Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/02069

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары16 өдөр

181/ШШ2022/02069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК/РД: 5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК/РД: 6/-д холбогдох,

 

56,647,012 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Эй Си Ди констракшн болон Хэв хашмал ХХК нар нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20-560 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээ-г байгуулсан ба энэ гэрээгээр 2,940 ширхэг барилгын туслах бараа материалыг Баянгол дүүргийн 3-р хорооны Тэлмэн УБ ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан.

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 44,458,175 төгрөг, гэмтэлийн төлбөр 1,571,000 төгрөг, нийт 46,029,175 төгрөгөөс төлбөр төлөлт 2,940,000 төгрөг, хөл хорионы хөнгөлөлт 5,324,500 төгрөг, үлдэгдэл 37,764,675 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20-560 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5%-ийн алданги төлнө. гэж заасан.

Иймд барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 37,764,675 төгрөг, алданги 18,882,337 төгрөг нийт 56,647,012/тавин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга арван хоёр/ төгрөгийг хариуцагч Эй Си Ди констракшн ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан боловч хариуцагч нь бараа материалыг ашиглаж байсан тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр хугацаагүйгээр сунгагдаад явж байсан. Хариуцагч нь хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бараа материалыг хүлээлгэж өгсөн. Манай компани хариуцагч руу и-мэйл явуулах болон утсаар залгах болгонд төлбөрөө төлнө гэж хэлдэг. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх ёстой, шүүх хуралдааны товыг 2 удаа мэдэгдэхэд өөрсдөө ирэхгүй байгаа нь манай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №20-560 Барилгын туслах материал түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүлээн авсан бараа материалын актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэв хашмал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Зарлагын падаануудын нотариатчар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК хариуцагч Эй Си Ди Констракшн ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөрт 37,764,675/гучин долоон сая долоон зуун жаран дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, алдангид 18,882,337/арван найман сая найман зуун наян хоёр мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг, нийт 56,647,012/тавин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Эй Си Ди Констракшн ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр № 20-560 Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан болох нь № 20-560 Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 20-560 Барилгын туслах материал түрээслэх гэрээний 1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь ... төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 10-ын 10.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 44,458,175/дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийн барилгын туслах материал буюу булан, тулаас, труба, хэв түрээсэлсэн болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын актын хуулбар, Хэв хашмал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 10-ын 10.1-т зааснаар зохигчид Гэрээг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх боловч хариуцагч нь барилгын туслах материал буюу булан, хэв, тулаас, трубаг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсэлсэн болох нь Хүлээн авсан бараа материалын актын хуулбар, Хэв хашмал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т ... гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно., 318 дугаар зүйлийн 318.5Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл булан, хэв, тулаас, трубаг түрээсэлсэн байх тул Гэрээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасанд тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1Түрээсийн төлбөрийг мөнгө ... төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.

 

Гэрээний 8-ын 8.2-т зааснаар түрээсийн төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нийт 2,940/хоёр мянга есөн зуун дөч/ ширхэг булан, хэв, тулаас, трубаг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 429/дөрвөн зуун хорин ес/ хоног түрээсэлсэн түрээсийн төлбөр нийт 44,458,175/дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун далан тав/ төгрөг болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын актын хуулбар, Хэв хашмал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 44,458,175/дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийн түрээсийн төлбөрөөс 2,940,000/хоёр сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн түрээсийн төлбөрийн төлж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөөс 5,324,500/таван сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хүлээн авсан бараа материалын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт нийт 36,193,675/44,458,175-2,940,000-5,324,500=36,193,675/ /гучин зургаан сая нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын актын хуулбар, Хэв хашмал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас барилгын туслах материал буюу булан, хэв, тулаас, трубаг түрээсэлсэн төлбөрт нийт 36,193,675/гучин зургаан сая нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын туслах материал буюу булан, хэв, тулаас, трубаны гэмтлийн төлбөрт 1,571,000/нэг сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Гэрээний 7-ийн 7.4-т хариуцагч нь барилгын туслах материалыг эвдсэн гэмтээсэн тохиолдолд засварын зардлыг хариуцахаар заажээ.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.4хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг., 288.2.2хөлслөгч энэ хуулийн ... 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах; гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.4-т зааснаар хариуцагч нь барилгын туслах материалыг гэмтээсний улмаас нэхэмжлэгчид 1,571,000/нэг сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Хүлээн авсан бараа материалын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.2.2, 289.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 1,571,000/нэг сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 18,882,337/арван найман сая найман зуун наян хоёр мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 7-ийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь ... төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө., 8-ын 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг ... гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд/дансаар, бэлнээр/ шилжүүлэх ... гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.2 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.4, 8-ын 8.2-т зааснаар хариуцагч нь гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь алдангийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 18,882,337/36,193,675+1,571,000=37,764,675, 37,764,675x0.5%=188,823, 188,823x365=68,920,395, 37,764,675:2=18,882,337/ /арван найман сая найман зуун наян хоёр мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эй Си Ди Констракшн ХХК-иас 56,647,012/тавин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 441,185 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эй Си Ди Констракшн ХХК-иас 56,647,012/тавин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эй Си Ди констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 441,185 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ