласан хүн бол миний автомашинаас хөөрөг авч гарсан хүн мөн байна. Харин “3” гэж дугаарласан хүн бол дүр төрхийн хувьд төстэй хүн байна. Би хөөрөг хулгайлсан хүний царайг дүрсээр нь таньж байна гэж хэлсэн болохыг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-66 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Эийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би дуудлагын жолооч хийдэг байсан. Наадам центрийн THE Bull нэртэй ресторнаас хэсэг хүмүүс гарч ирээд дуудлагын жолооч авах уу гэж асуусан. Тэр үед нэг ах жолооч авъя гээд машиныхаа түлхүүрийг өгөөд 78-33 УЕА дугаартай приус-30 маркны авто машиныг зогсоол дээрээс аваад ирээ гээд машиныхаа түлхүүрийг аваад тэр хүнийг хаашаа явах асуугаад Хүнсний  4 дэлгүүрийн орчимд очисон гэсэн Тухайн жолооч гэрийнхээ гадаа ирээд зогсоол тавиад гэрийнхээ доод талын дэлгүүрээс 100 граммын архи аваад жижиг ундаа, тортой чихэр аваад намайг машиндаа очоод сууж бай гэсэн. Тухайн мөч намайг ижил хүйсний чиг хандлага үзүүлсэн би тэр үед жоохон дургүйцлээ үзүүлж гараа татаж авсан цагдаагийн тэмдэг үнэмлэх үзүүлсэн тухайн мөчид надад эвгүй мэдрэмж төрөөд би төлбөрөө шилжүүлэх үү бэлэн мөнгө өгөх үү гэж асуусан тэр мөч надад хариулт чи байж чамд өөр төлөвлөсөн ажил байхгүй биздээ хамт дэлгүүр орохыг шаардсан. хамт ороод тэгээд дэлгүүрээс юм авчихаад чи түрүүлж очоод машинд сууж бай гэж хэлсэн, тэгээд машинд суугаад дунд голын хайрцгийн дээр “цүнхний амсар дээр ил харагдаж байх хөөргийг хаан банкны карт зэргийг авч явсан замд байрлах Хүнсний 4 дэлгүүрийн хаан банкны АТМ-ээс тухайн эзэмшигчийн дансанд байсан 125,000 төгрөгийг бэлнээр авсан тухайн өдөр шууд гэрлүү явсан. Маргааш нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбардад очсон тухайн хөөргийг 280,000 төгрөг авна энэ хөөрөг хятад шилэн хөөрөг байна гээд тухайн ломбаранд байсан эзэн наймаачин хүнтэй яриад хоорондоо гар утсаар ярьж байсан тухайн хөөргийг 50,000 төгрөг нэмээд 300,000 төгрөг тавих санал тавьсан. Тэгээд надад 300,000 төгрөг хүрэх боломжгүй гэж хэлсэн “ломбарданы санал болгосон үнийн дүнгийн дагуу 280,000 төгрөг тавьсан өөрийнхөө данс руу мөнгийг авсан 2024 оны 04 дүгээр сарын дундуур цагдаагаас намайг дуудаад хөөргийн хэрэгт холбогдсон талаар хэлсэн мөн хөөргийг тухайн ломбардны эзэн намайг хөөрөгний чанарыг мэдэхгүй болоод хямдхан авсан байна гэж ...би тухайн үед ажилгүй байдаг байсан учраас хоол хүнс, сахарын тариа зэрэгт захиран зарцуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадласан шийдвэрийн хуудас /хавтаст хэргийн 116 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Үет Хулс” хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Л.Эын 78-33 УЕА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний  хариуцагчаас 170,000 төгрөг, хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчээс нийт-5,935,000 төгрөгийг гаргуулах ...” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ........................... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн хэргийн 16 дугаар тал/, гэрч Б.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...”6” гэж дугаарласан хүн бол миний автомашинаас хөөрөг авч гарсан хүн мөн байна. Харин “3” гэж дугаарласан хүн бол дүр төрхийн хувьд төстэй хүн байна. Би хөөрөг хулгайлсан хүний царайг дүрсээр нь таньж байна гэж хэлсэн болохыг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-66 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/,  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр  тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1496 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулж, тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан байна.

Уг ажиллагааны дагуу:

- Гэрчийн эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа

- Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

- Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоол,

- Иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа

- Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

- Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг ажиллагааг хийж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Үет Хулс” хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Л.Эын 78-33 УЕА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Э.Эийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Эийг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, хязгаарын бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, урьд авсан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Э.Э нь урьд Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд,

Ялын тооцоог 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон тооцоход дээрх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шагналын 10 хоног, биеэр 08 сар 12 хоног нийт 8 сар 22 хоногийг эдэлж, 01 жил 09 сар 08 хоногийн ялын үлдэгдэлтэй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн ялын биелэлтийн танилцуулгаар нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус заасан “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно”, “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”;  гэж хуульчилсан байх тул  

шүүгдэгч Э.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар 70% алдагдалтай, Е10 Инсулинээс хамаарах чихрийн шижин оноштой/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 03 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасан бөгөөд,

Шүүгдэгч Э.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг санууллаа.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э нь хохирогч Л.Эт 5,980,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/-ээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн виза картыг ашиглан 125,000 төгрөгийг гаргуулан авсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Э.Эээс хохирлын 5.935.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт, иргэний хариуцагч Б.Моос хариуцвал зохих хохирлын 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Э.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 03 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эээс хохирлын 5.935.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт, иргэний хариуцагч Б.Моос 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ