Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч С.М-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-т холбогдох эрүүгийн 1738000000006 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.М-,

Шүүгдэгч С.М- нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн Н.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч С.М- нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн Н.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Н.П-ын: Намайг 3 дугаар хороонд алхаад явж байхад хашааны хаалга нь онгорхой айл байхад нь утсаар нь гуйж ярья гэж бодоод дотогшоо орсон. Намайг тэр айл руу ороход тэр айлд танихгүй эмээ, танихгүй хүүхэн 2 байсан. Би тэр 2-оос утас байна уу гэж асуухад утас байхгүй. Та ямар их согтуу явж байна вэ манай гэрт хэсэг хэвтэж байгаад явахгүй гэж байсан. Тэгэхээр нь би тэднийд хэсэг хэвтэхээр болоод зуухных нь баруун талын орон дээр хэвсэн. Намайг тэдний гэрт хэвтээд байж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд учир зүггүй миний толгой руу 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч О.Т-ын: Тэгээд би зах орж нөхөртөө тамхи авчихаад буцаад ирэхэд манай нөхөр байхгүй болчихсон байсан. Би тэгээд нөхрийгөө хайгаад захаар явж байхад бараг 1 цаг орчмын дараа над руу нэг утаснаас залгаад эмнэлгээс ярьж байна. Танай нөхөр чинь бусдад зодуулсан байдалтайгаар эмнэлэг дээр ирлээ. Та нөхрийгөө ирж авах шаардлагатай байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,

Гэрч Б.Б-ийн: Тэгэхэд С.М- тэр залууг миний орон дээрээс бос гэж хэлэхэд нөгөө залуу нь буухгүй байсан. Тэгэхэд С.М- уурлаад залууг татаж босгож ирээд цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаартай

- Н.П-ын биед гэмтэл тогтоогдлоо.

- Н.П-ын биед толгой зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч С.М- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 41-45-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738000000006 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.М-ыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.М-т оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ