Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2022/03228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Зээлийн батлан даалтын сан” /РД: 8091099/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Гэрэгэ тауэрийн 6 давхар

Хариуцагч: Боржгон овогт Даваагийн Бадамцэцэг /РД: ХИ60020401/. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам Шанд 1 дүгээр гудамж, 20 тоот

Зээлийн, батлан даалтын гэрээний үүрэгт 175,451,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн батлан даалтын сан нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах замаар санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус Сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, дээрх зорилгын хүрээнд Мэнгэ булаг ХХК, Д.Бадамцэцэг нарын Төрийн банкнаас авсан 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 60 хувьд 2014 оны 7 дугаар сарын 09-нд батлан даалт гаргаж 1090/468 дугаар батлан даалтын гэрээг Төрийн банк ХХК болон “Мэнгэ булаг” ХХК, Д.Бадамцэцэг нартай байгуулсан. Зээлдэгчийн “Сүүний чиглэлийн үхрийн фермер байгуулах” төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орсон. Улмаар Зээлийн батлан даалтын сангаас 175,451,456 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 7-ны 87,725,728 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 87,725,728 төгрөг тус тус “Төрийн банк” ХХК-д шилжүүлэн нийт 175,451,456 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Мэнгэ булаг” ХХК-тай 12 дугаартай Авлага барагдуулах гэрээ байгуулсан боловч тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй “Мэнгэ булаг” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох Ц.Цэцгээ нь нас барсан. Голомт банк ХХК, Ц.Цэцгээ, Д.Бадамцэцэг нарын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1090/468 дугаар зээлийн гэрээний 3.2.11-т Иргэний хуульд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээх" гэж заасан тул Батлан даалтын гэрээний 3.5.4-д “батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд уг мөнгөн дүнг батлан даагчид бүрэн төлж барагдуулна”, 4.2.1-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс зээлдүүлэгчийн өмнө батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх зээлдүүлэгчээс батлан даагчид шилжиж зээлдүүлэгч барьцаа хөрөнгөнөөс тэргүүн ээлжид өөрийн шаардлагыг хангуулаад үлдсэн хэсгийг батлан даагчид шилжүүлэхийг зөвшөөрч байна" гэсний дагуу Д.Бадамцэцэгээс 175,451,456 төгрөгийг гаргуулан Зээлийн батлан даалтын санд олгож өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн үндэслэлээ “Мэнгэ булаг” ХХК, Д.Бадамцэцэг нарын Төрийн банкнаас авсан 300,000,000 төгрөгийн хөрөнгө борлуулалтын зээлийн 60 хувьд 2014 оны 7 дугаар сарын 9-нд батлан даалт гаргаж 1090/468 дугаар батлан даалтын гэрээг “Төрийн банк” ХХК болон “Мэнгэ булаг” ХХК, Д.Бадамцэцэг нартай байгуулсан “Төрийн банк” ХХК-д 175,451,456 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн..." гэжээ. “Мэнгэ булаг" ХХК, Д.Бадамцэцэг нар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байхад зөвхөн Д.Бадамцэцэгт холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ", Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ" гэж тус тус заажээ. Дээрх зохицуулалтаас харахад “Мэнгэ булаг” ХХК нь хариуцагч байж, үүрэг гүйцэтгэхээр байна. “Мэнгэ булаг” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь нас барсан гээд Д.Бадамцэцэг хариуцах ёстой гэсэн үг биш юм. “Мэнгэ булаг” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, нэг захиралтай байж байгаад хувьцаа эзэмшигч, захирал нь нас барсан бол өв залгамжлалын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, өв залгамжлагч өв хүлээж авсан хэмжээгээр нас барагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Нэхэмжлэгч нь 175,451,456  төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн гэх бөгөөд үүний тооцоолол нь тодорхойгүй байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал юм. Мөн миний бие хариуцах ёсгүй учир нь зээлийг “Мэнгэ булаг” ХХК төсөл хэрэгжүүлэх гэж л зээлийг авсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан бүх шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сантай “Мэнгэ булаг” ХХК-ийн байгуулсан “Авлага барагдуулах гэрээ” зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч нь Д.Бадамцэцэг бус “Мэнгэ булаг” ХХК байхаар байна.

Энэхүү гэрээгээр зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээгээр зээлдэгч нарын хүлээсэн үүргийг “Мэнгэ булаг” ХХК дангаар хүлээхээр талууд тохиролцсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Зээлийн батлан даалтын сан” нь хариуцагч Д.Бадамцэцэгт холбогдуулан  зэлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 175,451,456 /Нэг зуун далан таван сая дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Төрийн банк нь зээлдэгч “Мэнгэ булаг” ХХК болон хамтран зээлдэгч Д.Бадамцэцэг нартай 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1090/468 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, төсөл хэрэгжүүлэх зориулалтаар олгожээ.

Нэхэмжлэгч “Зээлийн батлан даалтын сан” нь Төрийн банк болон “Мэнгэ булаг” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр 1090/468 дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 1090/468 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээсэн үүргийг батлан дааж, түүний өмнөөс зээл төлөх үүргийг хүлээж, гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсон байна.

Дээр дурдсан гэрээнүүдэд хариуцагч Д.Бадамцэцэг хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан ба талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар биелүүлээгүйгээс зээлдүүлэгч Төрийн банк нь “Мэнгэ булаг” ХХК, болон Зээлийн батлан даалтын санд холбогдуулан 337,005,099 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, 181/ШШ2018/1791 дугаартай шийдвэр гаргасан байна.  /хх-ийн 107/

  Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00374 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. 

Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мэнгэ булаг” ХХК-иас 161,553,642 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 175,451,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, сангийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А.40 тоот тушаалаар 87,725,728 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/24 тоот тушаалаар 87,725,728 төгрөг, нийт 175,451,456 төгрөгийг Төрийн банкинд шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 5-8/

Нэхэмжлэгч байгууллага шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрээр Төрийн банкинд 175,451,456 төгрөг төлсөн, энэхүү хэмжээгээр батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг хамтран зээлдэгч Д.Бадамцэцэгээс шаардана, “Мэнгэ булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Цэцэгээ нас барсан тул хамтран зээлдэгчийг хариуцагчаар татсан гэж тайлбарлана.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээнд найз Ц.Цэцгээгийн хүсэлтээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлийг авч хэрэглээгүй, Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, мөн нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан болон “Мэнгэ булаг” ХХК нь Авлага барагдуулах гэрээ байгуулсан, уг гэрээнд би оролцоогүй, өр төлбөрийн тухайд талууд шинээр тохиролцсон  тул би хариуцахгүй гэж маргасан. 

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Мэнгэ булаг” ХХК /захирал Ц.Цэцгээ/-тэй 12 дугаартай “Авлага барагдуулах гэрээ” байгуулан 175,451,457 төгрөгийг зээлдэгчийн өмнөөс Төрийн банкинд төлөх, энэхүү төлбөрийг “Мэнгэ булаг” ХХК нь 60 сарын дотор Зээлийн батлан даалтын санд буцаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байна. /хх-ийн 82/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн  458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, мөн  Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг нэхэмжлэгч Зээлийн бталан даалтын сан хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдсон.

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн  465.1 дэх хэсэгт батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж зохицуулсан.

Хуульд заасан энэхүү эрхээ нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан хэрэгжүүлсэн, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ “Мэнгэ булаг” ХХК-иар буцаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, энэхүү гэрээг байгуулсанаар хариуцагч Д.Бадамцэцэг зээлийн болон батлан даалтын гэрээгээр хүлээх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн  461 дүгээр зүйлийн 461.1, 461.2 дахь хэсгүүдэд  үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй байх, үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан болон “Мэнгэ булаг” ХХК-д холбогдуулан  Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлтэй холбоотой маргааныг  шүүх эцэслэн шийдвэрлэсэн, тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хариуцагч Д.Бадамцэцэг оролцоогүй, түүнд холбогдуулан шаардлага гаргаагүй нь талдуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 236.2 дахь хэсгүүдэд  талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болохоор заасан бөгөөд батлан даалтын гэрээний талууд болох Зээлийн батлан даалтын сан, “Мэнгэ булаг” ХХК нь харилцан тохиролцож, авлага барагдуулах  гэрээг  байгуулснаар Д.Бадамцэцэгийн зээлийн, батлан даалтын гэрээгээр хүлээх үүрэг дуусгавар болсон байна.

Хариуцагч Д.Бадамцэцэг /хамтран зээлдэгч/ нь “Мэнгэ булаг” ХХК-ийн Төрийн банктай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1090/468 дугаартай зээлийн гэрээ, “Зээлийн батлан даалтын сан”,  “Төрийн банк” ХХК,  “Мэнгэ булаг” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр байгуулсан  1090/468 дугаартай “Батлан даалтын гэрээ”-ний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 Мөн Зээлийн батлан даалтын сан, “Мэнгэ булаг” ХХК-тай  2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-ний  үүргийн тухайд хариуцагч Д.Бадамцэцэгт хамааралгүй байна.  

Иймд хариуцагч Д.Бадамцэцэгээс  175,451,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  236 дугаар зүйлийн 236.1.3, 461 дүгээр зүйлийн 461.1, 461.2 дахь хэсэгт заасныг  баримтлан хариуцагч Д.Бадамцэцэгээс 175,451,456 /нэг зуун далан таван сая дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй “болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,035,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ