Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/02854

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс My Town хотхон 108 дугаар байр, тоотод оршин суух, Аовогт Нийн Ч /рд:УП/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин тоотод оршин суух, О овогт Сын Д /рд:ДИ/-д  холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч С.Д нь надтай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж 39,000,000 төгрөгийн үнэ бүхий 2011 онд үйлдвэрлэгдсэн Sinotrur маркийн өөрөө буулгагч зориулалттай автомашиныг ямар ч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгөгүй 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлж дуусгах нөхцөлтэйгээр зээлээр худалдан авсан. Би гэрээнд заасны дагуу LZZTELND2BJ038563 аралын дугаартай кузовтой 9726 хөдөлгүүртэй улаан өнгөтэй 63-92 УБЗ улсын дугаартай машинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Өөрөө үзээд хүлээн авсан. Гараар хүлээн авсан бичиг үйлдсэн. Төлбөл зохих 39,000,000 төгрөгөөс хугацаанд төлж чадалгүй явснаар өөрийн эзэмшил болох 6759 УБН улсын дугаартай Sonata 7 маркийн машиныг 5,000,000 төгрөгөнд бодож өгсөн. ББСБ-д байсан өрнөөс нь гаргаж авсан. Үүний дараа 7,000,000 төгрөг өгсөн. Гэрчилгээ миний нэр дээр байсан машиныг надад мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулан зарсан байсныг олж мэдсэн. Гуравдагч хүн нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг С.Дд шилжүүлсэн байсан. Гуравдагч этгээдийн гэрчилгээний нэрийг сольж, өөрийн нэр дээр ажлын гэрээ хийж ажилд явах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу мөн тэр хүний хохирлыг барагдуулахын тулд дахин гэрээ хийж 23,000,000 төгрөгийг хуваарийн дагуу авсан. Гэрчилгээний нэрийг шилжүүлсэн. Одоо тэр машин хаана ямар ажилд явж байгааг мэдэхгүй болно. Миний бие хүндэтгэх шалтгаанаар С.Дтай тохиролцож, хөөцөлдөж чадахгүйд хүрсэн тул өөрийн нөхөр Ө.Атай итгэмжлэх хийлгэж зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах үүрэг өгсөн. Энэхүү итгэмжлэхийн дагуу С.Д  нь гараар баталгаа гаргаж нотариатаар батлуулсан. Уг баталгаандаа үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд төлнө гэсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Хөл хорио, ковидын нөхцөл байдал, мөн С.Дыг эрэн сурвалжлах гэж хэсэг хугацаа алдсан. Одоо С.Дын байршлыг тогтоосон бөгөөд цаашид дахин хүлээх боломжгүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны 4,000,000 төгрөгийн үлдэгдэлийг С.Даас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Нэхэмжлэлийн шаардлагаа 5,200,000 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Энэ нь С.Д гуравдагч этгээдэд зарсан. М гэсэн хүнтэй 21,800,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Анх 39,000,000 төгрөгөр худалдах худалдан авахаар гэрээ хийснээс 21,800,000 төгрөгийг Т.Маас, 7,000,000 төгрөгийг С.Даас, 5,000,000 төгрөгийг С.Даас /соната-7/ тус тус авсан болно. Одоо үлдэгдэл болох 5,200,000  төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийг 1,200,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна.

С.Д Соната-7 маркийн автомашинаа 9 сая төгрөгт тооцон өгснөөс өөрийн ББСБ-д байсан 4 сая гаруй төгрөгийн өрийг төлж, 5 сая төгрөгийг автомашины төлбөрт бодож авсан. С.Даас машин ашигласан төлбөрт 4,0 сая төгрөг нэхэмжилж байгаа. С.Д бидэнд автомашин ашигласны төлбөрт 4,0 сая төгрөгийг төлнө гэж зөвшөөрч гараар баримт үйлдэж өгсөн байгаа. Тухайн үед би жирэмсэн байсан учир манай нөхөр Анхбаяр итгэмжлэлээр оролцож, энэ асуудлыг хөөцөлдөж байсан. Уг нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт 4,0 сая төгрөг өгөх ёстой байсан боловч С.Д нотариат дээр очиход манай нөхрөөс гуйж байгаад ашигласан хугацааны төлбөрт 4,0 сая төгрөг өгөхөөр гэрээ хийсэн байсан. Тэр тохиролцооны дагуу нэхэмжилж байгаа. Анх надтай өөрөө буулгагч автомашиныг 39,0 сая төгрөгөөр худалдах худалдан авахаар гэрээ хийсэн боловч манай нөхөртэй 35,0 сая төгрөг болгож өгөөч гэж гуйсан юм билээ. Энэ талаар бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй учир би 39,0 сая төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа. С.Д машины худалдан авснаас хойш засаж сэлбэсэн гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй, бидний зөвшөөрөлгүй өөр хүнд үнэ буулгаж зарсан байсан гэв.

 

Хариуцагч  С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Д Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44-48а тоотод оршин суудаг. Н.Чоос Sinotruk маркийн өөрөө буулгагч худалдан авсан нь үнэн. Уг машиныг надад авахад машины эвдрэл гэмтлийг хүлээлгэж өгөөгүй болно. Би энэ машиныг аваад авсан өдрөөсөө эхлээд сэлбэг эд анги авч эхэлсэн. Уг машин олон жил зогссон явдаггүй машин байсан юм байна лээ. Би мэдэлгүй аваад эд анги нь эвдрээд явахгүй болохоор нь машины эзэнд эвдрэлийнх нь талаар хэлсэн бөгөөд ирээд үз гэхэд хэн ч ирж үзэхгүй таг болсон. Машиныхаа мөнгийг л нэхэхээс биш машинаа яаж байна гэж асуусан удаа байхгүй. Эвдрэл ихтэй машин байсан юм байна лээ. Би зээлийн гэрээгээр хийж авсан машинаа автомашины ломбарданд тавьж 4,000,000 төгрөг авч энэ машины эвдрэлийг засч янзалж явуулсан. Энэ машин нь эвдрээд явахгүй байна гэж энэ хүнд удаа дараа буцааж ав гэж хэлсэн боловч буцааж аваагүй байгаа тул гуравдагч этгээдэд шилжүүлэн зарсан нь үнэн болно. 10 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн боловч би худалдан авсан хүний данс руу шилжүүлсэн нь үнэн. Би 12,500,000 төгрөгийг Хаан банкнаас зээлээр авч 67-59 УБН sonata 7 маркийн автомашинаа энэ хүнд 8 сая төгрөгөөр өгсөн. Одоо надаас машин ашигласан гэх ямар ч үндэслэлгүй 4,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа юм. Энэ мөнгийг төлөх ямар ч боломжгүй, цэвэр луйвар гэж ойлгож байна. LZZTELND2BJ038563 аралын дугаартай кузовтой 9726 хөдөлгүүртэй улаан өнгөтэй 63-92 УБЗ дугаартай автомашиныг Зоригт гэдэг хүн хүлээлгэж өгөөгүй тул овог нь өөр Нт овогтой Ч гэдэг хүн нэхэмжлэл гаргасан байна. Би 67-59 УБН sonata 7 автомашинаа 8 сая төгрөгөөр үнэлж нэр дээр нь шилжүүлж өгсөнийг 7 сая төгрөг болгосон байна. З.Ч  байхад Н.Ч гэж яагаад нэрээ өөрчлөөд байгаа юм. Энэ бол луйвар бүхэл бүтэн хүний амьдрал. Түүний нөхөр А нь таньдаг цагдаа нотариат бүх юмаараа айлгаж сүрдүүлж миний унаж байсан 2010 оны 2018 онд орж ирсэн Hyundai sonata 7 маркийн автомашин хүчээр барьцаалан авсан. Зээлийн гэрээ одоо болтол байгаа. Би хаан банкинд зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрсэн тул дансаа хаалгуулсан нь үнэн. Одоо энэ хүнд ямар ч мөнгө төлөх боломжгүй тул энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Энэ бол луйвар. Энэ хүнд цаашид мөнгө өгөх үндэслэл байхгүй. Хүчингүй болгож өгнө үү.

Уг машиныг 39,0 сая төгрөгөөр худалдан авахаар анх тохиролцсон боловч эвдрэл ихтэй байсан учир завсарлах хэрэгтэй байна гээд үнээ буулгаач гэхэд Анхбаяр 35,0 сая төгрөг болгож буулгасан. Машинаа эргүүлж авахгүй гэсэн учир өөр хүнд 33,0 сая төгрөгөөр зарсан. Урьдчилаанд авсан 10 сая төгрөгөөс 7,0 сая төгрөгийг Чд өгсөн. Соната машиныг 8 сая төргөт тооцон өгсөн. Нийт 15,0 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг автомашиныг худалдан авсан хүнтэй тохиролцож гэрээ байгуулж авахаар болсон учир надтай тооцоо дууссан гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/07298 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, С.Даас ирэн Ат гаргасан баталгааны бичиг, С.Дын гаргасан баталгаа, Н.Ч, С.Д нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Автомашин хүлээлцэх тухай баримт, Н.Чын иргэний үнэмлэхний хуулбар, С.Дын иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01788 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, “Кэш энд мани” ХХК-ийн Дансны гүйлгээ тодруулах тухай албан бичиг,Хаан банк ХХК дахь Б.Гын депозит дансны хуулга, Н.Чын төрсний гэрчилгээний хуулбар, Л.З, Ч.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ныөдөр Н.Чоос Ө.Ат олгосон итгэмжлэлүүд зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч С.Д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч С.Дтай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж 39,000,000 төгрөгийн үнэ бүхий 2011 онд үйлдвэрлэгдсэн Sinotrur маркийн өөрөө буулгагч зориулалттай, LZZTELND2BJ038563 аралын дугаартай кузовтой, 9726 хөдөлгүүртэй улаан өнгөтэй 63-92 УБЗ улсын дугаартай автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгах нөхцөлтэйгээр зээлээр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11-р тал/ гэрээгээр худалдан авагч буюу С.Д нь 39,0 сая төгрөгийн эхний төлбөрт 20,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэх 19,000,000 төгрөгийг 5 хувааж сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,800,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний дагуу мөн өдрөө талууд Автомашин хүлээлцэх тухай баримт үйлдэж автомашиныг С.Даваанямд хүлээлгэн өгсөн байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон автомашин хүлээлгэн өгсөн, авсан талаар маргадаггүй. Талуудын хооронд зээлээр худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчилэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчилэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч С.Д гэрээгээр тохиролцсоны дагуу 20,000,000 төгрөгийн төлөлтийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ зөрчиж, төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд шалтгаанаа “... автомашин эвдрэл гэмтэл ихтэй, ажил хийх боломжгүй байсан учир эргүүлж аваач гэхэд аваагүй, ...өөрийн Соната-7 маркийн автомашиныг ломбарданд тавьж 4,0 сая төгрөгт сэлбэг авч автомашины эвлрэлийг засаж янзалсан..., ...энэ талаар Н.Чын нөхөрт хэлж үнийг 35,0 сая төгрөг болгон буулгаж өгөөч гэхэд зөвшөөрсөн...” гэсэн тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч талаас үнийг гэрээгээр 39,0 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон гэх боловч хариуцагчийн “...нэхэмжлэгч Н.Чын нөхөр Ө.А санал тавьж автомашины үнийг 35,0 сая төгрөг болгож буулгасан...” гэх тайлбарыг үгүйсгэдэггүй. Иймд талууд эд хөрөнгийн үнийг буулган 35,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон гэж үзэн үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч С.Д өөрийн өмчлөлийн Соната-7 маркийн автомашиныг нэхэмжлэгчид 9,000,000 төгрөгт тооцон түүний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцож, уг автомашины үнийн дүнгээс С.Дын Кэш энд мани ХХК-наас уг автомашиныг барьцаалан авсан 4,0 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт нийт 4,461,899 төгрөгийг нэхэмжлэгч Н.Чоос олгосон итгэмжлэлийн дагуу түүний нөхөр Ө.А төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга,  Кэш энд мани ХХК-ийн дансны гүйлгээ тодруулах тухай албан бичгээр тогтоогдож байна.  Түүнчлэн хариуцагч С.Д нь өөрийн өмчлөлийн Соната-7 маркийн 67-59 УБН улсын дугаартай автомашиныг Н.Чд 9,0 сая төгрөгт тооцон шилжүүлэн өгөхөө илэрхийлэн энэ талаар бичгийн баримт үйлдсэн нь хэргийн 9-р талд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд хэн аль нь уг машины үнээс 5,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргадаг. Талууд хэн аль нь энэ талаар маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул энэ талаарх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Иймд хариуцагч С.Д 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

Түүнээс хойш хугацаанд мөн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсны улмаас хариуцагч С.Д Sinotrur маркийн өөрөө буулгагч зориулалттай, LZZTELND2BJ038563 аралын дугаартай кузовтой, 9726 хөдөлгүүртэй улаан өнгөтэй 63-92 УБЗ улсын дугаартай автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бусдад 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч С.Д худалдагч талын зөвшөөрөлгүйгээр бусдад эд хөрөнгийг дамжуулан худалдан борлуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд “...гэрээг цуцалж буцааж өгөх талаар хэлэхэд зөвшөөрөөгүй, гэрээгээр өөрөө буулгагчийг буцаахгүй...” гэж тохирсон гээд аваагүй гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагчийн энэхүү тайлбар нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 8-д заасан нэмэлт нөхцөлөөр “Төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа талууд тооцоогоо нийлж тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлнэ. Мөн талууд эргэж буцахгүй байхаар тохиролцон бөгөөд уг өөрөө буулгагчийг буцаахгүй болно.” гэж тохиролцсон нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч мөн энэ талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсны улмаас худалдан авсан автомашиныг бусдад 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан, уг мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Чын дансанд шилжүүлэн өгсөн байна. Нэхэмжлэгч уг хариуцагчийн гуравдагч этгээдэд автомашиныг худалдсан болохыг хожим мэдсэн боловч энэ талаар маргадаггүй, харин автомашиныг худалдан авсан гуравдагч этгээд болох Т.Мтай 28,800,000 төгрөгөөр худалдан худалдан авах гэрээг байгуулж улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01788 дугаартай “Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Ө.Аын нэхэмжлэлтэй, Т.Мд холбогдох гэрээний үүрэгт 25,200,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.А нь 7,200,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч Т.М нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 30-нд 4,500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-нд 4,500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 30-нд 4,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 30-нд 4,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Т.М уг төлбөрийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг.

Түүнчдэн дээрх талуудын тайлбар бичгийн баримтуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч Н.Ч, түүний төлөөлөгч Ө.А нар нь тухайн автомашиныг хариуцагч С.Д болон Т.М худалдах үедээ доголдлын талаар мэдэх боломжгүй байсан, харин хожим худалдан авагч талын шаардлагаар тухай бүр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар харилцан тохиролцож байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.Д өөрөө буулгагч автомашиныг Т.М 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаа 10,000,000 төгрөгийг ажлын хөлс 1,200,000 төгрөгийн хамт тооцон авсан талаар хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч өөрийн дансаар шилжүүлэн авсан 7,000,000 төгрөгийг оруулан тооцож 28,800,000 төгрөгөөс тохиролцож, үүнээс дээрх 7,0 сая төгрөгийг хасч 21,800,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр Т.Мтай гэрээ байгуулсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь дээрх хүчин төгөлдөр шийдвэрт бичигдсэн нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан байдлаар тогтоогдож байна.

Иймд талууд хэн аль нь зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Дын Т.Мтай байгуулсан хэлцийг хожимоо хүлээн зөвшөөрч түүнтэй автомашин худалдах худалдан авах гэрээг шинэчилэн байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөрөөр тайлбарладаг бөгөөд худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах, эсхүл гэрээ цуцлагдах хүртэл хугацааны ашигласан хугацааны зардалд 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж өөрчилдөг. Ашигласан хугацааны төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах гэх шаардлагын үндэслэлээ хэргийн 8-р хуудаст авагдсан “иргэн Ат баталгаа гаргах нь” гэх гарчиг бүхий “...Иймээс Чтой ярилцаж уг машиныг буцааж өгөхөөр тохиролцсон. 2019.03.04-2019.07 сарын 30-нд өгсөн. Үүнд машин ашигласны мөнгө болох 4,000,000 төгрөгийг 2019.10.01-2020.04.01 хүртэл 6 сарын хугацаанд төлөхөөр баталгаа гаргаж байна. ...жич:би иргэн Чд 9,000,000 төгрөг өгөх байснаас 5,000,000 сая төгрөгт өөрийн эзэмшил болох 67-59УБН улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг өгсөн.” гэх баримтыг үндэслэн гаргадаг. Уг баримтаар талууд зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцааж, худалдагч тал өөрт учирсан хохирол зардлаа төлүүлэхээр тохиролцсон гэх агуулга харагддаг боловч хэн аль нь маргааны зүйл болсон автомашиныг бусдад худалдан гуравдагч этгээдийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргадаггүй. Иймд уг баримтыг үндэслэн ашигласан хугацааны төлбөр шаардах эрхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Н.Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 5,200,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх эхлэхээс өмнө нэмэгдүүлсэн 1,200,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Хариуцагч С.Д нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож тайлбараа гаргасан бөгөөд түүнээс хойш шүүхээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүх хуралдааны товыг шуудангаар болон бичиг хүргэгчээр хүргүүлсэн боловч гардан аваагүй, утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,300 төгрөгөөс 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,  118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч С.Даас 4,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ч хариуцагч С.Дд холбогдуулан гаргасан 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,300 төгрөгөөс 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН