Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00198

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч А.Алтанбагана нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Алтанбаганад холбогдох эрүүгийн 1738000000007 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сартуул овогт Атархүүгийн Алтанбагана, 1993 оны 6 дугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж ахын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн РЭ93061417 дугаартай.

Шүүгдэгч А.Алтанбагана нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17-06 тоот гэртээ өөрийн төрсөн эх Ц.Нармандахыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч А.Алтанбагана нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17-06 тоот гэртээ өөрийн төрсөн эх Ц.Нармандахыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Ц.Нармандахын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Миний төрсөн хүү А.Алтанбагана нь согтуу гэртээ ирж намайг ганцаараа байхад агсам тавиад хашаа байшингаас хурдан зайн чи хурдан үхээч гээд байсан, би цагдаа дуудсан чинь утсыг минь булааж аваад цохих гээд байхаар нь би гараад гудам руу гүйсэн чинь араас гүйж ирээд гараас бариад хоолой боогоод авсан. Тэгээд өөрийгөө заазуураар ална гээд байхаар нь би заазуурыг нь аваад хаясан. Тэгсэн чинь 5 см-ийн шруп аваад үүгээр венийн судсыг чинь ханаж ална гэж байснаа хувцасаа тайлаад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 420 дугаартай

 - Ц.Нармандахын биед гэмтэл тогтоогдлоо.

 - Ц.Нармандахын биед эрүү, шуу, бугалга, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 136-138-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Алтанбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Алтанбагана нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738000000006 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч А.Алтанбаганад холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт Атархүүгийн Алтанбаганыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч А.Алтанбаганыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтанбаганад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН