Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/530

 

М.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч М.Г-д холбогдох эрүүгийн 2110 00183 0127 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ийн Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “К” ХХК-д самнах машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ...  дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

М.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө ...  дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Г.А-ыг “эхнэртэй архи уулаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт М-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-д мэдэгдэж, шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл байхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчаас гаргасан саналын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа талаар дурдсан боловч тогтоох хэсгийн хуулийг удирдлага болгосон заалтад 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг заагаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцсон байхыг шаарддаг онцгой ажиллагаа байхаар тодорхойлсон байдаг.  Шүүхээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ердийн журмаас гадна 17 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах үүрэгтэй байна. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг зөвхөн ердийн журмаар шийдвэрлэх хуулийн заалтыг удирдлага болгосноор тусгай журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх үндэслэл болсон хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Удирдлага хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлах ёстой. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ ердийн журмаас гадна уг журмыг хэрэглэдэг удирдлага болгох зайлшгүй шаардлагатай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

М.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Нэхмэлийн байрны 8 тоотод Г.А-ыг “эхнэртэй архи уулаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-ын: “...Г-ын эхнэр болох эмэгтэй манай гэрт орж ирээд “Юу хийж байгаа юм” гэхээр нь “Пиво ууж байна. Чи уух уу” гэхэд “Тэгье” гээд би пиво хийж өгсөн. Тэгээд хамт нэг пиво уучихаад гарах үед уг эмэгтэйн нөхөр Г гаднаас орж ирээд надад “Давраад байгаа шүү” гэж хэлээд шууд намайг нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...” /хх 8/,

гэрч Б.Ц-ийн: “...Хоёр аяга пиво уугаад байж байтал манай нөхөр Г намайг коридорт дуудсан. Нөхөр хүрч ирээд “Чи яахаараа эднийд байдаг юм бэ” гээд надтай маргалдсан. Тэгээд уурандаа очоод А-д “Би чиний амьдралд ингэж оролцдоггүй шүү. Чи яахаараа миний амьдралд ингэж оролцдог юм бэ” гээд А-ын нүднийх нь доод хэсэгт нэг удаа цохисон. ...” /хх 16/,

шүүгдэгч М.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...эхнэртэйгээ хэрэлдээд А-ын гэрт нь ороод үнэн ярьсан эсэхийг нь хараад, А эхнэрийг маань өмөөрөөд байхаар нь “Эхнэртэй архи уугаад давраад байгаарай” гэж А-д хэлээд, А-ын нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд “Би чиний амьдралд оролцдоггүй шүү” гэж хэлээд гарсан. ...” /хх 44/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.А-ын эрүүл мэндэд нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт /хх 24-26/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч М.Г-ыг тухайн зүйлд заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар санал гаргаж анхан шатны шүүх мөн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг шүүх гаргасан нь зөв байна.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг зөвхөн ердийн журмаар шийдвэрлэх хуулийн заалтыг удирдлага болгосноор тусгай журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх үндэслэл болсон хуулийн шаардлагад нийцээгүй. ...Шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг баримтласан өөрчлөлт оруулах саналтай ” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бичвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг нэмж өөрчлөлт оруулах нь эрх зүйн ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдсон этгээд, хохирогч, бусад хэргийн оролцогчдын эрх зүйн байдал өөрчлөгдөх, эрх үүрэг үүсэх, дуусгавар болох зэрэгт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хамааралгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх бөгөөд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд бичигдсэн зүйлс нь дээрх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ