Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2022/01075

 

 

 

 

                 2022         09            28

        151/ШШ2022/01075

 

                                 МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС 

 

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....-д холбогдох,

Гэрээний үүрэгт 11.550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюу нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Ц.Б талийгаач нөхөр Ө.С 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирж, надаас хэдэн адуу аваач мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч бид хэлцэл байгуулсан. Тухайн үед би адууг нь маллаж чадахгүй тул Ө.С-д өөр дээр нь байлгах санал тавихад Ө.С “..адууг би өөр дээрээ байлгаж байя, үр төлийг нь тооцно, үнэ мөнгө гэхгүй, дээр нь нэмээд нэг азаргатай адуу болгоод өгье” гэсэн. Ингээд би 3.700.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Үүний дараа жил нь эхнэр Ц.Б нь над руу залгаад ирж унагаа тамгал гэж дуудсан. Би тухайн үед очих боломжгүй байсан тул “..та нар өөрсдийн тамгаар тамгалчих” гэж хэлсэн. Ингэж явсаар би адуугаа авах болоход ирэх жил адуугаа ялгаад аваарай гээд ямар адуу авахыг******* эхнэр Ц.Б-ын хамт бичгээр бичиж өгсөн. Харин бэлэн мөнгөний тухайд гэвэл нутгийн иргэд надаас мөнгө зээлээд л явдаг байсан. Би хүүгүй мөнгө зээлдэг байсан. Мөн дараа нь 2014 оны 10 сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2014 оны 11 сард 350.000 төгрөг, 2015 оны 01 сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 02 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.350.000 төгрөгийг Ц.Б-д дансаар өгсөн. Дээлийн торгоны тухайд Ц.Б надаас охиндоо болон нөхөртөө дээл хийж өгөх гэсэн юм гэж хэлээд 300.000 төгрөгийн торго зээлээр авсан. Ингээд бодохоор нийт 2.650.000 төгрөг болж байна. Мөн нөхөр Ө.С-д нь өгсөн 3.700.000 төгрөг, нийт 6.050.000 төгрөгийг одоо гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа 5.500.000 төгрөгөөр багасгаж байна. Иймд  Ц.Б-аас 6.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ө.С-г нас барна гэж би мэдээгүй, гэхдээ талийгаач нөхрийнх нь хөрөнгө нь эхнэр Ц.Б-д үлдэж байгаа, иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.        

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би нэхэмжлэлийн шаардлага 6.050.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ё.С нь унагатай гүү авмаар байна гэж байсан. Миний дансаар 2.350.000 төгрөг л орсон. Би дансанд мөнгө орж ирсэн тул өрний нэмэр гэж бодоод нөхөртөө хандан “.. Ё.С-ыг дуудаад, унагыг нь тамгалуул..” гэж хэлж байсан. Тэгэхэд Ё.С “манайх адуу маллаж чадахгүй нь, түүнийхээ оронд бага мал, уналганы адуу авъя” гэж байсан. Тэгэхээр нь манайх савхан тамгатай зээрд морь өгсөн, тэрийг малчид нь унаад, малыг нь хариулаад л яваад байсан. Энэ талаар  манай нутгийн хүмүүс мэдэж байгаа. Хожим зээрд морь нь зам дээр дайруулсан байсан. Үүний дараа уналганы морь хэрэгтэй байна гээд дахин ягаан бор морь авсан. Зээрд морио манай адуунд тавьдаггүй байсан, харин ягаан бор морио манай адуунд тавиад, дуртай үедээ унаж хэрэглээд л явдаг байсан. Дараагаар нь идшинд хэрэглэх гэсэн юм гээд манайхаас хар даага авсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Өөр ямар нэгэн байдлаар наймаа хийсэн зүйлгүй. Торго худалдан авсан тухайд гэвэл би хүлээн зөвшөөрч байгаа, торгоны үнэ 300.000 төгрөгийн оронд хонь ав гэж хэлсэн. Ирж аваагүй л байгаа. Манай нөхрийг байхад байнга л манайхаар ирээд манай нөхөртэй хамт гараад явдаг, архи дарс уугаад л халамцуу орж ирдэг байсан. Миний нөхөр наймаа хийхээр бол надад байнга мэдэгддэг, мөнгө нь миний дансаар орж ирдэг. Би зөвхөн 2.350.000 төгрөгийг л мэднэ, энэ дээр л ярина. Мөнгө авсан, адуу өгсөн нь үнэн.  Тэрнээс 3.700.000 төгрөгийг мэдэхгүй, миний дансаар тийм мөнгө орж ирээгүй, чухам  хэнд өгсөн юм бэ? Хажууд нь хэн байсан юм, ямар зориулалтаар өгсөн эсэхийг би мэдэхгүй. Миний нөхөр нутаг усандаа нэртэй төртэй сайн хүн байсан. Одоо би улс амьтнаас ичиж байна. Олон дахин шүүх рүү явах хэцүү байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.        

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ё.С-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдөр энэ маргааныг эцэслэн шийдэх байх гэж бодож байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа олон ажиллагааг хийсэн. Энэ хугацаанд 3 төрлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Эхний асуудал 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн объект байдаг газар /Төв аймгийн Лүн сум/ Ө.С ирж уулзаад 8 тооны адуу зарахаар тохироод 4 гүү, нэг даага, 3 унага, нийт 8 тооны адуу зарах, Ё.С 3.700.000 төгрөг төлөхөөр тохирсон үйл баримт яригддаг. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан буюу 8 дугаар хуудсанд байгаа хэлцлээр батлагддаг. Нэхэмжлэгч өөрөө адуу мал малладаггүй хүн учраас адуугаа Ө.С-д үлдээж, маллуулахаар тохирсон гэж хэлдэг. Тэгэхээр хэлцлийг аваад үзэхээр дээрх хэлцэл бол Иргэний хуулийн 248 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэж харж байна. 2015 оны 06 дугаар сард унагаа ирж тамгал гэж ярьсан талаар Ц.Б өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн тайлбараас харахад жил бүр л адуугаа авах талаар хэлдэг байсан. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Адуу мал гэдэг үндсэндээ гэр бүлийн дундын өмчлөлийн асуудал юм. Тийм учраас энэ маргаан бүхий асуудал угтаа бол Ө.С, Ц.Б нарт хоёуланд нь хамаарах асуудал гэдэг нь ойлгомжтой. 2017 онд Ө.С нүүх гэж байна гэх мэдээг сонсоод Ё.С менежер Д.О-ийн хамт очтол адууны үр төл нь өссөн тул 14 тооны малыг отроос ирэхээр аваарай гэх бичгийг******* хийж өгсөн. Ё.С-ын хувьд Ө.С-тай харгүй сайхан найзууд байсан тул дээрх 14 тооны адууг нэхэмжлэх бус харин анх хийсэн хэлцлийн дагуу 8 тооны адууг л тухайн үеийн үнээр нэхэмжлэлдээ дурьдаж байна. Нэхэмжлэл ч хангагдах үндэслэлтэй гэж бодож байна.

2 дугаар асуудал бол зээлийн асуудал, Ё.С 4 удаагийн үйлдлээр 2.350.000 төгрөгийг Ц.Б-ын данс руу хийсэн болох нь тогтоогддог. Ц.Б ч 2.350.000 төгрөг дансаар орсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөнийхөө оронд адуу өгсөн гэх зүйл ярьдаг. Гэхдээ нэгэнт нотлох баримтаар нотлогдож байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Адуу өгсөн тухайд нотлох баримтгүй, өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгээр л адуу өгсөн, машинаар ачаад явсан гэж яриад байгаа боловч, тэдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, илтэд худал мэдүүлэг өгсөн байдаг. Ер нь бол адуу малаа нэхэмжлэх гээд байгаа бол зохих журмаар  сөрөг нэхэмжлэлээ гаргаад мэтгэлцээд явах хэрэгтэй. Худгийн мотор, угаалгын машин авсан өгсөн талаар нотлох баримт байхгүй тул энэ талаар шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.С-ын нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох иргэний хэрэг 2019 оноос хойш хэлэлцэгдээд явж байна. Хэргийн 8 дугаар хуудсанд хэлцэл гэх нэртэй бичиг байдаг. Тухайн хэлцэлд 8 адуу яригддаг. Өнөөдөр нэхэмжлэгч унагатай гүүгээ хэдэн төгрөгөөр бодож авсан юм бэ? гэхээр нэхэмжлэгч 950.000 төгрөг гэж хэлдэг. Хэзээ ч тухайн үед үнэ нь тийм байгаагүй. Хэлцэл хийсэн гээд байгаа хариуцагч Ө.Д нас барсан. Тухайн хэлцлийг Ө.Д эсхүл Ө.С хийсэн эсэх, эсхүл өөр хүн хийсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрөө биччихээд хууль бус зүйл яриад байж ч болзошгүй байна. Тийм учраас энэ хэлцэл бол өөрийн ашиг сонирхлын үүднээс бичсэн гэж харж байна. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн хэлцэл гэж харагдахгүй байна.******* бол 2 дугаар ангийн боловсролтой хүн байсан. Талийгаачийг гэртээ байхад нь нэхэмжлэгч авч яваад л архи уулгадаг байсан талаар талийгаачийн эхнэр хэлж байна. Ийм маягаар л энэ хэлцэл гэх зүйл бичигдсэн байх. Хариуцагч 2.350.000 төгрөгийг дансаар 4 удаагийн шилжүүлгээр авсан. Энэ мөнгийг өөрөө зээл авъя гэж аваагүй. Нөхөр нь хүнд адуу зарсан, дансаар чинь мөнгө орно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр дээрх мөнгө бол зээл биш адууны мөнгө юм. 2014-2016 онуудад 3 тооны адууг зарсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. 3.700.000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө тоолоод өгсөн гэж яриад байгаа боловч үүнийг  гэрчлэх хүн байдаггүй. Тийм учраас Ё.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.С нь хариуцагч Ц.Б -д холбогдуулан гэрээний үүрэгт 11.550.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэлийн шаардлагын 5.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Б-аас 6.050.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.    

            Нэхэмжлэгч Ё.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..хариуцагч Ц.Б, түүний талийгаач нөхөр Ө.С нараас адуу авахаар тохирч бэлнээр 3.700.000 төгрөг, дансаар 2.350.000 төгрөг, нийт 6.050.000 төгрөгийг өгсөн, адуугаа надад өгөөгүй” гэж тайлбарлаж байна.  

            Хариуцагч Ц.Б татгалзлын үндэслэлээ “.. миний нөхөр Ө.Д-д өгсөн гэх 3.700.000 төгрөгийг би мэдэхгүй, би аваагүй, би 2.350.000 төгрөгийг дансаар авсан, авсан мөнгөндөө тооцож 2 морь, 1 даага, 1 мотор Ё.С-д өгсөн” гэж тайлбарлаж байна.  

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.     

            Нэхэмжлэгч Ё.С нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр******* /Ө.С/-гаас 8 тооны адуу худалдан авахаар тохиролцож 3.700.000 төгрөгийг  Ө.С-д бэлнээр, мөн адуу худалдан авахаар тохиролцож 2.350.000 төгрөгийг Ө.Д-н эхнэр Ц.Б-д дансаар шилжүүлж хүлээлгэн  өгсөн болох нь тэдний хооронд байгуулсан Хэлцэл, түүний ард бичигдсэн мөнгө хүлээлцсэн баримт, Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-3-6, хх-8, хх-19-22/            

            Мөн хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би мөнгө орж ирсэн тул өрний нэмэр гэж бодоод нөхөртөө хандан “.. Ё.С-ыг дуудаад, унагыг нь тамгалуул” гэж хэлж байсан” талаар дурдсан бөгөөд хариуцагч өөрийн өмчлөлийн адууг худалдан авагч Ё.С-ын өмчлөлд шилжүүлэх талаар ярьж байсан, мөн хэлэлцэн тохирсон үнийг авсан байдлаас дүгнэхэд адуу худалдах, худалдан авах хэлцэл тохиролцоонд Ц.Б оролцсон, зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

            Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тогтоогоогүй. Иймд талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн, Ё.С, Ө.Д /Ө.С/, Ц.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.      

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, гэж заасан. 

            Хуулийн дээрх заалтаас үзвэл худалдагч эд хөрөнгийг шилжүүлж өгснөөр, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авснаар худалдагч үүргээ  гүйцэтгэсэнд тооцогдох бөгөөд эд хөрөнгийг хүлээн авсан явдал нь худалдан авагчийн тодорхой үйлдлээр тодорхойлогдох юм.       

            Хэлцлийн дагуу Ё.С нь 3.700.000 төгрөгийг Ө.Д /Ө.Сүндалай/-д бэлнээр, 2.350.000 төгрөгийг Ө.Д-н эхнэр Ц.Б-д дансаар шилжүүлж  хүлээлгэн өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримт, хариуцагч Ц.Б-ын Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогддог.           

            Харин Ө.Д /Ө.С/, түүний эхнэр Ц.Б нар нь тохиролцсон тооны адууг Ё.С-д хүлээлгэж өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт “... миний нөхөр Ө.Д-д өгсөн гэх 3.700.000 төгрөгийг би мэдэхгүй, би 2.350.000 төгрөгийг дансаар авсан, авсан мөнгөндөө тооцож 2 морь, 1 даага, 1 мотор Ё.С-д өгсөн” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй байна.  

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Д.О-ийг, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг нотлохоор М.С Х.Ө нарыг тус тус гэрчээр асуулгаж мэтгэлцсэн.     

            Нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч Д.О “.. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг танина, .. 3.700.000 төгрөгийг Ө.Д-д тоолоод өгчихлөө гэсэн. Атар, Лүнгийнхэн мал сайтай гайгүй хүмүүс юм чинь, адуу малны наймаа хийчихлээ гэсэн, Ё.С-ыг Ц.Б-аас авлагатай гэдгийг мэдэж байсан. .. 2017 оны 08 сард Ц.Б нүүж байсан, бид нар очоод тооцоогоо хийгээд хэдэн тооны адуу өгөх үү гэдгээ тохиролцъё гээд гарын үсэг зуруулсан. Нийт тэдэн тооны адуу яаж яаж өгөх үү гээд унага тэд, гүү тэд, тэдэн тооны адуу тэгж өгнө гээд ярилцаад бичиж байхад эхнэр Ц.Б нь ирээд тооноос хасуулж байсан. Тэгж байх үед нь би байсан. Тэрнээс урьд нь ч бид нар энэ айлд очиж байсан. ..Адуугаа авъя гэхээр энэ жил манайх төл аваагүй, энэ жилдээ өгч чадахгүй гэсэн. ..Би С гэдэг хүнд 800.000 төгрөг өгөөд хүүдээ зээрд морь авч өгсөн. Тухайн үед чи С юм уу, Д юм уу? гэж асууж байсан. Тэгэхэд нутгийн хүмүүс С гэж дууддаг, жинхэнэ нэр Д гэж хэлж байсан. 2016 онд зээрд морийг С-н адуунаас Б гэж хүнээр бариулж авч байсан” гэсэн мэдүүлгийг /хх-38-40, хх-213-218/,     

            Хариуцагч талаас асуулгасан гэрч Х.Ө “.. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг танина, .. Далайг танина, нэрийг нь Д гэдэг, дууддаг нэрийг нь С гэдэг, зээрд морь, бор морийг С Ё.С гуайд өгсөн. .. Энэ хоёр морийг 2014 оны 10 сард өгсөн, өөрөөр хэлбэл зарсан, би барьж өгсөн, С бариулахдаа “Ё.С гуайд зарж байгаа юм” гэсэн. Ё.С гуай машинтайгаа ирж авсан, .. Зээрд морийг Ё.С УНР 8493 дугаартай цагаан портертой авч явсан. 2017 онд Далайгийнх нүүхэд Ё.С ирнэ гэж ярьж байсан, .. 3.700.000 төгрөгийн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг  /хх-41-42, хх-225-230/,                

            Хариуцагч талаас асуулгасан гэрч М.С “.. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг танина, .. Зээрд морийг Ё.С 2014 оны 06 сард авсан, .. бор морийг 2015 оны 08 сард, хар даагыг 2015 оны 11 сард хүнсэнд хэрэглэхээр Ё.С малчинтайгаа ирээд авсан. Ё.С 8394 УНР гэсэн цагаан Портертой ирсэн, .. 2017 оны 08 сарын 05-ны өдөр Сүндалайгийнх нүүхэд Ё.С ирсэн, наймаа хийсэн эсэхийг мэдэхгүй, .. Далайг С гэж дууддаг” гэсэн мэдүүлгийг  /хх-219-224/  тус тус өгсөн байна.   

            Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхэд дуудагдсан гэрчүүд хэргийн үйл баримт, хугацаа, маргааны зүйлийн талаар эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэг дангаараа үйл баримтыг нотлох хангалттай нотолгоо болж чадахгүй тул гэрчүүдийн мэдүүлгийг өмнө өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэж, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн болно.   

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч өөрийн татгалзлаа тус тус  нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2020/0.... дугаартай шүүгчийн захирамж, мөн 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШЗ2022/0..... дугаартай шүүгчийн захирамжаар тус тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг гарган ирүүлсэн.       

            2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  2014 оны 10 сарын 17-ны өдрийн “Хэлцэл” гэх баримтад авагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ө.Д гэх гарын үсгийн загваруудтай тохирно,  

            2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2070 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн иргэний хэргийн 1 дугаартай хавтаст материалын 8 гэж дугаарласан хуудсанд авагдсан “2014.10.17” гэсэн огноотой, “Хэлцэл” гэсэн баримт болон ар талд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ө.Д-ийн гэх 2014, 2017 оны гарын үсгийн загваруудтай тохирно,

            2. Шинжилгээнд Ө.Д-ийн гэх бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй тул шинжээчээс асуусан “2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн гар бичвэр нь талийгаач Ө.Д-ийн /гар бичвэр/ бичгийн хэв мөн эсэх” гэсэн асуултанд хариулах боломжгүй байна, гэж тус тус дүгнэсэн байна.                     

            Иймд нэхэмжлэгч Ё.С нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хэрэгт Төв аймгийн .... газрын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 02/137 дугаартай албан бичгээр ирүүлсэн малчин өрх Ө.Д-н 2016 – 2018 оны мал тооллогын баримт /А данс/  нотлох баримтаар авагдсан. Тус мал тооллогын баримтаас үзвэл 2016 онд өрхийн тэргүүн Ө.Д, ам бүлийн тоо - 5, малчдын тоо - 2, үүнээс эмэгтэй-1 гэж бүртгэгдсэн байх ба 2017 онд өрхийн тэргүүн Ц.Б, ам бүлийн тоо-2, малчдын тоо-1 гэж, 2018 онд өрхийн тэргүүн Ц.Б, ам бүлийн тоо-2, малчдын тоо-1 гэж тус тус бүртгэгдсэн байна.  /хх2 - 4 - 12/      

            Мөн Ө.Д, Ц.Б нар нь гэр бүл /эхнэр, нөхөр/ байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, Ө.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь 0000182405/08 дугаартай нас барсны гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.  /хх-96, хх-99/  

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д:  Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч .. гэнэ,  520.1.1-д:  нас барагчийн нөхөр, эхнэр .. гэж,                                   

 

            хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д: Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, гэж тус тус заасан.  

 

            Хэрэгт авагдсан 2016 – 2018 оны мал тооллогын баримт /А данс/-аар 2016 онд өрхийн тэргүүн*******н нэр дээр тоологдсон мал 2017, 2018 онд Ө.Д-н эхнэр Ц.Б-ын нэр дээр шилжин тоологдсон байх тул хариуцагч Ц.Б-ыг өөрийн нөхөр /өвлүүлэгч/ Ө.Д-н өв хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

            Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д:  Өв хүлээн авсан өвлөгч ... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, гэж зааснаар*******н гүйцэтгэвэл зохих үүрэг буюу Ё.С-оос авсан 3.700.000 төгрөгийг хариуцагч Ц.Б-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:  

            Талууд анхны хэлцэл тохиролцоог 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд уг хэлцэлд “.. 2015 оны 06 дугаар сарын үед 12 тооны адуу хүлээж авахаар тохиролцов” гэж дурьдсан байна.  Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 06 дугаар сард үүссэн гэж үзнэ. 

            Мөн нэхэмжлэгч Ё.С-ын шүүхэд гаргасан  “.. 2015 оны 06 сард адуугаа авах гэтэл энэ жил төл муу хойтон ав гэсэн, иймэрхүү саад хэлсээр 2017 оны 08 сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу отор хийх гэж байхад нь очиж уулзаад адуугаа авч үлдье гэхэд хавар ирэхээр ав гэсэн. Тэгэхээр нь надад бичиг хийж өг гэхэд эхнэр Б-гаа ярилцаад ийм тооны адуу хавар өгнө гэж бичиг хийж өгсөн” гэх нэхэмжлэл, тайлбар, 

            Гэрч Д.О-ийн шүүхэд өгсөн “ ..2017 оны 08 сард*******агийнх нүүж байсан. Нүүж байхад нь бид нар очоод тооцоогоо хийгээд хэдэн тооны адуу өгөх үү гэдгээ тохиролцъё гээд гарын үсэг зуруулсан. Нийт хэдэн тооны адуу яаж өгөх үү гээд унага тэд, гүү тэд, тэдэн тооны адуу өгнө гээд ярилцаад бичиж байхад эхнэр Ц.Б нь ирээд тооноос нь хасуулж байсан. Тэгж байх үед би байсан” гэх мэдүүлэг, 

           

            Гэрч Х.Ө-ын шүүхэд өгсөн “ .. 2017 онд Ө.Д нүүхэд би ачилцаж өгсөн.  ..Тэр үед Ё.С ирнэ гэж ярьж байсан. .. Машинтай хүн ирсэн. Хоёулаа ирсэн, эмэгтэй хүнтэй цуг ирсэн”  гэх мэдүүлэг, 

 

            Гэрч М.С-ийн шүүхэд өгсөн  “ ..2017 оны 08 сарын 05-ны өдөр Ө.Д-х нүүхэд Ё.С ирсэн, ..наймаа хийсэн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлгүүдэд дурьдсан он, сар, өдөр нь хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар хуудсанд авагдсан “2017 он – 8 – 5” гэсэн гар бичмэл баримтын он, сар, өдөртэй таарч байна.    

Иймд хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар хуудсанд авагдсан “2017 он – 8 – 5” гэх   гар бичмэл баримтыг Ө.Д, Ц.Б нараас нэхэмжлэгчид гаргасан баталгаа гэж үзэх үндэслэлтэй байна.      

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д:  Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана,  

79.7-д:  Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно, гэж тус тус заасан.  

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 06 дугаар сард үүссэн боловч  Ө.Д баталгаа гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.   

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 111.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.С-од олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар  хариуцагч Ц.Б-аас  6.050.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.С-од олгосугай. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 111.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.С-од олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН