Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03826

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Ө... овогт Д...гийн Ч...,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Э...ийн Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:3 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М... /цахимаар/, гэрч С.М...,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч... нь хариуцагч Э.Б...д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Э.Б... нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2022 оны 2 сард буцааж өгнө гэж зээлж авсан, мөнгийг бэлнээр өгсөн, Э.Б...д зээлсэн мөнгийг Т... банкнаас зээл авч өгсөн, Э.Б...эс мөнгөө авахаар би гурван удаа, эхнэр гурван удаа очиж уулзаж гэрт нь хонож байсан.Иймд Э.Б...эс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Д.Ч...ын хүү Б...тай 2006 оноос хамт амьдарч байсан бөгөөд бидний дундаас 2008 онд охин Н.. төрсөн.Ч.Б... 2011 онд надтай хамт амьдрахгүй гээд явсан.Миний амьдралд хүнд бэрх зүйл тохиолдоод Б...гийн аавтай нь холбогдож Б...гийн утас, хаягийг өгөөч гэхэд аав нь тус болъё Б...г тайван байлга, битгий мөнгө нэхээрэй гээд 3 000 000 төгрөг өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гэрч С.М... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Ч... бид хоёр уг нь 10 000 000 төгрөг зээлэхээр төлөвлөж байсан боловч 8 000 000 төгрөгийн зээл гарсан, 1 600 000 төгрөгөөр нь морь авч, үлдэх мөнгийг нь дансандаа хийсэн байтал 3 000 000 төгрөгийг нь Э.Б...д Д.Ч... зээлсэн байсан, би зээлсэн байсныг нь мэдээгүй.

Би 12 дугаар сард Улаанбаатар хот явах болоход Д.Ч... намайг Э.Б...эс 3 000 000 төгрөгөө аваад ир гэж хэлсэн.Би Э.Б...ийн бариа хийдэг газар очиж уулзахад манай том охиныг хүнд хүчирхийлсэн хэрэг гараад шүүхээр явж байгаа.Энэ удаад өгч чадахгүй, 2 дугаар сард төлнө гэж хэлсэн.Тэрийг нь Д.Ч...д хэлсэн, бас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр очиж уулзахад өгөх гээд өгч чадахгүй байна, 4 дүгээр сард яг өгнө гэж хэлчхээд мөнгийг өгөөгүй.Түүний дараа Д.Ч... өөрөө ч Э.Б...тэй уулзсан, тэр үед мөнгийг өгнө гэж хэлсэн байсан гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалтыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Хариу тайлбар, Б...гийн Н..гийн төрсний гэрчилгээний хуулбарыг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчид 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3000 000 төгрөгийг зээлдүүлсэн, 2022 оны 2 сард буцаан өгөх байсан боловч өгөөгүй тул 3 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд:Би Д.Ч...ын хүү Б...тай хамт амьдарч байсан, бидний охин Н.. 2008 онд төрсөн.Б...гийн аав нь надад тус болъё гээд 3 000 000 төгрөг өгсөн гэж тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.Б... нь 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг Д.Ч...оос зээлж авсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолтод:”Миний бие Т.Б... нь аав Ч...оос 3 сая төгрөг зээлсэн нь үнэн болно, он гаргаад 2 сард зээлийг төлөх болно” гэжээ./хх 4/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигчдын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны хэлцэл хийгдсэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Д.Ч... нь зээлийн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба Э.Б... нь 3 000 000  төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд Э.Б...эс 3 000 000 төгрөгийг гаргуулан Д.Ч...д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.Ч...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б...эс 62 950 төгрөгийг гаргуулан Д.Ч...д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Э...ийн Б...эс 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан Д...гийн Ч...д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.Ч...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б...эс 62 950 төгрөгийг гаргуулан Д.Ч...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                   

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН