Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201722000188 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Урианхай овогт Эрэмбийнямын Эрдэнэбаатар, 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 04-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, регистрийн РМ88070317 дугаартай

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хатагтай” дэлгүүрийн дээврээр нэвтрэн орж 3 ширхэг зөөврийн компьютер хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хатагтай” дэлгүүрийн дээврээр нэвтрэн орж 3 ширхэг зөөврийн компьютер хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Л.Далхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хатагтай дэлгүүрт хулгай орсон талаар Ариунсанаа гэдэг хүн над руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд “Хатагтай” дэлгүүрт өөрийн лангуун дээр ирэхэд заалны зүүн талд байсан 3 ширхэг зөөврийн компьютер алга болсон байсан. Хулгайч дэлгүүрийн дээврээр орж ирсэн бололтой байсан. Миний сэжиглэж байгаа тэр хүнийг хүмүүс нохой хочит Эрдэнээ гэж дууддаг юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

Гэрч Т.Түмэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын эхээр намайг зах дээр нөхөр хүүхдийн хамт гурил зардаг газрын ойролцоо байдаг хавчигаар явж байсан чинь нохой Эрдэнээ шар өнгийн торонд хар өнгийн жижиг дөрвөлжин компьютер маркийн зүйл хийчихсэн нэг өндөр шар эрэгтэйд зарах гэж байгаа бололтой миний хажуугаар өнгөрсөн. Дараа нь би Далхаа гэдэг “Хатагтай” дэлгүүрийн түрээслэгчид Эрдэнээг шар өнгийн торонд компьютер хийгээд явж байсныг хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хатагтай дэлгүүрээс зөөврийн компьютерүүд алга болсон талаар сонссон. Хулгай гарнаас хойш нэлээд хэд хоногийн дараа хэдний өдөр гэдэгийг нь мэдэхгүй байна. Эрдэнээ шар өнгийн торонд нэг ширхэг хар өнгийн жижиг зөөврийн компьютер барьчихсан зах дээр явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6-р тал/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь хохирогч Л.Далхсүрэнд 800.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбаатараас 800.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Далхсүрэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 75 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

            Эрүүгийн 201722000188 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Урианхай овогт Эрэмбийнямын Эрдэнэбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Эрэмбийнямын Эрдэнэбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатараас 800.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Далхсүрэнд олгосугай.

          5. Эрүүгийн 201722000188 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ