Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01126

 

 

 

А.Б, Б.Б, Ц.Ц

О.П, Л.Э нарын

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00836 дугаар шийдвэртэй А.Б, Б.Б, Ц.Ц  О.П, Л.Э нарын нэхэмжлэлтэй “МЧБХ ” НҮТББ-д холбогдох,

“МЧБХ ” НҮТББ-ын Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол,

Удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э Ж.Б, Г.Б, Д.Г,Д.Б, О.Б, А.Ц, С.М нарыг “МЧБХ ” ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, Б.Б , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , түүний өмгөөлөгч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЧБХ ” НҮТББ нь хагас зуун жилийн түүхтэй ахмад тамирчдын үүсгэн байгуулсан, үе үеийн тамирчдын хүч хөдөлмөр, тэдний гаргасан түүхэн амжилтуудын үр дүнд байгуулагдсан үеэсээ хойш өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Улмаар тус холбоо нь тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу 1994 онд Хууль зүйн яаманд бүртгүүлж, 254 дугаартай гэрчилгээ авсан мөн оноос эхлэн 2011 оны 3 дугаар сарыг хүртэл УХ31045 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ хэрэглэж байсан. Харин МЧБХ ны удирдлагаар хууль бусаар сонгогдсон Л.Ч нар нь шинэчлэл нэрийн дор УХЗЮ45 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ 2011 оны 3 дугаар сараас сольж, ТТГ5760, 1013726 дугаартай тэмдэг хэрэглэж ирсэн. Хариуцагч нь 2009 оны МЧБХ-ны Их хурлын тогтоолууд дээр 2011 оны 3 дугаар сараас хэрэглэж эхэлсэн ТТГ5760, 1013726 дугаартай тэмдгийг дарсан байна. МЧБХ-ны 2009 онд хуралдсан их хурлаар нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудад дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бол тухайн хурлын протокол, тогтоолууд дээр тус холбооны 2011 оноос хэрэглэж эхэлсэн тамгыг дарах ямарч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нөхөж, хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, “МЧБХ ” НҮТББ-ын удирдлагууд дан ганц тамга тэмдгийг хуурамчаар үйлдээд зогсохгүй 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд дээр тухайн хурлын дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Дархан аварга Х.Б-ийн  гарын үсгийг дуурайлгаж зурсан байна.

Нэхэмжлэгч А.Б нь МЧБХ ны удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч болон шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Гэтэл МЧБХ ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийг сонгох тухай гэх хууль бус тогтоолоор түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс хассан байна. Мөн энэ тогтоолоор Монгол Улсын Дархан аварга Хөдөлмөрийн баатар Ж.М, Х.Б Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.О , Монгол улсын гавьяат тамирчин Н.Б нарыг хасч уг тогтоол дээр Монгол Улсын дархан аварга хөдөлмөрийн баатар X.Х.Б-ийн  гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байна.

Түүнчлэн, Л.Ч дээрх хуурамч тогтоолуудаар “МЧБХ ” НҮТББ-ын үүсгэн байгуулагчаар томилогдсон нь хууль бус болсон. Учир нь 2009 оны “МЧБХ ” НҮТББ-ын  их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй. Гэтэл 1961 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1962 онд Олон Улсын бөх сонирхогчдын холбоонд гишүүнээр элссэн ууган холбоодын нэг МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар Л.Ч, Д.С нарыг хурлаар огт хэлэлцээгүй байхад  хуурамч тогтоол үйлдэн тогтоож, “МЧБХ ” НҮТББ-ыг өмчилж өгсөн нь “МЧБХ ” НҮТББ болон энэ спортын төрлийн төлөө өөрсдийн сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчдийн 50 гаруй жилийн хөдөлмөрийг үл тоомсорлож, уландаа гишгэсэн үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Улмаар үүсгэн байгуулагчаар хууль бусаар томилогдсон Л.Ч нь “МЧБХ ” НҮТББ-ын их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан нь үндэслэлгүй юм.. Ийм ёс зүйтэй хүмүүс өдгөө “МЧБХ ” НҮТББ-ыг өмчилж аваад удирдаад сууж байгаа нь  харамсалтай.

Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, 4.7-д үндэслэн Д.Д-ийг “МЧБХ ” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Энэ нь нэгдүгээрт Д.Д-ийг “МЧБХ ” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх удирдах зөвлөл өөрөө хууль бусаар томилогдсон, хоёрдугаарт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолыг гаргахад үндэслэсэн холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, 4.7 гэх заалтууд орсон дүрмийг МЧБХ ны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрмийг өөрчлөх тухай 05 дугаар хурлаар хэлэлцэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар үүсгэн байгуулагчаар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй удирдах зөвлөлийн гишүүд Д.Д-ийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр томилсон тул эдгээр холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж МЧБХ ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн протокол, 01 дугаар “МЧБХ ” НҮТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, 02 дугаар “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийг сонгох тухай тогтоол, 03 дугаар “МЧБХ ” НҮТББ-ын үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн холбооны 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, МЧБХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл мөн өдрийн 12 дугаар удирдах зөвлөлийн хурлын “МЧБХ ” НҮТББ-ын Ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрмийг өөрчлөх тухай 05 дугаар тэмдэглэл, тус хурлаар баталсан МЧБХ-ны дүрэм, Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э Ж.Б, Г.Б, Д.Г,Д.Б, О.Б, А.Ц, С.М нарыг “МЧБХ ” НҮТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь 2009-2017 оны хооронд гарсан МЧБХ ны дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолыг хүчингүй болгуулахыг шаардсан байна. Эдгээр шаардлагуудад дурдсан хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хүчингүй болгодог баримт бичиг биш юм. Харин хурлын тогтоолуудын хувьд Төрийн бус байгууллагын тухай хууль болон Иргэний хуульд шүүхээс Төрийн бус байгууллагын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт байхгүй. Түүнчлэн, эдгээр 17 шаардлага бүхий дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолуудаас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай тогтоол, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус МЧБХ ноос хүчингүй болгосон тогтоол гарсан байгаа. Мөн МЧБХ г удирдах эрхгүй этгээд удирдах зөвлөлд байна гэж нэр бүхий хүмүүсийг дурдсан байна. Жишээ нь Ж.Б, Г.Г, О.Б, А.Ц зэрэг хүмүүсийг хүсэлтээр нь удирдах зөвлөлөөс чөлөөлсөн байгаа. Д.Г байхгүй, түүнийг чөлөөлсөн. Тиймээс энэ зөрүүтэй байдлыг өөрсдөө шалгаж, тодруулах хэрэгтэй байх. Нэхэмжлэгч талд өөрсдөд нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн зүйл байхгүй гэдгийг түрүүн хэллээ. Эдгээр хүмүүсийн хэлж байгаагаар өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөөгүй, танай холбоо үйл ажиллагаагаа зөв явуулж чадахгүй байна гэдэг байдлаар маргаад байгаа зүйл ажиглагдаж байна. МЧБХ  нь анх 1994 онд Ж.Г гэдэг хүний өргөдлөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Энэ нь 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж яриад байгаатай холбоотой юм. Учир нь Монгол Улсад 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж байхгүй. Монгол улсад 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хувийн хэвшил, хуулийн этгээдийн эрх зүйн асуудал яригдаж 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдсан. Уг холбоо нь 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хууль ёсоор шинэчилсэн бүртгэл хийлгэсэн. 1997 оноос хойш улсын бүртгэлд авагдсан МЧБХ ны гэрчилгээн дээр өөрчлөлт нь 1997 онд шинэчилсэн бүртгэл хийгдээд, 2001, 2005, 2009 онуудад дүрмээ бүртгүүлсэн өөрчлөлтүүд байна. А.Б  нь 2001-2009 оны хооронд тус холбоонд ерөнхий нарийн бичгийн алба хашиж байсан байна. 2001 онд дараагийн огноотой, А.Б гэсэн гарын үсэгтэй бүртгэл хийлгэсэн байна. 2005 онд бага хурал хуралдсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Энэ нь 2001 оны дүрэм хэрэгжээгүй байна гэсэн үг. 2009 онд мөн адил өөрчлөлт ороогүй, бүртгэгдсэн зүйл байхгүй байна. 2012 оны 01 дүгээр сард бүртгэл хийгдсэн байна. 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хууль зүйн яамнаас улсын бүртгэл рүү мэдээлэл явуулж, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдэж гэрчилгээг шинээр олгож байсан байна. Энэ шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор 2009 онд хуралдсан хурлыг нөхөж бичиж, бичиг баримтыг нь нөхөж үйлдсэн. 2012 онд шинэчилсэн бүртгэл хийлгэхийн тулд хуульд заасан тодорхой баримтуудыг бүрдүүлсэн. Тэр бүрдүүлсэн баримтууд дээр 2011 оноос хойш хэрэглэж эхэлсэн тамга тэмдэг дарагдсан нь үнэн. Яагаад гэвэл 2009 онд бүртгэл хийгдээгүй. 2001-2011 оны хооронд бүртгэлд хийгдэлгүй явсан учраас бүртгэлээ хийлгэхийн тулд баримт нөхөж бүрдүүлэх шаардлагатай болсон. Х.Б аварга бидэнд олдохгүй байсан учраас улсын бүртгэлд баримт материалаа өгөхийн тулд О.Б гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. О.Б нь тухайн үед холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Энэ нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэхээс илүү Төрийн бус байгууллагынхаа эрх зүйн байдлыг хадгалах, улсын бүртгэлд бүртгүүлэх, баталгаажуулах зэргээс хамаарч тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулан баримт бичгийг нөхөж үйлдсэн явдал юм. Баримт бичгийг нөхөж үйлдэх нь хуурамч баримт бичиг үйлдэхээс өөр юм. Хуурамчаар баримт бичиг үйлдсэн үйлдэл нь иргэний хэргийн маргаанд хамаарахгүй, эрүүгийн хэрэгт хамаарна. 2009 оны нөхөж үйлдсэн баримт бичиг, гарын үсэг, тамга тэмдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлтэй шууд хамааралтай юм. 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Ч нь 255 гэсэн тоот албан бичгийг улсын бүртгэл рүү явуулж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргасан байгаа. 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн өргөдөл 2012 оны 02 дугаар сард шийдэгдэж байгаа нь ТББ-ын үйл ажиллагаанаас хамааралгүй, харин төрийн байгууллагын системийн үйл ажиллагаатай холбоотой юм. Мөн хариуцагч МЧБХ  нь нэхэмжлэгч таван иргэний эрх ашгийг яаж зөрчөөд, хохироосон талаар бодитой зүйл байхгүй байна. МЧБХ  нь нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлгүй байгууллага юм. Төрийн бус байгууллага нь иргэдийн сайн дурын үндсэн санаа зорилго нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Хэний ч албадлагагүйгээр нэгдэн нийлдгээрээ онцлогтой. А.Б-гийн хувьд удирдах зөвлөлийн гишүүн байсан гэж ярьж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд А.Б-г 2009 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гэдэг баримт байхгүй байна. МЧБХ ны үе үеийн удирдлагаар олон хүн ажиллаж ирсэн. Жишээ нь Ж.Г, н.Б, н.Б, н.Г , Л.Ч гэх зэрэг хүмүүс ажиллаж ирсэн байдаг. Мөн улсын бүртгэлтэй холбоотойгоор МЧБХ ны ерөнхийлөгчөөр н.Г-ийг  чөлөөлж Л.Ч-ыг томилсон тухай албан тоот хүргүүлэхэд, тухайн холбооны ерөнхийлөгчөөр н.Ганзориг гэдэг хүн томилогдож байгаагүй байна гэдэг хариу ирэхээр нь н.Б-ыг холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлж, Л.Ч-ыг томилов гэж өөрчилж байсан тохиолдол байдаг. Тиймээс нэхэмжлэгч нарын зүгээс ТББ-ын дотоод ажиллагаанд хэт оролцож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд саад учруулж, нэр хүндэд нь халдаж, сөрөг үр дагавар үүсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.            

Шүүх: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан “МЧБХ ” НҮТББ-ын их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн их хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ” ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх МЧБХ НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.Д-ийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.С-ыг томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э, Ж.Б, Г.Б, Д.Г, Д.Б, О.Б, А.Ц, С.М нарыг МЧБХ НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,800 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч МЧБХ НҮТББ-аас 351,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , түүний өмгөөлөгч Г.Д нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А.Б, Б.Б, Ц.Ц О.П, Л.Э нарын нэхэмжлэлтэй, “МЧБХ ” НҮТББ-д холбогдох ““МЧБХ ” НҮТББ-ын Их хурал, Удирдах зөвлөлийн хурлын хурлын тэмдэглэл, тогтоол, дүрмийг тус тус хүчингүй болгуулах, нэр бүхий 16 хүнийг “МЧБХ” НҮТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг тогтоож, шийдвэртээ тусгаагүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан хамгаалалтын аргыг хэрэглэх журмыг зөрчсөн. 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” мөн хуулийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” аргаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн хүчингүй болгосон тэдгээр тогтоол, тэмдэглэл, дүрэм нь бусдын буюу хэний эрхийг (нэхэмжлэгч нарын эсхүл өөр бусад эрхээ хамгаалуулах шаардлагатай этгээдийн) хэрхэн зөрчсөн талаар тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан аргаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд “эрх зөрчсөн шийдвэр”-ийн улмаас нэхэмжлэгч А.Б, Б.Б, Ц.Ц О.П, Л.Э нарын эрх ашиг нь зөрчигдсөн байх ёстой. Гэтэл МЧБХ  ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол, дүрмийн улмаас дээрх нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, зөрчигдөх боломж ч байхгүй юм. Учир нь дээрх нэхэмжлэгч нар нь хариуцагч МЧБХ  ТББ-д ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлдэггүй бөгөөд эдгээр иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөр тушаал, шийдвэр биш байна.

Мөн иргэний эрх зүйн хамгаалалтын энэ аргыг хэрэглэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 156-160 дугаар зүйлд хуульчилж өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. Шүүх дараах хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ: 156.1.1. “... бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол:” гэжээ. Эндээс үзэхэд, иргэний хэргийн шүүх гагцхүү хуульд заасан тохиолдолд аливаа байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох хэргийг гомдлоор авч хэлэлцэхээр байна. Гэтэл нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, түүний албан тушаалтнаас гаргах ямар нэгэн шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах тохиолдол байхгүй байна. Ийнхүү анхан шатны шүүх иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх журмыг зөрчиж, уг аргыг хэрэглэх хуульд заасан нөхцөл хангагдаагүй байхад уг аргыг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй баримт бичгүүдийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нарын зүгээс “МЧБХ ” НҮТББ-ын 2009-2017 оны хоорондох Их хурлын болон Удирдах зөвлөлийн 8 ширхэг хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Гэвч хурлын тэмдэглэл гэх энэхүү баримт бичиг нь эрх зүйн үйлчлэлгүй, гагцхүү болсон үйл явдлыг тэмдэглэн баримтжуулж үлдээдэг онцлогтой баримт бичиг юм. Тэмдэглэлийг хүчингүй болгосноор тухайн үед болсон үйл явдлыг үгүйсгэх буюу цуцлах, хүчингүй болгох боломжгүй.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. ТББ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийг хүчингүй болгож уг байгууллагын үйл ажиллагааг зохицуулалтгүй болгосон. Шүүх МЧБХ  НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “МЧБХ ” НҮТББ-ын дүрмийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн ач холбогдол нь юу болох, нэхэмжлэгч нарын ямар эрх, хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд Энэхүү шийдвэрийн үр дүнд хариуцагч “МЧБХ ” ТББ нь үйл ажиллагаагаа зохицуулах дүрэмгүй болж байгаа нь хариуцагчид сөрөг үр дагавартай.

Нэр бүхий 16 хүнийг “МЧБХ ” НҮТББ-г төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн. Дээрх шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э, Ж.Б, Г.Б, Д.Г, Д.Б, О.Б, А.Ц, С.М, нарыг “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоосугай” гэж нэхэмжлэл шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн.  Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.”, 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул МЧБХ ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоол, удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоолуудыг хуралдааны тэмдэглэлийн хамт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин эдгээр тогтоолоор эрх олж авсан этгээдүүдийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарны 05-ны өдрийн хооронд гаргасан тогтоолуудыг хуралдааны тэмдэглэл, дүрмийн хамт хүчингүй болгосон. Нэгэнт сүүлд гарсан шийдвэрүүдийн үндэслэл болсон өмнөх шийдвэрүүд нь хэвээр үлдэж байгаа тохиолдолд сүүлд гарсан шийдвэрүүдийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан өмнөх шийдвэрийн үндсэн дээр гарсан байна хэмээн хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, сүүлд гарсан шийдвэрүүдийг гаргасан субъект нь хууль болон дүрэмд зааснаар томилогдоогүй буюу сонгогдоогүй хэмээн уг субъектийн бүхий л шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.Б, Б.Б, Ц.Ц  О.П, Л.Э нар нь хариуцагч “МЧБХ ” НҮТББ-д холбогдуулан

“МЧБХ ” НҮТББ-ын Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол,

Удирдах зөвлөлийн 2013оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э Ж.Б, Г.Б, Д.Г,Д.Б, О.Б, А.Ц, С.М нарыг “МЧБХ ” ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах аргыг заасан. Эдгээр аргын нэг болгон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д  бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар иргэний эрхийг хамгаалахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч А.Б нь Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд гишүүнээр сонгогдсон байтал хуурамч тогтоолоор хасагдсан, бусад нэхэмжлэгч нар тухайн мэргэжлийн хүмүүс бөгөөд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах байгууллагад сонгогдох эрх  дээрх тогтоол шийдвэрээр зөрчигдсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Эдгээрийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, нэхэмжлэгч А.Б-г зохих ёсоор удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

“МЧБХ ” НҮТББ нь анх 1994 онд үүсгэн байгуулагдаж,  улсын бүртгэлд мөн оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, 1993 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн бага хурлаар, 2001 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бага хурлаар дүрэм баталсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр нотлогдсон. /1хх-ийн 10, 2хх-ийн 126-154 дүгээр тал/

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.” гэж заасан. Иймээс МЧБХ ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор ерөнхийлөгч Л.Ч, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.С нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсан нь үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт зөв юм.

Талуудын маргааны зүйл болсон “МЧБХ” НҮТББ-ын  2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг баталгаажуулсан, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01,03, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дүгээр тогтоолуудаар ерөнхийлөгч бөгөөд удирдах зөвлөлийн даргыг сонгож баталсан, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн болон 2016 оны 11  дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар тогтоолоор төрийн бус байгууллагын дүрмийг баталсан тухай баримт хэрэгт авагдсан. /1хх-ийн 21-22, 26, 2хх-ийн 20, 42, 50, 63, 79-83 дугаар тал/ Эдгээр тогтоол, шийдвэрийг хууль болон дүрэмд заасан журмын дагуу гаргасан гэх нөхцөл байдлыг хариуцагч талаас нотолж чадаагүй тул хууль зүйн үндэслэлтэй шийдвэр, тогтоол гэж үзэхэд учир дутагдалтай болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах, даргаар Д.Д-ийг сонгох тухай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргаар Д.С-ыг томилох тухай тогтоолуудыг гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус этгээдүүд  зохих дүрэм, журмыг зөрчиж гаргасан  болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 95-96, 2 дугаар хавтасны 166-170,184 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар аливаа хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар удирдах этгээдийн эрх зүйн байдлыг үүссэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

Түүнчлэн, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар холбоог үүсгэн байгуулах баримт бичиг нь холбооны дүрэм байна. “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд нь хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3254 дугаартай дүгнэлтээр нотлогдсон, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар тогтоолоор баталгаажуулсан нэр бүхий удирдах зөвлөлийн гишүүдийг хууль болон дүрэмд заасны дагуу сонгогдсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд тэдгээрийг удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбоог төлөөлөх харилцаанд оролцох эрхгүй гэж үзнэ. “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүнээр Л.Ч , Г.Б, Д.Д, Д.С, Б.Б, Б.Ө, Р.У, Ц.О, Ж.Т, Г.Ө, Л.Э, А,С, Ж.Б, Д.Г, Д.С, Н.Г, О.А нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байх ба уг тогтоолд ерөнхийлөгчөөр Л.Ч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 1-р хавтас 21 хуудас/  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр бүхий 17 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр хэрхэн сонгосон нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм /2011/-ийн 5.3.5-д зааснаар холбооны их хурлаар удирдах зөвлөлийг сонгох, чөлөөлөхөөр заасны дагуу удирдах зөвлөлийн дээрх гишүүдийг сонгосон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, “МЧБХ ” НҮТББ-ийн ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна энэ талаарх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх  шүүхийн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Дээрх тогтоолуудыг хүчингүй болгосноор хавсралтаар баталсан дүрэм хүчингүй болно.

Гэвч анхан шатны шүүх МЧБХ ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.3-т заасныг баримтлан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгосон асуудлаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй асуудлаар хариуцагч талын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.6 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

Хариуцагчийн “...өмнөх тогтоолуудыг хүчингүй болгоогүй, энэ талаарх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн хэрэгсэхгүй болгосон атлаа уг тогтоолуудаар батлагдсан удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотой хийгдсэн ажиллагааг хүчингүй болгосон нь буруу...” гэх гомдлыг хангах боломжгүй. Шүүх эдгээр тогтоолуудыг “хууль ёсны” гэдэг агуулгаар бус зөвхөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу эдгээр тогтоолуудыг хүчингүй болгох үр дагаврыг шүүхийн журмаар албадан хэрэгжүүлэхтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь дараагийн тогтоолуудын хууль зүйн үндэслэлд шууд чөлөөлөх үр дагавар үүсгэхгүй.

Мөн нэхэмжлэгч нар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоолыг хүчингүй болгохоор шаардлага гаргаснаар шүүх хангаж шийдвэрлэсэн байх ба “...нэхэмжлэлд дурдаагүй тогтоолыг хүчингүй болгосон...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй болно.

Харин МЧБХ ны Удирдах зөвлөлийн хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар,  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Учир нь эдгээр тэмдэглэлүүд нь хурлын үйл явцын тухай үйлдсэн бичвэр болохоос эрх зүйн үр дагавар үүсгэх баримт бичиг буюу эрх зүйн акт биш юм. Шүүх аливаа бичиг сэлт бүрийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй тул тэмдэглэлийг хүчингүй болгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.  Өөрөөр хэлбэл, эдгээр тэмдэглэлүүд нь дээрх тогтоолуудыг гаргасантай холбоотой хуралдааны үйл ажиллагааг баримтжуулсан баримт бичиг бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгээгүй баримт бичгүүдийг шүүх хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан “МЧБХ ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.Д-ийг сонгох тухай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.С-ыг томилох тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, Д.С, Л.Ч, А.С, Б.Б, Ц.О, Ж.Т, Б.Ө, Г.Ө, Л.Э Ж.Б, Г.Б, Д.Г,Д.Б, О.Б, А.Ц, С.М нарыг “МЧБХ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “МЧБХ ” НҮТББ-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн их хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ” ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаар тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл  зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулан өөрчилж, 2 дахь заалтын “351 000” гэснийг “ 280 800” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                               Б.НАРМАНДАХ