| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00560/И |
| Дугаар | 130/ШШ2022/00835 |
| Огноо | 2022-10-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2022/00835
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н . Хаяг: Б аймаг, Ө сум 13 дугаар багт оршин суух
Хариуцагч: Б аймгийн З төв,
Хамтран хариуцагч: А . Б аймаг, Ө сум 5 дугаар багт оршин суух
Хамтран хариуцагч: М . Хаяг: Б аймаг, Ө сум 11 дүгээр багт оршин суух
Хамтран хариуцагч: Г.А . Хаяг: Б аймаг, Ө сум 11 дүгээр багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн З төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н ,
Хариуцагч Б аймгийн З төвийн дарга Ү ,
Хамтран хариуцагч М ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б ,
Гэрч Б.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М болон хамтран хариуцагч А , Г.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хамтран хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н нь хариуцагч З төвийн дарга Ү , хамтран хариуцагч А , Г.А , М нарт холбогдуулан тус төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2013 онд Этүгэн их сургуулийн сувилагч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшиж төгссөн. Б аймгийн З төвийн даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 16 дугаар тушаалаар тус Бугат сумын голомт хяналтын бага эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн ба 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б аймгийн З төвийн даргын 17 дугаар тушаалаар амьтан судлалын лаборантаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
1.2 Миний бие ажиллах хугацаанд үр бүтээлтэй ажиллаж өөрийгөө байнга хөгжүүлж байсан ба 2015 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний газар, НЛМ Норвегийн Тусламжийн байгууллагаас хамтарсан сургалт “Хүрэхүйн тухай ярилцъя” гэрчилгээ, 2018 онд ЗӨСҮТөв, ЭМЧХолбооны “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах” батламж, 2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх, MERIT “үр дүн суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээ” гэрчилгээ, 2022 онд БОАЖЯ, MERIT “Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба туршлага” гэрчилгээ, Удирдлагын академи, MERIT “Ахисан түвшний Жендерийн дүн шинжилгээ” үнэмлэх зэрэг сургалтуудад хамрагдаж мэргэжил мэргэшлээ дээшлүүлсэн бөгөөд 2021 онд Х их сургуульд Биологийн ухааны магистрын зэрэг төгссөн.
1.3 Н миний бие Б аймгийн З төвийн даргад хүсэлт гаргасан ба хүсэлтийн агуулга нь манай байгууллагын “биологич”-ийн орон тоо сул гарсан тул намайг тус албан тушаалд томилж өгнө үү гэсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар болсон боловч намайг дипломын индекс таарахгүй гэсэн шалтгаанаар тус шалгалтад бүртгэхээс татгалзаж миний эрхийг зөрчсөн.
1.4 Б аймгийн З төвийн даргын намайг бүртгэхээс татгалзсан нь хууль бус бөгөөд дипломын индекс таарахгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, сул орон тоо болох Биологичийн орон тооны дипломын индекс болон миний магистрын дипломын индекс таардаг бөгөөд Ү нь намайг ялгаварлан гадуурхах бодлого баримтлан намайг шалгалтад оруулаагүй болно.
1.5 Тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/12 дугаартай тушаалаар тус төвийн амьтан судлагчийн орон тоонд сонгон шалгаруулалт ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг ахлагчаар А , гишүүдээр М , Г.А нарыг томилсон болно.
1.6 Б аймгийн З төвийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн З төвийн дарга Ү ийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Тус төвд гарсан амьтан судлагчийн сул орон тоонд амьтан судлалын лаборант Н ын шатлан дэвшүүлэх зарчмаар томилж өгөх талаар 2022 оны 5 дугаар сарын 09-нд төвийн даргад гаргасан хүсэлтийг судалж үзээд Н нь тус төвийн амьтан судлалын лаборантын албан тушаалд 8 дахь жилдээ ажиллаж байгаа тухайн ажлын байрандаа мэргэшсэн ажилтан тул дэвшүүлэн томилох боломжгүй, иймээс амьтан судлагчийн сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар боллоо гэсэн хариуг өөрт нь өгсөн болно. Мөн шатлан дээшлэх зарчим нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үйлчилдэг болохоос биш төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй.
2.2.Н нь нэгдүгээрт амьтан судлагчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах зарын дагуу шалгалтад орох талаар ямар нэгэн хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгөөгүй, хоёрдугаарт шалгалт авах өдөр, Н нь ажил дээрээ байгаагүй тул төвийн дарга миний бие архив, бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А ыг Н тай утсаар яриулж дуудуулан шалгалтад оруулах гэсэн боловч шалгалт эхэлсэн хойно хоцорч ирсэн. Н нь манай байгууллагын олон нийтийн цахим сүлжээ дэх цахим хуудасны админаар нь ажилладаг учраас сонгон шалгаруулалтын зарыг хэн хэнээс сайн мэдэж байсан. Н нь шалгалтад бүртгүүлэх бүрэн боломжтой байсаар байтал шалгалтад бүртгүүлээгүй байсан байна. Би түүнийг шалгалтад бүртгүүлсэн байх гэж бодоод явж байсан чин тэр шалгалтад бүртгүүлээгүй юм байна.
2.3. Маргаан бүхий ажлын байранд биологичийн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн хүн өрсөлдөх эрхтэй. Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг болон аймгийн Эрүүл мэндийн газраас ажиглагчаар оролцсон хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н , халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.Н нар нь “Н шалгалтад оруулахаар бүртгүүлээгүй байна. Н нь сувилагч мэргэжилтэй, биологийн ухааны магистр зэрэг хамгаалсан байх тул танай зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагыг хангахгүй, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн арга Х , Б аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н нараас Н ын боловсролын бичиг баримт дахь үндсэн мэргэжил нь ажлын байрны шаардлагыг хангах эсэх талаар утсаар тодруулахад магистр мэргэжил биш мэргэшүүлэх сургалтад хамрагдана, энэ нь эрдмийн зэрэг хамгаалсан боловсролын зэрэг, үндсэн мэргэжил нь бакалаврын зэрэгтэй сувилагч байна гэсэн тайлбар өгснийг сонсоод шалгалтад ороогүй шүүхэд хандана гээд гарч явсан ба төвийн даргыг ялгаварлан гадуурхаж шалгалтад оруулаагүй гэсэн нь үндэслэлгүй гүтгэлэг байна. Харин ч түүнийг залуу хүн байна гэж дэмжээд, байгууллагын мэдээлэл технологийн ажлыг хариуцуулаад цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоод цалинжуулж байсан.
2.4 Иймд Н ын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгнө үү гэв.
3.Хамтран хариуцагч М хариу тайлбар, татгалзал:
3.1 Тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/12 дугаартай тушаалын дагуу тандалт, тархвар судлалын тасгийн эрхлэгч А , халдвар судлагч их эмч М миний бие болон архив бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А нарын 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилтан сонгон шалгаруулах комисст томилогдож, тус төвийн амьтан судлагчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах ажлыг зохион байгуулсан.
3.2 Тухайн өдөр ажлын цагаар Н нь ажилдаа байгаагүй тул төвийн дарга сонгон шалгаруулах комисст үүрэг өгч шалгалтад оруулахаар дуудуулсан ба Н ирээд сонгон шалгаруулалтад ажиглагчаар оролцож байсан ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэнд төвийн даргад өмнө нь өгсөн өргөдлөө танилцуулж би шууд шалгалтгүйгээр томилогдох эрхтэй, магистр төгссөн гэж байсан.
3.3 ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн чиний үндсэн мэргэжил нь бакалаврын зэрэгтэй сувилагч бөгөөд бакалаврын мэргэжлийн индекс таарахгүй байна. Магистр мэргэжил биш мэргэшүүлэх сургалтад хамрагдан хамгаалсан боловсролын зэрэг гэж тайлбарлахад Н тэгвэл би шүүхэд хандана гээд өөрөө шалгалтад орохгүй яваад өгсөн.
3.4 Харин Н нь өөрөө байгууллагын цахим хуудасны админ хийдэг мэргэжилтэн байж цахимд нийтэлсэн зарыг мэдсээр байж шалгалтад бүртгүүлээгүй байсан.
3.5 Төвийн дарга Н ыг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж байгааг миний бие хараагүй бөгөөд харин ч залуу хүн гэж дэмжлэг үзүүлэн байгууллагын мэдээллийн технологийн ажилтан, цахим хуудасны админаар хавсруулан ажиллуулж нэмэлт урамшуулал цалин өгч байдаг.
3.6 Иймд нэхэмжлэгч Н ын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Хамтран хариуцагч А ийн хариу тайлбар, татгалзал:
4.1 Миний бие А нь Ө сумын 5 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой ба биологич мэргэжилтэй.
4.2 Тус төвд 2013 оноос эхлэн шимэгч судлагчаар, 2014 оноос эхлэн тандалт тархвар судлалын тасгийн эрхлэгчээр өнөө хүртэл тасралтгүй ажиллаж байна.
4.3 Төвийн сургалтын танхимд 2022.06.09-ний өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн хүмүүс ирээд бүртгүүлж байсан хугацаанд тус төвийн дарга Ү , аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.Н , хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н нарыг утсаар дуудаж, ирүүлээд шалгалтад орох хүмүүсийн материалыг үзүүлж байсан.
4.4 Сонгон шалгаруулалт бүртгэл явуулахад тус төвийн амьтан судлалын лаборант Н нь ирээгүй тул миний бие утсаар ярьж шалгалт болох гэж байна хурдан ир гэж дуудсан ба цагтаа амжиж ирсэн байсан.
4.5 ЭМГ-ын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н нь Н ад чиний дипломын индекс тарахгүй байна. Шалгалтад орохгүй шүү гэж хэлсэн нь үнэн болно гэжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б гийн хариу тайлбар, татгалзал:
5.1 Нэхэмжлэгч төрийн албан хаагчийн үүргээ ухамсарлаж, аливаа шалгалтад орохдоо бичиг баримт, материалаа өгөөд бүртгүүлэх ёстой байсан. Би тухайн үед сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцээд, хоёрдугаар шатанд нэг хүнтэй өрсөлдөөд хамгийн дээд оноо авч тус орон тоонд томилогдсон.
5.2 Би шалгалтад тэнцээд энэхүү орон тоонд томилогдсон учраас дахин шалгалтад орох сонирхолгүй байна. Энэхүү ажилд томилогдсон учраас өмнө Улаанбаатар хотод ажиллаж байсан ажлаасаа гараад ирсэн. Б аймагт ирсэн байгаа. Тийм учраас хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд миний шударгаар шалгалтад тэнцсэн явдал маань хүчингүй болж эрх маань зөрчигдөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс Б аймгийн З төвийн даргын 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “ажилд томилох тухай” 16 дугаар, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” 36 дугаар тушаал, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “ажилд томилох тухай” 17 дугаар тушаалууд, Этүгэн дээд сургуулиас 0 дугаартай Сувилагч мэргэжлийн диплом, түүний хавсралт, Ховд Их сургуулиас 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон Биологийн ухааны магистрын 0 дугаар магистрын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Үйлдвэрчний холбооны даргын 2022.06.09-ний өдрийн 31 дугаар албан бичиг, 2022.06.10-ны өдөр нэхэмжлэгчээс М т олгосон 00 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчээс өмгөөлөгч С.Н тай 2022.06.22-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ, 2022.09.05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахыг хүссэн тухай хүсэлт мөн өдрийн бүртгэлийн дэвтэр шүүхийн журмаар үзлэг хийлгэх тухай хүсэлт, хамтран хариуцагчаар А , М , Г.А нарыг татах тухай 2022.09.06-ны өдөр гаргасан хүсэлт, 2022.06.30-ны өдрийн Б аймгийн ЗДТГазрын даргын 0 дугаар Н ад өгсөн хариу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022.09.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай, мөн төлөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай 2022.09.28-ны өдрийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас,
7.Хариуцагчаас 2022.07.04-ний өдрийн 100 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Б аймгийн З төвийн даргын 2022.06.09-ний өдрийн “Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” 0 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт зэргийн эх хувиараа, Б аймгийн З төвийн ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааны 2022.06.09-ний өдрийн 0 дугаартай тэмдэглэл, 2022.05.09-ний өдөр аймгийн З төвийн дарга Ү Н ын гаргасан хүсэлт, Б аймгийн З төвийн даргын 2022.01.03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 0 дугаар тушаал, уг тушаалын 01 дүгээр хавсралт, тус төвийн даргын 2018.06.14-ний өдрийн хамт олны хурлаар баталсан З төвийн дотоод журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017.01.01-ний өдөр гэсэн З төвийн захиргаа аж ахуйн тасгийн Өргөдөл, гомдлын 0 дугаартай бүртгэл эх хувиараа, хамтран хариуцагч А ийн 2022.09.12-ний өдөр гаргасан хариу тайлбар, хамтран хариуцагч М ын 2022.09.27-ний өдөр гаргасан хариу тайлбар, А ийн өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт, өдрийн Б аймгийн ЗДТГазрын болон тус аймгийн Зоонзын өвчин судлалын төвийн тус тус сайтад тавьсан сонгон шалгаруулалтын талаарх зарын хуулбар, хариуцагчийн 2022.09.30-ны өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хамтран хариуцагч А ийн шүүх хуралдаан өөрийн эзгүйд хийх талаарх хүсэл зэргийг хариуцагч нараас,
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б гийн өмгөөлөгч Х.Б ий шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн тухай 2022.09.27-ний өдрийн 18 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт, тухайн өдөр түүнтэй байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
9.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хариуцагч байгууллагын 2017.01.01-ний өдөр гэсэн З төвийн захиргаа аж ахуйн тасгийн Өргөдөл, гомдлын 0 дугаартай бүртгэлд 2022.09.12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, уг дэвтрийн холбогдох хэсгийн хуулбар, хариуцагчийн 2022.09.09-ний өдрийн 119 дугаар албан бичгээр Б гийн өргөдөл, түүний хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Боловсролын Их сургуулиас Б д Газарзүй биологийн багш мэргэжлээр олгосон 0 дугаарт бакалаврын диплом, түүний хавсралт зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н миний бие Б аймгийн З төвийн даргад хүсэлт гаргасан ба хүсэлтийн агуулга нь манай байгууллагын “биологич”-ийн орон тоо сул гарсан тул намайг тус албан тушаалд томилж өгнө үү гэсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар болсон боловч намайг дипломын индекс таарахгүй гэсэн шалтгаанаар тус шалгалтад бүртгэхээс татгалзаж миний эрхийг зөрчсөн тул тухайн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Б аймгийн З төвийн дарга болон хамтран хариуцагч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н нь нэгдүгээрт амьтан судлагчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах зарын дагуу шалгалтад орох талаар ямар нэгэн хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгөөгүй, хоёрдугаарт шалгалт авах өдөр, Н нь ажил дээрээ байгаагүй тул төвийн дарга миний бие архив, бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А ыг Н тай утсаар яриулж дуудуулан шалгалтад оруулах гэсэн боловч шалгалт эхэлсэн хойно хоцорч ирсэн. Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг болон аймгийн Эрүүл мэндийн газраас ажиглагчаар оролцсон хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н , халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.Н нар нь “Н шалгалтад оруулахаар бүртгүүлээгүй байна. Н нь сувилагч мэргэжилтэй, биологийн ухааны магистр зэрэг хамгаалсан байна, танай зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагыг хангахгүй, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн арга Х , Б аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н нараас Н ын боловсролын бичиг баримт дахь үндсэн мэргэжил нь ажлын байрны шаардлагыг хангах эсэх талаар утсаар тодруулахад магистр мэргэжил биш мэргэшүүлэх сургалтад хамрагдан хамгаалсан боловсролын зэрэг, үндсэн мэргэжил нь бакалаврын зэрэгтэй сувилагч байна гэсэн тайлбар өгснийг сонсоод шалгалтад ороогүй шүүхэд хандана гээд гарч явсан. Иймд нэхэмжлэгч Н ын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Н нь Б аймгийн З төвийн даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 0 дугаар тушаалаар халдвар хамгааллын дэглэмийн сорилын шалгалтад тэнцсэнээр Бугат сумын голомт хяналтын бага эмчээр томилж, улмаар мөн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаар тушаалаар З Төвийн амьтан судлалын лаборант Р өндөр настны тэтгэвэрт гарсантай нь холбогдуулан оронд нь голомт хяналтын бага эмч ажилтай Н ыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон одоо хүртэл ажиллуулж байгаа болох нь Б аймгийн З төвийн даргын тушаал болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.Хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамт олны хурлаар баталсан Б аймгийн З төвийн Дотоод журмын 3 дугаар бүлэгт ажилтан ажилд авах талаар заасны 3.1.3 дахь заалтад ажилд орохыг хүссэн өргөдөл, холбогдох материалаа статистикийн бага эмчид өгч, шалгалтад тэнцэн, даргын тушаал гаргуулснаар баталгаажна, 3.1.4 дэх заалтад сул орон тоо гарсан үед ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлан явуулж, дэглэмийн шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан хүнд ажилтны үүрэг, байгууллагын онцгой дэглэм, ажлын байрны тодорхойлолт зэргийг танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр тухайн хүнийг ажилд авахаар тус тус зааснаар хариуцагч Б аймгийн З төвийн даргаас тус төвд гарсан Амьтан судлагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, улмаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/12 дугаар тушаалаар ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар тус төвийн тандалт, тархвар судлалыг тасгийн эрхлэгч А ийг, гишүүдээр нь халдварт судлагч их эмч М , дүн бүртгэл, бичиг хэргийн ажилтан Г.А нарыг томилж, ажилтан сонгон шалгаргуулж авах журмыг хавсралтаар тус тус баталж өгснөөр, тус ажлын хэсэг нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр уг маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тоонд бүртгүүлсэн нэр бүхий 9 хүнээс шалгалт авч, сонгон шалгаруулалтыг явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Н аас хариуцагчаар Б аймгийн З төвийн дарга Ү ийг хариуцагчаар тодорхойлсон боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй зэрэг эрхийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Харин нэхэмжлэгч Н аас тус төвд гарсан Амьтан судлагчийн сул орон тоонд 2022.05.09-ний өдөр шатлан дэвших зарчмын дагуу дэвшин томилж өгөх тухай ажил олгогч буюу Б аймгийн З төвийн даргад хүсэлт гаргасан байх ба ажил олгогчоос дэвшин ажиллуулах боломжгүй гэж татгалзаж, улмаар маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын талаар тус төвийн болон Б аймгийн Засаг даргын Тамгын газрын сайтад тавьж, материал хүлээх авах хугацааг 2022.05.30-2022.06.06 зааж тус тус зарласан ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
8.Мөн нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...намайг дипломын индекс таарахгүй гэсэн шалтгаанаар тус шалгалтад бүртгэхээс татгалзаж миний эрхийг зөрчсөн” гэж маргаж байгаа боловч тэрээр Б аймгийн З төвийн Дотоод журамд заасан болон дээрх сонгон шалгаруулалтын зарын дагуу бүртгүүлэх хугацаа болох 2022.05.30-2022.06.06 хүртэлх хугацаандаа материалаа ирүүлж бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022.09.12-ны өдөр тус төвийн Өргөдөл гомдлын дэвтэрт шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл мөн талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хамтран хариуцагч нараас нэхэмжлэгч Н аас маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тоонд дээрх хугацаанд бүртгүүлэхээр материалаа ирүүлж улмаар түүнийг бакалаврын диплом индекс таарахгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн намайг дипломын индекс таарахгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
9.Харин дээрх хугацаанд нэхэмжлэгч Н нь материал өгч бүртгүүлээгүй байгаа хэдий боловч шалгалт авах өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тэрээр ажлын газарт байгаагүй ба хариуцагч Б аймгийн З төвийн даргаас бичиг хэрэг, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Г.А аар утсаар шалгалтад оруулахаар дуудуулахад тэрээр тус шалгалтын ажиглагчаар сууж байсан аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Н тай уулзаж, түүнтэй ярьж байгаад явсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Н ын “...шалгалт болох зааланд ороод А шалгалт авах журмыг танилцуулж байхад Н байгаагүй. Тэгж байхад Н гаднаас хаалга тогшоод намайг дуудсан. Би гараад Н ын асуултуудад хариу өгсөн. Н надад 25 хоногийн өмнө байгууллагын даргад намайг дэвшүүлэн томилж өгөхийг хүсээд хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээн авахгүйгээр биологичийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байгаа, та миний материалуудыг үзээд би шалгалтад орох эрхтэй эсэхийг хэлээд өгөөч гэхээр нь би түүнд нэгдүгээрт танай байгууллагын даргаас таны хүсэлт хүлээн авахаас татгалзсан байна, хоёрдугаарт таны бакалавраар эзэмшсэн мэргэжил сувилагч байгаа тул ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна, магистр гэдэг нь мэргэшүүлэх сургалт болохоос мэргэжил биш гэж хариу өгөхөд тэр надад итгэхгүй байсан тул түрүүн манай бэр төрийн албаны шалгалтад ороход магистраар эзэмшсэн боловсролыг мэргэжил биш гэж үзнэ гэж шалгалтад оруулаагүй байсан гэж шалгалтад бүртгээгүй байсан удаатай, энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Х , Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н нараас тодруулаад өгч болно гээд утасныхаа чанга яригч дээр нь тавиад тэр хүмүүстэй ярихад адилхан магистраар эзэмшсэн боловсролыг мэргэжил биш гэж үзнэ гэж хариу өгсөн” гэх мэдүүлэг болон 2022.06.09-ний өдрийн тус төвийн ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
10.Нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дараа материал өгч бүртгүүлсэн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг болох хамтран хариуцагч нар нь нэхэмжлэгч Н аас маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тоонд бүртгүүлэхээр материал ирүүлснийг түүний дипломын индекс таарахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан тухай эрхийн акт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн дипломын индекс нь маргаан бүхий Амьтан судлагчийн сул орон тооны мэргэжлийн индекс таарах эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
11.Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэж төрийн жинхэнэ албан тушаалтныг сонгон шалгаруулах журмаар томилохоор нарийвчлан заажээ.
12.Харин Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулалтын журмаар томилохоор хуульчилж, журамлаагүй мөн энэ талаарх нарийвчлан зохицуулсан заалт байхгүй байхад хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулсан нь өөрөө үндэслэлгүй болсон байна.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтад "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг ойлгоно гэж заасан ба хариуцагч буюу ажил олгогчоос хамт олноор хэлэлцэж баталсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд сул орон тоо гарсан үед сонгон шалгаруулалт зарлах эсэх, шалгалт авах эсэх талаар тус тус журамласан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.
14.Б аймгийн Ө суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Н аас хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3, 158.1.5 дахь хэсэгт тус тус заасанд нийцэж байна.
15.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3, 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ын хариуцагч Б аймгийн З төвийн дарга Ү болон хамтран хариуцагч А , М , Г.А нарт холбогдуулан тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Амьтан судлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Амьтан судлагчийн орон тоонд дахин шалгалт зарлаж, намайг сонгон шалгаруулалтад оруулахыг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж