Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/569

 

Ч.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Т-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008 02486 1245 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Ч-ийн Т, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, /РД: ... /;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Ч.Т нь 2020 оны 7 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрчний нэгдлийн ... дүгээр байрны ... тоот болох гэртээ иргэн С.Э-ийн цүнхэнд байсан монетон хос ээмэг, 2 ширхэг бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Ч.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Ч-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ч.Т-ын цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Шүүхээс өгсөн 5 хоногт хохирлыг бүрэн барагдуулсан. ...Би өрх толгойлсон эмэгтэй, бага насны 2 хүүхэдтэй. Том охин маань хөдөө байдаг, бага охин маань 3 настай, миний асрамжид байдаг. Би охины хамт хоёулаа амьдардаг. Бага охиноо салсан нөхрийнхөө эцэг, эх дээр түр үлдээсэн байгаа. Шүүхээс охинд минь асран хамгаалагч тогтоогоогүй. Би элэгний В, Д вирустай бөгөөд 2017 онд анх илэрч одоо байнга вирусны эм, эмчилгээ хийлгэдэг. Одоо Хавдар судлалын эмнэлэг болон “Элэг” төвд хяналтад байдаг. Миний хоригдож байгаа хорих байгууллагад миний өвчинд таардаг эм, эмчилгээ байдаггүй. Одоогоор биеийн байдал минь байнгын зовиуртай байна. Надад холбогдох эрүүгийн хэргийн 2 үйлдэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгагдаж, нэгтгэгдээгүй үлдсэн. Миний бие өөрт холбогдох бүх хэргийг нэгтгүүлж, нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх хүсэлтэй байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн байдал, миний биеийн байдал, хараа хяналтгүй үлдсэн бага насны хүүхдийг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Нэгтгэгдээгүй үлдсэн хоёр хэргийг нэгтгэн шалгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа гэх хэргийн талаар хавтас хэрэгт авагдсан баримт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байхгүй учраас тайлбар алга. Шүүгдэгч Ч.Т нь 3 настай охинтой, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг нь тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Т-д анхан шатны шүүхээс 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах үндэслэлийг заасан. Шүүгдэгч Ч.Т-ын хувьд дээрх хэргээс гадна өөр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаарх баримт байхгүй. Өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжтой. Шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Хавтас хэрэгт 3 хүртэлх насны хүүхэдтэй талаарх баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр энэ талаар яригдсан. Гэхдээ хүүхэд нь 3 нас өнгөрсөн байсан. Шүүгдэгч “Салсан нөхрийнхөө эцэг, эх дээр хүүхдээ үлдээсэн. Тэдний асран хамгаалалтад байдаг” гэж мэдүүлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ам бүл 1 гэж тэмдэглүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тодруулбал, анхан шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Учир нь, шүүгдэгч Ч.Т-аас 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлэг авч, эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлд /хх 20/ “...Охин Т-ын Ж 13 настай, охин Т-ын Д 2 нас 7 сартай” гэж, мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 3 настай хүүхдийн хамт амьдардаг...” гэж удаа дараа мэдүүлсэн, шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо “...бага охин нь 3 настай, миний асрамжид байдаг, анхан шатны шүүх охинд нь асран хамгаалагч тогтоогоогүй...” талаар дурдсан байна.

Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцид гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстой талаар дурдсан бөгөөд уг конвенцын  3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....шүүх ...хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.” гэж тус тус зааж хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хангаж байхыг зарчим болгожээ.

Мөн, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад хорих газарт ял эдэлж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тухайн хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэй атлаа “...Хэрэгт шүүгдэгчийн хүүхдийн талаар баримт авагдаагүй. ...” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй, хэрэгт байхгүй гэсэн шалтгаанаар хүүхдийн тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргажээ.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Т, түүний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Ч.Т-д холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Т-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ