Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/03120

 

2022 оны 10 сарын 28 өдөр  Дугаар 183/ШШ2022/03120  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,182,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Н,

Хариуцагч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбоо нь Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,182,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай З СӨХ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан ба тус хотхоны 0 байрны 0 тоотод оршин суух Б.Н нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагчаас 2020 оны 5 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийт 21 сарын төлбөр болох 1,182,400 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... зардлыг хуульд зааснаар нийт оршин суугчид оролцсон хурлаар батлаагүй, зардал батлах эрхгүй Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгчээс З СӨХ-ны төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай гэрчилгээний хуулбар, З СӨХ-ны удирдах зөвлөлийн өдрийн 0 дугаартай тогтоол, 0 дугаартай тогтоол, З СӨХ-ны удирдах зөвлөлийн 0 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/05572 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Б.Н-д холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Б.Н-д холбогдох Зайсан энхжин сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,182,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбооноос Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүх гишүүдийн хурлаар баталсан шийдвэр гэж З СӨХ-н бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудал гэх баримтыг ирүүлсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал үүнээс өөр зардлыг баталсан баримт байхгүй гэж тайлбарлаж байна. /х.х-ийн 115-117 хуудас/

 

Уг баримтаас үзвэл З СӨХ-н бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг бүх гишүүд баталсан болох нь тогтоогдож байх бөгөөд бүх гишүүдийн хурлаас Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталж шийдвэрлэсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй байна. Учир нь уг хурлаас гарсан шийдвэр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэр нь тогтоол хэлбэрээр хэлбэржиж, бичгээр баталгаажуулсан байхыг хуульд заасан байна.

Тэгвэл 2019.0.0-ны өдрийн З СӨХ-н бүх гишүүдийн хурлаас Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталсан бүх гишүүдийн хурлын тогтоол гараагүй, хавтаст хэрэгт 115-117 дугаар хуудаст авагдсан бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг зардал баталсан бүх гишүүдийн хураас гарсан тогтоол гэж шүүх үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталсан Удирдах зөвлөлийн 2019 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн №1 тоот тогтоол, 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн №8 тоот тогтоолыг ирүүлсэн байна. /х.х-ийн 6-7 хуудас/

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ. Хуульд зааснаар Удирдах зөвлөлд Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг батлах бүрэн эрхийг олгоогүй байна.

 

Түүнчлэн тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17256 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас З сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан шийдвэр, Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталсан бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Засаг даргын Тамгын газраас З сууц өмчлөгчдийн холбоотой холбогдох баримтыг ирүүлсэн боловч Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталсан шийдвэр болох бүх гишүүдийн хурлын тогтоол архивын нэгжид мөн авагдаагүй байна. /х.х-40-114 хуудас/

 

Иймд дээрх №1 тоот, №8 тоот тогтоолууд хуульд нийцээгүй, бүрэн эрхгүй этгээдүүдийн баталсан тогтоолыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилсэн зардлыг шүүх гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н-аас Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,182,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зайсан энхжин сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ