Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/02997

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 1 байр, 268 тоот хаягт оршин суух, Баюуд овогт Гантулгын Бат-Ирээдүй /РД:УК01262470/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт оршин суух Боржигин овогт Дүгэрсүрэнгийн Золзаяа /РД:УШ93070124/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт оршин суух Боржигон овогт Хүрэлбаатарын Ганхуяг /РД:УК91071130/

Өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Р.Мөнхзул, Г.Бат-Ирээдүй нарын байгуулсан 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Р.Мөнхзул, Г.Бат-Ирээдүй нарын байгуулсан 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүй нь хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөө хууль эзэмшлээс гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Г.Бат-Ирээдүй нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн Y-2201042652 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201046451 дугаартай, 467 м.кв талбайтай, 18629310656613 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан болно. Хариуцагч энэ гэрээг дүр үзүүлсэн гэж байна, дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь гэрээний талууд ямар нэгэн үр дагавар шаардаагүйг ойлгодог, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь газар, хувийн сууцыг гуравдагч этгээд Р.Мөнхзул руу шилжүүлж, гуравдагч этгээд Р.Мөнхзул нь Ё.Соёлхүүд худалдах итгэмжлэл олгосноор тэрээр Г.Бат-Ирээдүйтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн газар, хувийн сууц Г.Бат-Ирээдүйн өмчлөлд шилжсэн. Г.Бат-Ирээдүй худалдан авсан газар, хувийн сууцны үнийг худалдагч Ё.Соёлхүүд шилжүүлсэн нь түүний мэдүүлэг, дансны хуулгаар нотлогддог. Г.Бат-Ирээдүй нь Б.Эрдэнэсувдын хүү, Б.Эрдэнэсувд, Ё.Соёлхүү нар хамтран амьдарч байсан, нэг хоршооны гишүүн байсан нь энэ хэрэгт ач холбогдолгүй, Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өөрсдийнхөө зорилгоо хэрэгжүүлэхээр нэгдэж болно гэж заасан. Хариуцагч нар анхнаасаа газар, хувийн сууцаа худалдах сонирхол байгаагүй гэдэг боловч 2018 онд Осмо ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг худалдах гэж байсан тухай баримт байдаг. Р.Мөнхзулаас Ё.Соёлхүүд олгосон итгэмжлэл хууль бус гэж байх боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Р.Мөнхзулаас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон үйлдлийг хүчингүй тооцуулах Р.Мөнхзулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Р.Мөнхзул бичиг үсэг мэдэхгүйн улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэдэг боловч түүний Бидний нөхөд ХЗХ-нд элсэх өргөдөл, бусад баримтаар бичиг үсэг мэдэхгүй гэдэг нь тогтоогдоогүй. Хариуцагч, гуравдагч этгээд нар Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар шаардлага гаргадаг. Ё.Соёлхүү нь Р.Мөнхзулаас итгэмжлэл аваад өөрөө өөртэйгөө гэрээ хийж болохгүйг хориглосон хуулийн заалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201046451 дугаартай, 467 м.кв талбайтай, 18629310656613 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2017 оны 11 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах, 467 м.кв өмчлөлийн газар, 70 м.кв хувийн сууцыг М.Отгонбаяраас худалдан авч, амьдарч байна. М.Отгонбаяртай хамт нотариат орж Бэлэглэлийн гэрээ хийж болно гэсний дагуу газар, хувийн сууц шилжүүлж авахдаа Бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бид газар, хувийн сууцаа барьцаалж ББСБ-аас зээл авах гэхэд бэлэглэлийн гэрээгээр авсан учир барьцаанд авахгүй гэсэн тул нөхөр Х.Ганхуягийн бэр эгч Р.Мөнхзултай ярьж, түүнд худалдсан мэтээр 2017 оны 12 сарын 12-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, Р.Мөнхзул руу шилжүүлсэн. Гэтэл Г.Бат-Ирээдүй нь бид нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг, үүнийг тодруулахаар Р.Мөнхзултай уулзахад Г.Бат-ирээдүйг мэдэхгүй, Б.Эрдэнэсувд, Ё.Соёлхүү нар 2020 оны 04 сард миний ажиллуулдаг ТҮЦ дээр ирж, авч яваад хэдэн баримтад гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Газар, хувийн сууц худалдах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм, учир нь Р.Мөнхзул нь бичиг үсэггүй буюу уншиж чадахгүй байтал Ё.Соёлхүү нь гэрээн дээр гарын үсэг зуруулснаас гадна Г.Бат-Ирээдүй нь бидэнд эсхүл Р.Мөнхзулд газар, хувийн сууц худалдан авсан гэх мөнгө өгөөгүй. Ё.Соёлхүү, Б.Эрдэнэсувд нар нь Бидний нөхөд хоршооны гишүүд бөгөөд Р.Мөнхзулыг тухайн хоршооноос мөнгө зээлсэн хэлцэлийг халхавчлах зорилгоор Г.Бат-Ирээдүйн нэр, бичиг баримтыг ашиглаж бидний газар, хувийн сууцыг шилжүүлэн авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ё.Соёлхүү нь Р.Мөнхзулыг уншиж чаддаггүйг нь далимдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах итгэмжлэлд гарын үсэг зуруулж, Г.Бат-Ирээдүйтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно. гэж заасныг зөрчсөн. Бид итгэмжлэл олгосон талаар маргаагүй, төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу үйлдэл хийх ёстой, гэтэл Ё.Соёлхүү нь мөнгөө олж авах зорилгоор гэрээ хийгээд худалдсан гэж хэлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн. Мөн Р.Мөнхзул нь Бидний нөхөд хоршооноос 5 000 000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлд нь газар, хувийн сууцын гэрчилгээг хоршооны захирал Б.Эрдэнэсувдад барьцаалуулсан бөгөөд зээлээ төлөөгүй. Гэтэл Бидний нөхөд хоршооны гишүүн Б.Эрдэнэсувд, Ё.Соёлхүү, Г.Бат-Ирээдүй нар Р.Мөнхзулыг зээлээ төлөхгүй болохоор Ё.Соёлхүү нь Р.Мөнхзулыг бичиг үсэггүйгээр нь далимдуулж итгэмжлэл аваад хувийн харилцаатай, ашиг сонирхол нэгтэй Г.Бат-Ирээдүй рүү худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, хууль зөрчиж, газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар, нэхэмжлэлдээ: 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг Р.Мөнхзулын олгосон итгэмжлэлээр Ё.Соёлхүү нь Г.Бат-Ирээдүйтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэвч газар, хувийн сууц худалдах эрхийг Р.Мөнхзул нь Ё.Соёлхүүд олгоогүй. Ийм гэрээ байгуулагдсаныг Р.Мөнхзул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэрэгтэй танилцсанаар мэдсэн ба Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар Р.Мөнхзул нь энэ хэлцэлийг анхнаасаа болон мэдсэнээсээ хойш зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байхаар заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ. Бодит байдал дээр Р.Мөнхзул нь Г.Бат-Ирээдүйтэй газар, хувийн сууц худалдах хүсэл зоригоо илэрхийлж уулзаж байгаагүй, Г.Бат-Ирээдүй ч тухайн асуудлаар Р.Мөнхзулд санал тавьж байгаагүй. Худалдах-худалдан авах гэрээний 2.1-т Үл хөдлөх хөрөнгө худалдагч тал худалдан авагч талд 2 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов., 2.2-т Төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн боловч бодит байдал дээр Г.Бат-Ирээдүй Р.Мөнхзулд төлбөр төлөөгүй. Г.Бат-Ирээдүй нь Б.Эрдэнэсувдын хүү бөгөөд Ё.Соёлхүү нь Б.Эрдэнэсувдтай хувийн харилцаатай. Р.Мөнхзулын хувьд Б.Эрдэнэсувд гэх хувь хүнээс 5 000 000 төгрөг зээлж авсан. Б.Эрдэнэсувд нь Р.Мөнхзултай Бидний нөхөд хоршоогоор дамжуулан 8 000 000 төгрөг зээлүүлсэн мэтээр гэрээ хийж байсан асуудал бий. Бодит байдал дээр Р.Мөнхзул нь Бидний нөхөд хоршооноос мөнгө зээлж байгаагүй. Энэ асуудал даамжирсаар Г.Бат-Ирээдүй, түүний ээж Б.Эрдэнэсувд, хувийн харилцаатай Ё.Соёлхүү нар нь Р.Мөнхзулын өмчлөлд байсан газар, хувийн сууцыг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэж байна. Р.Мөнхзулаас Ё.Соёлхүүд олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байж болно. Гэхдээ итгэмжлэлээр хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл Ё.Соёлхүү нь төлөөлөх эрхээ төлөөлүүлэгчийн эсрэг ашигласан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан нөхцөл бүрдсэн байна. Өмнө нь итгэмжлэл хүчин төгөлдөр гэж тогтоосон шүүхийн шийдвэр нь энэ хэрэгт хамааралгүй. Итгэмжлэлийн хүрээнд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудал ярьж байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, гэтэл Ё.Соёлхүү нь Р.Мөнхзулаас олгосон итгэмжлэлийг хэрэгжүүлэхдээ хууль бусаар хэрэгжүүлсэн. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч нь 000793788, 000627854 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Ё.Соёлхүүгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/15336 дугаар захирамж, 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 101/ШЗ2020/14684 дугаар захирамж, Оsmо ХХК-ийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Тайланд залруулга хийх тухай 14/2021 дүгээр тодорхойлолт, Г.Бат-Ирээдүйн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1 дүгээр хавтас хэргийн 3-9, 120-123, 142 тал/

Хариуцагч нь 2017 оны 11 сарын 03-ны өдрийн газар, хувийн сууцны бэлэглэлийн гэрээ, 13 100 000 төгрөг бэлнээр авлаа гэх бичмэл баримт, Батламж гэх бичмэл баримт, 2018 оны 01 сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 12 сарын 12-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Х.Ганхуягийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1 дүгээр хавтас хэргийн 50-59 тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч М.Алтанцэцэгийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн нотариатчийн тэмдэглэл, 2019 оны 03 сарын 29-ний өдрийн №25 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 04 сарын 07-ны өдрийн №36 дугаар зээлийн гэрээ, Р.Мөнхзулын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05706 дугаар захирамж, иргэнд очих баримт, Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн №47 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төв Бичиг үсгийн түвшин тогтоох шалгалт, Гишүүний анкет, Бидний нөхөд ХЗХ-нд гаргасан өргөдөл, /1 дүгээр хавтас хэргийн 64, 150-152, 156-250 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-33, 53-57, 122-123 тал/

Шүүх Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Туяажаргалын Р.Мөнхзулаас Ё.Соёлхүүд олгосон 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 0316 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн Ү-2201042652 дугаартай, 70 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2201046451 дугаартай, 467 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/02141 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 133 дугаар магадлал, Р.Мөнхзулын гишүүний анкет, Бидний нөхөд ХЗХ-нд гаргасан өргөдөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны Р.Мөнхзул нь бага, дунд болон дээд боловсрол эзэмшсэн талаарх лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны Ё.Соёлхүү, Г.Бат-Ирээдүй, Б.Эрдэнэсувд нар нь Бидний нөхөд ХЗХ-нд гишүүнчлэлтэй эсэх, тус хоршоонд ямар албан тушаал эрхэлдэг, эрхэлж байсан эсэх талаарх лавлагааг тус тус бүрдүүлсэн /1 дүгээр хавтас хэргийн 74-75, 108 тал, 2 дугаар хавтас хэргийн 77-82, 85-97, 132-134, 158-176 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйн хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарт холбогдох эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: Р.Мөнхзулаас Ё.Соёлхүүд олгосон итгэмжлэлийн дагуу газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн өмчлөгч болсон, гэтэл хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нар нь газар, хувийн сууцыг чөлөөлөхгүй байх тул хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж,

Хариуцагч нар татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: өөрсдийн өмчлөлийн газар, хувийн сууцыг зээл авахаар Р.Мөнхзулд бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн, ... гэтэл Ё.Соёлхүү нь Р.Мөнхзулын бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан түүнээс газар, хувийн сууц худалдах итгэмжлэл авч Г.Бат-Ирээдүйд худалдсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзул татгалзал, нэхэмжлэлээ дэмжиж: Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон боловч тэрээр итгэмжлэлийг миний зөвшөөрөл, хүсэл зоригийн эсрэг ашиглаж хууль зөрчсөн тул үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Бэлэглэгч М.Отгонбаяр нь 2017 оны 11 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 16 тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг бэлэг хүлээн авагч Х.Ганхуяг, Д.Золзаяа нарт бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулсан. /1 х.х-ийн 50-51 тал/

М.Отгонбаяр нь дээрх газар, хувийн сууцыг бодит байдал дээр 13 100 000 төгрөгөөр худалдаж, Х.Ганхуяг, Д.Золзаяа нар худалдан авсан болох нь хариуцагч нарын тайлбар, бичмэл баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон. /1 х.х-ийн 52-54 тал/

Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Х.Ганхуяг, Д.Золзаяа нар 2017 оны 11 сарын 07-ны өдөр бүртгэгджээ. /1х.х-ийн 58-59 тал/

Худалдагч Х.Ганхуяг, Д.Золзаяа, худалдан авагч Р.Мөнхзул нар 2017 оны 12 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. /1 х.х-ийн 55-56 тал/

Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Р.Мөнхзул 2017 оны 12 сарын 12-ны өдөр бүртгэгджээ. /1х.х-ийн 75 тал/

Төлөөлүүлэгч Р.Мөнхзул нь 2020 оны 04 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг ... бусдад худалдах, ... гэрээ байгуулах, төлбөр тооцоо хүлээн авах ... эрхийг төлөөлөгч Ё.Соёлхүүд итгэмжлэлээр олгосон. /1 х.х-ийн 63, 74 тал/

Худалдагч Р.Мөнхзул нь худалдан авагч Г.Бат-Ирээдүйтэй 2020 оны 08 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагчийг төлөөлж, төлөөлөгч Ё.Соёлхүү гарын үсэг зуржээ. /1 х.х-ийн 8-9 тал/

Бэлэглэгч М.Отгонбаяр нь бэлэг хүлээн авагч Х.Ганхуяг, Д.Золзаяа нарт Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг бэлэглэсэн /худалдсан/, Х.Ганхуяг, Д.Золзаяа нар нь Р.Мөнхзултай зээл авах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулж тухайн газар, хувийн сууцыг Р.Мөнхзулын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын тухайд гэрээний талууд маргаагүй, энэ нь Р.Мөнхзулыг гэрчээр асуусан тэмдэглэлээр давхар нотлогдсон. /1 х.х-ийн 83-84 тал/

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 9/3068 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Г.Бат-Ирээдүй, Б.Эрдэнэсувд, Ё.Соёлхүү, Р.Мөнхзул нар нь Бидний нөхөд Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн болох нь тогтоогдсон. /2 х.х-ийн 158-174 тал/

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино, 64.1.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, ..., 64.2.3-т олгосон он, сар, өдрийг заах, 64.2.4-т хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх гэж тус тус заажээ.

Төлөөлүүлэгч Р.Мөнхзулаас төлөөлөгч Ё.Соёлхүүд олгосон итгэмжлэлээр Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг ... бусдад худалдах, ... гэрээ байгуулах ... төлбөр тооцоо хүлээн авах ... эрхийг төлөөлөгч Ё.Соёлхүүд олгож, төлөөлүүлэгч Р.Мөнхзул гарын үсэг зурж, итгэмжлэлийг 2020 оны 04 сарын 30-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр заалтыг зөрчөөгүй байна. Итгэмжлэлээр төлөөлүүлэгч нь газар, хувийн сууцаа бусдад худалдах, гэрээ байгуулах, төлбөр тооцоо хүлээн авах эрхийг төлөөлөгчид олгосон байтал төлөөлөгчийг бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг ашигласан гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг зөвтгөх үндэсгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дугаар заалтаар хүчин төгөлдөр бус хэлцлийг зохицуулж, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг төрлийг ойлгоно.

2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Р.Мөнхзул нь Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг худалдан авагч Г.Бат-Ирээдүйд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг худалдагчид тус тус шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээний талууд газар, хувийн сууц худалдах-худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, үр дагаварыг ойлгож, харилцан тохиролцсон бөгөөд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 87, 120, 142 дугаар тал дахь Ё.Соёлхүүг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банкны дансны хуулгаар худалдан авагч Г.Бат-Ирээдүй нь гэрээгээр тохирсон үнэ буюу газар, хувийн сууцын төлбөрийг нь өөрийн Хаан банкны 5037714609 дугаар данснаас 2020 оны 08 марын 31-ний өдөр худалдагч Р.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Соёлхүүгийн Хаан банкны 5163115012 дугаар данс руу шилжүүлсэн нь тогтоогджээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзул нь бичиг, үсэг мэдэхгүйн улмаас итгэмжлэлд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч 1 дүгээр хавтаст хэргийн 150, 2 дугаар хавтаст хэргийн 55-57, 132-134 дүгээр тал дахь Боловсрол, шинжлэх ухааны яамны Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 47 дугаар албан бичиг, түүний хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 11/3234 дүгээр албан бичиг, Р.Мөнхзулын гишүүний анкет, гишүүнээр элсэх өргөдлөөр гуравдагч этгээдийг бичиг, үсэг мэдэхгүй гэж дүгнэхэд эргэлзээтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өмчлөгчийн эрхийг зөрчсөн бусдын үйлдэл нь, тухайлбал, эзэмшил нь хууль бус болох нь нотлогдсон байх ёстой бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууц нь нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйн өмчлөлд бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Энгийнээр тайлбарлавал нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүй нь маргаан бүхийн газар, хувийн сууцыг хууль зөрчиж өмчлөлдөө авсан нь тогтоогдсон тохиолдолд хариуцагч Д,Золзаяа, Х.Ганхуяг нар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байжээ.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан өөртэйгээ хэлцэл хийхгүй байх гэдгийг гэрээ байгуулсан этгээд нь нэг талынх нь төлөөлөгчөөр харин нөгөө талд өөрийн нэрийн өмнөөс оролцох буюу өөрөө өөртэйгээ гэрээ байгуулах, түүнчлэн нэг этгээд гэрээний аль аль талын хувьд төлөөлөгчөөр оролцох буюу давхар төлөөлөгчөөр оролцох үед хэрэглэгдэх зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

Р.Мөнхзул нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгснийг шинжлэн судлахад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэх үндэсгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. /1 х.х-ийн 156-250, 2 х.х-ийн 1-33 тал/

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13 тоот хаягт байрлах 467 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 мкв, 30 мкв талбайтай хувийн сууцыг хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйд олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201046451, нэгж талбарын 18629310656613 дугаартай, 467 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201042652 дугаартай, 70 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мөнхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Золзаяа, Х.Ганхуяг нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Ирээдүйд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР