| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06347/И |
| Дугаар | 101/ШШ2022/04527 |
| Огноо | 2022-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/04527
| 2022 10 31 | 101/ШШ2022/04527 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Г /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.У /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 1,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, хариуцагч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гнь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ш.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”-ийг үндэслэн иргэний хэрэг үүсгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул иргэний хэрэг үүсгэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дараах агуулга бүхий нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие Г.Гнь хуванцар вакум цонх, хаалга, тагны хаалт захиалгаар үйлдвэрлэж, суурилуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг. 2022 оны 05 сарын 25-нд хариуцагч Х.У нь захиалга өгч, нийт 1,235,000 төгрөгийн үнэ бүхий 7.7 м.кв бүхий хуванцар тагтны хаалтыг хийлгэхээр захиалсан. Нэхэмжлэгч Г.Гминий бие захиалгын дагуу очиж, хэмжээ авч, захиалгын дагуу нийт 7.7 м.кв бүхий хуванцар тагтны хаалтыг хийж гүйцэтгэн, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Цагаан хуаран 87А-р байр, тоот хаягт байрлах орон сууцны тагтны хэсэгт 2022 оны 05 сарын 26-нд суурилуулж, шиллэж дуусгаж, хүлээлгэн өгсөн. Гэвч Х.У нь 7.7 м.кв хуванцар тагтны хаалтын үнэ болох 1,235,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Нэхэмжлэгч Г.Гминий бие нь хуванцар тагтны хаалтын үнэ болох 1,235,000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч Х.Угаас гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд 1,235,000 /нэг сая хоёр зуун гучин таван мянган/ төгрөгийг хариуцагч Х.Угаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гнадад олгож, хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч нь вакум цонх, хаалга үйлдвэрлэдэг. Улмаар хариуцагч захиалга өгч 77.7 м.кв хаалт захиалсан. Үнэ нь 1 235 000 төгрөг болсон. 2022.5.26-нд 30 тоот хаягт суурилуулсан. Үнийг нь өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Иргэний хуулийн 343-д зааснаар төлөх үүрэгтэй. Үнийг хариуцагч нь жолооны үнэмлэх гаргаж өгнө гэхээр нь 2 хүний мэдээлэл өгсөн боловч жолооны дамжаанд суугаагүй. Жолооны дамжаанд суулгана гэсэн боловч суулгаагүй гэв.
Хариуцагч Х.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь ажлын хөлсөнд нь 2 хүүхэд жолоонд суулгасан. Зөрүү мөнгө 35 000 төгрөг төлсөн. 2 хүнийг нь бүртгэлд оруулсан байгаа юм. Суугаагүй нь хамаагүй бүртгүүлчихсэн байгаа юм. Би жолооны сургуулийн захирал бөгөөд суралцахад нээлттэй байгаа юм. 30 тоот нь манай гэрийн хаяг мөн. Хаалт хийлгэсэн. Төлбөрийг нь бартераар 2 хүн сургахаар тохиролцсон. Үнийн талаар маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.
Хариуцагч нь шүүхэд “Ш” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотыг нотлох баримтаар ирүүлсэн. /хх12/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Гнь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х.У нь ажлын хөлсийг арилжааны замаар төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Зохигчид хариуцагчийн гэрт тагтны хаалт хийх, хөлс төлөх талаар аман хэлбэрээр хэлцэл хийж, улмаар 1,235,000 төгрөгийн үнэ бүхий тагтны хаалт хийгдсэн, ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.
Энэхүү хэлцэл болон ажил гүйцэтгэгдсэн талаар бичгийн хэлбэрийн баримт үйлдээгүй байна.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч нь тагтны хаалт хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь ажлын хөлсийг нэхэмжлэгчийн санал болгосон 2 хүнийг жолооч сургах дамжаанд үнэ төлбөргүйгээр суралцуулах замаар төлөхөөр тохиролцсон, 2 хүнийг бүртгэсэн гэж маргасан.
Харин нэхэмжлэгч нь жолоочийн эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэсэн боловч биелэгдээгүй гэж маргаж байна.
Улмаар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Ш” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотоос үзэхэд 2 хүнийг жолооч сургах дамжаанд бүртгүүлсэн гэх боловч суралцуулаагүй байгаа болох нь тогтоогдож байна.
Улмаар бүртгүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Учир нь дээрх албан тоот нь маргаж буй үйл баримтыг шууд нотлохгүй байна.
Цаашлаад зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөх хугацааг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлсийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэн даруй төлөх үүрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х.Угаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД