Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч Д.Догсом нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Догсомд холбогдох эрүүгийн 201722000324 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Дашнямын Догсом, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 28-08 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн РС92121036 дугаартай.

Шүүгдэгч Д.Догсом нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 07-01 тоот хашааны гаднаас иргэн Ш.Чулуунтогтохын эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Догсом нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 07-01 тоот хашааны гаднаас иргэн Ш.Чулуунтогтохын эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Ш.Чулуунтогтохын: “2017 оны 6 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим би өөрийн хашааны гадна улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио тавьчихаад хориод минут болоод буцаад гараад ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Мөр хайхад зүүн тийшээ явсан байсан. ....би хулгайд алдсан мотоциклио буцааж олж авсан учраас одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Ганнямын “...2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Мөрөн сумын 13-07-01 тоотоос улаан хүрэн өнгийн мотоцикль алдсан гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг гүйцэтгэх ажлын шугамаар шалгах явцад Дашням овогтой Догсом нь үйлдсэн байсан ба хулгайд алдагдсан мотоциклийг хураан авч хохирогч Ш.Чулуунтогтоход хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Догсом нь хохирогч Ш.Чулуунтогтоход учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэх 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Догсом нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ш.Чулуунтогтох нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Догсомд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 201722000324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овогт Дашнямын Догсомыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Дашнямын Догсомыг 150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч  Д.Догсом нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

      4. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн 201722000324 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Догсомд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН