| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0960/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1100 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1100
2025 04 30 2025/ШЦТ/1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А Сод холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт А С /регистрийн дугаар ................,
Монгол Улсын иргэн, ........... хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч А.С нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлх орчмын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33/1 задгай тоотод “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0,1 (0.1452) грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...манай ээж архи согтууруулах ундаа хэрэглэж орж ирээд өмнө нь хэрэглэж байсныг олж авсан. Би хэрэглэдэг байхдаа орж гарах үедээ гэрийн бүслүүрт хавчуулаад мартчихдаг байсан. Тэрийг манай ээж 2, 3 хоногийн өмнө олж аваад хашаандаа цэвэрлэгээ хийгээд явж байхдаа намайг ухаараагүй юм байхдаа, буцаад татаад эхэлсэн юм байна гэж бодоод цагдаад дуудаад өгсөн ...” гэв.
Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:
“Миний бие А.С нь өмнө нь хорих ял эдэлж байхдаа энэ тухай гэмшиж, бодож, өөртөө хувийн тангараг баталгаа гаргасан байгаа. Энэ зүйлээс зайлсхийж, холдож хорих ангиас гараад ажил хөдөлмөр эрхлээд хүн шиг амьдарч ээж, дүү нараа зөв хүмүүжүүлж энэ зүйлээс зайлсхийх өөртөө хувийн тангараг баталгаа гаргасан байгаа. Иймд зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Д.Б “...Би тухайн үед архи уучихсан байсан. Тэр өдөр манай гэрт С дүүтэйгээ хамт байж байсан. Тэгэхэд нь би согтуу орсон чинь С уурласан. Тэгэхээр нь би гэрээс олдсон Сын цаастай НӨАТ-ын баримттай өвс шиг зүйлийг гаргаж ирээд энэ юу юм бэ гээд Сод хэлсэн чинь минийх биш гээд мэдэн будилаад байсан. Би цаастай өвсийг нь хэдхэн хоногийн өмнө олоод Соос асуух гээд хадгалсан. Тэгээд С надтай маргалдаад уурлаад байхаар нь би цагдаа дуудаж байсан. Миний хүү өмнө нь хашаанд бас ундааны савтай тийм өвс хадгалж байгаад цагдаад баригдаж байсан. Гэрээс олдсон НӨАТ-ын цаастай өвс Сын өвс мөн. Миний хүү том болсон, ойлгоогүй болоод тэр мансууруулах өвсийг хэрэглээд байгаа байх. 2023 онд баригдах үеийн өвс, сүүлд байсан НӨАТ-ын баримттай өвс ижилхэн нунтаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 6498 дүгнэлтэнд “... Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цаасан доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тедрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Монгол Улсын AF4915273 гэсэн сери дугаартай 20-тын тал мөнгөн дэвсгэрт, цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Цаасан доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаастай үеийн жин 0,1945 г, цэвэр жин 0,1452 г байна” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/,
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бий 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх 33 задгай тоотод манай хүү мансууруулах өвс хэрэглэсэн байж магадгүй гэх дуудлага мэдээллийн дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ёолк, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Амаржаргал нарын хамт очиж шалгахад дуудлага өгсөн иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай өөрийн хүү Сын эсрэг тайлбар мэдүүлэг өгөхгүй, хэрэг болсон гэх газарт гэрийн баруун хойно байрлах бор өнгийн авдар дээрээс 20 төгрөгийн тал дэвсгэртэд ороосон нунтаг ногоон өвс мэт зүйлийг хураан авсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ёолк нь Сыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгах гэтэл хэлтэст байрлах тест нь хугацаа нь дууссан байсан тул ашиглах боломжгүй болсон. С нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө гэсэн...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хавтаст хэргийн 146, 152 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дугаар 32, 93 дугаар тал/,
Шүүгдэгч А.Сын “... Би мансууруулах өвс гэх зүйлийг хэрэглэдэг байх үедээ гэрийн хашаанд өвс гэх зүйлийг жижиг, бага зэргийн хэмжээгээр цаас, уут зэрэгт ороож нуудаг, дараа нь нуусан өвсөө авч хэрэглэдэг байсан. Тэрийг манай ээж ерөнхийдөө анзаардаг байсан. Тэгээд ялаа эдэлж дууссаны дараагаас эхлээд ямар нэгэн мансууруулах зүйлийг хэрэглэхээ больсон байсан. Тухайн үед манай ээж миний өмнө нь мансууруулах өвс гэх зүйлийг хэрэглэдэг байх үедээ нууж тавиад мартчихсан байсан өвсийг олоод гаргаж ирсэн байсан. ...Би ял эдэлж гарч ирснээсээ хойш мансууруулах зүйл хэрэглэхээ больсон. Харин манай ээжийн цагдаа нарт гаргаж өгсөн өвс нь миний өмнө хэрэглэдэг байх үедээ нууж байсан өвс...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 131 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 98-108, 110-119 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.С нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлх орчмын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33/1 задгай тоотод “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0,1 (0.1452) грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Д.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 6498 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бат-Эрдэний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хавтаст хэргийн 146, 152 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дугаар 32, 93 дугаар тал/, шүүгдэгч А.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг, түүний эх сурвалж зэргээр шууд нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлвэл шүүгдэгч А.Сын сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж байсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Сыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор С.Ууганбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн А.Сын холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.С НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын 2 дугаар жагсаалтад авагдсан Дельта Тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд маргахгүй гэсэн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байгаа гэж үзэж А.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч А.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. А.С нь 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэргийн улмаас бусдад учирсан материаллаг хохирол байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 1 ширхэг диск буюу ээжийнх нь дуудлага өгсөн дуудлага мэдээллийн хоолой бичлэгийг авсан байгаа. Энэ дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,1452 гр ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Монгол Улсын 20,000 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд тус тус тушаахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгчид даалгах саналыг тус тус гаргаж байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Бид гэм буруудаа маргахгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас улсын яллагчийн талаас шүүх хуралд үнэн зөвөөр ярьж, мөрдөн байцаалтын шатанд саад учруулаагүй байгаа. 1 урьдчилсан тест болон 1 шинжээчийн дүгнэлтээр өвс хэрэглээгүй гэж гардаг. Тест бол эргэлзээтэй. Яагаад гэвэл ихэвчлэн Хятад Улсад үйлдвэрлэсэн тестүүд байдаг. Хугацаа нь дуусчихдаг, буруу заадаг гэж хэлж байна. Тест бол нотлох баримт болохгүй. Шинжээчийн дүгнэлт нотлох баримт болно. А.С нь өвс гэх зүйлийг хэрэглээд авдаг хүн биш байна. Тэр нь хавтаст хэрэгт авагдсан комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа. Энэ зүйлээс хамааралтай, донтсон шинж тэмдэг байхгүй байна гэсэн зүйл ярьж байгаа. Хадгалсан үйлдэл бол байна. Өмгөөлөгчийн зүгээс ингэж дүгнэж байгаа. А.С нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Ээж болон ах дүү нарынхаа хамт амьдардаг. Өөрөө орших суух тодорхой хаягтай байна. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 2 төрлийн ял оногдуулна гэж заасан байна. Эхнийх нь 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсвэл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулна гэж заасан байгаа. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэрээс олдсон өвсний хэмжээ 0,1 гр хүрэхгүй хэмжээтэй байгаа. Өөрөө гэм буруу дээрээ маргадаггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Оршин суудаг хаягтай. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ гаргаж байна ...” гэв.
Шүүгдэгч А.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сын эдлэх ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,1452 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,
Монгол Улсын AF4915273 серийн дугаартай 20-тын тал мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 1 ширхэг компакт диск /СиДи/-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт А Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,1452 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,
Монгол Улсын AF4915273 серийн дугаартай 20-тын тал мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 1 ширхэг компакт диск /СиДи/-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Сод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ