| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/358 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/358
2025 8 12 2025/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,
Шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А.Ш-д холбогдох эрүүгийн 2534******* дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********************* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Шнь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байх Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байны хоолны зааланд байхдаа ахлах тогооч Х.Х олсон монетэн гинжийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж "минийх” гэж авч завшиж улмаар Х.Д-д 735 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2534****** дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Х.Д-ы өгсөн: "2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ажлын байр сургуулийн дотуур байранд судалгаа бөглөх гээд явж байтал миний хүзүүн дээр монетан гинж түгжээ нь мултарчихаад түгжээг нь түгжиж чадалгүй явж байгаад унагачихсан. Хаана унагаснаа бол мэдээгүй. Тэгээд нөгөөдөр өглөө ажилдаа иртэл туслах тогооч Шзүүсэн байсныг хараад өнгөрсөн. Дараа нь “за миний гинжийг өгөх байлгүй дээ” гээд тоогоогүй орхисон. Гинжээ хаяснаас 7 хоногийн дараа өглөө ажил руу орж байтал над дээр ирээд миний өрөөнд цуг орсон. Тэгээд миний гинжийг өгөх гэж байна гэж бодтол өөр зүйл яриад байхаар нь “миний гинжийг өгөхгүй юм уу” Шижирээ гээд хэлтэл “чиний гинжийг аваагүй чи юу яриад байгаа юм. Би чиний гинжийг хулгайлаагүй” гээд над руу хашхирсан. Тэгээд би “чамайг хулгайлсан гэж хэлээгүй хаанаас олсон юм бэ гэж л асуусан шүү дээ” гэсэн чинь намайг гүтгэсэн гээд цагдаад өгнө гэсэн. Тэгэхээр би Борнуур сумын Цагдаагийн хэсэгт өргөдөл гаргасан. Би Шижир-Эрдэнэтэй 1 газар ажилладаг. Би дотуур байрны багш, Шдотуур байрны тогооч. Шижир-Эрдэний зүүсэн байсан гинж миний хаясан гинж мөн. Би хараад таньсан. Шижир-Эрдэнийг хүзүүндээ гинж зүүж байхыг нь харж байгаагүй. Би гомдолтой байна. Гинжээ буцааж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Гэрч Б.С-н өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед би ажлаа хийж байхад туслах тогооч А.Ш нь намайг сургуулийн дотуур байрны гал тогооны өрөөнд дуудаад “ороод ир энэ гинжийг зүүгээд өг, энэ гинж богинодоод орохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд гинжийг нь зүүж өгчихөөд эргээд гараад ажлаа хийсэн. Шаргал өнгийн нарийн гинж байсан. Тухайн гинж хэний гинжийг би мэдэхгүй намайг зүүгээд өгөөч л гэсэн өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Ж.Х-гийн өгсөн: “Би Төв аймгийн Борнуур суманд сургуулийн дотуур байранд тогооч хийдэг. Би тухайн үед Борнуур сумын сургуулийн дотуур байрны гал тогоонд ажил дээрээ байсан. Тухайн өдөр манай гэр цоожтой байсан. Тэгээд хүүхдээ аваад ажил дээрээ ирсэн. Тэгээд яг гал тогооны хоол хийдэг зааланд гинж унасан байсан. Хоолны цаг болсон байсан яараад хальт авахад монетэн гинж гэж мэдээгүй хүүхэд хаясан юм байна даа гэж бодоод санаандгүй хэнийх вэ гэж асуутал манай туслах тогооч Ш“минийх” гээд надаас авсан. Би тухайн үед охин болох Энхлэнтэй явж байсан. Нэмж хэлэхэд тухайн гинжийг олоох эзэнд нь өгчих санаатай л хүмүүсээс асуусан. Хүний юм олох юм бол цагдаад хандах ёстой юм байна гэдгийг ойлголоо.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүгдэгч А.Ш-н өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед би ажил дээрээ байж байтал ахлах тогооч Х гал тогоонд орж ирэхдээ шаргал өнгийн монетан алтан гинж надад харуулаад “энэ хэний гинж вэ” гээд надаас асуухаар нь тэр гинжийг “миний гинж” гэж хэлээд авчихсан. Хгийн олсон гинж миний гинж бишээ. Тэгээд тэр гинжийг би хүзүүндээ зүүчхээд орой ажил тарахын үед гэр рүүгээ аваад харьсан. Маргааш нь Д эгч надаас миний хүзүүнд зүүсэн гинжийг харсан бололтой “эгчийнхээ гинжийг өгөхгүй юм уу” гээд надаас асуухаар нь би “таны гинж гэж ямар юм байна” гээд би аваагүй гээд тоглох санаатай хэлтэл Д эгч намайг "хулгайч минь чамаас өөр хэн авдаг юм” гэж загнаад байхаар нь миний дургүй хүрээд гинжийг нь гаргаж өгөөгүй. Би Ды гинж гэж мэдээгүй. Хүн олоод өгөхөөр нь чимээгүй миний гинж гээд авчихсан юм. 2 хоногийн дараа Д эгч гинжээ алдсан гээд цагдаад гомдол гаргана гээд явж байхыг нь сонсоод Д эгчийн гинж мөн байна гэж мэдсэн. Би Д эгчид тоглож байгаад өгнө гэж бодож байсан боловч намайг хулгайч гээд харааж зүхээд байхаар нь гэртээ аваачаад нуучихсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
“2025 оны 4 дүгээр сазын 15-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байтал ахлах тогооч Х дотуур байрны гал тогоонд орж ирэхдээ шаргал өнгийн монетон гинж надад харуулаад “энэ хэний гинж бэ” гээд асуухаар нь тэр гинжийг нь би “минийх” гэж хэлээд авчихсан. Тэгээд тэр гинжийг би хүзүүндээ зүүгээд орой ажил тарахын үед гэр рүүгээ аваад харьсан. Маргааш нь Д эгч надаас миний хүзүүнд зүүсэн гинжийг харсан бололтой “эгчийнхээ гинжийг өгөхгүй юм уу” гэхээр нь би “таны гинж гэж ямар юм байна би аваагүй” гээд тоглох санаатай хэлтэл Д эгч намайг “хулгайч минь чамаас өөр хэн авдаг юм” гээд загнаад байхаар нь миний дургүй хүрээд гинжийг гаргаж өгөөгүй. Тухайн гинжийг би Д эгчийнх гэж мэдээгүй. 2 хоногийн дараа Д эгч гинжээ алдсан гээд цагдаад гомдол гаргана гээд явж байхыг сонсоод Д эгчийн гинж мөн юм байна гэж мэдсэн. Би Д эгчид тоглож байгаад өгнө гэж бодсон боловч намайг хулгайч гээд хараж зүхээд байхаар нь жоохон удааж байгаад өгье гэж бодсон боловч ийм зүйл болчихлоо. Би Д эгчид гинжийг нь өгчихсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн №07/114 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээний объектын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны зах зээлийн үнэлгээ нийт 735 000 /долоон зуун гучин таван мянга/-аар үнэлэгдэв.” гэжээ /хх-ийн 25-35/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/,
Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ш-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч А.Ш нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байх Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байны хоолны зааланд байхдаа ахлах тогооч Х.Холсон монетэн гинжийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж "минийх” гэж авч завшиж улмаар Х.Д-д 735 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшисны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Ш-д дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Д-ы монетэн гинжийг 735 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биет байдлаар хохирогчид хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 15-17-р хуудсанд эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 75-р хуудсанд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 14:55 минутад тов мэдэгдэхэд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч А.Ш нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Миний буруу би дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, тодорхойлолт /хх 54-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ш-н холбогдсон гэмт хэрэг хорих ялгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн 2534***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн 2534******дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ