| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2039003350207 |
| Дугаар | 17 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 17
Д.Э-тхолбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2021/0018/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,
Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,
Прокурор Ж.Баянжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан,
Иргэний нэхэмжлэгч Б.Чанцалдулам,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Баттөр /цахимаар/ нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор Д.Эт холбогдох эрүүгийн 2039003350207 дугаартай 2 хавтас, нийт 454 хуудастай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2 дугаар багийн “Бяцхан булаг” гэх газарт “Kia Bongo” маркийн 67-20ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Б.Б-г дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 жилийн хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн талийгаач Б.Б-ын авах ёстой байсан тэтгэвэр гэх 84000000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жил хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүх “...Б.Баатарцогт гэрийнхээ гаднаас автомашинаас зүүгдэж 30 орчим метр явсан...энэ хугацаанд шүүгдэгч Д.Э нь түүнийг автомашиныхаа толиндоо харах, эсхүл өөрийн нүдээр харах, дуу чимээ сонсох бүрэн боломжтой байсан...жолооч талын хаалганы шил онгорхой байсан...уг автомашин нь талийгаачийг хоёр дахь удаагаа дайрсны дараа чиглэлээ өөрчлөн баруун зүгт хөдөлгөөн хийсэн байх ба үүнийг хүний оролцоогүйгээр хийх боломжгүй...Иймд Д.Эын үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.
Тухайн хэрэг болох үед байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвцэцэг, гэрч Б.Энхцэцэг, С.Эрдэнэтунгалаг, Д.Баярсайхан, шүүгдэгч Д.Э нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хурлын үед өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй, талийгаач Б.Баатарцогт болон шүүгдэгч Д.Э нар нь хоорондоо муудалцаж маргалдаагүй эдгээр хүмүүс нь хоорондоо худ ургын холбоотой, өр авлага өс хонзонгүй, өмнө нь муудалцаж маргалдаж байсан тохиолдолгүй, Д.Эт хүний амь насыг санаатай хохироох ямар нэг сэдэл, шалтгаан байхгүй байсан гэдэг нь тодорхой байдаг.
Анхан шатны шүүхээс Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо эргэлзээгүй нотлох баримтад үндэслээгүй, зарим талаар таамаглал, хийсвэр оюун дүгнэлтийн шинжтэй болсон гэж үзэхээр байна. Талийгаачийг 30 метр чирч явсан гэж хэмжиж тогтоосон баримт хэрэгт байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодлогогүй болох үед газрын гадарга, хөрсний байдал, замын бартаа, хэвгий зэргээс шалтгаалж тээврийн хэрэгсэл хөдөлгөөний чиглэлээ өөрчилж болох нь хэнд ч ойлгомжтой. Тээврийн хэрэгслийн хурдаар 30 метр зайг туулах, явганаар энэ зайг туулах хоёр орон зай, цаг хугацаа, орчны дуу чимээ, үзэгдэх орчин, самбаачлах боломжийн хувьд асар их ялгаатай.
Шүүхийн дүгнэлтэд жолооч талын хаалганы шил онгорхой байсан гэж дурдсан атал гэрч Б.Энхцэцэг шүүхэд мэдүүлэхдээ жолооч талын хаалганы шил хаалттай хар теньтэй учир дотор нь хүн байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан гэж мэдүүлдэг, гэрч Д.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ тээврийн хэрэгсэл эхлээд талийгаачийн хөл дээгүүр нь гарсан гэж мэдүүлсэн атал шүүхэд мэдүүлэхдээ сүүлд нь хөл дээгүүр нь гарсан гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нөхцөл байдал харагдаж байна.
Талийгаач нь хоёр удаа тээврийн хэрэгслийн арын дугуйнд дайрагдсан байдаг ба гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлгээр /хх 40-42/ Д.Э хэрэг болсны дараа “би хоёр удаа дээгүүр нь гарчихлаа гэж үү” гээд орилоод байсан байдаг. Д.Э удаа дараа мэдүүлэхдээ “..би талийгаачийг цааш нь түлхээд хөдлөөд явтал гадаа байсан хүмүүс хүн алчихлаа гээд хашхирахаар нь айж сандраад машинаа буцаж эргүүлээд машинаас үсэрч буусан” гэсэн агуулгатай мэдүүлэг өгдөг.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Э нь талийгаач Б.Б-ын амь насыг санаатайгаар хохироогоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай байх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү..гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолд “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан санамсар болгоомжгүй, санаа сэтгэл цочрон давчидсан зэрэг байдлаар үйлдэгдсэн хэргүүдийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж хэрэглэгдэх боломжтой болохоос, хүнийг санаатайгаар 2 удаа ачааны автомашинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэгт хэрэглэгдэх ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн нөхцөл байдлаас тохиолдлын шинжтэйгээр 2 дахь удаагаа хүнийг дайрах ямар ч боломжгүй.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн орчны байдлыг үзэхэд ширхэг чулуу ч үгүй, зүлэг ургасан, зөөлөн хөрстэй, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байсан байх ба шүүгдэгчийн өөрийн мэдүүлснээр болсон явдлыг бүгдийг нь санаж байгаа бол урдаа хэвтэж буй хүнийг харахгүй байх ямар ч боломжгүй юм.
Шүүх Д.Эын дээрх үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн хэрнээ, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ: “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж эрс зөрүүтэй дүгнэлтийг ямар ч нотлох баримтад тулгуурлалгүй үндэслэлгүй хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
1. Шүүх нь шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн явдлыг хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон нь огт үндэслэлгүй.
Учир нь хохирол нөхөн төлөх гэдэг нь тухайн зүйлийг урьдын байдалд нь сэргээх буюу боломжгүй бол мөнгөн хэлбэрээр төлөхийг ойлгоно.
Гэтэл хүний амийг юугаар ч нөхөж, сэргээх боломжгүй байхад хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Амь хохирогч нь ямар нэгэн эмгэг хууч өвчингүй, эрүүл хүн байсан. Хохирогчийн зүгээс гэм хорын хохиролд амь хохирогчийн авах байсан тэтгэврийн хэмжээг 20 жилээр тооцон нэхэмжилж, холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй орхичхоод тооцоо гаргах бололцоогүй байх тул гэж сүүлд нь шийтгэх тогтоолд тусгасан нь үндэслэлгүй юм. Хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирлын хэмжээг холбогдох баримтуудыг үндэслэн өөрөө тогтоох эрхтэй бөгөөд хэрэв шүүгдэгчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг төлсөн бол хохирогч хохирлоо бүрэн төлүүлсэн гэж тооцох боломж байсан. Ингэсэн нөхцөлд анхан шатны шүүхээс хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн бол маргах зүйл байхгүй байх байсан.
2. Мөн “ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ” гэсэн байх боловч гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн ямар шинж чанар, шүүгдэгчийн ямар хувийн байдлыг харгалзан үзсэнээ огт тодорхойлж дурдаагүй байна.
Согтуугаар, орчин тойрондоо нэн аюултай зүйл буюу ачааны машин ашиглан, өөрийг нь болзошгүй аюулаас хамгаалах гэсэн хүний амийг санаатайгаар хохироосон байхад өөр ямар нөхцөл байдал хохирлын шинж чанарыг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон огт ойлгомжгүй байна.
Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй гэх боловч шүүгдэгчийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ: “Батсүхийн хүүхдүүдээс архи гуйж уухгүй” гэж өс хонзонгийн өнгө аястай яриа өгүүлэл гаргаад автомашинаа асааж хөдөлгөснөөс гэмт хэрэг үйлдэгдэх эхлэл тавигдсан байна. Нас барсан эцгийнх нь нэрийг дуудан байж гэнэт ир гэж хэлсэн нь урд өмнийн ямар нэгэн өс хонзон байсныг харуулж байна. Тэр өс хонзон нь согтууруулах ундаа хэрэглэснээс улам хурцаар илэрч хүний амь хохирооход хүргэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Ингэж хүний амь хохироочхоод мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ оршуулгын зардлаас өөр хохирол төлөхгүй” гэж мэдүүлээд зогсож байгаагаас харахад хүний амийг оршуулгын зардлаар үнэлээд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу бусдын амь хохироосныхоо төлөө ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй гэж байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшихгүй байгаа байдлыг тодорхой харуулж байна. Энэ байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал биш баймаар юм.
Өс хонзонгийн сэдэлтээр уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол зүйлчлэл өөрчлөгдөж, хүндрэх ёстой билээ. Энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Мөн Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.13 дугаар зүйлд: “... онц харгис хэрцгий аргад хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, ...ойр дотных нь хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлүүдийг хамааруулна” гэж заажээ.
Хохирогч С.Пүрэвцэцэг нь харсаар байж эр нөхрөө бусдад онц харгис хэрцгийгээр алуулж сэтгэл санааны хүнд цочрол, дарамтанд орсноос хойш одоог болтол зүрхний өвчний улмаас байнга эмнэлэгт хэвтдэг болсон ба энэ талаарх баримтуудаа мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гаргаж өгсөн боловч огт хэлэлцээгүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
Дээр дурдсанаас үзэхэд хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй нь харагдаж байна.
Гэтэл шүүх дээрх байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэж хуульд заасан доод хэмжээгээр ялыг оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт буюу ял оногдуулахтай холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:.. Анхан шатны шүүхээс Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо эргэлзээгүй нотлох баримтад үндэслээгүй, зарим талаар таамаглал, хийсвэр оюун дүгнэлтийн шинжтэй болсон гэж үзэж байна. Иймд Энхбаярт холбогдох хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Э нь талийгаач Б.Б-ын амь насыг санаатайгаар хохироогоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай байх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Л.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:.. Миний хувьд анхан шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн нь илт үндэслэлгүй юм. Хүний амь насыг сэргээх боломжгүй, мөнгөөр үнэлэх боломжгүй. Хүний амь хохирсон нөхцөлд төрөөс тодорхой хэмжээний нөхөн олговор олгодог журам байдаг. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн явдлыг хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон нь огт үндэслэлгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй учраас хөнгөрүүлэх нөхцөл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү....гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:... Би маш их гомдолтой байна. Хоёр нүдээрээ нөхрийгөө дайруулж байгааг харсан. Үүнээс хойш зүрх өвддөг 5 хоноод эмнэлэг ордог болсон. Анхан шатны шүүх буруу ял оноосон. Бүхэл бүтэн хүнийг нэг удаа дайрчхаад дахин дайрсан нь санаатай гэж үзэж байна. Ял нь багадсан. Оршуулгын зардал төлсөн гээд хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна...гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Чанцалдулам давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:.. Би маш их гомдолтой байна. 8 жилийн хорих ял багадаж байна. Энэ хүнд 14 жилийн ял өгүүлмээр байна. Миний ээжийн бие өвдөөд хэцүү байна. Аавынхаа араас ээжийгээ явуулчих болов уу гэж айдастай байна. Миний аавд амьд гарах боломжгүй санаатайгаар алсан. Хүний амь хохироочихоод ялаа их байна, бага болгоно гээд байгаа нь үндэслэлгүй байна...гэжээ
Прокурор Ж.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршиг зориуд үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон байдаг. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон талийгаачийн үхэл хоорондын шалтгаан холбоотой шинжийг агуулсан байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвцэцэгийн мэдүүлэг, гэрч Баярсайханы өгсөн мэдүүлгүүд байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргаснаас үзэхэд эхний удаа болгоомжгүйгээр дайрсан, хоёр дахь удаа дайрахад шүүгдэгч өөрөө машинаа бариагүй шүүгдэгчийн гэмт үйлдэл биш гэж гомдол гаргасан байна. Гэвч хэрэг нөхцөл болох явцыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар дүгнээд үзэхэд шүүгдэгч Энхбаяр нь А,В,С ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2012 оны туршлагатай жолооч хүн. Хажууд нь зүүгдээд яваа хүнийг харахгүй байх боломжгүй. Хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Энхбаярын үйлдэл болгоомжгүй үйлдэл биш. Хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг мөн гэж тогтоогддог. Анхан шатны шүүхээс Энхбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заансыг баримтлан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Энхбаяр нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тухайн өдөр, цагт талийгаачийг алах зорилгоор урьдчилан төлөвлөж алсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, хөрөнгө, бусад эрх чөлөө, нийтийн үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд хохирсон үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал, өмгөөлөгчид төлсөн зэрэг нийт 27.355.280 төгрөгийг нэхэмжилдэг гэвч хэрэгт 15.726.669 төгрөг нь авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгчээс нийт 27.360.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед сайн дураараа 455.000 төгрөгийг төлсөн. Хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед 84.000.000 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Амь хохирогчийг тэтгэвэр тогтоолгох байсан гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн. Шүүх энэ нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж шийдвэрийг гаргасан. Монгол Улсын хуульд хүний амь насыг мөнгөн дүнгээр илэрхийлэх, хүний амь насыг урьдчилан тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас 84.000.000 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүх хэлэлцээгүй орхихдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарлаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэний шүүхээр шийдүүлэх боломжтой гэдгийг дурдаж өгсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдодгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтын дагуу хангалттай шалгаж тодруулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл гэх үндэслэл байхгүй байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнгө үү ...гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах тус тус хуулийн шаардлагатай билээ.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хор уршиг шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийгээгүй нь ял шийтгэл оногдуулах хуулийн зарчимд нийцээгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар гаргасан саналын үндэслэл болгосон баримтыг няцаасан үгүйсгэсэн үндэслэл, хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд тусгаагүй, иргэний нэхэмжлэгч Б.Чанцалдуламын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхэд анхаарах нь зүйтэй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдолд энэ удаа хариу өгөх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА