Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/04445

 

 

 

 

 

 

 

                               2022        10          26

                   101/ШШ2022/04445

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Л” ХХК /рд:/,

Хариуцагч:“С” ХХК /рд:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 130,493,699 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагч “Л” ХХК-ийн төлөөлөгч Б.М, хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Х, хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1/450 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ аван иргэд болон аж ахуйн нэгжид үл хөдлөх хөрөнгө ба хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж.

ЛХХК болон С ХХК нарын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүсэлт гаргасныг үндэслэн манай байгууллага 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр ЛХХК, С ХХК нарын хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол/13345/ Энхтайвны өргөн чөлөө гудамж тоот хаягт байрлалтай  талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ЗГ2008/18 тоот Зээлийн гэрээ, ҮБГ 2008/18 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг хамтран байгуулж №11-1728821 тоот барьцаалбар үйлдэн нотариатаар баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалттай зээлийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан. Уг зээлийг зээлдэгчийн зээл авах хүсэлтийн дагуу Голомт банк дахь зээлдэгч Л ХХК-ний  тоот данс уруу шилжүүлэн олгосон.

Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний Хавсралт №1-д заасан зээл, түүний хүүг буцааж төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай байгууллагаас холбогдох шаардлагуудыг бичгээр болон утсаар өгч байсан.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 05-д дууссан боловч өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай байгууллагаас олгосон зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 30,189,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,281,316 төгрөг, нийт 115,470,357 төгрөг байна. Иймд:

1.         Зээлдэгч ЛХХК болон С ХХК нартай байгуулсан ЗГ2008/18 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 115,470,357 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулан манай байгууллагад олгож өгнө үү.

2.         Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ2008/18 зээлийн гэрээний баталгаа болгон зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгө болох Л ХХК, С ХХК нарын хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол/13345/ Энхтайвны өргөн чөлөө гудамж тоот хаягт байрлалтай 73 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар албадан борлуулж зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Г ХХК нь ЛХХК, С ХХК нараас зээлийн гэрээний үүрэг болох 115,470,357 төгрөгийг гаргуулах, ЗГ2008/18 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол/13345/ Энхтайваны өргөн чөлөө гудамж  тоот хаягт байрлалтай 73 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 13-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг 15,023,342 төгрөгөөр /зээлийн хүү 12,519,452 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2,503,890 төгрөгөөр/ нэмэгдүүлж нийт 130,493,699 төгрөг болгож нэмэгдүүлэх хүсэлтэй байна.

Хариуцагч нараас зээлийн хүсэлт гаргаснаар 80 саяыг зээлсэн. Улмаар хариуцагч нарын хамтран өмчилдөг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нараас буцаан төлөх хуваарийг зөрчиж гэрээний хугацаа дууссан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлага нэмээд 130 493 699 төгрөг гаргуулна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулна. Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж байна. Гэрээний 2.1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан. Мөн хуулийн 20.3-т зааснаар гэрээний хугацаа дууссанаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн Иргэний хуулийн 453.1-д энэ талаар заасан. Улмаар шүүхэд хандсанаар гэрээ дуусгавар болохгүй. Хариуцагч С ХХК нь зөвхөн итгэмжлэл дээр л маргаж байна. Улмаар зээлийн харилцаанд ороогүй гэж байна. Гэтэл итгэмжлэлд зээлийн барьцаанд бариулах эрхийг олгосон байна. Зээлийн барьцаанд бариулах эрх олгосон нь зээлийн гэрээнд төлөөлөх эрх олгосон гэж ойлгоно гэв.

 

Хариуцагч “С” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Г.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн 2022.04.13 2204/7Б дугаартай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. “... Дээрх нэхэмжлэлд манай байгууллагыг хариуцагч татжээ. ...” Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал:

С ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №20/12 дугаартай хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр дээрх нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн, зээлийн гэрээ, барьцааны гэрээнд компанийг төлөөлж зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг хэн нэгэнд олгоогүй болно.

Л ХХК-ийн захирал П.Я зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан хууль зүйн үндэслэлгүй байна.

С ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н 2020 оны 08 дугаар сарын 05-ны 344 дугаартай итгэмжлэл олгохдоо Л ХХК-ийн захирал П.Я олгожээ, С ХХК гүйцэтгэх захирал М.Н гуравдагч этгээдэд итгэмжлэл олгох эрхгүй, компани хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болно.

Л ХХК-ийн захирал П.Я зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд С ХХК нь хамтран үүргийн гүйцэтгэл хүлээх үүргээс чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрнө. Хариу тайлбараа дэмжинэ. Хэргийн 23-т байгаа эд хөрөнгө барьцаалах шийдвэрт хамтран өмчлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгоогүй. Бид энэ мөнгөнөөс аваагүй нь баримтаар тогтоогддог. Бид зээлийг төлөх үүрэг хүлээхээр зөвшөөрөл олгоогүй. Зөвшөөрөл олгоогүй байхад хамтран хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй. Хэргийн 23-т хувьцаа эзэмшигчийн шийдвэр байгаа юм. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг талаар шийдвэр гаргах эрхгүй.

Хэргийн 38-39-д байгаа баримтаар хариуцагч Л хариуцахаар байгаа юм. Мөн хариуцагч Лы дансанд зээл олгогдсон. Бид ашиглаагүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хариуцагч Лид ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор 50 хувийг шилжүүлсэн бөгөөд бид барьцааны эрх олгосон бөгөөд зээл авах эрх олгоогүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн итгэмжлэл дээр барьцаанд бариулах гэснийг шууд утгаар нь ойлговол барьцааны үйлдэлд оролцох асуудал яригдана. Тухайн үйлдлийг нарийвчлан тусгах ёстой юм. Зээлийн гэрээ байгуулагдсанаар хариуцагч Сд ямар нэг ашиг ороогүй. Хариуцагч Лий дансанд орсон тул бид зээлийн үүргийг хүлээх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч “Л” ХХК-ийн төлөөлөгч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие “Г” гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.         Нэхэмжлэгч 2022 оны 04 сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргаад 18 тоот зээлийн гэрээ харилцаа цуцлагдаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл үгүй гэж үзэж байна.

2.         Нэхэмжлэгч зээлийг заасан хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжилсэн бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагын хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хэрхэн тооцож байгаа талаараа нэмэгдүүлсэн шаардлагадаа огт дурдаагүй, тодорхой бус байна.

3.         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хуулиар олгогдсон эрхтэй хэдий уг шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой.

4.         Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дах заалт шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан зээлийн гэрээний үүрэгт холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шууд холбогдох хуулийн заалт бус гэж үзэж байна.

5.         Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчийн ямар хугацаанд төлөөгүй үлдсэн төлбөрөөс хэрхэн тооцож гаргасан талаар нэхэмжлэлд огт дурдаагүй байна.

Нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. Мөн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хуулийн заалт нь буруу байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг яаж тооцсон нь тодорхойгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад маргаангүй. Шүүхэд өгснөөр гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэдгийг ойлгохгүй байна. Мөн нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсоноо тайлбарласангүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар /хх8-10/, “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 001/278 дугаар шийдвэрийн хуулбар /хх15/, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20/12 дугаар шийдвэрийн хуулбар /хх23/, “С” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 344 дугаар албан тоотын хуулбар /хх24/, “Л” ХХК, “С” ХХК нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх25/, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх26-28/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх29-30/, барьцаалбарын хуулбар /хх31/, мөн өдөр нэхэмжлэгчид гаргасан хүсэлтийн хуулбар /хх32/, цахим гүйлгээний баримт /хх33/, зээлийн төлбөрийн зөрчлийн талаар сануулах албан мэдэгдэл /хх34-37/, “С” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/116 дугаар албан тоот /хх38-39/, “Л” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн М/952 дугаар албан тоот /хх40/, зээл төлөлтийн дансны хуулга гэх баримт /хх41-42, 75-76/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Л” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлааг нотлох баримтаар гаргуулсан. /хх83-84/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Л” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 130,493,699 төгрөг гаргуулж, хариуцагч “С” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Л” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 130,493,699 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Л” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг зөвшөөрсөн.

 

Хариуцагч “С” ХХК нь зээлийг тус компани аваагүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг бусдад олгоогүй гэж маргасан.

 

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23570 дугаар захирамжаар хариуцагч “Л” ХХК болон хариуцагч “С” ХХК нарын арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 130,493,699 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Улмаар хариуцагч “С” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр дээрх 23570 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцогч хэн аль нь гомдлыг шийдвэрлэхээс өмнө хэргийг хянан шийдвэрлэхээр хуралдааныг үргэлжлүүлэх талаар тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2008/18 дугаар, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх26-28/

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдсон тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байна. /хх6, 8-10/

 

Зээлийн гэрээнд хариуцагч “Л” ХХК, “С” ХХК нарыг төлөөлж П.Я гарын үсэг зурсан.

Энэхүү гэрээг байгуулах үед хариуцагч “Л” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Я болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх84/

Харин гэрээ байгуулагдсан цаг хугацаанд хариуцагч “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь М.Н байсан болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнд хийгдсэн бичилтээр тогтоогдож байна. /хх48/

Улмаар хариуцагч “С” ХХК-с гэрээ байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч “Л” ХХК-д итгэмжлэл олгожээ. /хх24/

Гэвч уг итгэмжлэлээр хариуцагч “С” ХХК-ийг төлөөлөн зээлийн гэрээ байгуулах эрх олгогдоогүй байна.

Иймд зээлийн гэрээний хариуцагч “С” ХХК-д холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Улмаар хэдийгээр зээлийн гэрээний хариуцагч “С” ХХК-д холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл боловч бусад хэсэг нь гэрээний зорилгыг хангахаар байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Эдгээр үндэслэлээр хариуцагч “С” ХХК нь зээлийн гэрээний оролцогч буюу зээлдэгч биш байх тул зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй.

Иймд хариуцагч “С” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Цаашлаад хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй П.Я нь гэрээ байгуулсан өдөр 80,000,000 төгрөгийг Голомт банк дахь  тоот дансанд шилжүүлэх хүсэлт гаргажээ. /хх32/

Энэхүү дансыг хариуцагч “Л” ХХК эзэмшдэг бөгөөд 80,000,000 төгрөгийн зээл олгогдсон болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /хх33/

Энд хариуцагч “Л” ХХК нь 80,000,000 төгрөгийн зээл олгогдсон талаар маргаагүй, зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж, хариуцагч “Л” ХХК-д зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгө болон гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч “С” ХХК-с гэрээ байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч “Л” ХХК-д зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрх олгосон нь зээлийн гэрээнд төлөөлөх эрх олгосон гэх тайлбар үндэслэлгүй.

Учир нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуульд зааснаар өөр өөр зорилго, зохицуулалттай байдаг.

 

Зээлийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай байгуулж, сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, цаашлаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 130,493,699 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн буцаан төлөлтийг тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Үүнээс үзэхэд хариуцагч “Л” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Эдгээрийг үндэслэн хариуцагч “Л” ХХК-д зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:

Гэрээ байгуулагдаж зээл олгогдсоноос хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүртэл 2 жил, 4 хоногийн хугацаан өнгөрсөн байна.

Улмаар зээлийн гэрээгээр сард 4 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул 1 жилд 48 хувь буюу 38,400,000 /80,000,000*48%/ төгрөг, 2 жилд 76,800,000 төгрөгийн хүү тооцогдоно.

Улмаар 1 жилд 38,400,000 төгрөгийн хүү тооцогдох тул 1 хоногт 105,205.48 /38,400,000/365/ төгрөг, 4 хоногт 420,821.92 төгрөгийн хүү буюу нийт 77,220,821.92 төгрөгийн хүү тооцогдож байна.

 

Зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн нэмэгдүүлсэн хүү 20 хувь байна гэж заажээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиар байж болохоор зохицуулсан тул 15,444,164.38 /77,220,821.92*20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.

 

Үүнээс үзэхэд хариуцагч “Л” ХХК-д зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 172,664,986.30 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь харицагч “Л” ХХК-ийг нийт 34,617,534 төгрөг төлсөн талаар зээл буцаан төлөлтийн тооцооллыг шүүх ирүүлсэн бөгөөд зохигчид энэхүү буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх75-76/

 

Иймд хариуцагч “Л” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үлдэх үүрэг нь 138,047,452.30 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 130,493,699 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Үдугаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдсэн байна. /хх29-31/

Барьцааны гэрээний 1.2-т зааснаар зорилго нь дээрх ЗГ2008/18 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээний зүйл нь 2.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол/13345/ Энхтайвны өргөн чөлөө гудамж  тоот хаягт байрлалтай 73 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна.

Энэхүү барьцааны зүйл нь хариуцагч “Л” ХХК, “С” ХХК нарын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх25/

 

Барьцааны гэрээнд хариуцагч нарыг төлөөлж П.Я гарын үсэг зурсан. Хариуцагч “Л” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Я байсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон. Мөн хариуцагч “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Н нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 344 дүгээр итгэмжлэлээр барьцааны гэрээний зүйлийг “Г” ХХК-с авах зээлийн гэрээний барьцаанд төлөөлөн барьцааны гэрээ байгуулах эрхийг олгожээ. /хх24/

Улмаар барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд хариуцагч “С” ХХК-ийн барьцаа гэрээ байгуулах эрх олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Цаашлаад дээрх үйл баримтаар зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, улмаар зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ талаар маргаагүй тул хариуцагч “Л” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд хариуцагч “С” ХХК-с зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул 130,493,699 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Л” ХХК-с, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч “Л” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 130,493,699 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, хариуцагч “С” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Л” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол/13345/ Энхтайвны өргөн чөлөө гудамж  тоот хаягт байрлалтай 73 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,039,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-с 35,100 төгрөг, хариуцагч “Л” ХХК-с 1,004,000 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД