2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1189

 

 

 

 

   2025        05          07                                 2025/ШЦТ/1189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, 

улсын яллагч Ш.Цэрэнханд,

  шүүгдэгч Э.М /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э Мд холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Э М, регистрийн дугаар ...............,

Монгол Улсын иргэн, ............. хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 906 байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Эын ............. загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын цонхны шилийг цохиж ашиглах боломжгүй болгон гэмтээж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Хохирогч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө хурдан төлөөд барагдуулчих юм бол өөр гомдол санал байхгүй. Залуу хүүхэд болохоор энэ үйл явдал сургамж болох байх. Мөн нэг байранд амьдардаг учир нэгнийхээ мууг үзээд яахав. Хохирлоо л барагдуулчихвал гомдолгүй гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Эын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Тоёота прадо /Toyota Prado/ 120 машинаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 906 байрны гадаа зогсоол дээр өөрийн машинаа байрлуулаад орхисон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш машины толь эвдэрсэн талаар мэдээд хяналтын камер шүүхэд 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 01 цагийн орчимд манай байранд оршин суудаг М гэх залуу миний машины цонхон дээр тавьсан байсан бүтээлгийг хуулж зүүн талын толийг хуга цохисон байсан. Тэгээд тухайн М гэх залуутай уулзаж ярилцахад миний хохирлыг удахгүй төлж өгнө өө гэсэн боловч одоог хүртэл хохирол төлж өгөхгүй хууран мэхэлж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СБ-25-01 дугаартай “...Тоёота прадо 120 /Toyota Prado/ загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын цонхны шил 400,000 төгрөгөөр үнэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.М гэрчээр өгсөн “...би тэр өдрийг яг сайн санахгүй байна. Тэр өдөр би найзынхаа төрсөн өдөрт очиж баярт оролцсон ба архи согтууруулах ундааны тодорхой хэмжээнд хэрэглэсэн. Манайх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 906 дугаар байрны 18 тоотод байдаг ба гэрийнхээ гадаа найзтайгаа ирсэн. Тэгээд найзтайгаа бага зэрэг маргасан. Тэгээд маргалдсан уурандаа би зогсоолд байсан машины толь хугалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 9-54 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 906 байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Эын эзэмшлийн 5379 УБЯ улсын дугаартай Тоёота прадо /Toyota Prado/ 120 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын цонхны шилийг цохиж ашиглах боломжгүй болгон гэмтээж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СБ-25-01 дугаартай “...Тоёота прадо 120 /Toyota Prado/ загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын цонхны шил 400,000 төгрөгөөр үнэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж,  битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Э.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгөд 400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СБ2-25-01 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар хүсэлт гаргасан.

Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөгийг төлсөн байх тул,

Шүүгдэгч Э.М бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг /хх 15/-т хэвээр үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Э Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргагдан ирсэн  1 ширхэг СиДи /хх 15/-г хэрэгт  хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ