| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 182/2019/00668/и |
| Дугаар | 1089 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1089
| 2019 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2019/01089 |
В.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00668 дугаар шийдвэртэй В.М-ийн нэхэмжлэлтэй “МШ ” ХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаартай “МШ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөөд улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “МШ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ахлах менежерийн ажилд орж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2 420 454 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэсэн юм.
Одоо 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 7 374 000 төгрөг болон 900 000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаар магадлалаар В.М-ийг Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. “МШ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар томилсон боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй. Компанийн зүгээс ажилтны хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 585 дугаар тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч цалин хөлсний асуудлаа урьд нь тавьж байгаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “МШ ” ХК-аас 2 659 090 төгрөгийг гаргуулж В.М-т олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
В.М-т олгох ёстой 2 659 090 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгаж,
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 57 495 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч В.М нь хариуцагч “МШ ” ХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 900 000 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан. Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-нь өдрийг хүртэл хугацаанд олговор олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй, харин ажилтан ажил олгогч болон холбогдох газарт хандаж арга хэмжээ аваагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үндэслэлгүй, буруу дүгнэжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. В.М-ийг “МШ ” ХК-ийн Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр хүртэл хугацаагаар гаргуулж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01833 дугаар магадлал хүчин төгөлдөр байна. Шүүхийн шийдвэрийг аливаа иргэн, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргээ “МШ ” ХК сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж албадсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд түүнийг буруутгах үндэсгүй. Ажилтанг ажилд эгүүлэн авах шийдвэрийг ажил олгогч өөрөө гаргаж, сайн дураар биелүүлэхийг хуулиар шаарддаг ба албадлагын журмаар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тохиолдолд ажилгүй байсан хугацаанд ажилтанд олговор олгох хуулиар тогтоосон үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэж
2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгосон. Мөн “МШ ” ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалаас доогуур буюу менежерийн албан тушаалд томилсон байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөнийг шүүх буруу дүгнэжээ. /Хэргийн 47-51 дүгээр тал/ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэж заасан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл ажилд авахгүй байсан тухай гомдлоос үүдэлтэй тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй нь буруу биш юм” гэж алдаатай дугнэсэн байна. Нэхэмжлэгч өмнө нь ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой нэхэмжлэл шүүхэд гарган шийдвэрлүүлсэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хэмээн ажилд томилогдсоноосоо хойш 1 жил орчмын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д заасан “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл”-д хамааруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэлгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдлууд тогтоогдож байна гэж дүгнэсэн хэрнээ хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тооцож байгаа, хэзээ дуусч байгаа талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч өмнө нь Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 дугаар тушаалаар Шуудангийн үйлчилгээний газрын орон тоо бүтцэд өөрчлөлт орж, Шуудангийн үйлчилгээний дарга гэсэн нэршил үгүй болж, ахлах менежер, менежерийн албан тушаал бий болсон. Улмаар нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажил албан тушаалд томилсон тул уг өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч В.М нь хариуцагч “МШ ” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргажээ.
В.М нь “МШ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01241 дугаар шийдвэрээр В.М-ийг Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01833 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн болон “МШ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 дугаар тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд түүнийг томилсон талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд дээрх үйл баримтын тухайд маргаагүй байна. /хх-5, 6-9, 10-12/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” болохыг зохицуулсан. Тодруулбал, зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахтай холбоотой гомдлыг “гурван сар”-ын хугацаанд шүүхэд гаргах ёстой байсан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.М 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гаргажээ.
Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн урьд ажил эрхэлж байсан байгууллагадаа ахлах менежерийн ажилд томилогдож, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үеэс түүний хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилсан байна.
Иймд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосны дагуу хариуцагч байгууллага ажилд нь томилж, ажлаа гүйцэтгэж эхэлснээр ажилгүй байсан хугацааны олговрыг авч чадаагүй байсан зөрчил дууссан тул энэ үеэс холбогдох олговрын талаар гомдол гаргах хугацаа тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд хандаж, хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болно. Дээрх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар томилогдсон ч ажил үүргээ 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн гэж тайлбарласан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй ба томилогдсон үеэс эрхийн зөрчил зогссон. Мөн энэ үеэс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг шаардах эрх үүсч, түүний эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэлгүй, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00668 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “МШ ” ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 374 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 900 000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч В.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.НАРМАНДАХ