2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1591

 

 

 

 

   2025        06        13                                     2025/ШЦТ/1591

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Гд холбогдох эрүүгийн 2503 00000 0492 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Г, регистрийн дугаар ..................,

Монгол Улсын иргэн, ..............хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Б овогт Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам буянгийн уулзвар явган хүний гарцан дээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цаг 10 минутын орчимд Тоёота приус маркийн 13-05 УНБ улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; мөн дүрмийн Арван зургаа.Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Жыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Жы  “...Би Бег костелл орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээ  ХК-д цахилгаанчин хийдэг. Тухайн осол болох өдөр миний ажил оройны 22 цагийн орчимд тарсан. Улмаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 92-103 тоотод байдаг гэр лүүгээ явсан. Явах замдаа Их наяд худалдааны хойд талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байтал баруун талаас Тоёота приус маркийн 13-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний баруун хөлийг тээврийн хэрэгслийн номер хэсгээр мөргөчихсөн. Мөргөсний улмаар салхины шилэн дээр ойгоод газарт унасан бөгөөд мөргөсөн жолооч бууж ирээд та яаж байна гээд байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн бөгөөд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Очоод үзүүлтэл миний баруун хөл хугарсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Дугаар ЕГ0725/5191 дүгнэлтэнд “...Жы биед шилбэ ясны хугарал, тархи доргилт, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шилбэ ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Тархи доргилт, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд “Тоёота маркийн Prius загварын 13-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд салхины шил хагарч урд копуд голоороо хонхойсон, тоормосны баруун гэрэл асахгүй, хойд буфер баруун булан хонхойсон, баруун хойд крило зэвэрч будаг нь халцарсан, дуут дохио ажиллахгүй мотор их бие тос хаяж хөлөрсөн, баруун болон зүүн талын таван бул тос хаяж дуугарсан зэрэг эвдрэл, гэмтлээс шалтгаалан өнгө үзэмж нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн хувьд урд салхины шил хагарсан урд копуд хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл осол болоход үүссэн шинэ тоормосны гэрэл асахгүй хойд буфер баруун булан хонхойсон баруун хойд крыло зэвэрч будаг халцарсан дуут дохио буюу сигнал ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл ослоос өмнө үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийн Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АBS-тэй системтэй тоормоз нь хэвийн ажиллаж байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны хээний гүн стандартын хангахгүй бусад дугуйн стандартын шаардлага хангаж байна. Toyota маркийн Prius загварын 13-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл нь стандарт заасан хэмжээнд хүрэхгүй буюу гэрлийн тусгал бүдэг байна” гэжээ /хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 564 магадлагаанд: “Явган зорчигч Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Toyota Prius маркийн 13-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав.Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй,бүдэг асдаг болсон; мөн дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй” гэжээ /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

Осол хэргийн газрын дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал хэмжилтийн бүдүүвч зураглал /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Ггийн өгсөн  “...Тухайн өдөр би Амгаланд байдаг худ Ц оройны 19 цагийн орчимд очсон. Улмаар оройны 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойтын 99-2а тоот байдаг гэр лүүгээ өөрийн хүү Ганзоригийн эзэмшлийн Тоёота приус 11 маркийн 13-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Явах замдаа нарны зам буюу Их наяд худалдааны төвийн хойд замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал явган гарц таарсан бөгөөд явган хүний гарцаар гарч байсан 2 хүнийг гаргачихаад хөдөлтөл миний зүүн талаас нэг хүн гараа өргөөд гэнэт гүйгээд гараад ирсэн. Харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч тулаад гараад ирсэн байсан учир тэр хүний баруун хөлийн өвдөг орчим нь номер хэсгээрээ мөргөчихсөн. Мөргөсний улмаас тэр хүн шидэгдээд уначихсан бөгөөд унахдаа миний салхины шилэн дээр гараараа цохиод уначихсан ...шинжээчийн дүгнэлтүүд болон мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 66 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 173.000 төгрөгийг тушаасан баримт /хавтаст хэргийн 61 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б овогт Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам буянгийн уулзвар явган хүний гарцан дээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цаг 10 минутын орчимд Тоёота приус маркийн 13-05 УНБ улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; мөн дүрмийн Арван зургаа.Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Жыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Жы мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Дугаар ЕГ0725/5191 дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/, Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 564 магадлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/, Осол хэргийн газрын дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал хэмжилтийн бүдүүвч зураглал /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

  Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; мөн дүрмийн Арван зургаа.Явган хүний гарц нэвтрэх 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Жыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “ ... шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /өндөр настай, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Б.Гг чөлөөлж шүүх шийдвэрлэв.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээс татгалзсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2.855.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ж нь эрүүл мэндийн даатгалаас нийт 173.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба шүүгдэгч нь 173.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримт болон Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн жолооны үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Б.Гг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн жолооны үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ