Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2022/00438

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2022/00438

 

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны 06 тоотод оршин суух, Боржигон овгийн Бат-Эрдэнийн Батболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 33 тоотод оршин суух, Газарч овгийн Хашбатын Бадмаарагт холбогдох диплом авах гэж шилжүүлсэн 3,000,000 төгрөг, хохирол 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Батболд,

Хариуцагч:Х.Бадмаараг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батболд нь Х.Бадмаарагт холбогдуулан ХААИС-ийн диплом авах гэж шилжүүлсэн 2,000,000 төгрөг, энэ хугацаанд нэмэгдсэн кредитийн үнэ 3,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Б.Батболд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ХААИС-ийн цахилгааны инженерийн ангид 2016 онд элсэн суралцсан. Сургуулийнхаа хажуугаар ажил хийж орлого олдог байсан бөгөөд давхар ажил хийж суралцах нь надад бэрхшээлтэй байдаг байсан. 2020 оны 9 дүгээр сард намын цугларалт арга хэмжээнд Х.Бадмаарагтай хамт явсан. Х.Бадмаараг нь тэр үед өөрийн танилтайгаа Дипломыг чинь гаргасан, үлдэгдэл мөнгөө өгөөд ав гэж ярилцаж байхыг сонссон. Би энэ яриаг сонсоод та диплом гаргадаг юм уу? гэж асуухад Х.Бадмаараг асуудалгүй гаргана, улсын сургууль жаахан үнэтэй байдаг, 5,000,000-6,000,000 төгрөгийн хооронд байдаг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 5,500,000 төгрөгөөр ХААИС-ийн дипломыг 2021 оны 6 дугаар сард гаргаж өгөхөөр тохирсон. Би тохиролцсон ёсоор Х.Бадмаарагийн дансанд 2020 оны 10 дугаар сард 4,000,000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сард 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Х.Бадмаараг нь одоог хүртэл диплом гаргаж өгөөгүй, янз бүрийн худал шалтаг хэлсээр өнөөг хүрсэн. Надад 3,500,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буцааж өгсөн. Үлдэх 2,000,000 төгрөгийг өгсөн хүмүүсээсээ цуглуулж өгнө гэж хэлээд өгөхгүй байна.

Би 2022 оны 5 дугаар сард Х.Бадмаарагт одоо суралцаж дипломоо авахад илүү мөнгө зардал гарна, кредитийн үнэ нэмэгдсэн, тухайн үед 1 кредитийн үнэ 70 гаруй мянган төгрөг байсан, одоо 120,000 төгрөг болсон, мөн бусад зардал ч гарна, иймээс 10,000,000 төгрөг өг гэж хэлэхэд тухайн үед зөвшөөрсөн. Иймд 10,000,000 төгрөгөөс өгсөн 3,500,000 төгрөгийг нь хасаад үлдэх 6,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Х.Бадмаарагаас 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Бадмаарагтай анх зугаалгаар явсан юм. Тухайн үед чиний диплом гарчихсан юм байна лээ, чи мөнгөө төлчихвөл би дипломыг чинь аваад өгье гээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхээр нь би та ер нь диплом гаргадаг юм уу? гэж асуухад гэтэл асуудалгүй болгоно шүү дээ, гэхдээ улсын сургуулийн диплом арай үнэтэй байдаг гэж хэлсэн. Надад хэдэн кредит дутуу байгаа гээд хэлсэн чинь чи мөнгөө зохицуулаад өгчих юм бол болно гэж хэлсэн. Тухайн үед би 3 дугаар курсээ төгсөөд 4 дүгээр курсдээ орох гэж байсан юм. Тэгээд энэ хүнтэй тохироод нийт 5,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 3,500,000 төгрөгийг буцааж авсан. Бадмаараг өмнөх 7 хоногт надтай уулзахдаа үлдэх кредитийн төлбөр хэд болох нь хамаагүй, чи асуугаад тодруулчих. Хэд ч байсан би төлнө гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр болохоор зөвшөөрөхгүй гээд байна. Нийт 4 жилийн 135 кредит болж байгаа. Одоо надад үлдсэн 76 кредит байна. Үүнээс 2 дугаар курсын кредит 120,000 төгрөг, 3 дугаар курсын кредит 135,000 төгрөг, 4 дүгээр курсын кредит 145,000 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Би сургалтын менежертэйгээ уулзаад үлдэгдэл кредитүүдийн төлбөрийг бодтол 9,600,000 төгрөг, бараг 10,000,000 төгрөг болсон. Тийм болохоор би өгсөн мөнгөнөөсөө илүү мөнгө нэхэмжилсэн юм. Би 2 жил гаруй хугацаанд хохирч байна. Иймд үлдэх 2,000,000 төгрөг дээр 4,500,000 төгрөг нэмж нийт 6,500,000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 5,500,000 төгрөг нэхэмжилж байна. Илүү нэхэмжилсэн мөнгө нь диплом гаргаж өгнө гэж хүлээх хугацаанд кредит цагийн өссөн үнийн зөрүү байгаа юм гэв.

Хариуцагч Х.Бадмаараг шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Батболд нь надтай утсаар ярьж дипломоо авахад туслаач сургуулиа төгсөж чадахгүй байна гэж 2 удаа гуйсан. Тухайн үед би таньдаг хүнээсээ асууж өгье гэж хариу өгсөн. Би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад туслахаар шийдээд хариуг утсаар Батболдод өгсөн. Ингээд Батболдоос хэд хоногийн дараа 4,000,000 төгрөгийг дансаар авсан, дахиад 1,500,000 төгрөгийг мөн дансаар авсан. Би Батболдоос ямар нэг байдлаар хүүтэй мөнгө эсвэл сургалтын төлбөр хэлбэрээр мөнгө аваагүй учраас нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй. Батболдын гуйлтыг биелүүлэхэд ковидын үе таарсан, мөн би хүүхэд төрүүлээд гэрээс гарч ажил хөөцөлдөж явахад хүндрэлтэй байгаа талаар утсаар ярьж хүлээхийг хүссэний хариуд намайг утсаар болон мессежээр доромжилж, дарамталж 10,000,000 төгрөг өгөхийг шаардаж эхэлсэн. Би тус үнийн дүнг зөвшөөрөөгүй учир ар гэрийхэнтэй нь уулзаж эгчийнх нь дансруу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 9 сард төлөх байсан хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар Улсын 2 дугаар эмнэлэгт хагалгаанд ороод хагалгааны дараах эмчилгээний зардал өндөр гарсан тул төлж чадаагүй. Иймд үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 10 дугаар сард төлнө. Одоо байгаа кредитийн үнэ нь хэдэн төгрөг байгаа юм, хэдэн кредитийн үлдэгдэл байгаа гэдэг нь баримтаар тодорхойгүй байна. Одоо 4 дүгээр курсээ төгсөхөд нь хэдэн кредитийн төлбөр төлөөгүй үлдсэнийг мэдээгүй байж ийм тохиролцоо хийсэн нь миний буруу. Би үлдсэн 2,000,000 төгрөгийг нь л буцааж өгнө, илүү мөнгө өгч чадахгүй гэв.

Нэхэмжлэгч Б.Батболдын зүгээс дансны хулга, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг /ХХ-ийн 2-5 дугаар хуудас/,

Хариуцагч Х.Бадмаарагийн зүгээс хариу тайлбар зэргийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь

1. Хариуцагч Х.Бадмаараг нь ХААИС-ийн цахилгааны инженерийн дипломыг 5,500,000 төгрөгөөр 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Б.Батболдод гаргаж өгөхөөр амаар тохиролцож мөнгийг шилжүүлсэн, үүнээс 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйл баримтын хувьд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч энэ тохиролцоог хийх үед кредитийн үнэ 70,000 гаруй мянган төгрөг байсан бөгөөд одоо 120,000 төгрөг болж нэмэгдсэн учраас кредитийн зөрүү мөнгө 4,500,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж кредитийн зөрүү мөнгө 3,500,000 төгрөг нийт 5,500,000 нэхэмжилж байгаа болно.

Хариуцагчийн хувьд буцааж өгөөгүй үлдэгдэл 2,000,000 төгрөгийг зөвшөөрч илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

2. Монгол Улсын Боловсролын тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Диплом нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт Суралцагч дараахь үүрэгтэй сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших, сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих ёстой, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120 ...багц цагаас доошгүй байна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

3.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн биеэр биечлэн суралцаж дээд боловсролыг эзэмших үүрэгтэй байхад 3 дугаар курс төгссөн, дээд боловсролыг бүрэн эзэмшээгүй этгээдэд дипломыг гаргуулахад зуучлах талаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талууд уг хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар харилцан буцааж өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өгсөн мөнгөн хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна.

4. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь утга агуулгаараа хууль зөрчсөн, эрх зүйн  хэлбэрт ороогүй, талуудын эрх ашгийг хохироосны улмаас  хууль зүйн дагуу үр дагаварт хүрч  чадаагүй, өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцааг  хууль зүйн дагуу үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгох үндэслэл болдоггүй учраас хүчин төгөлдөр бус  хэлцэл  гэж үздэг.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Нэхэмжлэгч Б.Батболд нь хохирол буюу кредит цагийн зөрүү 3,500,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч хэлцэлд оролцогч хоёр тал хоёулаа хууль бус тохиролцоо хийсэн гэм буруутай байх учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирлын асуудал яригдахгүй, нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй байна.

6. Иймд нэхэмжлэгч Батболдын хувьд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохоос биш кредит цагийн зөрүү буюу хохирол 3,500,000 төгрөг нэмж нэхэмжлэх эрхгүй, хариуцагчийн хувьд хуулийн дагуу гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бадмаарагаас 2,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт тус тус зааснаар Газарч овгийн Хашбатын Бадмаарагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бадмаарагаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА