| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00257/И |
| Дугаар | 103/ШШ2022/00445 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2022/00445
| 2022 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2022/00445
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Тууварчин овгийн Юнгэрийн Цэнгэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын задгайн гудамж 0 тоотод оршин суух, Чонос овгийн Батхуягийн Оргилд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 4,351,900 төгрөг гаргуулах,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба ,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг төгөлдөр апартмент хотхон 763 дугаар байр 1009 тоотод оршин суух, Мягмаржавын Бүжиллхам нарт холбогдох гэм хорын хохирол 6,814,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ю.Цэнгэл
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Одбаяр /онлайнаар/
Хариуцагч: Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч А.Ганзориг
Хариуцагч: М.Бүжиллхам /онлайнаар/
Иргэдийн төлөөлөгч: Б.Бямбацэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь хариуцагч Б.Оргилд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 4,351,900 төгрөг гаргуулах, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч М.Бүжиллхам нарт холбогдуулан гэм хорын хохирол 6,814,876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч Ю.Цэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 7 дугаар сард Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарийн нуур хэсгийн 6.2, 6.3 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07x2 га газрыг эхнэрийн хамт Монгол улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх эрхийн хүрээнд өргөдөл гарган баталгаажуулан авсан. Тухайн үед Багануур дүүргийн газрын албанаас мэргэжилтэн М.Бүжиллхам, кадастрын ажилтан гэх залуу 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нарийн нуур орчмын газрын өмчлөгч нарт газрын заагийг тодорхойлж, тэмдэглэгээ хийх ажлыг хариуцан ажиллаж байсан. Миний бие, эхнэр, хүү, охины хамтаар газрын зааг тэмдэгжүүлэх ажиллагаанд байлцсан бөгөөд ингэхдээ Газрын албаны ажилтны зааж өгсөн газрыг тэдний шаардлагаар 4 буланд нь цементэн шонгоор хашаалж, цагаан будгаар 6.2, 6.3 гэж тэмдэглэгээ хийсэн. Энэ үед мэргэжилтэн Бүжиллхам харж зааж байсан юм. Гэтэл тэрээр 6.1 гэх бусдын газрыг манай газар гэж бидэнд зааж өгсний улмаас уг газарт хийсэн бүтээн байгуулалтын зардлаар бид хохироод байна.
Тухайн газрыг 40 м2 блокоор хашаалж, гэрийн цементэн суурь цутгуулж, сайн чанарын төмөр хаалга хийж, гэрлийн шон босгож 40 м цахилгааны утас холбож, 110 м хашаа барьж, 00 ухаж, 50 орчим мод, бут тарьж 3 жил орчим хүч, хөдөлмөрөө шингээж тухайн уеийн ханшаар 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан, өнөөдрийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгүүлэхэд 11.667.776 төгрөгийн засан сайжруулалт хийсэн болох нь тогтоогдсон гэжээ.
Хариуцагч Б.Оргилд холбогдох шаардлагын тухайд: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2021/00475 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Оргилын газрыг албадан чөлөөлөхийг надад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л миний бүтээн байгуулалт хийсэн газар бусдын газар болохыг мэдсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан байдаг бөгөөд Б.Оргилын газар дээр хийсэн бүтээн байгуулалтуудыг салгаж аваад явах боломжгүй тул Б.Оргилд үлдэж байгаа бетонон хашаа, гэрийн суурь, 00, гэрэлтүүлэг зэрэгт ойролцоогоор 5 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгөөр түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж харж байна. Мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 94.3-т Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Оргилоос 4.351.900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон М.Бүжиллхам нарт холбогдох шаардлагын тухайд: Өнөөдөр төрийн байгууллагын эрх бүхий ажилтны шийдвэр, ажиллагаанд бид итгэхгүй өөрөө дур мэдэн газрыг тэмдэгжүүлж, дур зоргоороо хашаалан, хөрөнгө оруулсан бол хариуцлагаа өөрсдөө хүлээх нь зүй ёсны хэрэг биз. Гэтэл Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар хүлээсэн Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэх гэсэн үүргээ хайхрамжгүй биелүүлсний улмаас иргэд хохирч байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон ажилтан М.Бүжиллхам нараас хохирлоо тэнцүү хэмжээгээр шаардаж нийт 6,814,876 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч Ю.Цэнгэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2011 онд Багануур дүүргийн Газрын албанд газар өмчлөх тухай өргөдөл гаргаад 2013 онд газар өмчлөх эрхтэй болсон. Тэгээд газрын албаны мэргэжилтнээс 2013 оны 7 дугаар сард Нарийн нуур гэх газарт байрлах өөрийн өмчлөлийн газрыг заалгаж авсан. Тухайн үед биднийг очиход газраа заалгаж байсан 30 гаран хүн байсан. Газрыг нь мэргэжилтэн Бүжиллхам зааж өгч байсан бөгөөд түүнтэй хамт газрын албанаас нэг цагаан машинтай эрэгтэй хүн байсан. Биднийг газраа заалгахаар очиход мэргэжилтэн Бүжиллхамын зүгээс цементээр шон хатгахгүй бол газрыг зааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Ингээд би эхнэр, 2 хүүхдийн хамт Дивиз рүү яваад яаж ийж байгаад цементэн шон олж ирээд, газраа заалгасан. Мэргэжилтэн Бүжиллхамын зүгээс газрыг зааж өгөхдөө энд ух, тэнд ух гээд зааж өгсөн. Манай гэр бүлийн зүгээс лоом, жоотуу гэх мэт зүйлсээ хангалттай сайн бэлдэж очсон байсан тул шууд зааж өгсөн газрыг нь ухсан. Тухайн үед газрын албаны мэргэжилтнүүд манай газрыг зааж өгчихөөд, цаашаа өөр бусад хүмүүст газрыг нь зааж өгөөд явж байсан. Биднийг газраа ухаад 2 дахь шонгоо суулгаж байхад Бүжиллхам ирээд надтай яриа өрнүүлсэн. Би түүний дүүтэй хамт ажилладаг болохоор ч тэр үү надтай илүү түлхүү ярилцсан. Тухайн үед газрын тэмдэглэгээгээ сайн тавина шүү, дараа нь хэл ам гараад байдаг шүү гэж хэлээд, бид бүр инээлдээд яриа өрнүүлсэн. Тухайн байдлыг манай хүү болон эхнэр маань харсан... Бид газраа авсан, тухайн газар дээр маань ямар ч дэд бүтэц байхгүй учраас хашаа бариагүй 2019 он болтол хүлээж байгаад ер нь хашаагаа барья гэж шийдээд Газрын албан дээр очсон юм. Газрын албаны ажилтнуудаас бид хашаагаа барих гэсэн юм, танайхаас хамт очоод газрыг маань дахин заагаад өгөх боломжтой юу? гэж асуусан. Тухайн үед Газрын албаны ажилтан гээд 2 эрэгтэй хүн байсан бөгөөд надад та газраа тэмдэглэсэн үү?, шон зоосон уу? гэж асуухаар нь тийм гээд хариултал тийм бол тухайн тэмдэглэгээнийхээ дагуу очоод хашаагаа барьчих, асуудалгүй гэж хэлсэн. Нэгэнт Газрын албаны хүмүүс нь тэгж хэлсэн учраас бид очоод хашаагаа барьсан. Ингээд нэгэнт хашаагаа барьж босгосон учраас дотор нь тохижилт хийсэн. Гэтэл энэ газар маань хүний газар болохыг 2021 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүссэнээр би мэдсэн. Тэр хүртэл би хүний газар дээр хашаа барьсан гэдгээ мэдээгүй. Тэр хэргийн шийдвэрийн дагуу би өөр хүний газар дээр хашаа барьсан болохоо ойлгосон. Шүүхээс хүний газрыг чөлөөлж өг гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед би шууд хашаагаа нүүлгэх боломжгүй, ажлын албан томилолт гээд амжихгүй байсан учраас 7 дугаар сарын 20-ны үеэр хашаагаа нүүлгэсэн. Одоо тэр хашаан дотор бий болгосон зүйлсийн талаар яриад яах вэ. Хэрвээ ярих юм бол маш их зүйл болох гээд байна. Би энэ зунжингаа кран, портер машин хөлсөлж байгаад юмаа зөөсөн. Би хашаагаа барихаасаа өмнө Газрын албанд очсон шүү дээ. Яаж ч бодсон хар ухаанаар бодоход ямар ч айл байхгүй, цагаан талд очоод би дураараа хашаа хатгана гэж байхгүй шүү дээ. Би яг л тухайн мэргэжилтний зааж өгснөөр тухайн албан хаагчдад итгээд л тэмдэглэгээгээ зоож, хашаагаа барьсан шүү дээ. Буруутай үйлдэл хийсэн алба хаагчдын буруугаас болж иргэн хүн ингээд хохироод байгаа нь үнэхээр утгагүй байна. Би хашаагаа өөрийн гараар тохижуулж жимсний мод, гоёлын мод гээд нийт 50 орчим мод тарьсан байсан. Тухайн үед Ковид өвчин гарсан байсан бөгөөд би тусгай зориулалтаар тэр моднуудыг захиалан авчирч тарьж байсан. Тухайн моднуудын нэг бүрийн үнэ нь 380,000 төгрөг орчим болж байсан байхад үнэлгээний компаниас нэг модыг 5,000 төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй.
Хариуцагч Бүжиллхам Цэнгэл өөрөө кадастрын зургийг хувьдаа гаргуулсан гэж сая тайлбартаа хэллээ. Тийм зүйл болоогүй. Төрийн албан хаагч ингэж иргэн хүнийг гүтгэж болох юм уу? Нийслэлийн Засаг даргаас Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Нарийн нуур гэх газрыг бий болгоод түүндээ 300 айлд газар олгохоор шийдвэрлэж захирамж гаргасан. Тэр жил сонгуулийн жил байсан бөгөөд бүх айлыг нийтэд нь кадастрын зургийг гаргасан байсан, гэхдээ бид огт мөнгө төлөөгүй. Тэр захирамжийн дагуу ажиллагаа хийгдээд л газар олголт хийгдсэн. Газар олгох ажиллагааны дараа кадастрын зураг гаргасан гэж бодож байна. Бүжиллхамын хувьд намайг гүтгэж байна .
Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Оргилоос 4.351.900 төгрөг нэхэмжилсэн хэдий ч 2,000,000 төгрөг авахаар эвлэрлэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг өмнөх шүүх хуралдаан дээр байгуулж шүүхэд өгсөн байгаа. Одоо хариуцагч Бүжиллхам, Газрын алба хоёроос 6,814,876 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Оргил 2022.10.03-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэгч Ю.Цэнгэлтэй эвлэрэн хэлэлцэж 2,000,000 төгрөгийг 2022.12.15-ны өдөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Хариуцагч М.Бүжиллхам шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2011 онд газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хянан хэлэлцээд өргөдөл гаргасан иргэдэд газар олгохоор баталсан. Ингээд 550 орчим иргэнд газар өмчлүүлэхээр болж, газар төлөвлөлтийн ажиллагаа хийж явж байгаад 2013 онд үлдсэн айлуудад газрыг нь өгч, айлууд авах газраа заалгасан. Тэр дунд Цэнгэл гэдэг хүн байсан юм байна. Тухайн үед зарим айлууд нь хашаагаа бариад эхэлчихсэн, улаан шугамаар айл бүрийн 4 өнцөг дээр Г хэлбэрээр газрыг ухаад тэмдэглэсэн байсан. Айлуудад газрыг нь зааж өгөхдөө кадастрын зураг гаргах тусгай зөвшөөрөлтэй компанийг дагуулж очоод газраа заалгуулсан айл бүртэй холбож, тухайн айлууд кадастрын зургаа гаргуулж байсан. Ингээд кадастрын зураг гаргуулсан айлууд бидэнд уг зургаа өгснөөр газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч байсан. Тийм учраас ганцхан Цэнгэл гэдэг хүний газрыг буруу заасан байх үндэслэл байхгүй. Тухайн үед очиход өмнө нь газраа заалгаж авсан ихэнх айлууд хашаагаа барьсан байдалтай байсан. Хэрэв Цэнгэлд буруу газар зааж өгсөн бол тухайн гудамжны бүх айлуудын газар буруу болох учиртай. Цэнгэлийн хувьд гудамж руу хэтрүүлэн хашаагаа барьсан байсан. Тиймээс тухайн иргэн өөрөө хашаагаа буруу барьсан үйлдлээс болж Газрын алба хариуцлага хүлээх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн кадастрын зураг нь 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан байхад газар өмчлүүлэх тухай захирамж нь 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Ганзориг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Юнгэрийн Цэнгэл нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дугаар захирамжаар Багануур дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны 2 тоот
700м2 газрыг өмчилсөн байна. Тус газрыг өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд
газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтын дагуу
хүлээлгэн өгсөн. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэг тэмдэгтүүдийн хадгалалт хамгаалалтыг хариуцах ёстой байдаг. Тус иргэн нь тухайн заалгасан газартаа дур мэдэн зөрчил гарган тухайн хэсгийн төлөвлөлтийг эвдэж дүүргийн нэгдсэн мэдээллийн сангийн кадастрын зураглалын эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу хашаагаа бариагүй байгаа нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2021/00475 дугаартай Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна. Кадастрын зургийн координат нь нарийвчлал өндөртэй улсын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг ба Нарийн нуур хэсгийн 554 иргэний газрын кадастрын зураглалыг 2013 онд Ай Эй Би ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд цэг тэмдэгтийг буруу зааж өгсөн тохиолдол гараагүй байна. Миний хувьд хариуцагч Бүжиллхамтай санал нэг байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар өмчлүүлэх захирамж гаргаад үүний дагуу Газрын албанаас тухайн иргэнд газрыг өмчлүүлж өгснөөрөө тухайн газар нь иргэний өөрийнх нь өмч болж байгаа юм. Тухайн иргэнд газрыг өмчлүүлснээр иргэн өөрийн өмчлөлийн газраа өмчилж, хамгаалах нь тухайн иргэний хувийн асуудал болдог гэсэн үг. Манай албанаас Геодези зураг зүйн төслийн компанитай хамтран ажиллахаар тохирч айлуудын кадастрын зургийг гаргуулахаар газар зааж өгөх ажиллагаан дээр авч очсон. Манай албаны зүгээс аль болох боломжоор нь айлуудад олгох газрын тэмдэглэгээг хийсэн байсан бөгөөд тухайн тэмдэглэгээний дагуу айлуудад газрыг нь хүлээлгэж өгсөн. Манай мэргэжилтэн Бүжиллхамын хувьд олон жил газар зохион байгуулагчаар ажилласан, туршлагатай ажилтан учраас буруу газар зааж өгсөн гэж бодохгүй байна. Миний хувьд газрын албанд 10 жил гаран ажиллаж байгаа, газар зохион байгуулагчаар ажиллаж байсан хүний хувьд олон айлуудад газар зааж өгч байсан. Газар заах үедээ 2 айлын газрыг зөрүүлж ч юм уу, эсвэл бүр буруу зааж өгөх боломжгүй, хэрэв алдаа гаргавал тухайн гудамж талбай тэр чигтээ буруу болох учраас маш хариуцлагатайгаар ажилладаг. Ингээд айлууд кадастрын зургаа баталгаажуулж гаргуулаад манайд өгсний дараа газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь айлуудад хүлээлгэж өгсөн. Ийм учраас манай зүгээс иргэн Цэнгэлийг өөрийнхөө хариуцлагагүй байдлаасаа болоод буруу газар хашаа барьсан, алдаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2208002784, Г-2208002772 дугаартай гэрчилгээнүүд, газрын байршилын кадастрын зураг, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 103/шш2021/00475 дугаартай шийдвэр, газрын байршилын кадастрын зураг, Венто ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Б.Оргилын нэхэмжлэлтэй Ю.Цэнгэлд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт Л.Бүжиллхам, Ц.Мөнхзул нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг
/хх-ийн 6-31, 134 -135 дугаар дүгээр хуудас/,
Хариуцагч нараас хариу тайлбаруудыг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/ тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар өмчлөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, Хот байгуулалт, Газрын харилцааны газрын даргын 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай ажилд томилж, цалин тогтоох тухай тушаал, Нийслэлийн Багануур дүүргийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тушаал, Нийслэлийн газрын албаны 2003 оны 3 дугаар сарын 31-ний 11 дугаартай ажилд томилох тухай тушаал, Нийслэлийн Газрын албаны 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 өдрийн тушаал, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/8 дугаартай тушаал, Нийслэлийн газрын албаны даргын ажлаас чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, Нийслэлийн газрын албаны даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай М.Бүжиллхамыг ажилд томилох тухай тушаал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/219 дугаартай М.Бүжиллхамыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 05/8206 дугаартай хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг, Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай дүүргүүдийн албан хаагчид, ажиллагсдыг томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаартай албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, эдлэн газрын улсын бүртгэлийн хуудас, Газрын байршлын кадастрын зургууд, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013.11.20-ны өдрийн Б/270 дугаартай сахигын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Ю.Цэнгэл, Г.Оюунцэцэг нарын газар өмчлөлийн хувийн хэрэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, Багануур дүүргийн 5-р хороо Нарийн нуурын 6-01 тоот газарт 2 удаа үзлэг хийж, гэрчээр Ц.Мөнхжинг асуусан байна.
/хх-ийн 50-75, 82-96 дугаар хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч Б.Оргилд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 4,351,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохирол 6,814,876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж, хариуцагч М.Бүжиллхамд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хавтас хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Оргилд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 4,351,900 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур 6 дугаар гудамжны 1 тоот 700 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт бетонон хашаа, гэрийн суурь, 00, гэрэлтүүлэг зэрэгт гаргасан хөрөнгө 4,351,900 төгрөгийг хариуцагч Б.Оргилоос гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч нэхэмжлэгч нь шаардлагаа 2,351,900 төгрөгөөр багасгаж үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Оргил нь 2022.12.15-ны өдөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж Б.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч М.Бүжиллхам нарт холбогдох гэм хорын хохирол 6,814,876 гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь 2013 онд өмчилж авсан газраа Багануур дүүргийн Газрын албаны мэргэжилтэн М.Бүжиллхамаар заалгуулж баталгаажуулан 4 шон зоосон, 2019 онд хашаа барихдаа өөрсдийн газрыг дахин заалгахаар газрын албанд очиход Та өмнө нь заалгуулаад авчихсан, шонгоо зоочихсон бол одоо шууд хашаагаа барьж болно гэж газрын албаны ажилтан хэлсний улмаас хашаагаа барихдаа хариуцагч Б.Оргилын 6 дугаар гудамжны 1 тоот газарт болон гудамж руу оруулж хашаа барьж бусад тохижилтын ажлыг хийн 6,814,876 төгрөгөөр хохирсон гэж тухайн үед газар зааж өгсөн газрын албаны зохион байгуулагч М.Бүжиллхам болон түүний ажил олгогч Багануур дүүргийн Газрын албанаас тэнцүү хэмжээгээр хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч М.Бүжиллхам, Багануур дүүргийн Газрын алба нь газрыг хуулийн дагуу хүлээлгэж өгсөн, хариуцагч өөрийн буруугаас зөвшөөрөөгүй газар дээр хашаагаа барьсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Ю.Цэнгэл нь гэр бүлийн хүн Г.Оюунцэцэгийн хамтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дугаартай захирамжаар Багануур дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны 2, 3 тоот газруудыг өмчилж авсан болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, кадастрын зураг, эдлэн газрын улсын бүртгэлийн хуудсууд зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 6-8, 12, 89-92/
Нэхэмжлэгч нь 2019 онд өөрийн болон гэр бүлийн хүний хамт өмчилж авсан Багануур дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны 2, 3 тоот газруудад хашаагаа барихдаа 6.1 тоот газарт буюу иргэн Б.Оргилын өмчлөлийн газарт, мөн гудамж руу оруулж хашаагаа барьсан, улмаар Б.Оргил нь 2021.09.03-ны өдөр Ю.Цэнгэлд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж шүүх 2021.12.15-ны өдрийн 475 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж уг газрыг чөлөөлөхийг Ю.Цэнгэлд даалгаж шийдвэрлэсэн, зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдахгүй, гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон, дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь 6.1 тоот газарт болон гудамж руу оруулан барьсан хашаагаа буулгаж өөрийн газар луу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2021.12.15-ны өдрийн 475 тоот шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 9-11 дүгээр хуудас /
Багануур дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны 2, 3 тоот газруудын кадастрын зураглал зөв гарсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Харин дээрх газрыг иргэнд зааж тэмдэгжүүлэхдээ төрийн албан хаагч буюу хариуцагч М.Бүжиллхам өөр газруудыг зааж өгсөн эсэх нь талуудын хооронд маргаан гарах үндэслэл болжээ.
Хариуцагч М.Бүжиллхам нь 2013.02.01-ний өдрөөс Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны газар зохион байгуулагчаар томилогдон ажилласан болох нь түүний тайлбар, 2013.02.01-ний өдрийн Б/26 дугаартай дүүргүүдийн албан хаагчид, ажиллагсадыг томилох тухай тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 95 -96 дугаар хуудас/
Хариуцагч М.Бүжиллхам нь зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2013.02.01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжаар газар өмчлөх эрх авсан Багануур дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны айлуудад олгогдсон газрыг хүлээлгэж өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд бүгд тайлбараа өгчээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэнэ , Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт газар өмчилж авсан иргэн нь өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр нь тэмдэгжүүлүүлэх эрхтэй гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд газрыг өмчлөгчид хүлээлгэн өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх бүртгэл мэдээллийн санд оруулах үүрэг нь Дүүргийн газрын албанд, өмчлөгч нь өмчлөн авсан газраа тэмдэгжүүлүүлэх буюу газрын албаар заагийг тогтоолгох эрх нь хуулиар иргэнд тус тус олгогдсон байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн Тухайн үед Багануур дүүргийн газрын албанаас мэргэжилтэн Ц.Бүжиллхам, кадастрын ажилтан гэх залуу 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нарийн нуур орчмын газрын өмчлөгч нарт газрын заагийг тодорхойлж, тэмдэглэгээ хийх ажлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд миний бие... Газрын албаны ажилтан Бүжиллхамын зааж өгсөн газрын 4 буланд нь цементэн шонгоор хашаалж, цагаан будгаар 6.2, 6.3 гэж тэмдэглэгээ хийсэн, тухайн үед хоосон газар байсан учраас иргэн би өөрөө тэмдэглэгээ хийж чадахгүй шүү дээ гэх тайлбар, гэрч Э.Мөнхзулын шүүхэд өгсөн Манай аав, ээж хоёр, Багануур дүүргийн Нарийн нуурт 2 айлын газар авсан...газрын албанаас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн байсан...эрэгтэй хүн нь хэмжилтээ хийгээд эмэгтэй ажилтан нь танайх энэ шүү гэж зааж өгөөд шонгоо цагаан өнгийн будгаар будаж суулгаж байсныг тодорхой санаж байна гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхжингийн шүүхэд өгсөн 2013 оны 6 сард газар олгож байгаа гэж сонсоод газар олгож байгаа газар руу бид дөрвүүлээ буюу манай дүү, ээж, аавын хамт явсан. Тэгэхэд тэнд газрын албаны ажилтан гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Тэр 2 хүн манай газрыг зааж өгсөн. Эмэгтэй албан хаагч нь манай аавтай ярилцаад зааж өгсөн газар цэгийг нэгд нэгэнгүй, сайн тэмдэглэж авахгүй бол дараа нь алдаа мадаг гараад, маргаан гардаг гэж хэлсэн. Бид тухайн үед будаг, цемент гээд бүх зүйлээ сайн бэлдээд очсон байсан учраас яг зааж өгсөн газрын дагуу цементээр шон зоогоод будгаар будсан гэх мэдүүлэг, цагаан шон дээр 6.2 гэж бичиж тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс дүгнэж үзэхэд Багануур дүүгийн Газрын албанаас нэгдсэн журмаар зохих журмын дагуу иргэдийн өмчлөн авсан газрыг зааж өгөх үйл ажиллагаа явагдсан, нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь хуулийн дагуу өмчлөн авсан газрын заагийг хариуцагч Багануур дүүргийн газрын албаны мэргэжилтэн Бүжиллхамаар заалгуулж заасан газарт шонгоо зоосон, 2019 онд шон зоосон газар хашаагаа барьсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Бүжиллхам, Газар зохион байуулалтын алба нь газрын албаны мэргэжилтэн нэхэмжлэгч Цэнгэлийн өмчлөн авсан газрыг хуульд заасан журмын дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч өөрийн хайхрамжгүй байдлын улмаас хашаагаа буруу барьсан гэх тайлбараа нотолж чадаагүй, төрийн албан хаагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч Бүжиллхам нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч М.Бүжиллхам, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тэнцүү хэмжээгээр нэхэмжилсэн хэдий ч түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч М.Одбаярын иргэн хүн хуулийн мэдлэггүй улмаас хоёр хариуцагчаас тэнцүү хэмжээгээр хохирлоо нэхэмжилж байна, өмгөөлөгчийн хувьд үүнийг зөвтгөн тухайн албан тушаалтныг ажиллуулж байсан байгууллага болох Газар зохион байгуулалтын албанаас гэм хорын хохирол 6,814,876 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар нэхэмжилнэ гэсэн тайлбарыг хүлээн авч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар Газар зохион байгуулалтын албанаас тогтоогдсон хэмжээгээр хохирлыг гаргуулж хариуцагч М.Бүжиллхамд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ю.Цэнгэл нь өөрт учирсан хохирлыг Вендо ХХК-иар үнэлгээ тогтоолгон гэм хорын хохирлыг нэхэмжилсэн бөгөөд үнэлгээтэй холбоотой талуудаас ямар нэгэн санал хүсэлт гараагүй тул 2022.05.11-ний өдрийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг тооцож гаргуулав.
/ХХ-ийн 14-25 дугаар хуудас/
Хохирлыг тооцохдоо хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан ажлын хөлс 4,628,582 төгрөг, барилгын машин механизмын зардал 58,815 төгрөг, тээврийн зардал 671,708 төгрөгийг тус тус 2 хувааж, материалын зардалд хадаас 49,418 төгрөг, цемент шохойн зуурмаг м-25 194,040 төгрөг, цемент шохойн зуурмаг м-50 19,336 төгрөг, бетон зуурмаг м-100 1,949,740 төгрөг, бетон зуурмаг м-200 9,400 төгрөг, полиэфирэн давирхай 16,800 төгрөг, үжил эсэргүүцэгч түрхлэг 10,680 төгрөг нийт 2,249,374 төгрөгийг хоёр хуваан 1,124,687 төгрөг, үзлэгээр гарсан 33 ширхэг модны үнэ 5,000=165,000 төгрөг,
- ажиллах хүчний зардалд-2,314,291 төгрөг,
-машины зардалд 29,408 төгрөг,
-тээврийн зардалд 335,854 төгрөг
-материалын зардалд 1,289,687 төгрөг нийт 3,969,240 төгрөгийг хариуцагч Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,845,636 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Материалын зардлаас хариуцагч Оргилын хашаанд үлдсэн эд хөрөнгө болон нэхэмжлэгчийн өөрийн хашаандаа шилжүүлэн авсан эд хөрөнгийг хасаж тооцсон болно.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд 1 жилийн өмнө гар утсаар авсан 6.2 гэсэн тэмдэглэгээ бүхий шонгийн гэрэл зургийг нотлох баримтаар ирүүлсэн ч зурган дээр дүрс мэдэгдэхгүй, хаана хэзээ авсан гэрэл зураг болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
2022.06.06-ны өдрийн 889, 2022.07.19-ний өдрийн 1098 тоот захирамжуудаар 2013 оны 7 дугаар сард Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн нуур хэсгийн 6 дугаар гудамжны орчмын өмчлөгч нарт хүлээлгэж өгөх ажиллагааг хариуцан ажиллах мэргэжилтэнг томилсон тушаал, түүний ажил үүргийн хуваарь, мөн хугацаанд өмчлөгч нарт газрын заагийг тэмдэгжүүлэх ажлыг Газрын албанаас зохион байгуулахдаа хөтөлсөн бүртгэл, тэмдэглэл зэргийг шаардсан хэдий ч тухайн үед ийм баримтууд гараагүй талаарх тайлбарыг хариуцагч нар шүүхэд өгснийг дурьдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгч Ю.Цэнгэлийн Газар зохион байгуулалтын алба болон хариуцагч М.Бүжиллхам нараас нэхэмжилсэн 6,814,876 төгрөгийн хохиролоос 3,969,240 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагч Б.Оргилын хашаанд үлдсэн салгаж авах боломжгүй эд хөрөнгүүд, нэхэмжлэгч Ю.Цэнгэл Б.Оргил нарын харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирол учрахад хүргэсэн талуудын буруутай үйлдэл, эс үйлдэхүй зэргийг харгалзаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Цэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оргилоос 2,000,000 төгрөг ноогдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 3,969,240 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 78,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.Цэнгэлд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанаар Тууварчин овгийн Юнгэрийн Цэнгэлийн нэхэмжлэлтэй Чонос овгийн Батхуягийн Оргилд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 4,351,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,351,900 төгрөгөөр багасгаж үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Оргил 2022 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хариуцагч Б.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гэм хорын хохирол 3,969,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Цэнгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,845,636 төгрөгийг хариуцагч Мягмаржавын Бүжиллхамд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Цэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оргилоос улсын тэмдэгтийн хураамжинд 46,950 төгрөг, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас улсын тэмдэгтийн хураамжинд 78,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.Цэнгэлд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч Ю.Цэнгэл, хариуцагч Б.Оргил нар нь шийдвэрийн нэг дэх заалтанд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ