| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 1908062370330 |
| Дугаар | 2021/ДШМ/531 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/531
Г.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн 1908 06237 0330 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ын О, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ачааны тээвэр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, ах нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Хаан банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас орхиж гээгдүүлсэн М.Э-ын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-ын О-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Г.О-ын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Г.О-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 528 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас 1.760.000 төгрөг гаргуулж хохирогч М.Э-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж хуульчилсан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй, тамга дараагүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолд даргалагчийн гарын үсэг, тамга тэмдэг байгаагүй учраас дээд шатны прокуророос Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 заасныг зөрчсөн байна гэж үзсэн учраас эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. Тухайн шийтгэх тогтоол прокурорт ирэхдээ албажиж ирэх ёстой. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байдлаар гарах ёстой. Албан ёсны болоогүй шийтгэх тогтоолыг прокурорт ирүүлж болохгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Хаан банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас орхиж гээгдүүлсэн М.Э-ын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Э-ын: “...АТМ дээр очоод тухайн өдрийн орлого болон 1.760.000 төгрөгийг өөрийн 5025849585 дугаартай данс руу хийхээр очсон. Мөнгөө данс руу хийх үедээ үйлдлээ бүрэн гүйцэд дуусгалгүй карт болон мөнгөө үлдээгээд гарчихсан байсан. ...Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр картаа мартсан байснаа болон орлогын мөнгө дансанд ороогүйг мэдээд Хаан банкны мэдээллийн ажилтантай холбогдож тодруулахад “Та хийсэн гүйлгээний үйлдлээ бүрэн гүйцэд хийгээгүй байна. Хажуу талын АТМ-д үйлчлүүлж байсан хүнтэй хамт явсан хүн таны 1.760.000 төгрөгийг аваад явсан байна.” гэж хэлсэн. ...” /1хх 9/,
гэрч О.Б-ийн: “...О миний араас гарч ирээд “Хүнээс түлшний мөнгө 800.000 төгрөг орж ирлээ.” гээд мөнгө барьчихсан гараад ирсэн. ...” /1хх 13/,
гэрч Г.О-ийн: “...Б надад дансаар авсан 20.000 төгрөгөө өгсөн ба О надад хэлэхдээ түлшний мөнгө ороод ирчихсэн байна гэж хэлсэн. ...” /1хх 35/,
гэрч Г.Э-ын: “...Мөнгөө авахаар О, Б хоёр яваад удалгүй мөнгөө аваад ирсэн. О “Манай найзаас түлшний мөнгө шилжээд ороод ирлээ.” гээд их хэмжээний мөнгөтэй байсан. ...” /1хх 37/,
шүүгдэгч Г.О-ын: “...Хаан банкны АТМ дээр очоод Б АТМ-аас 20.000 төгрөг авахаар зогсож байсан ба би ар талд нь зогсож байсан. Тэгсэн чинь Б-ийн хажуу талын АТМ-ын мөнгө хийдэг хайрцагны таг онгойхоор нь би харсан чинь дотор нь их хэмжээний мөнгө байсан. Тэгэхээр нь би тус мөнгийг аваад, эхлээд тоолж байгаад бүрэн тоолж амжилгүй куртикнийхээ халаасанд хийсэн. Тэгээд би Б-д “Надад түлшний мөнгө ирчихлээ” гэж хэлээд гэртээ ирсэн. ...” /1хх 28/ гэх мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 44/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 114-151/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Г.О-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Дээд шатны прокурор Д.Отгонбаяр эсэргүүцэлдээ прокурорт гардуулсан шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй, тамга дараагүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бол мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” , 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоосон.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтыг л тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, “...даргалагч шүүгчийн гарын үсэггүй, шүүхийн тамга дарагдаагүй шийтгэх тогтоолыг прокурорт хүргүүлсэн” талаар дурдсан боловч энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүхээс прокурорт гардуулсан гэх шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоол /2хх 9-21/-ыг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Харин хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг прокурорт гардуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хийх шаардлагатайг энэхүү магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ