Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2022/01059

 

 

 

 

2022 09 21

151/ШШ2022/01059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... оршин суух, ... овогт О.Г /.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух, ... овогт Б.М /.../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.М-д 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр түүний Хуавей маркийн гар утсыг барьцаалан 550.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдийн их сургуулийн төлбөр төлнө гэж 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй хугацаа заагаагүй, мөн 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр банкны зээл хаалгаад эргээд зээл аваад өгнө гэхээр нь 3.500.000 төгрөгийг өдрийн 25 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн бөгөөд мөн утсыг нь буцаан өгсөн. Түүнээс хойш хэсэг утсаар ярьж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон тийм учраас цагдаагаар дамжуулан олж уулзсан. Б.М нь надад өгөх ёстой нийт 8.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч ахмад н.Э-гийн өрөөнд өөрийн гараар он сар, үе шаттайгаар бичиж өгөөд, өгөөгүй тохиолдолд сарын 10 хувийн хүү тооцож өгнө. Хэрэв төлөхгүй тохиолдолд шүүх цагдаагаар шийдвэрлүүлнэ гэсэн өөрийн бичсэн баталгааг хавсаргав. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хүү тооцвол 30.000.000 төгрөг болж байна. Гэхдээ би энэ хүнийг бодож 17.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн өгнө төлнө гэж байгаа нь худал яриа төдий, утсаа авахгүй байна. Миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М нь О.Г-аас 2018 оны 1-2 сард эхний удаа 500.000, 500.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, дараа нь 1.500.000 төгрөгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт өгөх гэж авсан. Дараа нь 3.000.000 төгрөгийг зээл хаах гэж нэг сарын хугацаатай, нийт 6.500.000 төгрөгийг авсан юм. Эдгээр 6.500.000 төгрөгийн хүү нь нийт 2.000.000 төгрөг болсон. О.Г нь дээрх зээлүүдийг өгөхдөө Б.М-гийн хүүгийн нэр дээрх газрыг барьцаалж бичиг баримтыг нь авсан ба энэ талаарх зээлийн гэрээ болон барьцаалсан бичиг баримтаа шүүхээс нууж байна. Гэтэл О.Г энэ дээрх мөнгийг нэг дор авсан гэж шүүхэд худал нэхэмжлэл гаргасан байна. О.Г нь Б.М-г 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст намайг Б.М залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж өргөдөл өгсөн. Нэхэмжлэгч О.Г одоо хүүтэйгээ 8.500.000 төгрөг болсон үүнийг 3 хувааж төлнө гэсэн баталгаа гаргаад өг гэж хэлээд тулган шаардаж мөрдөгчийн дэргэд өөрийн гараар бичиг өг гэж тулгаад байсан учир Б.М эрүүгийн хэрэгт холбогдохгүйн тулд О.Г-ын хэлсэн ёсоор 8.500.000 төгрөгийг хугацаа зааж, 10 хувийн хүүтэй өгөхөөр бичиг хийж өгсөн юм. Нэхэмжлэгч О.Г нь анх Б.М-д 6.500.000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн атлаа Цагдаагийн газарт мөнгө өгөх тохиролцоогоо хүүгийн 2.000.000 төгрөгийг нэмж, хүүгээс хүү бодохоор хэлцэл хийлгэсэн. Одоо шүүхэд дээрх тохиролцсон 8.500.000 төгрөгийн хүү гэж нэмж хариуцагч Б.М-өөс нийт 17.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Одоо 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой. Бусад хэсгийг нь татгалзаж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлээс 6.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 10.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.М-тэй харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 550.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.300.000 төгрөгийг тус тус хариуцагчид зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 550.000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй байгуулж, зээлийн барьцаанд цэнхэр өнгийн хуавей маркийн гар утсыг барьцаалуулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй байгуулж, зээлийн барьцаанд М-ийн өмчлөлийн 000511901 дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулсан,

-Мөн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.300.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, өдрийн 25.000 төгрөгийн хүү тооцохоор тус тус тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь зээлийн мөнгийг зээлдэгчид тухай бүр шилжүүлэн өгсөн, мөнгө өгсөн авсан талаар зохигч маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч О.Г нь хариуцагчаас зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуулийн энэ заалтын дагуу хариуцагч Б.М нь зээлийн үндсэн мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч нь 5.350.000 төгрөгийн зээлийн хүүнд 11.650.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлийн хүүгээс хүү, алданги тооцсон байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасантай нийцэхгүй байна.

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 550.000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй байгуулсан, гэрээний хугацааг сунгаагүй. Иймд энэ гэрээний үндсэн зээл 550.000 төгрөг, зээлийн хүү 55.000 төгрөг, нийт 605.000 төгрөг,

-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацааг сунгаагүй. Иймд энэ гэрээний үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг,

-2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.300.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, өдрийн 25.000 төгрөгийн хүүтэй байгуулсан, гэрээний хугацааг сунгаагүй. Иймд энэ гэрээний үндсэн зээл 3.300.000 төгрөг, зээлийн хүү 750.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөг, эдгээр зээлийн гэрээнүүдийн нийт дүн 6.305.000 төгрөг болж байх боловч хариуцагч нь 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч Б.М-өөс 6.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй боловч талууд барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-156.3 дахь хэсэгт зааснаар барьцаа /барьцааны гэрээ/ хүчин төгөлдөр бус болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс 118.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.М-өөс 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс 118.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН