| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0036/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/1091 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1091
2025 04 29 2025/ШЦТ/1091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч С.Батжаргал, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар,
Хохирогч Г.П,
Иргэдийн төлөөлөгч Ж.Одцацрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Мд холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт А.М, регистрийн дугаар ................,
Монгол Улсын иргэн, .................хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ................... хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнө нь ял эдэлж байхдаа энэ хүнтэй танилцсан. Намайг ял эдэлж дуусаад гарч ирснээс хойш хамтдаа амьдарсан. Манай хамтран амьдарч нь хяналтгүйгээр уурлаж уцаарладаг. Намайг байнга харддаг. Бид хоёр салсан байж байгаад буцаж нийлээд энэ асуудал болсон. Тухайн өдөр миний хавирга хугарсан байхад энэ хүн намайг худлаа хэлээд байна гэж хэлсэн. Миний хавирга хугарсан биеийн байдал хэцүү байхад энэ хүн байнга дарамталдаг. Энэ хүн намайг байнга хардаж зовоодог, секс хийхгүй болохоор дарамталдаг. Намайг хутгалж, байнга зоддог. Тухайн өдөр бид хоёр, найзуудтайгаа уусан байсан. Тэгсэн хамтран амьдрагч маань намайг хардсан тэгээд бид хоёрын дунд маргаан болсон. Өглөө сэрсэн нөхөр байгаагүй. Нөхөр лүүгээ залгахад эмнэлэгт байна гэсэн, яг юу болсныг санахгүй байна ...” гэв.
Хохирогч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаагүй. Харин 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Гомдол гаргах болсон шалтгаан нь хамаатан, садангийн зүгээс “гомдол гарга” гэж хэлсэн учраас гаргасан. Би эхнэрээ бол хардаж гар хүрдэг байсан болох нь үнэн. Тухайн өдөр хэн миний биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна, эхнэр байсан болохоор эхнэр л гэж бодсон ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Пын “...2024 оны 07 дугаар сарын 12-ны эхнэр А.М, хүү Анхбаярын хамт гэртээ байсан. 15 цагийн үед эхнэр гарч орж ирчихээд баярын өдөр юм чинь гээд лаазтай касс нэртэй пиво, 3 литр айраг авч ирсэн. Тэгээд нөгөө пиво ууж дуусгаад 18 цагийн үед гэрт байж байтал хамт ажиллаж байсан О гэх залуу манай гэрт ирнэ гээд залгасан ба би тосож аваад гэртээ орж ирэхдээ 0,75 литрийн Тайга нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд манай эхнэр мах чанаад хоол идэж байхдаа тухайн архийг З-лаа хувааж уусан. 20 цагийн үед О нь архи дуусгаад ажилдаа явлаа гээд гарахдаа хаалга саваад гарсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд буцааж дуудаад уучлалт гуйлгаад буцаагаад явуулсан. Би 09 цаг 40 минутын орчимд унтаад нэг мэдсэн чинь миний нуруу халуу дүүгээд өвдөөд явчихсан харсан чинь М хутга барьчихаад далайгаад сууж байсан. Би эргэж хараад ноцолдож байгаад тайвшруулаад гарнаас нь бариад хутгаа хаяхгүй болохоор нь би гэрээс гараад явсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн байгууллагад хандсан. Замаар гарах гэж яваад би ухаан алдчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж шархаа цэвэрлүүлээд байж байснаа санаж байгаа тэндээсээ 17 цагийн үед цэргийн төв эмнэлэг дээр авч очсон. Тэндээ эмчилгээ хийлгээд 5 хоног хэвтсэн. Одоо би буудлаар явж байгаа. Би Мтай 2021 оны сүүлээр танилцсан. Албан ёсны гэр бүл биш бөгөөд бид 3 жил хамтран амьдарч байгаа. Надтай танилцаад удаагүй байхдаа 461-р хорих ангид хоригдсон. Ямар шалтгааны улмаас ял авсныг нь мэдэхгүй байна. Над руу хутга барьж дайрч байгаа нь анхны удаа биш бөгөөд удаа дараа намайг хутгалж байсан. Анхны удаа Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Хайлаастын Согоотын 1-1 тоотод байх нийтийн байранд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр би хүнээ таниагүй байж 2-лаа салъя гээд хэлсэн чинь хоол хийж байсан хутгаараа миний зүрхний дээд тал руу хутгалчихсан. Тэр үед миний уушги нэвт хатгачихсан байсан. Би байрны жижүүрээр дуудлага дуудуулаад Цэргийн төв эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гараад зурагтад байдаг хашаа байшин түрээслээд тэнд 14 орчим хоноод бид 2 мөнгөгүй болоод байсан үед М нь 20,000 төгрөг олчихоод тэр мөнгөөрөө архи авчихсан байсан. Тэр архиа авчихаад хувааж уучихаад орон дээр зогсож байтал их том хутга барьж аваад баруун талын цээж хэсэг рүү хутгалчихсан. Миний биед хутга нь зоогдчихсон байсан бөгөөд хутгаа дахиж сугалаад гүйцээчихье гэж хэлээд дахиад дайрсан тул миний гэрээсээ гараад зугатаасан. Хүнээс тусламж гуйгаад цагдаа иртэл хүлээсэн. Цагдаагийн алба хаагч нар ирсэн чинь дүүгийнхээ регистрийн дугаарыг хэлээд явчихсан байсан. Цэргийн төв эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлээд гараад ирсэн чинь байрны эд зүйлсээ зараад архи уугаад явчихсан байсан. Тэгээд саяны явдал болтол өөр газраар хамт амьдарч байсан. 2 дахь удаагийнх дээр нь хандсан чинь М жирэмсэн болчихсон байсан болохоор цагдаад гомдолгүй гээд орхичихсон. М нь надтай танилцаад шоронгоос гарч ирээд хэрэлдэж муудалцаад архи уухаараа хутга намайг хутгалчихдаг. Ямар нэгэн эмнэлгийн хяналтанд байдаггүй, согтуу үедээ хутга барьж өөрийгөө зүсэж гэмтээчихээд чи намайг ингэсэн, цагдаа дуудна гээд дарамтлаад байдаг. Би хутгалуулсандаа гомдолтой байна, хүү П.Аыг өөртөө авмаар байна. Яагаад гэвэл архины хамааралтай, хүүхэд алчих гээд байдаг болохоор тийм хүнд хүүхдээ өгмөөргүй байна “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч Д.А “...Би дээрх хүмүүсийг танина. М нь миний төрсөн охин байгаа юМ.П нь манай хүргэн. М.П нар нь хамтран амьдрагч бөгөөд манайд М-О нь 2023 оны 06 сард манайд очиж ажил хийж байгаад буцаж байсан. Тэр үеэс өмнө танилцсан байх. М, ПО нар нь хоёулаа л согтуу байдаг. Надтай ярих болгондоо тэр 2 согтуу л байна гэдэг. М-О нь мөрийтэй тоглоом тоглоод ажил хийдэггүй юм шиг байна лээ. М нь 7 сараас 13 насны 4 хүүхэдтэй. М нь архи уухгүй бол зан харилцаа нь зүгээр, ажлыг сэтгэлээсээ хийдэг хүүхэд байсан. Харин архи дарс уудаг болсноосоо хойш зан ааш танхай болсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 9794 дүгнэлтэнд: “...Г.Пын биед баруун даланд хатгагдаж цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дугаар тал/,
Шүүгдэгч А.Мын “... би хамтран амьдрагч Г.Пын биед 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Далайхүүгийн нийтийн байранд 21 тоотод хамт байхдаа халдаж хутгалсан нь үнэн, тухайн үед Г.П бид хоёр болон манай хүү 1 настай П.А нараас өөр хэн нэгэн байгаагүй нэмж ярих зүйлгүй. Бид 2 тэр хоёулаа согтуурсан байсан. Г.Птой 2020 оны11 дүгээр сарын 24-нд анх танилцсан тэгээд хамтран амьдраад дундаасаа 1 хүүхэдтэй болсон одоо М-Оын ээж Оюун-Эрдэнийн /85334868/-н асаргаанд гэрт нь Төв аймаг Батсүмбэр суманд байгаа юм. Ер нь М-О нь хамт байх хугацаандаа ажил төрөл хийхгүй мөрийтэй тоглоод мөн надад их муухай хандаж хоорондын хэрүүл маргаан тасардаггүй байсан учир тухайн шалтгаанаас, тэр үед наадам болж байсан учир согтууруулах ундаа пиво хэрэглэсэн байсан учир би хутгалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 66-73, 75-78 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү төвийн 106-24 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч А.Мд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М хохирогч /хамтран амьдрагч/ Г.П нар нь хамтран амьдрагч /гэр бүлийн баталгаагүй/ эхнэр, нөхөр, дундаасаа 1 настай хүүхэдтэй мөн Чингэлтэй дүүрэг 14 хороо Далайхүү төвийн 106-24 тоотод хамт амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.М нь хамтран амьдрагч хохирогч Г.Птой хамт амьдарч байсан боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн тухайн цаг хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийн улмаас маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон гэх, мөн хэрэгт авагдсан шүүгдэгч А.Мын /АСАП/ санд авагдсан зөрчлийн бүртгэл зэргээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд нөхөртөө зодуулсан гэх зэргээр шүүгдэгч нь дуудлага өгч байсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь би эхнэрээ хардаж зоддог байсан гэх мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэнд тусгасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, уг зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү төвийн 106-24 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Пын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч Д.А мэдүүлэг / хавтаст хэргийн 28 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 9794 дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Мын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн ялын хэмжээг багасгуулах саналтай байна. Хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж байгаа тул энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна, хэргийн үйл баримтанд маргах зүйл байхгүй ...” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд орууулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А.Мын энэ хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 28-наас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.П нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч А.Мыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч А.Маас 6.839.942 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Т овогт А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Маас 6.839.942 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД С.БАТЖАРГАЛ
Д.СУВД-ЭРДЭНЭ