Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2022/00469

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, Төрийн банк ХХК /РД: 5341469/

Хариуцагч: Дундговь аймаг, Луус сумын 2 дугаар баг, Наран, Орон сууцны 7-2 тоотод оршин суух, Эрдэнэ-Ахай овогт Хишигтөмөрийн Гомбожав /РД: ЗЮ76040863/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.904.426,84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан,

Хариуцагч Х.Гомбожав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь Х.Гомбожавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.904.426 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төрийн банк ХХК-ийн Дундговь дахь салбар нь харилцагч Х.Гомбожавтай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 220000491592 дугаартай кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 15-ны өдрийн дотор ашигласан зээлийн дүнгээс 20 хувь төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэрээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харилцагч Х.Гомбожав нь Төрийн банктай байгуулсан гэрээгээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Харилцагч Х.Гомбожаваас зээлийн төлбөр болох 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 4.988.548,97 төгрөг, зээлийн хүү 1.115.889,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 799.988,34 нийт 6.904.426,84 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х.Гомбожав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн зээлийг 2021 оныг дуустал төлөөд явж байсан. 2020-2021 онд цаг үеийн нөхцөл байдлаас болоод хуваарь гаргаад өгчих хуваарийн дагуу төлнө гэж хэлсэн. Тодорхой шийдэлд хүрэхгүй явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Миний зүгээс 500.000 төгрөгийг сар бүр өгөөд явчихвал надад хөнгөн байдал үүсэж байгаа юм. Нөхөр бид хоёр Төрийн банкнаас малчны зээлтэй, одоо 500 гаруй мянган төгрөг төлөх л үлдсэн. Би Төрийн банкнаас төлбөрийн тал дээр уян хатан хандаач ээ гэж хүсмээр байна. Би үндсэн зээлээ л төлмөөр байна. Шүүхийн шийдвэр гарчихвал тухайн зээлийн хүү нь зогсох учраас шүүхэд өгөхөд нь би зөвшөөрсөн. Би авсан зээлээ төлнө гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2018.12.11-ний өдрийн 220000491592 дугаартай кредит карт эзэмших гэрээний хуулбар-барьцааны зүйлийн жагсаалт, Х.Гомбожавын кредит дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн банк ХХК-ийн Дундговь дахь салбар нь харилцагч Х.Гомбожавтай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 220000491592 дугаартай кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 15-ны өдрийн дотор ашигласан зээлийн дүнгээс 20 хувь төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэрээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харилцагч Х.Гомбожав нь Төрийн банктай байгуулсан гэрээгээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Харилцагч Х.Гомбожаваас зээлийн төлбөр болох 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 4.988.548,97 төгрөг, зээлийн хүү 1.115.889,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 799.988,34 нийт 6.904.426,84 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2018.12.11-ний өдрийн 220000491592 дугаартай кредит карт эзэмших гэрээний хуулбар-барьцааны зүйлийн жагсаалт, Х.Гомбожавын кредит дансны хуулга зэрэг баримтыг үндэслэн Х.Гомбожаваас зээлийн гэрээний үүрэгт 6.904.426,84 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагч Х.Гомбожав ...зээл авсан нь үнэн. Надад хуваарь гаргаад өгөөч, бөөн төлөх боломж байхгүй. Би 500.000 төгрөгөөр сар бүр төлбөл би төлчихнө гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Төрийн банк ХХК, Х.Гомбожав нарын хооронд байгуулсан 2018.12.11-ний өдрийн 220000491592 тоот кредит карт эзэмших гэрээнээс үзэхэд зээлдэгч Х.Гомбожав нь 2018.12.11-ний өдөр 5.000.000 төгрөгийг ашигласан зээлийн дүнгээс 20 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, гүйлгээний болон зээлийн лимит хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр байхаар тооцож, 2 жилийн хугацаатайгаар зээлж, уг гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг хариуцагч Х.Гомбожавын Төрийн банкны 220000491592 тоот кредит дансаар хүлээн авсан байх бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Х.Гомбожав зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч Х.Гомбожав шүүхийн хэлэлцүүлэгт ...би зээл авсан нь үнэн гагцхүү банк миний нөхцөл байдлыг харгалзан хуваарь гаргаад өгвөл би сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбараар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр, нэхэмжилж буй үнийн дүнгийн талаар болон маргааны үйл баримтын талаар маргахгүй учир тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2018.12.11-ний өдрийн 220000491592 тоот зээлийн гэрээний үүрэгт 6.904.426 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125.421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Гомбожаваас зээлийн гэрээний үүрэгт 6.904.426 /зургаан сая есөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.421 /нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гомбожаваас 125.421 /нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ