| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/00204/И |
| Дугаар | 181/ШШ2022/02080 |
| Огноо | 2022-09-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2022/02080
| 2022 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2022/02080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК/РД: /-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр даалгах, учирсан хохирол 2,156,493 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, О.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Барс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Барс миний бие 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Бүрдэл майнинг ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дугуй засварчин албан тушаал эрхэлж байсан. Миний бие өөрийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Бүрдэл майнинг ХХК-иас гарсан бөгөөд Бүрдэл майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б-3673/21 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан.
Тушаал гарсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн Ажилгүйдлийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж-ийг авах зорилгоор өөрийн оршин суугаа газрын Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч ... Бүрдэл майнинг ХХК нь 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй байна. Иймд танд ажилгүйдлийн даатгал олгох боломжгүй ... гэсэн хариуг өгсөн.
Тус асуудлаар миний бие Бүрдэл майнинг ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал-д гомдол гаргасан боловч тус хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар бүхий шийдвэрээр Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, харья НДХ-тэй төлбөр барагдуулах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тул Г.Барсын өргөдлийг хуулийн байгууллагаас эцсийн шийдвэр гартал хойшлуулах шийдвэр гаргав гэсэн.
Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийн агуулга нь Г.Барс надад НДС-аас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаатай холбоотой Бүрдэл майнинг ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж авах хуульд заасан хугацаа дуусах гэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан Г.Барс миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Ажилтан миний бие 2020 оны 1 дүгээр сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд тасралтгүй 1 жил 9 сарын турш ажилласан боловч ажил олгогч нь сүүлийн 9 сарын нийгмийн даатгалын бичилт, төлөлтийг хийгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасныг ноцтой зөрчиж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан.
Иймд Бүрдэл майнинг ХХК-иас төлөгдөөгүй саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах, даатгуулагч надад учирсан хохирол буюу Ажилгүйдлийн даатгалын сангаас авах боломжтой байсан даатгалын хувь хэмжээ болох 2,156,493 төгрөгийг Бүрдэл майнинг ХХК-иас гаргуулж өгнө үү.
Бүрдэл майнинг ХХК нь Хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. 2020 оны 08 сараас 2021 оны 11 сар хүртэл нийгмийн даатгалын 16 сарын шимтгэлийг бүрэн төлөөгүй улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл байдал бүрдээгүй. Тийм учраас учирсан хохирол гаргуулахаар хандсан. гэв.
Нэхэмжлэгч Г.Барсын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт 16 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой шаардлага байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаад хийгдэж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Хуулийн хувьд энэхүү тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаад өр төлбөрийг төлж байгаа харилцаа талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хамааралгүй. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байгаа. Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдсан байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. Шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж харагдаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, татгалзал, маргаагүй үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэж хүсч байна. Эцэст нь тодруулаад хэлэхэд ажилтан Г.Барс нь ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй, шинэ ажилд орж чадахгүй байгаа тохиолдолд 2022 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар шинэ ажилд орохоос өөр аргагүй болсон. Шинэ ажилд орсон нь ажил олгогчийн гаргасан гэм хорын хохирлыг төлөхөд нөлөөлөхгүй. гэв.
Хариуцагч Бүрдэл майнинг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь үнэн. 2019, 2020 онуудад Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийгмийн даатгалын өр төлбөр үүссэн. Энэхүү өр төлбөрөө тодорхой хуваарийн дагуу төлөх хүсэлтээ 2021 оны 5 болон 10 дугаар сард Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд улмаар зөрчлийн хэрэг үүсгэж 1,8 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж барагдуулах нь зайлшгүй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заасан. Манай компанийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зайлшгүй төлж барагдуулах шимтгэл нь нэхэмжлэгч Г.Барсын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг баталгаажуулахын зэрэгцээ хэдийгээр хугацаа хоцорч байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагыг ямар нэгэн алдагдалд оруулахгүй.
2. Иймд нийгмийн даатгалын байгууллагаас Г.Барсын ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж хариу өгсөн нь үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох үүрэгтэй. Нийгмийн даатгалын байгууллага энэхүү үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна.
3. Манай байгууллага давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийгмийн даатгалын өр төлбөр үүссэн ч компанийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл боломждоо тааруулан сар бүр тодорхой хуваариар өр төлбөрөө барагдуулах гэрээ байгуулах хүсэлтийг харъяа нийгмийн даатгалын байгууллагад гаргасан боловч хүлээж авалгүй торгууль ногдуулсан нь даатгуулагчдын эрхийг зөрчиж буй үйлдэл гэж үзэж байна.
4. Нөгөөтэйгүүр Бүрдэл майнинг ХХК нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэсэн үндэслэлээр Г.Барсад ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзаж байгаа нь зөвхөн манай компаниас төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр Г.Барсад ажилгүйдлийн тэтгэмж олгох ёстой гэсэн ойлголтыг төрүүлж байна. Гэтэл Г.Барс нь Бүрдэл майнинг ХХК-д ажиллахаасаа өмнө өөр байгуулага, аж ахуйн нэгжид ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь түүний нэхэмжлэлд хавсаргасан материалаас харагдаж байна. Энэ нь Г.Барсын Бүрдэл майнинг ХХК-д ажиллахаас өмнө төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үр дүнгүй болгох, улмаар түүний тэтгэмж авах эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүйдлийн сангаас олгох талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулна: 1/тэтгэвэр, тэтгэмж олгох, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 1.2-т Нийгмийн даатгалын төв, орон нутгын байгууллага нь даатгуулагч /иргэн/-ийн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцож олгох ... ажлыг эрхлэн гүйцэтгэнэ гэж тодорхой зааж өгсөн. Харин зөвхөн тухайн ажиллаж байсан байгууллагынх нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Бүрдэл майнинг ХХК нь хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлэх нь зайлшгүй учир иргэн Г.Барсын нэхэмжилж байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг дээр дурдсан үндэслэлийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох ёстой гэж үзэж байна.
Бүрдэл майнинг ХХК нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулаад нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр төлөөд явж байгаа. Г.Барсын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд явж байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хоёр дахь шаардлагын тухайд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хариу ирүүлэх тухай албан бичигт Г.Барс нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 76 хоногт ногдох 2,065,682 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой байсан гэсэн. Гэтэл Г.Барс нь нийгмийн даатгалын лавлагаагаар 2022 оны 01 сараас шинээр ажилд ороод явсан байгаа.
Иймд иргэн Г.Барсын Сүхбаатар дүүргийн ИХАШШ-д гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №08 Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №01 Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/14316 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Даатгуулагч, тэтгэвэр авагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, хариуцагчийн баримтаар гаргасан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ, Эко алтан заамар ХХК Ажлын байрны тодорхойлолт, Бүрдэл майнинг ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны №943/21 Өр төлбөр барагдуулах тухай албан тоот болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөх хуваарийн нотатиатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №118/22 Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Барс хариуцагч Бүрдэл майнинг ХХК-д холбогдуулан төлөгдөөгүй саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах, учирсан хохирол буюу ажилгүйдлийн даатгалын сангаас авах боломжтой байсан даатгалын хувь хэмжээ болох 2,156,493/хоёр сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Бүрдэл майнинг ХХК нь ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох ёстой, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Дугуй засварчин албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1 дэх заалтад зааснаар зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 85 Албан бичгээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 38 дугаар зүйлийн 38.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:, 38.1.1-т ажилтан санаачилсан; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1 дэх заалтад зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажилтан буюу нэхэмжлэгчийн санаачлагаар цуцалсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 85 Албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид цалин хөлс олгож байсан байх боловч нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх нийт 16/арван зургаа/ сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй., Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1-т даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.
Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх нийт 16/арван зургаа/ сарын хугацааны цалин хөлснөөс ажилтны буюу нэхэмжлэгчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан байх боловч ажилтан болон ажил олгогч буюу өөрийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалин хөлсөд ногдох сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэлийг дор дурдсан хувь хэмжээгээр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлөх үүрэгтэй байна. Үүнд:
| Нийгмийн даатгалын төрөл | Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ | Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
| Тэтгэврийн даатгал | 9.5 | 9.5 |
| Тэтгэмжийн даатгал | 1.0 | 0.8 |
| Эрүүл мэндийн даатгал | 2.0 | 2.0 |
| Ажилгүйдлийн даатгал | 0.2 | 0.2 |
| Шимтгэлийн дүн | 12.7 | 12.5 |
Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх цалин хөлсөд ногдох сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэлийг дор дурдсан хувь хэмжээгээр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлөх үүрэгтэй байна. Үүнд:
| Нийгмийн даатгалын төрөл | Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ | Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
| Тэтгэврийн даатгал | 8.5 | 8.5 |
| Тэтгэмжийн даатгал | 1.0 | 0.8 |
| Эрүүл мэндийн даатгал | 2.0 | 2.0 |
| Ажилгүйдлийн даатгал | 0.2 | 0.2 |
| Шимтгэлийн дүн | 11.7 | 11.5 |
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх нийт 16/арван зургаа/ сарын цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг дээр дурдсан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийгмийн даатгалын шимтгэлд 5,935,581.95 төгрөгийг төлүүлэхийг даалгах гэж дурдсан байх боловч шүүх хуралдаанд нөхөн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр хэмжээгүй, үнийн дүн дээр тоо хэлэх боломжгүй, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр төлүүлэхийг даалгах шаардлага гаргаагүй, 16/арван зургаа/ сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах гэж тодруулсан тул шүүх тус шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүйн улмаас учирсан хохиролд хариуцагчаас нийт 2,156,493/хоёр сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах ... эрх анх үүснэ. Гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн болон 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байх боловч ажил олгогчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 85 Албан бичгээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах ... өргөдлөө ... оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ ... нийгмийн даатгалын байгууллагад гаргана. гэж заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цуцалснаас 3/гурав/ хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө гаргасан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 85 Албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь ажилгүйдлийн тэтгэмжийг зөвхөн тухайн ажиллаж байсан байгууллагынх нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж маргаж байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин хөлснөөс ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг суутгасан боловч нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмжид олгох ёстой байсан хэмжээний мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно. гэж заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан өдрөөс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Кэй Эй Групп ХХК-д ажиллаж эхлэх хүртэлх буюу 2022 оны 01 дүгээр сар хүртэлх ажлын 32/гучин хоёр/ хоногийн ажилгүйдлийн тэтгэмжид ногдох мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралт болох Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журамд зааснаар нэхэмжлэгч нь ажлын 76/далан зургаа/ хоногт ногдох 2,156,493/хоёр сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид авах боломжтой байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сараас эхлэн Кэй Эй Групп ХХК-д ажиллаж эхэлсэн байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 907,996/2,156,493:76=28,374.9, 28,374.9x32=907,996/ /есөн зуун долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1,248,497/2,156,493-907,996.8=1,248,497/ /нэг сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1, 6 дугаар зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүрдэл майнинг ХХК-д нэхэмжлэгч Г.Барсын 16/арван зургаа/ сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгаж, хариуцагч Бүрдэл майнинг ХХК-иас учирсан хохирол нийт 907,996/есөн зуун долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Барсад олгож, үлдсэн 1,248,497/нэг сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Барсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 119,700 төгрөгөөс 119,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүрдэл майнинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98,089 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 47 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Барсад олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1, 6 дугаар зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүрдэл майнинг ХХК-д нэхэмжлэгч Г.Барсын 16/арван зургаа/ сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгаж, хариуцагч Бүрдэл майнинг ХХК-иас учирсан хохирол нийт 907,996/есөн зуун долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Барсад олгож, үлдсэн 1,248,497/нэг сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Барсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 119,700 төгрөгөөс 119,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүрдэл майнинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98,089 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 47 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Барсад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ