2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар    2025/ШЦТ/1151

 

 

 

 

   2025        05         06                                   2025/ШЦТ/1151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Э.Баасанжаргал,

шүүгдэгч Н.М /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н.Мд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................... хэрэг хариуцах чадвартай,

З овгийн Н.М /РД:........................./.

 

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 07 цагийн орчимд ................. иргэн Д.Н гэрээс Самсунг Галакси А9 плас загварын гар утас алдагдаж 879.920 /найман зуун далан есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.М нь:

2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 07 цагийн орчимд ....................Самсунг Галакси А9 плас загварын гар утас алдагдаж 879.920 /найман зуун далан есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн хохирол учруулж хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа ойлгож байгаа, хөнгөн ял оноож өгнө үү, цаашид ийм байдал гаргахгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Н “...Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-593 тоотод байх эгч болох Даариймаагийн гэрт 10 настай охин болох А хүргэж өгөөд охины тэдний гэрт хонуулсан. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр над руу эгч залгаад өглөө унтаж байхад танай охины утсыг нэг танихгүй хүн манай гэрээс ороод аваад гараад явсан байна, байсан утас нь алга болчихсон байна гэж надад хэлсэн. Тодруулахад өглөөний 07 цагийн орчимд манай эгчийг байхгүй байхад хүүхдүүд унтаж байхад л хүн ороод утсыг нь аваад гарсан бололтой байсан. Манай хүүхэд юу ч мэдээгүй байсан. Тэгээд би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дараа би Хүчит шонхор худалдааны төвийн хажуу талын гар утасны сэлбэг зардаг түцнээс охиныхоо таблет загварын гар утсыг авсан. Манай охины утас эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Гэрч И.Т “...Одоогоос 18-20 хоногийн өмнө 07 дугаар сарын эхээр байх намайг ажил дээрээ очих гээд явж байхад нэг сахалтай өндөр нуруутай ахтай таарсан юм. Тэр ах надад миний ач охины утас байгаа юм аа ахаасаа энэ утсыг худалдаж авчих гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би тэр утсыг харж байгаад охиндоо авчихвал хэрэгтэй юм байна гэж бодоод 50,000 төгрөгөөр худалдан авахаар болж тохиролцоод авсан.”, “Тэр хүн өндөр нуруутай, ирүүндээ ногтон сахалтай, царай нь бордуу, туранхай биетэй, 50 насны орчим хүн байсан, Би царайг нь сайн харсан, одоо харвал танина. Тухайн хүн өөрийгөө Учрал гэж нэрээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Гэрч И.Т түүнд гар утас зарсан этгээдийг тогтоохоор зургаар таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дугаар зүйлд заасныг удирдлага болгон явуулахад Н.Мыг мөн байна гэж заасан болохыг тэмдэглэсэн, хяналтын камерны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. /хавтаст хэргийн 27-34 дүгээр тал/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЧД2-24-370 дугаартай “...шинжилгээний обьектын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээ 879.920 /найман зуун далан есөн мянга есөн зуун хорь/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,

Хяналтын камерны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 33  дугаар тал/,

Шүүгдэгч Н.Мын “...2024 оны 07 дугаар сарын эхээр буюу одоогоос ойролцоогоор 18-20 хоногийн өмнө би самшил гэх барилгын ажил зуучилдаг байгууллагад ажиллахаар гараад алхаж очоод гадаа нь тэнд байсан хүмүүстэй архи уугаад ажилд явахааргүй болоод гэр лүүгээ алхаад явсан. Тэгээд гэртээ ороод буцаж гараад өглөөний 07 цагийн орчимд байх М гэх зүс таних ахын гэрт очих гээд гудамжаар доошоо уруудаж алхаж байгаад замынхаа зүүн гар талд буюу урагшаа харсан нэг монгол гэрийн хаалгыг татаад дотор нь орсон. Тэр айл түгжээгүй онгорхой байсан. Тэгээд тэр айлын гэрт ороход хоёр охины нэг нь хэвтэж байсан, нөгөөх нь зурагт харж байсан. Тэгээд би М гэх айлын гэр биш үү гэж асуухад тэр хүүхэд та айл андуурсан байна гэж хэлсэн. Дараа нь би тэр айлаас гарахдаа гал тогооны шүүгээн дээр байсан төө хэрээний том хэмжээтэй энгийн утаснаас, том мэдрэгчтэй утас аваад гарсан. Тухайн айлаас авсан утсаа доошоо уруудаж Дэнжийн мянгын Хүчит шонхор захад 50.000 төгрөгөөр нэг эрэгтэйд нэг эрэгтэй залууд зарсан. Дараа нь би тухайн мөнгөөр архи, тамхи, ундаа аваад буцаад харьсан ...би өөрийн хийсэн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/,  

Шүүгдэгч Н.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-55, 57-58, 60-62 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.М нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 07 цагийн орчимд ....................... тоот иргэн Д.Н гэрээс Самсунг Галакси А9 плас загварын гар утас алдагдаж 879.920 /найман зуун далан есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуульд зааснаар хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог бөгөөд шүүгдэгч Н.Мын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал, удаа дараа эрхээ хасуулсан байдал зэргийг харгалзан үзэж байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөр болох 50.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Мыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдлыг тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж,

Шүүгдэгч Н.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, түүний оршин сууж, амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт асар” ТББ-аас гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Н.М нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар .......................... боловч одоо ......................... гэх бөгөөд тэрээр “Өлзийт асар” ТББ-д 2024 оны 12 сарын 13-ны өдрөөс хойш тус байгууллагын нийгэмшүүлэх үйлчилгээ буюу донтолтын болон дотоод эдгэрлийн хичээлд сургалтад идэвхтэй хамрагдаж тус байгууллагад амьдарч байгаа талаар “Өлзийт асар” ТББ-аас ирүүлсэн тодорхойлолтод дурджээ.

Иймд шүүгдэгч Н.Мыг түүний оршин сууж, амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт асар” ТББ-аас гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчийн Самсунг Галакси А9 плас загварын гар утсыг хохирогчид буцаан өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин иргэний нэхэмжлэгч И.Т нэхэмжилсэн 50.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд хавсаргагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 879.920 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

 

4. Шүүгдэгч Н.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, түүний оршин сууж, амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт асар” ТББ-аас гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Маас хохирлын 50.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч И.Т-О олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд хавсаргагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хэвээр үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ