Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/567

 

З.Н, М.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Батцэрэн,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Батцэрэн, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч З.Н, М.Т нарт холбогдох эрүүгийн 2002 00198 0165 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн М-ын Т, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, /РД: ... /,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон;

Б овгийн З-ын Н, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн ... сургуулийн 4 дүгээр түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

М.Т, З.Н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан З.Н-ын эзэмшлийн хх-хх УНВ “Королла Аксио” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтсан цагаан өнгийн гялгар ууттай 7.1002 грамм өвс, 0.4873 грамм бор өнгийн шавар, 0.1239 грамм бор өнгийн шавар гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: З.Н, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овогт М-ын Т, Б овогт З-ын Н нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Н-ыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай өвс, 7.1002 грамм өвс, 0.4873 грамм бор өнгийн шавар, 0.1239 грамм бор өнгийн шавар, Yogage усны цоолсон сав, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, бусад эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн сониуч, саваагүй зандаа хөтлөгдөж хар тамхи, мансууруулах бодис гэж юу байдаг, хэрэглэсэн хүмүүс яагаад донтдог, хэрхэн, яаж нөлөөлдөг болохыг сонирхоод ганц л удаа хэрэглэж үзье гэж бодсон.  Харин уг бодисыг хаанаас, хэрхэн олж авах, яаж хэрэглэдэг талаар би мэдэхгүй байсан учир М.Т-ыг өмнө нь мансууруулах бодис хэрэглэж, ял шийтгүүлж байсан талаар сонсож байсан тул түүнээс мансууруулах бодис олж өгөөч гэж олон удаа гуйж байснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэрэг учрал болсон өдөр Т надаас “Машинаар чинь 21 дүгээр хороолол ороод хүнээс хөөрөгний даалин аваад ирье” гэж гуйхад нь зөвшөөрч түүнтэй хамт 21 дүгээр хороолол руу явсан боловч түүнийг мансууруулах бодис авах зорилгоор явж байсныг би огт мэдээгүй байсан. 21 дүгээр хороололд очоод Т ганцаараа машинаас бууж явахад би Н-ийн хамт машинд үлдсэн бөгөөд урьд шөнө нь даалгавраа хийгээд нойр муутай хоносон учир унтаж байсан. Гэтэл Т буцаж ирэхдээ цагаан гялгар ууттай зүйл авч ирж “Нөгөө өвс” гэж хэлсэн учир миний сониуч зан хөдөлж, уг өвсийг хэрэглэж үзэхээр тохиролцож, бид гурав Хан-Уул дүүрэгт нэг харанхуй газар очиж, Т-ын зааварчилгааны дагуу түүний авч ирсэн цагаан ууттай өвсийг дөнгөж хэрэглэж үзэж байтал гэнэт цагдаа нар гарч ирж биднийг баривчилсан. Би Монгол Улсын Их сургуулийн ... сургуулийн 4 дүгээр түвшний оюутан. Цаашид сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үеийн найз нөхдийн хамт сургуулиа амжилттай төгсөж, чин шударгаар хөдөлмөрлөж, улс эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Түүнчлэн үйлдсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж, өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй аав, ээж, гэр бүл, ах дүүс, найз нөхдийнхөө итгэлийг алдаж, зовоосондоо харамсаж байна. Би өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд өөрийн сониуч зангаасаа болж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэхүү алдаагаа ойлгож, ухаарч, гэмшиж байгааг минь хүлээн авч, дахин алдахгүй, аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, өөрийн гэр бүл, найз нөхдийн дунд засарч хүмүүжих боломж олгож, оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан шаардлагыг тус тус зөрчсөн. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж, тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй атал анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасантай нийцэхгүй, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг няцаасан үндэслэл тодорхойгүй байна. Анхан шатны шүүх З.Н-ын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хойшлуулшгүй ажиллагаагаар 2020 оны 3 дугаар сарын 23-ны орой Королла Аксио загварын хх-хх УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлсэн. Уг бичлэгт машинд хар тамхи, мансууруулах бодис байгаа эсэх, мөн хэнийх болоход асуухад Н, Т, Н нар нь бодис байгаа, уг бодис Т-ынх болохыг хэлсэн ба Т ч уг бодис өөрийнх нь болохыг хэлж байгаа нь бичигдсэн байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн. Уг тээврийн хэрэгслээс олдсон гэх бусад өвс, шавар мэт зүйлүүд нь өмнө нь З.Н-ын машинд огт байгаагүй болох нь М.Т-ын мэдүүлгээр тогтоогддог. Уг бодис хэзээ, хаана, хэнээс гарч ирсэн бодис юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн уг бодисоо 21 дүгээр хороололд хэрэглэх боломжтой байтал Хан-Уул дүүрэгт очиж хэрэглээд байгаа нь ямар учиртай юм гэдэг нь эргэлзээтэй. Тухайн цаг хугацаанд З.Н унтаад явж байсан. М.Т машиныг барьж байсан гэдэг. Хэрвээ З.Н машинаа бариад явж байсан бол маргахгүй. Гэтэл унтаж яваад энэ бодис хэзээ бий болсон гэдгийг мэдээгүй байдаг. М.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 удаа мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар 4 өөр, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг боловч ганц зөрүүгүй “...Н надаас өвс олоод өг гэж удаа дараа гуйдаг байсан. ...” гэж мэдүүлсэн. Хэрэв З.Н-ын тээврийн хэрэгслээс олдсон бодисууд өөрт нь байсан бол  М.Т-оос удаа дараа өвс олоод өгөөч гэж гуйх шаардлага байхгүй байсан тодорхой үйл баримтыг шүүх анхаарч үзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Т, Н, Н гурвын зөрүүгүй мэдүүлгээр зөвхөн Т-ын авч ирсэн цагаан ууттай /№1/ өвсийг бонго буюу усны хуванцар сав, 10-тын дэвсгэр ашиглаж хэрэглэсэн болох нь тогтоогддог. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр цагаан ууттай /№1/ өвс мэт зүйлээс мансууруулах бодис илрээгүй гэх атлаа түүнийг хэрэглэсэн хуванцар сав болон 10-тын дэвсгэртээс мансууруулах бодис илэрсэн нь эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй А уг өвсийг гэрийнхээ гаднаас түүж өгсөн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгаж, А-ын гэрийн гадна ижил төрлийн өвс, шарилж байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Нөгөө талаар А гэрийнхээ гаднаас хатсан шарилж түүж, цагаан уутанд хийж өгсөн гэж мэдүүлдэг боловч тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн бичлэгээс харахад уг цагаан ууттай зүйл нь хатсан шарилж биш харин нунтаг бор өнгийн зүйл болох нь тодорхой харагддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт бодит байдлаас зөрүүтэй илт үндэслэл муутай атал анхан шатны шүүхээс шинжээч нь хэрэгт хувийн сонирхолгүй дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий субъект гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, хэргийг бүрэн шалгаж, нотолбол зохих ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “... манай найз Э шоронгийнхоо утсаар над руу залгаад чам руу нэг хүн ярина... миний мөнгийг авчих гэж ярьсан” гэх мэдүүлгээс харахад А, Т нарыг Э гэгч этгээд холбож уулзуулсан болох нь тогтоогддог. Т А-той уулзаад "... өвс байна уу? өвс олж өгөөч” гэх мэтээр А-оос удаа дараа мансууруулах бодис нэхэж байснаас дүгнэхэд А мансууруулах бодис худалдаалдаг байж болзошгүй бөгөөд энэ хэрэгт Э-ийг холбоотой гэж үзэх үндэслэлтэй атал Э-ээс мэдүүлэг тайлбар авах, шалгах ажиллагааг огт хийгдээгүй байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөгч хүлээн авч мөн хуулийн 3-т зааснаар санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авах үүрэгтэй атал гомдол, мэдээлэл гаргасан этгээдээс огт мэдүүлэг аваагүй, хэрэгт хавсаргаагүй байна. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд дурдсанаас харахад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Эрүүгийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Болдхуяг Хан-Уул дүүргийн 4-хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хотхоны гадна “Тоёота Аксио” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан бодисын агууламжтай байж болзошгүй, өвс, шавар гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг 2020.03.23-ны өдрийн 21:00 минутад мөрдөгч Б.Нямжигжид хүлээн авсан баримт  хавтас хэргийн 5-р хуудсанд авагдсан. Түүнчлэн Т, А нарын уулзсан цаг хугацаа, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн цаг хугацаа давхацсан байдлаас дүгнэхэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх боломжтой байна. Хэрэв гүйцэтгэх ажиллагааны журмаар хэргийг илрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4-т зааснаар нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийн талаарх магадлагааг хавтаст хэрэгт хавсаргах ёстой бөгөөд магадлагаа нь мөн хуулийн 26.8 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл хэргийн талаарх мэдээллийг хэрхэн яаж олж авсан, мэдээллийн дагуу ямар журмаар ажиллагаа хийсэн тодорхойгүй, энэ талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байна. Иймд Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч С.Батцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар тус тус зохицуулжээ. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтын хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн, Монгол Улсын Их сургуулийн ... сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, цаашид сурч хүмүүжих бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг тухайн этгээдэд хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байсныг харгалзан үзэж, З.Н-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. З.Н давж заалдах гомдолдоо “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гээд тодорхой бичсэн байгаа. ...” гэв.

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 21 дүгээр хороололд очоод А-оос өвс авснаа зөвшөөрч байна. Би эхнэртэй ба эхнэр жирэмсэн болсон тул амьдралын төлөө явж байна. А-оос авсан өвс гэх зүйл нь өвс биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Вояаж цэвэр усны сав гэх зүйл нь ТҮЦ-ээс аваад мансууруулах бодис хэрэглэх зүйл болгож Н, Н хоёр бэлдэж хийсэн. Тус усны савнаас мансууруулах бодис илэрсэн гэсэн. Би 21 дүгээр хорооллоос авч өгсөн өвс гэх зүйлээс бусад зүйлийг мэдэхгүй. Машинаас гарч ирсэн бусад зүйлийг мэдэхгүй. Миний биеэс ямар нэгэн мансууруулах бодис гарч ирээгүй. Надаас өвс гэх зүйл хэрэглэсэн талаар шинжилгээ авахад илрээгүй. Харин Н-аас авсан шинжилгээнээс илэрсэн. Өвс гэх зүйл машиндаа хэрэглэж байх явцдаа баригдсан ч цэвэр усны шинэ савнаас мансууруулах бодис илэрсэн. Би А-оос өвс гэх зүйл авч өгсөн үйлдэлдээ гэмшиж байна. Машинд байсан гэх мансууруулах бодис надад хамаагүй. Шинэ савнаас мансууруулах бодис илрээд байгаа нь эргэлзээтэй байна. Миний А-оос авсан зүйл нь хар тамхи биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад бүх зүйлийг над руу тохож байна. Хэнийх гэдгийг нотлоогүй анхан шатны шүүх надад ял өгсөнд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний сүүлийн мэдүүлэг үнэн зөв. Эхний мэдүүлэг мөрдөгчийн үгээр мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Н, Н хоёрын үгсэн тохиролцож байгаа сиди бичлэг хэрэгт хавсаргагдсан байгаа. Уг сидийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Т-ын холбогдсон гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслээгүй, хэрэгт хураагдсан гэх эд мөрийн баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, хэрэгт асуугдсан гэрчээс авсан “өвс” гэх нэршилтэй ургамал нь шинжилгээгээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжгүй гарсан байхад түүнийг өөр шүүгдэгчийн өмчлөлийн автомашинаас илрүүлж хураасан өвс, шавар гэх бодисыг бүлэглэн хадгалсан гэж буруутгасан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд гарган өгсөн баримт болох дууны бичлэгийг тодорхойгүй гэж үзэхээргүй байхад буруу дүгнэсэн. Шүүгдэгч нарын харилцан зөрүүтэй мэдүүлгийг харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж чадаагүй гэж үзэж байна. Иймд М.Т-т холбогдох хэргийн үйл баримт мөрдөн байцаалтаар бүрэн тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд, тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, тусгай мэдлэгийн хүрээнд явуулсан шинжилгээг дахин явуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөс ирүүлсэн мэдээллийн дагуу хэргийг илрүүлсэн. Цаанаас хэн мэдээлсэн нь нууц байгаа. Н-ийн хувьд сүүлийн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ зарим талаараа адилхан байдаг. ...Гэрч А “Т ирээд явсан. Өвс гэх зүйл нэхээд байсан. Тэгэхээр нь газраас өвс аваад өгсөн” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгийг үндэслэж шалгаснаар хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэлтэй дүгнэсэн. Гэмт хэргийн үйлдэл оролцоог зөв дүгнэж, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар зөв тогтоож дүгнэсэн. Шүүгдэгч З.Н, М.Т нар бүлэглэж 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан З.Н-ын эзэмшлийн хх-хх УНВ улсын дугаартай “Королла Аксио” загварын тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан. Тухайн цаг хугацаанд З.Н, М.Т, Н гурваас өөр хүн байгаагүй. “Та гурваас өөр хүн машин дотор байсан уу” гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед асуухад шүүгдэгч нар “өөр хүн байгаагүй” гэж хариулсан байдаг. Шүүгдэгч нарын машинаас илэрсэн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх хэрэглүүрийг М.Т нь хийсэн байдаг. Ингээд З.Н, Н хоёр нэг нэг удаа сорсон гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “хэрэглүүр гэх хуванцар сав дээрээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн” гэх дүгнэлтээр давхар нотлогддог. Шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн байна. Тээврийн хэрэгсэлдээ хадгалсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т, З.Н нарын зүгээс харилцан эсрэг ашиг сонирхолтой мэдүүлэг өгсөн. Бие биеийнхээ мэдүүлгийг үгүйсгэж байсан. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих байдлуудыг бүрэн дүүрэн тодруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

М.Т, З.Н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан З.Н-ын эзэмшлийн хх-хх УНВ “Королла Аксио” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтсан цагаан өнгийн гялгар ууттай 7.1002 грамм өвс, 0.4873 грамм бор өнгийн шавар, 0.1239 грамм бор өнгийн шавар гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч С.А-ын: “...Т гэх залуу дахиад залгахаар нь “Өвс байна, ирээд ав” гэж хэлээд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. ...Би гэрийнхээ гаднаас түүсэн шарилжаа цагаан өнгийн гялгар уутанд хийгээд Т гэх залууд өгөөд явуулсан. ...Шөнө Т дахиж залгаад “Нөгөөх чинь өвс биш байна шүү дээ, дахиад өвс өгч чадах уу” гэж хэлэхээр нь би утсаа салгасан. ...” /1хх 31/,

гэрч Э.Н-ийн: “...Н усны савтай, хажуудаа цоорхойтой, цоорхойдоо хуйлсан мөнгөн дэвсгэрт шургуулж хийсэн “бонго” гэх зүйл гаргаж ирсэн. Тэгээд Т-ын гаргаж ирсэн цагаан өнгийн гялгар ууттай өвсийг бонго ашиглаж татаж хэрэглэсэн. ...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Т, Н хоёр намайг гэрээс ирж авсан. Тэрнээс хойш цагдаад баригдтал бид гурваас өөр хэн ч байгаагүй. ...” /1хх 28-29/,

шүүгдэгч М.Т-ын: “...Н надаас мансууруулах өвс олоод өгөөч гэж байнга, тогтмол гуйдаг байсан болохоор А гэх хүнээс бас “Мансууруулах бодис байна уу” гэж олон удаа асуусан юм. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Н надад “Нөгөө хүн рүүгээ залгаач” гээд байхаар нь би эхлээд А гэх хүн рүү залгаад “Ахаа жаахан мансууруулах өвс байна уу” гэж асуусан чинь “Жаахан юм байна. Ирээд авахгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад Н-т А-ын хэлснийг хэлсэн чинь Н “Явъя, чи машин барьчих.” гэж хэлсэн. ...А надад цагаан өнгийн гялгар ууттай, ургамал мэт зүйл өгсөн. Би тэрийг нь аваад Н, Н нарын хамт 3 дугаар цахилгаан станцын орчим очиж машин дотор хэрэглэсэн. ...” /1хх 170-171/,

шүүгдэгч З.Н-ын: “...Т куртикны халааснаасаа гялгар ууттай зүйл гаргаж ирсэн. Мөн нөгөө талын халааснаас хуйлж, гуурс хэлбэртэй болгосон 10 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас гаргаж ирсэн. Бас жижиг савтай ус гаргаж ирсэн. Т тэр усны савыг хажуу талаас нь тамхины цогоор цоолсон. Тэр цоорхой руу нь хуйлсан мөнгөн дэвсгэрт шургуулаад, тугалган цаасаа хэлбэрт оруулаад хуйлсан мөнгөн дэвсгэрттэйгээ холбосон. Тэгээд халааснаасаа жижигхэн хэмжээтэй, цагаан өнгийн гялгар ууттай ургамал шиг зүйл гаргаж ирээд тугалган цаасанд хийсэн. Тэгээд намайг “Чи энэнээс татаад үз, гоё болно, сэргэнэ. Чи ядарсан байгаа юм чинь.” гэж хэлээд тэр зүйлээ надад өгсөн. ...Т  надад “Усны савны амсар хэсгээс утаа гарна. Тэр утааг нь сороорой.” гэж хэлсэн. Би Т-ын яг хэлснээр нь усны савны амсраас гарч байсан утааг нь сорсон. ...Тухайн үед Т гэнэт мансууруулах өвс гэх зүйлийг гаргаж ирээд, Н бид хоёрыг “Хэрэглээд үз, тайвширдаг, эрч хүч ордог юм.” гэж хэлээд хэрэглүүлсэн. ...” /1хх 72, 167/ гэсэн мэдүүлгүүд,

З.Н-ын эзэмшлийн хх-хх УНВ тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлсийг №1 өвс, №2 өвс, №3 шавар, №4 шавар гэж хаяглан зиплок түгжээ бүхий уутанд №2 гэж дугаарлан авсан цагаан өнгийн гялгар ууттай 7,1002 грамм “өвс” мэт зүйл, №3 гэсэн дугаартай 0,4873 грамм бор өнгийн “шавар” мэт зүйл, №4 гэсэн дугаартай 0,1239 грамм бор өнгийн “шавар” мэт зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, хажуу хэсэгт цоолсон, нүхэнд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэгт дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1925 дугаартай дүгнэлт /1хх 36-43/,

шүүгдэгч З.Н, М.Т нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 14-15, 18-19/,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 20/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд, тэдгээрийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Т, З.Н нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд гэмт хэргийг зүйлчлэхэд тус гэмт хэргийн материаллаг шинжийн илрэлээс гадна гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдал, оюун санааны ухамсарлаж гүйцэтгэсэн үйлдэл, тухайн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, түүний үр дагаврыг анхаарч үзэх учиртай.

Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ыг урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Н-т 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Аливаа этгээдүүдийн хамтарч хийсэн үйлдэл, эс үйлдэл, хамтран оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүнд ямар хор уршиг учирсан, учирч болох байсныг нарийвчлан, тодруулах шаардлагатай бөгөөд ингэснээр гэмт хэрэг үйлдэхэд аливаа хэлбэрээр оролцсон этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ хязгаарын тухай асуудалд дүгнэлт өгөх үндэс болдог.

Үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид        бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсэж бий болгосон байхыг ойлгодог.

Шүүгдэгч М.Т нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1925 дугаартай дүгнэлтээр “Н УШхххххххх 2020.3.23”, “М.Т УЗхххххххх 2020.03.23” гэх хаягтай шээс тус бүрд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, машинд байсан сэтгэцэд нөлөөт бодис надад хамааралгүй гэж, шүүгдэгч З.Н нь үзлэгээр олдсон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрт ямар нэгэн байдлаар хамааралгүй, машинд унтаж байсан учир мэдээгүй гэж харилцан эсрэг байр сууринаас мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргасан байх боловч хэрэгт авагдсан шүүгдэгч З.Н нь мансууруулах бодис олж өгөх талаар М.Т-оос асуусан, улмаар хамтдаа З.Н-ын эзэмшлийн хх-хх УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас авах зорилгоор явсан талаар мэдүүлсэн З.Н, М.Т нарын мэдүүлгүүд, уг З.Н-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг тогтоосон тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.Н, М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, шүүгдэгч З.Н-ын гаргасан “...хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч М.Т-ын гаргасан “...бүх зүйлийг надад тохож байна. ...” гэсэн,  шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Батцэрэн, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ