2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1293

 

 

 

 

 

   2025        05          16                                 2025/ШЦТ/1293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Н.Түвшинбаяр /цахимаар/,

  шүүгдэгч З.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт З Сд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Ц овогтой З С /РД:........................./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.С нь согтуугаар “...2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 6 тоотод оршин суух А.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үедээ Хайер маркийн зурагт, цонх зэрэг эд зүйлийг хагалж 819,940 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн. Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг шидэж хохирогч Ц.Дид 158,399 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн...” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Э “...“...Би түрээслүүлснээс хойш гэр рүүгээ орж байгаагүй тул хэн хэнтэй ямар байдалтай амьдарч байсныг мэдэхгүй байна. Тэгээд манай байранд манай хамаатны дүү амьдрах гэж байсан тул А.Гд үнэнээ хэлээд би чамаас сүүлийн сарын түрээс авахгүй ээ байр суллаж өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд яг гарах үедээ надад манай байрны зурагт, цонх хоёрыг чинь эвдээд буцаагаад шинээр сольсон тухай хэлсэн. Тэгээд байраа очиж шалгахад эвдэрсэн гэх эд зүйлсийг шинээр сольж тавьсан байсан. Яг ямар байдлаар хэн эвдснийг мэдэхгүй ээ, ямар ч байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад муудалцсан тухай л хэлсэн. Би А.Г гэх хүнийг зүс таних болохоос сайн мэдэхгүй тул нарийн ширийн зүйлсийг асуугаагүй, надад хэлээ ч үгүй ээ. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Хохирогч Ц.Дийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өглөөний 04 цаг 40 минутад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 19 дүгээр байрны 6 тоот хаягт 80710058 дугаарын утсаар “Би найз охиноо алгадчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу дэд ахлагч Н.Э-А хамт тухайн хаягт очиход том өрөөнд байсан зурагт хагарсан, гал тогооны өрөөний доод талын хоёр давхар цонх хагарсан байдалтай байсан ба дуудлага өгсөн иргэн Г найз охин нь гэх С гэх эмэгтэйтэй хоёулаа нэлээн согтолттой байж байсан. Өөрсдийнх нь хэлснээр С нь Ггийн эгчтэй хэрэлдэж маргалдаад байхаар нь Г болиулах гэж байгаад Сг нэг удаа алгадчихсан чинь С нь уурандаа дээрх эд зүйлсийг эвдсэн гэж ярьж байсан. Тухайн үед Ггийн ах, эгч гэх хоёр хүн байж байгаад хэрүүл болохоор нь түрүүлээд явсан юм билээ. Тэгээд Энх-Амар бид 2 С, Г хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч яваад тайлбар мэдүүлэг авах зорилгоор авч явах гэсэн боловч С нь өөрийн утсыг олно байж бай гээд орилоод байсан тул хоёр гараас нь бариад авч гарах гэхэд хажуу айлын хүн нь гарч ирээд амраахгүй байна, шөнөжин хэрүүл зодооныг нь сонслоо гэх утгатай гомдол мэдүүлсэн юм. Тэгээд Сд шаардлага тавиад гаргах гэхэд миний үүрэг гүйцэтгэхдээ ашигладаг хувийн энгэрийн камерыг татаж унагаагаад хагалчихсан юм. Тэгээд цааш гаргах гэхэд эсэргүүцээд байсан тул гарыг нь ард талд нь мушгиж өөрсдийн аюулгүй байдлыг хангаж цагдаагийн албаны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж хэлтэс рүү авч явах боломжгүй нэлээн согтолттой байсан ба машинд авч явахаар Г гэх хүн дайраад байсан тул шууд эрүүлжүүлэх, саатуулах байр руу хүргэж өгч Сг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Харин Гг эрүүлжүүлэх гэсэн боловч эрүүлжүүлэх саатуулах эрэгтэй байр дүүрсэн байсан тул Гг хэлтэс дээр авчирч мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Б хүлээлгэж өгсөн байдаг. Миний хувьд шаардлага эсэргүүцсэн дээр ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. С нь өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан тул энэ асуудлыг шалгуулахгүй харин энгэрийн камерыг минь эвдсэн гэх асуудал дээр л гомдолтой хохирлоо нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “978,339” төгрөгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-26 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Шүүгдэгч З.Сгийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн үед манай найз залуу Г бид 2 байх үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 9 байрны 1 дүгээр орц 2 давхар 6 тоот хаягт Ггийн ах Н, эгч нь гэх Намуунаа гэх эмэгтэй ирсэн юм. Ирээд бид 4 үүлээ 1 литрийн хэмжээтэй том савтай пиво 2 ширхэг, лаазтай пиво хүний 2 ширхэгийг ууцгаасан юм. Тухайн үед Г бид 2 хосуудын үл ойлголцсон асуудлаас болж хэрэлдээд гарт ойрхон байсан зурагтны удирдлагыг Г руу шидэхэд гар орчимд нь оноод ойгоод Намуунаа эгчийнх нь хацар руу оносон юм. Тэгсэн Намуунаа нь намайг хэл амаар доромжлоод хараагаад байхаар нь би уучлалт гуйгаад таныг албаар оноогүй ээ гээд уг нь их тайлбарлаж байгаад ойлгохгүй над руу дайраад байхаар нь миний тэсгэл алдаад аяга аваад зурагт руу шидчихсэн чинь зурагтны булан нь эвдрээд шатчихсан юм. Тэгээд Намуунаа, Г 2 нь түрүүлээд явчихсан байсан ба Г бид 2 хоёулаа үлдээд дахиад хэрүүл болоод байсан тул Г цагдаад дуудлага өгчихсөн юм. Тэгээд 2 цагдаагийн алба хаагч ирээд намайг явъя гээд байхаар нь би согтуудаа гарахгүй гэж ноцолдож байгаад санамсаргүйгээр энгэрийн камерыг нь унагаачихсан юм. Би өөрийн хохирлыг бүрэн барагдуулах болно. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 18 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 46 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч З.С нь согтуугаар “...2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 6 тоотод оршин суух А.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үедээ Хайер маркийн зурагт, цонх зэрэг эд зүйлийг хагалж 819,940 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн. Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг шидэж хохирогч Ц.Дид 158,399 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Э мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, хохирогч Ц.Дийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “978,339” төгрөгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-26 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч З.Сд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч З.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч нарын эд хөрөнгөд нийт 978.339 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь “Дамно үнэлгээ”  ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ЧД1-25-146 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Доос “... би өөрийн хохирлыг барагдуулан авсан, надад одоо гомдол санал байхгүй ...”,

Хохирогч А.Г, А.Энхжин нар нь “... хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлгүүд болон мөрдөгчийн тэмдэглэлээр шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлыг барагдуулсан байх тул,

шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогтой З Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ