| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2010020171043 |
| Дугаар | 2021/ДШМ/568 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/568
Э.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
хохирогч Т.С,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2010 02017 1043 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-ийн Э, ... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “М” ХХК-д зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 53 дугаар байрны граж дотор хохирогч Т.С-той машины зогсоолоос болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ын Э-г 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 6.465.788 төгрөгийг гаргуулан, хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ гэм буруугаа хэрэг шалгагдсан цаг үеэс хүлээн зөвшөөрсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Би бага насны 3 охинтой, эхнэр, хүүхдүүдээ гэрээр асарч, цар тахлын хүнд үед ганцаараа ажил хийж, гэр бүлээ авч явж байна. Миний хувийн байдлын талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудаст “...“М” компанид хуулийн зөвлөх ажилтай...” гэж буруу бичигдсэн байх ба шүүх хуралдаанд шүүгч надад “Хуулийн мэргэжилтэй хүн байж хүнтэй маргалддаг нь буруу. Энэ байдал чамд нөлөөлж байна.” гэж хэлсэн. Гэтэл би бизнесийн удирдлагын мэргэжилтэй бөгөөд хууль эрх зүйн чиглэлийн мэргэжилгүй учраас энэ байдлаа тайлбарлаж хэлсэн байхад хуулийн зөвлөх гэж бичигдсэн байгаа нь миний хувийн байдлыг дордуулах үндэслэл болсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгөхийг, мөн хохирогчид төлөх хохирол төлбөрийн хэмжээг бодитой тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тодорхой заасан. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дүгнээгүй. Харин гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болохыг анхан шатны шүүх дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Э.Э-д оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтууд дотор ирээдүйд орох хагалгааны баримтууд авагдсан. Хагалгаанд орсон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг шүүх дүгнэсэн нь хуульд хэр нийцэж байгаа вэ гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэх нь зүйтэй. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болсон. Хурал болсноос хойш хийгдээгүй эмчилгээний зардлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй юу гэдэг дээр дүгнэлт хийж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Э.Э-ийн шүүхийн дансанд байршуулсан төлбөрийг дурдаж шийдвэрлээгүй. Цаашид гүйцэтгэх хуудас бичигдэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсэх болов уу гэсэн саналтай байгаа учраас шүүхийн дансанд байршуулсан мөнгийг төлбөрт тооцуулахаар шилжүүлэх нэмэлт заалт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цохиулснаас болж миний хууч өвчин сэдэрсэн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хагалгаа хойшилсон, эмчилгээтэй байгаа. Нүдний доод талын сорвио лазер эмчилгээгээр арилгуулсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч Э.Э хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байсан. Иймд прокуророос шүүгдэгч Э.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад торгох ял оногдуулсан. Прокурор эсэргүүцэл бичээгүй. Торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхгүй байна. Хохирлын асуудлыг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 53 дугаар байрны граж дотор хохирогч Т.С-той машины зогсоолоос болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.С-н: “...20:30 цагийн үед манай байрны оршин суугч эрэгтэйн E... E... гэсэн хаягаас “машинаа гаргачих уу” гэсэн зурвас ирсэн. ...Ортол миний өөдөөс “Машин тэргээ гарга. Чи муу ингэж машин тавьдаг юм уу. Чи машины ченж биз дээ” гээд дайрсан. Тэгэхээр нь би тэр залууд “Өвөл болоогүй байна шүү дээ. Тэглээ ч чиний зогсоол биш биз дээ” гэж хэлсэн чинь надад “Чи зогсоол биш газартаа ингэж тавьдаг юм уу” гээд намайг өмсөж явсан куртикны захаар боосон. Тэгэхээр нь би “Чиний зогсоол биш шүү дээ. Би цагдаад хэлнэ шүү” гэж хэлэхэд тэр залуу намайг заамдаж байгаад тавьсан. ...гутлаа үдчихээд дээшээ болоод зогсож байсан чинь гар утсаа барьж байсан гараараа миний зүүн нүдний доод хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд тонгойсон чинь миний толгойны дагз хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 21-22/,
гэрч Т.Б-ийн: “...Э-ийн зогсоол дээр нэг хүн машинаа тавьчихсан байсан. Бид хоёрыг зогсож байхад нэг жижигхэн залуу ирсэн. Манай дүү Э рүү дайраад байсан. Тэр зогсоолоос болоод маргалдаад байсан. ...” /хх 31/,
шүүгдэгч Э.Э-ийн: “...С гэх залуу дахиад олон юм яриад, хэрүүл хийгээд дайраад ирэхээр нь би холд гээд түлхсэн чинь газар уначихсан. Тэгсэн тэр залуу нүдээ бариад машин руугаа орсон. ...Тэр залуу над дээр тулаад ирэхээр нь би холд гээд гараараа нүднийх нь тэр хавьд нэг удаа түлхсэн. ...” /хх 57/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Т.С-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11829 дугаартай дүгнэлт /хх 39-40/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Э.Э нь хохирогч Т.С-н нүүрэн тус газарт нь цохисон үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Мөн анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Хохирогч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.164.788 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх 1.699.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6.465.788 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Хохирогчийн нэхэмжилсэн хохиролтой холбоотой баримтаас гоо сайхны бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэх 453.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, 6.012.788 төгрөгийг шүүгдэгч Э.Э-ээс гаргуулах үндэслэлтэй байна.
Гэмт этгээд хүний эрүүл мэндэд хууль бусаар хохирол учруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, эмчлүүлэх зэрэг зайлшгүй зардлыг төлөх, арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь хамрын дотор таславч болон яс тэгшлэх ажилбарт орох төлбөр болох 3.700.000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан боловч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажилбарыг түр хойшлуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү төлбөрийг шүүгдэгч Э.Э-ээс гаргуулан хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгчээс тус шүүхийн төрийн сангийн дансанд барьцаа болгон 1.042.778 төгрөг байршуулсныг дурдсан атлаа шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх уг мөнгийг төлбөрт тооцуулахаар шилжүүлэх pнь зүйтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Э-ийн гаргасан “торгох ялын хэмжээг багасгаж, хохирлыг бодитой тогтоох" гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...шүүгдэгч Э.Э-ээс 6.465.788 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.С-д олгосугай.” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Э.Э-ээс 6.012.788 /зургаан сая арван хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан, хохирогч Т.С-д олгосугай”.” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт "Шүүгдэгч Э.Э-ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дансанд 1.042.478 төгрөг байршуулсныг төлбөрт тооцуулахаар шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ