Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01088

 

 

 

 

Ц.Ц, Ц.Л  нарын

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэртэй Ц.Ц, Ц.Л  нарын нэхэмжлэлтэй “АБ  ” ХХК-д холбогдох, 5 696 215 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Д , Ц.Ц  нарыг хамтран зээлдэгчээр оруулан, “АБ” ХХК, Ц.Л-д жилийн 36 хувийн хүүтэй 20 100 000 төгрөгийн зээл олгосон байна. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр АБ  ны ажилтан н.А  надад зээлийн хүү төлөгдөхгүй байгаа талаар мэдэгдсэн. Дээрх гэрээ байгуулахад миний бие оролцоогүй, гэрээний хуудас бүрт гарын үсгийг минь дуурайлган зурсан байсан учир уг гэрээг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шинжилгээний газраас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг шинжлүүлэхэд дээрх барьцааны гэрээний нүүр бүрт Ц.Ц-ын гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн 5938 дугаартай дүгнэлт гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон. Банкнаас авсан 20 100 000 төгрөгийг төлөх зорилгоор зээлийн барьцааны орон сууцнаас төлбөр барагдуулахаар шийдсэн. Алтай хотхонд байрлах 54 000 000 төгрөгийн орон сууцыг “ОТ ” ХХК-д ажилдаг н.Э-д  40 000 000 төгрөгөөр худалдахаар болж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “АБ” ХХК-тай төлбөр тооцоо хийх гээд 20 100 000 төгрөгөө төлье гэж Н.Х тэй уулзахад хүүтэй нь төл гэсэн. Гэрээг хүчингүй болгосон байхад хүү төлж болохгүйг мэдэж байсан боловч орон сууцаа худалдан борлуулахын тулд 25 696 215 төгрөгийн зээлийг төлсөн. Хүүнд илүү төлсөн 5 696 215 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АБ  ” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Л , Ц.Ц , Ц.Д  нартай 2143000231 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, жилийн 33.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 20 100 000 төгрөгийн зээл олгосон. Тухайн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчээр Ц.Л гийн төрсөн эгч Ц.Д , эцэг Ц.Ц  нар оролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.Ц, Ц.Л  нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байрны 210 тоот, 32.9 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч Ц.Ц-ын зүгээс дээрх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан юм. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангахгүйгээр зөвхөн гарын үсэг дуурайлгаж зурсан талаар Ц.Ц-ын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг түдгэлзсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шинжилгээний байгууллагын 5938 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд гарын үсэг дуурайлган зурсан байх магадлалтай гэдэг. Банкны ажилтан гарын үсэг дуурайлгаж зураагүй ямар нэг этгээд гарын үсэг зурсан гэдгийг банкийг буруутгаж шүүх дүгнэлт гаргасанд хариуцагч тал гомдолтой байсан. Мөн хариуцагч “АБ” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэл, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг огт хангаагүй хэт нэг талыг барин шийдсэн юм.

          Дээрх шүүхийн шийдвэрийг “АБ  ”-аас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан бөгөөд Ц.Ц  нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гардаж аваагүй байхад буюу гомдол гаргах хугацаа тоологдоогүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг “...түрээслэн суудаг хүндээ зарахаар боллоо, нэгэнт миний хүү зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгийг дуурайлган зурсан учраас асуудлаа бүгдийг нь дуусгая. Цагдаа сэргийлэх гээд яахав хэмээн нэг залууг дагуулан банкинд хүрэлцэн ирээд зээлийн бодогдсон үнийн дүнг тушаан зээлийг хаан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Ингэснээр анхнаасаа банкийг хууран мэхэлж, зээлийн харилцаа дууссан тул давж заалдах гомдлыг хязгаарласан асуудал хэмээн үзэж байна. АБ ны зүгээс ямар нэгэн тулгалт хийгээгүй, барьцааны байрыг хураан авах талаар дурдаагүй. Харин ч нэхэмжлэгч талтай зөвшилцөн зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуурамчаар үйлдсэн охин, хүү хоёрыг нь мөн зээл олгох үед оролцсон банкны ажилтан нарыг эрүүгийн хариуцлага ногдуулах талаас хамгаалсан гэж үзэж байна.

          Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид “зээлдүүлэгч” гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдэгч нь үүргээ биелүүлж, зээлийн харилцаа нэгэнт дууссан байхад төлөгдсөн хүүг буцаан гаргуулах үндэслэлгүй. Өнөөдөр зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад үндсэн зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэрийн дагуу төлөгдсөн хүү гаргуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд боломжгүй зүйл гэж харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар “АБ  ” ХХК-иас 5 696 215 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н овогтой Ц Ц, Н овогтой Ц Л нарт олгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АБ  ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106 089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л  нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 56 дгаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л  нарт 5 696 215 төгрөгийг олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Гэтэл дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бодит хийгдсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн, зээлдэгч буюу нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээг хэн хуурамчаар үйлдсэн, хэний буруутай үйл ажиллагааны дагуу банкинд авах ёсгой хохирол буюу хүүний асуудал байсныг авч хэлэлцээгүй. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг хэрэглээгүй, дүгнээгүй, зөвхөн хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж банк хохирох ёсгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02532 тоот шийдвэрийг хэзээ гардаж авсан, зээлийн харилцаа хэзээ дуусгавар болсон зэрэгт дүгнэлт өгөөгүй. Зээлийн гэрээний харилцаа төлбөр төлөгдөж дууссан учраас хариуцагч банкнаас гомдол гаргах үндэслэл байхгүй юм. “АБ  ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуурамчаар үйлдэн эрүүгийн эрх зүйн чанартай үйлдэл хийсэн байхад харин ч эдгээр хүмүүстэй харилцан тохиролцож гэрээний харилцааг дуусгавар болгон 5 696 215 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Зээл олгоход нэхэмжлэгч өөрөө хуурамчаар үйл баримт, гарын үсэг зурсан гэх хангалттай нотлох баримт, байсаар байтал зөвхөн нэхэмжлэгчийн байр суурийг хүндэтгэн дүгнэсэн байна гэж “АБ  ” ХХК-ийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л  нар нь хариуцагч “АБ  ” ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт 5 696 215 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“АБ  ” ХХК болон Ц.Л , Ц.Ц , Ц.Д   нарын  хооронд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр  20 100 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, Алтай хотхон Энгельс гудамж, 16 дугаар байрны 210 тоот орон сууцыг барьцаалахаар тохиролцон 2143000231 дугаар зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02532 дугаар шийдвэрээр дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн зээлд 20 100 000 төгрөг, зээлийн хүүд 5 596 300 төгрөг, нийт 25 696 300 төгрөгийг “АБ  ” ХХК-д төлсөн болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан орлогын баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэл  хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн боловч тухайн үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон бол уг хөрөнгийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байсан тохиолдолд үр дагаврыг арилгахдаа өгсөн авснаа буцаах учиртай. Нэхэмжлэгч нар нь 20 100 000 төгрөгийг буцаах үүрэгтэй байхад 25 696 300 төгрөг төлсөн байгаа учраас илүү шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 696 215 төгрөг гаргуулсан нь зөв бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. Хариуцагч “АБ  ” ХХК нь нэхэмжлэгч нараас илүү төлсөн мөнгийг Иргэний хууулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасны дагуу төлөхөөс татгалзаж байгаа хэдий ч түүний татгалзлын үндэслэл, нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Талуудын маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй ч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                  ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Б.НАРМАНДАХ