Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0199

 

З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.Лхамхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Лхамхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар “З.Лхамхүүг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, З.Лхамхүүг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэг. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөх үндэслэл байхаар заажээ.

Нэхэмжлэгч З.Лхамхүү иргэний цахим үнэмлэхэд бичигдсэнээр 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 59 нас, 6 cap, 6 хоногтой байжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмэгтэй даатгуулагчийн тухайд 55 нас хүрснээр өндөр настны тэтгэвэр тогтоох авах эрх нь үүсдэг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч З.Лхамхүү нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэл бүрдсэн байх тул түүнийг захиргааны санаачилгаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Ийм байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль болох ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримталж, нэхэмжлэгч З.Лхамхүүг тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг хэрэглэгдэхгүй.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нэхэмжлэгч З.Лхамхүүтэй хөдөлмөрийн гэрээ бус, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч З.Лхамхүү нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан тул захиргааны санаачилгаар түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмэгтэй даатгуулагчийн тухайд 55 нас хүрснээр өндөр настны тэтгэвэр тогтоох авах эрх нь үүсдэг тул нэхэмжлэгч З.Лхамхүүд хуулийн дагуу олгогдох нэг удаагийн тэтгэлэг нь 2016-2018 оны төсвийн төсөөлөл, 2017 оны төсөвт урьдчилан суугдсан байдаг.

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн хэмжээнд ирэх дараа онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх төрийн албан хаагчдын судалгааг гаргаж, төсвийн төсөөлөлд урьдчилан тусгасны үндсэн дээр ирэх оны төсөвт суугддаг болно.

Энэхүү журмын дагуу нэхэмжлэгч З.Лхамхүүд олгох нэг удаагийн тэтгэлэг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 1 улирлын төсвийн хуваарьт суугдсан тул тухайн улиралдаа багтаан олгогдох юм.

Өндөр настны тэтгэвэрт гарах үндэслэлээ хүлээн зөвшөөрч нэг удаагийн тэтгэлгээ байгууллагынхаа 2017 оны төсөвт урьдчилан тусгуулсан нэхэмжлэгч З.Лхамхүүг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Гурав. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэхэмжлэгч З.Лхамхүүгийн ээлжийн амралтын хугацаанд ногдох олговорт 1495554 төгрөгийг тооцон олгож, түүний харилцах дансаар шилжүүлсэн байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Лхамхүүд ээлжийн амралт биечлэн эдлүүлээгүй гэж хариуцагчийг буруутгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэсэн зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй ажилтанд хамаардаг болно.

Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар З.Лхамхүүг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул З.Лхамхүүд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дөрөв. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч З.Лхамхүүгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, дундаж цалин хөлсийг алдаатай тооцоолжээ.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хуулийн дагуу тооцох суутгалыг хассан дүнгээр гарт олгогдох дүнг тооцдог.

Гэтэл анхан шатны шүүх хуулийн дагуу хийгдэх суутгалыг оруулж, нийт олгогдох дүнгээр нэхэмжлэгч З.Лхамхүүгийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь буруу юм.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

ХЯНАВАЛ

Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргаар ажиллаж байсан З.Лхамхүүг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан байна. Дээрхээс үзэхэд албан хаагч нь 60 насанд хүрсэн тохиолдолд захиргааны байгууллагын санаачлагаар тэтгэвэр тогтоох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлөх боломжтой байжээ.

Нэхэмжлэгч З.Лхамхүүгийн хувьд 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн буюу маргаан бүхий акт гарах үед 59 жил 06 сар 06 хоногтой байжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд буюу 60 нас хүрээгүй байхад хариуцагчаас энэ үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Иймд  Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар тушаал нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж төрийн албанаас чөлөөлсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн анхан шатны шүүх “55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох” эрхтэй бөгөөд энэ нь захиргааны санаачлагаар “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “нийт олгогдох дүнгээр нэхэмжлэгч З.Лхамхүүгийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь буруу” гэх тухайд:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4 дэх хэсэгт “4.Ажилтанд олгож байгаа бүр төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 5 дах хэсэгт “Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, ... цалин хөлсийг тус тус тодорхойлно”, 7 дах хэсгийн а/-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өдрийн дундаж цалин хөлсийг тооцохдоо хоолны үнийн хөнгөлөлтийг оруулан тооцсон нь буруу байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх маргаж буй харилцааг зохицуулахад хэрэглэгдэхгүй Хөдөлмөрийн хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3” гэснийг хасч, 2 дахь заалтын “3467760 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун жар/” гэснийг “3433574 /гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун далан дөрөв” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ