Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00195

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долгорсүрэнгийн Батсайханд холбогдох эрүүгийн 1738000000003 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ач хариад Долгорсүрэнгийн Батсайхан, 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 07-23 тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РУ68021311 дугаартай.

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Эрдэнэдалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Эрдэнэдалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Н.Эрдэнэдалайн “... нөхөр хүүхэд бид гурав хашааны хаалгаар гадагшаа гараад алхаад явж байтал араас Батсайхан ах гарч ирээд хөөе байж бай, наад хүүхэнтэй чинь тооцоотой гээд хүрч ирснээ миний баруун мөрнөөс татаж эргүүлээд нүүрний зүүн хэсэг рүү гараараа цохьсон. Дараа нь хөлөөрөө миний баруун, зүүн хөлийн булчин руу нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

 Гэрч М.Хүрэлчулууны “ ...16 цагийн үед Мөнх-Очирын эхнэр Эрдэнэдалай гэдэг эмэгтэй ганцаараа ирсэн. Эрдэнэдалай хашаанд орж ирээд нөхөртэйгээ хэрэлдээд байгаад тоож сонсоогүй, ойлгоо ч үгүй. Эрдэнэдалай орилж хашгираад хэрүүл уруул хийгээд байтал Батсайхан ах босч ирээд чи яахаараа эр нөхрийнхөө нүүр амыг маажиж сараачиж байдаг юм бэ гэснээ нэг гарынх нь булчин дээрээс бариад хашааны хаалгаар түлхээд гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч Д.Цогтбаярын “... би гэрээсээ гартал Батсайхан нь Эрдэнэдалайн хоёр гарын мөрний орчмоос бариад хашаанаас түлхээд гаргаж байгаа харагдахаар нь би очоод Батсайханыг салгаад болиултал Эрдэнэдалай манай гэрлүү гүйгээд орсон. Эрдэнэдалай манайд орсны дараа Батсайхан орох гэхээр нь би Батсайханыг одоо боль, цаашаа яв гэсэн чинь Батсайхан цаашаа яваад Мөнхсайханы гэрийн хаяа руу очоод суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 411 дугаартай

  1. Нямпилийн Эрдэнэдалайн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Нямпилийн Эрдэнэдалайн биед баруун, зүүн шилбэ, баруун бугалга, шуунд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Батсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Д.Батсайханд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Батсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Н.Эрдэнэдалай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Хариад Долгорсүрэнгийн Батсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Д.Батсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 1738000000003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН