2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1068

 

 

 

 

 

 

   2025        04         25                                   2025/ШЦТ/1068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, 

улсын яллагч Э.Баасанбаяр,

  шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг, А.Бямбасүрэн,

  Хохирогч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Ст холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л.С, регистрийн дугаар ..............,

Монгол Улсын иргэн, ................... хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нийн тээврийн хэрэгсэл борлуулсан мөнгө болох 10.100.000 төгрөг буюу өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 10,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Найзуудтайгаа гадуур явж байгаад амралтанд очоод үрчихсэн. Түүнээс болоод найз охинтойгоо муудалцаад ийм зүйл болсон ...” гэв. 

 Хохирогч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би Л.Стай хоёр жилийн хугацаанд үерхэж байна. Гомдол гаргах үедээ л өмнөх ял шийтгэлийг нь мэдсэн. Одоо ажил хийж байгаа мөн хохирол төлбөрөө барагдуулсан тул гомдолгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Нийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн боловч манай дүү М нэр дээр гэрчилгээ нь байдаг тоёота загварын 5630 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ худалдан борлуулахаар болоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Ундрам плазагийн нотариат руу манай дүү Мягмардорж болон манай найз залуу Л.Сын хамт миний приус автомашиныг аваад явсан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Ундрам плазагийн нотариатад гэрээгээ манай дүү хийчихээд би ажилтай байсан болохоор найз залуу руугаа өөрийн хаан банкны дансаа явуулаад машины мөнгийг миний данс руу хийчихээрэй гэж хэлээд итгээд дансны дугаараа явуулсан боловч автомашин зарсан мөнгө болох 10,000,000 төгрөгийг Сумъяабазар өөрийн данс руугаа шилжүүлэн аваад одоог хүртэл худлаа яриад өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...Би ажилтай байсан болохоор өөрөө очоогүй, Л.Стай үерхдэг байсан болохоор итгээд гар утсаараа өөрийнхөө хаан банкны дансыг явуулаад, автомашин зарсан мөнгийг миний данс руу хийчихээрэй гээд хэлсэн боловч 10,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руугаа Л.С авчихсан байсан. ...Би анхнаасаа 10 сая төгрөг гэж бодож байсан боловч 10.100.000 төгрөгөөр зарсан байсан...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22 дугаар тал/,

Гэрч Б.М “... Тухайн машин нь манай үеэл эгч Г.Нийн машин байсан 2022 оны 11 дүгээр сард хороололд очиж нэг хүнээс 12 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Машинаа авахдаа манай эгч Нандинцэцэг хөдөө орон нутгийн /Сэлэнгэ-Зүүн хараа/ хаягтай учраас хотын хаягтай гээд бас хотын дугаар авах гээд худалдаж авахдаа шууд миний нэр дээр надтай тохиролцож байгаад шилжүүлж авсан. Машин худалдаж авснаас хойш Нандинцэцэг өөрөө тухайн машинаа унаж хэрэглэдэг байсан. Тэгж байгаад 2023 оны 10 дугаар сараас хойш эгчийн найз залуу гэх Сумъяабазар Нандинцэцэг нар тухайн машиныг ээлжилж унаж байгаад 2024 оны 02 дугаар сард машинаа зарахаар болсон гээд 4-5 хоногийн өмнө надад хэлээд нэг орой залгаад сая хүн ирээд үзлээ авахаар болчихлоо маргааш нотариат ороод худалдан авах гэрээ хийгээд өгөөч гэж хэлсний үндсэн дээрээс би Нандинцэцэгтэй утсаар ярьж тохироод зарах өдөр нь буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сумъяабазар машиныг нь унаад сансрын Ундрам плаза дээр ирсэн байхад нь би очиж нотариатаар гэрээгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 Хаан банкны 5495623649 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Хаан банкны 5495623649 дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-42 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Сын “...Тухайн өдөр манай найз охин Нандинцэцэг өөрийн эзэмшлийн 56-30 УЕО улсын дугаартай 30 приус маркийн тээврийн хэрэгсэлийг зарахаар болоод тухайн өдрөө нэг хүнд зараад төлбөрөө Нандинцэцэг хоёулаа удахгүй өөр машин худалдаж авах юм чинь чи дансандаа байлгаж бай гэж хэлээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5495623649 дугаартай дансаар шилжүүлж авсан. Тэгээд тухайн авсан мөнгийг би тухайн өдөр Нандинцэцэгтэй хэрэлдэж маргалдсан байсан учраас гадуур архи уугаад 4 сая төгрөгийг Гүнчиндорж гэх ахад зээлсэн. Тэр мөнгө зээлсэн гэх Гүнчиндорж гэдэг ахын нэрнээс цааш өөр юу ч мэдэхгүй байгаа учраас би өөрөө олж чадахгүй байгаа. Би тухайн мөнгөөр архи авч уусан. Одоо тухайн мөнгөнөөс үлдэгдэл мөнгө байхгүй. Дараа нь би үрчихээд Нандинцэцэгт үрсэн гэж хэлж чадаагүй  үрчихээд Худалдаа хөгжлийн дансанд байгаа гэж худлаа хэлээд яваад байсан ... би хохирлоо барагдуулна, хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  67 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  43 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/,  “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд / хх-ийн 52-54, 56-58, 60-62, 124-130, 131-134 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Л.С нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нийн тээврийн хэрэгсэл борлуулсан мөнгө болох 10.100.000 төгрөг буюу өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 10,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Нийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22 дугаар тал/, гэрч Б.М мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,  Хаан банкны 5495623649 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 27 дугаар тал/, Хаан банкны 5495623649 дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-42 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.С нь тээврийн хэрэгсэл борлуулсан 10,100,100 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэнгээс: “... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь миний үйлчлүүлэгчийн найз охин. Түүнд хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Улсын яллагчийн ялын саналтай нэг байна. Харин хэмжээний хувьд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөг болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь өөрөө хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Мөн хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хувийн байдлын тухайд эрүүл мэндийн мэргэжилтэнээр ажиллаж эхэлж байгаа. Өмнө ял шийтгэл авч байсан боловч хуулийн мэдлэг муу байсан тул тухайн хэргүүдийг нэгтгэлгүй асуудалд хүрсэн зүйл байдаг. Ийм залуу хүн өмгөөлөгч нартаа болон гэр бүлийхэндээ дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 торгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишигээс: “... Өмгөөлөгчтэй санал нэг байна ...” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Л.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.С нь хохирогч Г.Нт 10,100,000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь 2025 оны 04 сарын 11-ний өдөр 2.760.000, 3.920.000, 3.420.000 төгрөг нийт 10.100.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна.

         Иймд шүүгдэгчийг хохирогч Г.Нт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ