Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0119

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0119

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг тус тус

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ерөөлбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго, хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, гуравдагч этгээд В.Баяржаргал, гуравдагч этгээд В.Баяржаргалын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Биеийн тамир спортын улсын хорооны нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын бие даасан шаардлагатай, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын гимнастикийн холбооны гүйцэтгэх захирал Г.Ерөөлбатаас дараах хүсэлтийг гаргаж байна.

Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Биеийн тамир спортын улсын хорооны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлбат, гуравдагч этгээд В.Баяржаргал бие даасан шаардлага гаргасан Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нар хоорондоо эвлэрэн хэлэлцэж байгаа. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж байгаа.

Эвлэрлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд тус хүсэлтийг хүлээж авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие уг захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тус захиргааны маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлбат, гуравдагч этгээд В.Баяржаргал нартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд В.Баяржаргалын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй. Талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулаагдсан бөгөөд шүүхээр баталгаажуулах шаардлагагүй, хэрэгт хавсаргахаар нэг хувийг гаргаж өгч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд нэхэмжлэлээсээ татгалзах нь тухайн оролцогчийн эрхийн асуудал. Энэ эрхээ хэрэгжүүлэх үүднээс татгалзах хүсэлт гаргаж байгаа гэж харж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болон гуравдагч этгээд нар бие даасан шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтийг баталж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооноос Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугаар захирамжийн иргэн В.Баяржаргалд холбогдох хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нараас Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан иргэн В.Баяржаргалд олгосон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газар/-ын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн МЗХ2018/22-03 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Барилгын загвар зураг, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1114/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлт зэргийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлбат нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан бие даасан шаардлагаасаа татгалзах хүсэлтийг тус тус гаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.3-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар хэргийн оролцогч талуудаас гаргасан дээрхи татгалзах хүсэлтүүд нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нар бие даасан шаардлагаасаа бүхэлд нь тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлбатад Биеийн тамир, спортын улсын хорооноос 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1/12 дугаар 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд ...тус хороог төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Олхонууд овогтой Галбадрахын Ерөөлбат /РД:ЧБ82100873/-ыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасан ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нараас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Я.Баярсайханд олгосон итгэмжлэлд ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 22, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг... тус тус олгосныг тэмдэглэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооноос гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугаар захирамжийн иргэн В.Баяржаргалд холбогдох хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нараас гаргасан иргэн В.Баяржаргалд олгосон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газар/-ын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн МЗХ2018/22-03 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Барилгын загвар зураг, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1114/2019 дугаартайгаар олгосон Магадлалын нэгдсэн дүгнэлт зэргийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай 128/2020/0133/3 индекстэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нэхэмжлэл, бие даасан шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж 128/2020/0133/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Сүх-Очир, Ц.Амарзаяа, Ё.Тунгалаг, А.Лутсүх нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН