2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1388

 

 

 

 

 

 2025          05         23                                    2025/ШЦТ/1388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, 

улсын яллагч Б.Өнөбат,

шүүгдэгч Д.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Чт холбогдох эрүүгийн ..................дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ..............хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Д.Ч /РД:............................../,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ........................... бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.У хардалтын улмаас маргаан үүсгэж улмаар хөл рүү нь өшиглөх, түлхэх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч Б.У “...Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орой 23 цагийн үед би өөрийн ажил дээрээ байсан тухайн үед би өөрийн нөхөр болох Д.Ч руу залгасан чинь утсаа дуудуулаад авахгүй байсан тэгээд гайхаад байсан удалгүй Д.Ч архи уучихсан согтуу ажил дээр орж ирээд шууд юм хэлэхгүй миний нүүр лүү алгадаад миний хоёр хөл рүү өшиглөөд банзалдаж яасан ханадаггүй гөлөг бэ гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд зугтаагаад СиЮу-гээс нэг залуу гарч ирээд эгчээ та зүгээр рүү гэсэн чинь би зугтаасан тэгээд буцаж ажил дээрээ ирээд хоносон тэндээ тэгсэн миний цохиулсан хөл янгинаад гишгэж болохгүй болоод ажил дээрээ хоносон. Манай ажлын яг зааланд халдсан миний нүүр лүү 4-5 удаа алгадсан. Тэгээд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд унахдаа дараад миний баруун гарын чигчий хуруугаараа эвгүй дарж унасан. Миний зүүн хөл гишгэж чадахгүй байна. Тэгээд миний баруун гарын чигчий хуруу хугарсан байна эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

 

Хохирогч Б.У дахин өгсөн “...Миний бие 2024 онд 12 сарын 14-ний өдөр оройн 23 цагийн үед би өөрийн ажил дээрээ байсан тухайн үед би өөрийн нөхөр болох Ч руу залгасан чинь гар утсаа авахгүй байсан тэгээд гайхаад байж байтал удалгүй Ч архи уучихсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажил дээр ирээд шууд миний 2 хацар луу 2 удаа алгадаад, баруун зүүн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөөд банзалдаж яасан ханадаггүй гөлөг вэ гэж хэлэхэд нь би зогсож чадахгүй байсан шууд газарт унаад өгсөн. Тэгээд унах үедээ баруун гарын чигчий хуруугаа эвгүй болгосон. Тэгээд би гараад зугтаад Си юу сүлжээ дэлгүүрийн үүдэнд гарч ирэхэд үл таних эрэгтэй гарч ирээд эгчээ зүгээр үү гэхэд зүгээрээ гэхэд Ч яваад би ажил руугаа орсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.  Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний гар утас дээр хүнээс мессеж ирснээс болж миний баруун зүүн шилбэ рүү 1, 1 удаа хөл рүү өшиглөхөд би газарт унаад баруун гарын чигчий хуруугаа эвгүй болгосон Миний биед үүссэн баруун гарын чигчийн хурууны шивнүүр хугарал, 2 шилбэний цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг Ч өшиглөөд үүсгэсэн. Өөр үүссэн гэмтэл бэртэл үүсгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.У биед баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэжээ /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Чийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.У хамт ажилладаг Г гэх эмэгтэйн хамт бид 2 ширхэг 500 гр пиво уугаад сууж байхад манай эхнэрийг өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой гэх талаар ярьсан. Тэгээд уур хүрээд 200 гр Хараа нэртэй архи уугаад тасарсан байсан. Б.У зодсон үйлдлээ санахгүй байна. Манай эхнэр надад нэг цаг бэлэглэж байсан тэр цагийг надад аваагүй нөгөө хүндээ авсан байж байгаад надад өгсөн талаар хамт ажилладаг хүн хэлсэн ... Б.У хаашаа яаж цохисон санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн “...Уийн хөл рүү нь нэг удаа өшиглөж, хэд хэдэн удаа нүүр хэсэгт нь алгадсан тэгээд унахдаа баруун гарын чигчий хурууг нь дараад унасан байсан ... Уийн биед халдаж баруун гарын чигчий хурууг нь хугалсан нь үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөрөн төвийн 2 давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.У хардалтын улмаас маргаан үүсгэж улмаар хөл рүү нь өшиглөх, түлхэх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөрөн төвийн 2 давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.У хардалтын улмаас маргаан үүсгэж улмаар хөл рүү нь өшиглөх, түлхэх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.У мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, хохирогч Б.У дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ч нь хардалтын улмаас хохирогчийн биед баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй байх бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэхгүй ...” гэжээ.

 

 Мөн хэрэгт хохирогч Б.У нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл баримт авагдсан байна.

 

Уг мэдээллээр 93 642 төгрөгний хөнгөлөлт авсан байна.

 

Харин хөнгөлөлт тусламж авсан он, сар, өдөр нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас өмнө авсан болох нь тогтоогдож байх тул уг хэрэгт хамааралгүй, мөн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, тусламж үйлчилгээ авсан талаарх хохирлын дэлгэрэнгүй тооцоо байхгүй байх тул уг хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Чийг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СиДи  /хх 17/-г хэрэгт хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ