2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2032

 

 

 

                         

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваацэрэнгийн Сэ, Баатарын Б нарт холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,  

2. Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч “**************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэ, нягтлан бодогч Б.Б нар нь бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй 10 аж ахуй нэгжүүдээс 2017-2020 оны татварын тайлант хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу нийт 1,737,533,500.03 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 40 ширхэг НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 173,753,350 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Сэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед манай байгууллага 170,000,000 төгрөгийн өртэй нөхцөл байдалд орсон байсан. Энэ үед өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар хүмүүстэй зөвлөлдөж, зөвлөгөө авсан. Бид санхүү, татварын зарим асуудлыг бүрэн ойлгоогүй байсан бөгөөд мэдэхгүй зүйл олон байсан. Тухайн үед “Д” гэх хүнээс НӨАТ-ын асуудлаар зөвлөгөө авч, НӨАТ-ын баримт авч болдог тухай мэдээлэл авсан. Тэр үед 40 падан, 10 аж ахуйн нэгжийн тухай яригдаж байсан. Дгийн шивсэн татварын баримтууд улаан дүнтэйгээр орж ирсэн бөгөөд миний мэдэхгүй, захиалаагүй байгууллагуудаас олон удаа давтагдсан гүйлгээ үүсч, татварын маргаан үүсээд байсан. Бид НӨАТ-ын асуудлаар Дтэй 2–3 удаа уулзаж ярилцсан. Улмаар манай байгууллага татвар төлөхөөс зайлсхийх гэсэн мэт ойлгогдсон нь харамсалтай. Гэсэн ч тухайн үйлдэл нь буруу байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй байна. Холбогдох төлбөр, торгуулийг төлж, улсад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болно. Энэ явдлаас хойш манай байгууллага ямар нэгэн хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст жил бүр 200–300 сая төгрөгийн татвар төлж, “Сайн татвар төлөгч” байгууллага болж ажиллаж байна. Татвараас зайлсхийсэн гэх төлбөрөө төлөөд улсыг хохиролгүй болгосон байгаа” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би компанийн захирал Сэтэй 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Манайх 170 сая төгрөгийн үнийн дүнтэй НӨАТ-ын баримтыг Д нэр дээр шивүүлсэн боловч уг баримт нь 2018–2019 оны тайланд хамаарахгүй атлаа алдаатайгаар (улаан дүнгээр) орж ирсэн. Дтэй холбогдоход тухайн баримт буцаагдаж, улаан дүнтэйгээр дахин орж ирсэн бөгөөд 2–3 өөр газраас давхар шивж өгсөн байжээ. 2018 оноос нэлээд буцаалт хийсэн. Баримтыг олон удаа буцааж, дахин дахин шивж оруулсан нь Татварын байгууллагын анхааралд өртсөн тул асуудал үүссэн талаар өмнө нь анхааруулж байсан. Өөрсдийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үлдэгдэл бүх төлбөрийг төлөөд улсыг хохиролгүй болгосон байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн **************** дугаартай хэргээс:

Улсын яллагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ий өдрийн “**************** ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга /хх-ийн 14-34-р хуудас/, гэрч Б.Тын мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас, гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/, гэрч  П.Дгийн мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/, гэрч Д.Аын мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/, гэрч А.Сын мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас), гэрч Ц.Дгийн мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/, гэрч Ч.Ггийн мэдүүлэг /хх-ийн 113-114-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Ны мэдүүлэг /хх-ийн 153-154-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Сэ нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.         

Шүүгдэгч Б.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Сэ, Б.Б нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч “**************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэ, нягтлан бодогч Б.Б нар нь бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй 10 аж ахуй нэгжүүдээс 2017-2020 оны татварын тайлант хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу нийт 1,737,533,500.03 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 40 ширхэг НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 173,753,350 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “**************** ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга /1-р хх-ийн 14-34-р хуудас/,

- Гэрч Б.Тын: “...Хяналт шалгалтыг цахим тайлан, татварын албаны хөндлөнгийн мэдээлэлд суурилж танилцуулга гаргасан. Харилцах болон анхан шатны баримтуудад шалгалт хийгээгүй. Татварын албаны мэдээллийн сан ашиглаж хяналт шалгалт хийхэд 40 ширхэг төлбөрийн баримтаар 1,737,533,500.00 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 173,753,350.00 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй гэж үзсэн. Уг аж ахуйн нэгжийн худалдан авалт хийсэн компаниудын борлуулалт, худалдан авалтыг тулгаж шалгах байдлаар хий 7 бичилттэй падаанаар татвар ногдуулах орлогоо бууруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал: “**************** ” ХХК нь “Итгэлт хөрш” ХХК-иас 136,470,454.55 төгрөгийн Бараа ажил үйлчилгээ худалдан авсан гэж тайлагнасан байна... Ийм хэмжээний худалдан авалт хийснээр Нью эксит ХХК-ий татвар ногдох орлого энэ хэмжээгээр буурч төлөх татварын хэмжээ 13,640,45,45 төгрөгөөр буурч байна гэсэн үг. “Итгэлт хөрш” ХХК- ий энэ хэмжээний борлуулалт нь бодитой эсэхэд мэдээллийн сангаа ашиглаж шалгахад 2018 оны татварын тайлангаар 1,1 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ борлуулсан гэж тайлагнасан боловч 48,0 мянган төгрөгийн худалдан авалттай аж ахуйн нэгж байсан. Тэгэхээр энэ падаан нь хий бичилттэй падаан буюу ямар нэгэн худалдан авалт, борлуулалт хийгдээгүй боловч худалдан авсан байдлаар тайлагнаж татвар ногдох орлогоо бууруулсан байж болзошгүй харагдаж байгаа юм. Тухайн байгууллагын анхан шатны баримт, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ зэргээс тухайн баримтууд нь бодитой худалдан авалт, борлуулалт болсон эсэх нь харагдана... Тайлангаа шивэх эрх нь нягтлан, захирал нарт л байдаг. Цахимд тийм хэмжээний борлуулалт хийсэн гэх байдлаар бүртгүүлдэг. Тоон гарын үсэг, нууц үг нэвтрэх эрхтэй хүмүүст л уг баримтыг бүртгүүлэх эрх нь байдаг. Аж ахуйн нэгж өөр нэг аж ахуйн нэгжид бараа борлуулсан тухай цахимд бүртгүүлэхэд нөгөө аж ахуйн нэгжийн худалдан авалтаар шууд бүртгэгдэж татварын албаны мэдээллийн санд бүртгэгдэг. Энэ нь тухайн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, харилцахын баримт, бэлэн мөнгөний орлого зарлагын ордер, /бэлэн мөнгө хүлээн авсан, зарлага гарсан/ харилцахаар гарсан орлого зарлагын гүйлгээ зэрэг баримтуудаар баталгаажих ёстой... Тоон гарын үсгийг захирал, нягтлан хоёр эзэмшдэг, тухайн гарын үсгийг шинэчлэх тохиолдолд зайлшгүй шаардлагатай баримт бичгүүд байдаг. Хэн нэгэн дураараа өөр аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс борлуулалтын баримт бүртгүүлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,

- Гэрч Б.Мын: “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11-и-1/622 дугаартай албан бичиг болон Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2521400458 тоот албан томилолтын дагуу тус хэлтсийн татварын татварын улсын байцаагч Б.Тын хамт 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл “**************** ” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. “**************** ” ХХК нь давхардсан тоогоор нэр бүхий 16 аж ахуй нэгжээс 40 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,737,533,500.03 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 173,753,350.00 төгрөгөөр буруулсан нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж татварын улсын байцаагчийн танилцуулга гаргасан. Учир нь тухайн аж ахуйн нэгжийн тайландаа тусгасан НӨАТ-ын падаан болон татварын албаны мэдээллийн баазаас татаж авсан хөндлөнгийн мэдээлэл тус аж ахуйн нэгжтэй харьцсан (худалдан авалт хийсэн аж ахуй нэгжийн мэдээлэлд шалгалт хийх байдлаар танилцуулга гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/,

- Гэрч П.Дгийн: “...Энэ компанийг манай хамаатны хүүхэд болох ээжийн дүүгийн хүүхэд болох Э.Гэрэлт-Од 2013 онд үүсгэн байгуулсан юм. Тэр үед тоос сорогч худалдан борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг компани байсан юм. Намайг 2013 оны дунд үед намайг хамт ажиллаач гэж гуйгаад би тэр компанид хамт ажиллаж байсан. Тэгээд 2015 бил үү. 2016 онд миний нэр дээр уг компанийг шилжүүлсэн. Би Америкийн визэнд орох гээд өөрийнхөө нэр дээр дээр шилжүүлсэн юм. Тэгсэн ч виз гараагүй. Тэгээд Гэрэлт-Од руу буцааж шилжүүлээгүй байсан юм. Татварын албанаас над руу байнга холбогдож татвараа төл гэж шаардаад байхаар нь Гэрэлт-Од руу буцааж шилжүүлж аваач гэж хэлж байсан ч шилжүүлж аваагүй нэлээн удсан. Тэгээд өнгөрсөн жил 2020 оны 2 сард нэг хүний нэр дээр шилжүүлэх гэрээ хийгээд тэр гэрээний нэг хугацаа нь дууссан байна гээд шилжүүлж чадаагүй. 7 сард дахиж худалдах худалдан авах гэрээ хийж Дгийн А гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг Д.Аод хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 92-94-р хуудас/,

- Гэрч О.Гийн: “...Би одоо Максимус дистрибюшн ХХК-д жолооч ажилтай. 2011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Бэлэн гоймон, цай, Сосоос оруулж ирдэг касс нэртэй пиво зэрэг хүнсний бүтээгдэхүүний түгээлтийн ажил эрхэлдэг... Компани эзэмшиж байгаагүй, хувь эзэмшдэг компани байхгүй... "таны нэр дээр Дэвжих тэргүүн ХХК 2019 онд үүсгэн байгуулсан тухай улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ ямар учиртай вэ гэх асуултад... би энэ тухай мэдэхгүй байна. байгуулсан бол байгуулсан л гэж хэлнэ. Үнэхээр мэдэхгүй байна... 2020 оны сүүлээр Сос явах виз мэдүүлэх гэж хүнд бичиг баримтаа өгч байсан. Түүнээс өөрөөр бичиг баримтаа хүнд өгч хэрэглүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,

- Гэрч Д.Аын: “...2017 оноос найзалж эхэлсэн найз Золжаргал 2020 оны 05 билүү 06 дугаар сард над руу залгаад нэг компани би худалдаж авах гэсэн юм. Би өөрөө Дархан хотод байна, чи Улаанбаатар хотод байгаагаараа нэг хүнтэй уулзаад тэр компанийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлчих, чамайг Дарханд ирэхээр чинь би шилжүүлээд авъя гэж хэлээд надад нэг утасны дугаар өгсөн юм. Тэр хүнтэй нь утсаар холбогдоод Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн нотариат дээр уулзсан юм. Тэгсэн “Итгэлт хөрш сервис” нэртэй компани бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэх гэсэн бичиг баримтын асуудалтай гээд болоогүй юм. Дараа нь ахиад Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн нотариат дээр очоод бас бичиг баримт нь болоогүй юм. Тэгээд би бичиг баримт нь болохгүй байна гэдгийг Золжаргалд хэлсэн. Тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-110-р хуудас/,

- Гэрч А.Сын: “...“Дулаан шугам” гэх компанитай ямар хамааралтай болохыг мэдэхгүй, Оюунчимэгийн гүйцэтгэж байсан барилгын ажил дээр ажиллаж байхдаа бараа материал, зэрэг ажилд оролцоход Дулаан шугам гэдэг компани таардаг байсан. Дулаан шугам гэдэг гэрээт ажил хийдэг, захирал нь олдохгүй байгаа зарна гэж ярьж байсан гэхээр нь би дугаарыг олоод холбогдож байгаад нэр дээрээ шилжүүлж авч байсан. Уг хүнийг одоо хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй... Энэ талаар мэдэхгүй байна. Шилжүүлж авахаас өмнөх үйл ажиллагааг мэдэхгүй байна. 2021 оны 01 сард Татварын ерөнхий газраас дуудаад очиж уулзаж байсан. Тэгээд компанийн үйл ажиллагааны тухай асуугаад энэ компанийн талаар сайн мэдэх хүнийг явуул гэж байсан. Тайлан илгээх гэхээр улаан анхааруулах тэмдэг гараад болохгүй байсан юм. Би санхүүгийн талын мэдлэггүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй, урьд нь уг компанийн үйл ажиллагааг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,

- Гэрч Ц.Дгийн: “... Сэ гэх хүнтэй ажлын шугамаар бараа материал авч өгөлцөж ганилцсан юм. Гэхдээ олон тэгж уулзаагүй, одоо бараг харвал танихгүй байх. Нэг нэгэндээ тустай дэмтэй явдаг байсан. Нэг удаа Соёл- Эрдэнэ нь надад НӨАТ хэрэгтэй байна, НӨАТ-ын өртэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Болороод хэлээд Диплэйк гэх компанид найдвартай, нөат-ын илүүдэл байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үнийн дүнгээс 2 хувиар тохирч Сий компани руу Диплейк компаниас НӨАТ шивүүлж өгсөн. Диплэйк компаний захирал болох хүнтэй уулзаж байгаагүй, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг нь би мэдэхгүй. 2020 оны 11 сард Сэ над руу холбогдоод Диплэйк компаниас бичилт хийгдсэн нь буцаагдсан байна гэхээр нь Болороод хэлсэн. Дараа нь Соёлоо над руу Дуяа эгчээ манай баримт шивэгдээд орчихсон байна, болсон байна гэж хэлж байсан. Тэр үед нь би ямар компани байна гэж асууж лавлаагүй, аан за гээл өнгөрсөн. Сүүлд дахиж бичилт хийсэн компанийн нэрийг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р хуудас/,

- Гэрч Ч.Ггийн: “...Ц.Д нь НӨАТ-ын баримт шивэх компани байна уу гэж асуусан. Батжаргалын Нармандал гэдэг хүнтэй 2003 оноос таньдаг байсан юм. Намайг барилгын үйл ажиллагаа явуулдаг болохоор надаас Нараа эгч НӨАТ-ын баримт шивдэг найдвартай компани байна гэж хэлж байсан. Тэгээд би мессежээр Ц.Дгээс компанийх нь мэдээллийг аваад, Нараа эгчээс мөн бичилт хийх компанийх нь мэдээллийг аваад сольж өгч байсан юм. Одоо тэр компаний нэрсийг мэдэхгүй байна. Нараа эгчийн бичилт хийж байгаа компани нь найдвартай компани гээд Диплейк гэж байсныг санаж байна. Б.Нармандал нь 2020 оны 08 сард нас барсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р хуудас/,

- “********** ” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн А/45 дугаартай “... Энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан нь Анхан шатны баримтгүй, бараа материалын тайлан гаргаагүй байгаа нь худалдан авалтыг үнэн зөв тайлагнаагүй нотлох баримтгүйгээр бичилт хийж санхүүгийн тайлан, мэдээлэлийг буруу илэрхийлсэн гэж үзэхээр байна... Нийт 40 ширхэг 10 нэр бүхий ААН-ээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,737,533,500 төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн нь нотлогдож төлөх албан татвар 173,753,350 төгрөгөөр бууруулсан нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй, хий падаан үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн нь шинжээчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэхээр байна...” гэсэн шинжээчийн тайлан /1-р хх-ийн 208-222-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Ны: “ “**************** ” ХХК-ийн хувьд танилцуулгад хамааралтай үгүйг нь мэдэхгүй байгаа бөгөөд, татварын нэгдсэн сангаас регистрийн дугаараар шүүж үзэхэд 500 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй байна. Энэ төлбөрөөс НӨАТ-ын баримтыг төлсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн  мэдүүлэг /2-р хх-ийн 18-19-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах  бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Түүнчлэн татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээдэг ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Шүүгдэгч “**************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэ, нягтлан бодогч Б.Б нар нь бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй 10 аж ахуй нэгжүүдээс 2017-2020 оны татварын тайлант хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу нийт 1,737,533,500.03 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 40 ширхэг НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 173,753,350 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “татвар төлөгч ...хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан  татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна гээд, мөн зүйл, хэсгийн 7.1.1 -т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” хамаарна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, мөн зүйл, хэсгийн 8.1.1 дэх заалтад “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд...албан татварыг ногдуулна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т: “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор заасаг ба энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарын үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

 Шүүгдэгч Д.Сэ, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 173,753,350 төгрөгөөс нийт 155,165,992 төгрөгийн үнэ бүхий 38 падааныг залруулга хийгдсэн тул залруулга хийгдээгүй 18,727,272 төгрөгийг “**************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч Д.Сээс гаргуулж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгох нь зүйтэй байх ба шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дийлэнхи хэсгийг төлж барагдуулсан болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

            Шүүгдэгч Д.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Наатар овгийн Даваасүрэнгийн Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Монгол овгийн Баатарын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч “**************** ” ХХК-ийн захирал Д.Сээс залруулга хийгдээгүй 18,587,358 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сэ, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ