| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/02183/И |
| Дугаар | 184/ШШ2022/03009 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2022/03009
| 2022 10 06 | 184/ШШ2022/03009 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 7/1 хаягт байрлах, “Төрийн банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр М-17 тоотод оршин суух Наран овогт Жигжидсүрэнгийн Ганчимэг /РД:АЕ75061969/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, барилгын 5 дугаар байр 1-р орц 5 тоот хаягт оршин суух Бага хотгойд овогт Очирбатын Ганболд /УС70050213/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 39,354,577.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунсоёмбо, О.Ганчимэг, хариуцагч О.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүгээ эргүүлэн төлөөгүй 2026 хоног хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан мэдэгдсэн. Зээлдэгч О.Ганчимэг, О.Ганболд нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээг цуцалж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх үндсэн зээл 27,382,325 төгрөг, хүүгийн төлбөр 11,648,359.86 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 10,500 төгрөг, нийт 39,354,577.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 403643 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Ганболд тайлбартаа: ...Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар сургуульд багшилж байх хугацаандаа анхны лизингийн зээлд хамрагдаад, орон сууцны корпорациас тухайн байрыг авсан. Түүнээс хойш гэр бүлийн амьдрал болон ажлын байдал тогтворгүй, гол шалтгаан нь миний гэр бүлээ авч явах ухаан, архины хамааралтай болсноос шалтгаалсан бөгөөд бид олон удаа гэр бүлийн зөрчилтэй тусдаа амьдарч байсан. Олсон орлогоо амьдралдаа хоол, ундандаа хэрэглэсэн, зээлээ тухайн үедээ төлж чадаагүй. Тусдаа амьдарч байгаад, 2 хүүхдээ бодоод, 1 дүгээр сард эвлэрч, хамт амьдарч байна. Хоёулаа багш бөгөөд тогтвортой ажил хийгээд, боломж байвал цалингаасаа төлөх хүсэлтэй байна. Миний хувьд том төсөл бичээд, тэрийгээ хөөцөлдөөд, аялан тоглолтоосоо ашиг орлого олно, байрныхаа өрийг төлнө гэж бодож байсан. Тоглолтоо бэлтгэх хугацаанд коронавирус гарсан. Банкны өмнөх хариуцсан ажилтанд төслөө үзүүлж байсан. Би хөдөө 2, 3 жил амьдарсан, мөн хорих ял эдэлсэн. Бид 1 дүгээр сард буцаж эвлэрсэн, би өнөөдөр улсын сургуульд ажилд орсон, мөн Ж.Ганчимэг ажилд орсон. Үнийн дүн болон төлөх ёстой гэдэг дээр маргаан байхгүй гэжээ.
3. Хариуцагч Ж.Ганчимэг тайлбартаа: ...Шүүхийн ширээний ард ингэж зогсож байгаа нь О.Ганболдын архины асуудлаас болсон. Багш нар хэдий цалин багатай боловч ажлаа хийж байсан бол 250,000 төгрөг төлөх боломжтой байсан. О.Ганболд 20 гаруй жил архи ууж, намайг зодож, би арга ядаад 2019 онд цагдаа, шүүхэд хандсан. Би хоёр жилийг сонгоогүй, 9 сарыг сонгосон. 2 хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нэгдүгээр сард эвлэрсэн. Би 20 гаруй жил багшилсан багш хүн, манай эцэг, эх мөн багш байсан. Ханилсан хань маань арчаагүй болохоор шүүхэд орж байна. О.Ганболдын хоёр дахь амьдрал нь байхад ойлгоод амьдарч болох байсан. О.Ганболдын арчаагүй байдлаас шалтгаалж ийм байдалд орсон, түүнээс биш шүүх, цагдаа мэдэхгүй, шүүхийн хаалгаар ч орж үзээгүй. Би бага ангийн багш бөгөөд энэ жилээс 1,003,500 төгрөгийн цалинтай болж байна. Төлбөрийн чадваргүй, арчаагүй эцэг, эхээсээ болоод хүүхэд маань хохирч, амьдрах газаргүй болох гэж байна. Өөр өөртөө дүгнэлт хийгээд, багш хүн байж засаж, залруулсан бол туушдаа төлөх байсан. Архинаас болоод ажлаас гарчихдаг. О.Ганболд өчигдөр ажилд орсон, би нэг дэх өдөр ажилд орсон. О.Ганболд нь архи уухгүй бол мэдлэг, чадвар сайтай, сайн багш юм. Олон тэрбум төгрөгийн зээл аваагүй. Эцэг маань урьдчилгааг төлсөн. О.Ганболдоос зуун төгрөг ч гараагүй. 260,000 төгрөгийг төлөх боломжтой байсан. О.Ганболдын хариуцлагагүй байдлаас орон гэргүй болж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.
Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын үйлчилгээний хураамжийн баримт, “Хаан банк” ХХК-ийн /АТМ/ баримт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, хүүгийн тооцоолол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаалбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, хариуцагч О.Ганболдын “Төрийн банк” ХХК-нд гаргасан тайлбар, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлүүд, шаардах эрх шилжүүлэх гэрээ, актив хөрөнгө шилжүүлэх гэрээ.
5. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.
Хариу тайлбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас хариуцагч Ж.Ганчимэг, О.Ганболд нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 39,354,577.56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талын шаардах эрх шилжүүлэн авах гэрээний дагуу орон сууцны зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч нараас ...төлөгдөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа, тооцоон дээр маргаан байхгүй, орон сууцаа алдмааргүй байна, зээл төлөх төлбөрийн чадвартай болсныг харгалзан зээлийн гэрээг үргэлжлүүлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж мэтгэлцдэг.
3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Ж.Ганчимэг, О.Ганболд нар нь 2011 оны 10-р сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорациас зээлж 403643 тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлсөн, төлөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаангүй гэдэг.
4. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч болох ОССК шаардах эрхтэй.
6. 2011 оны 10-р сарын 03-ны өдрийн 403643 тоот орон сууцны зээлийн гэрээний үүргийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрх бүхий субъект бол ОССКорпораци болно. Тухайн шаардах эрхийг Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Төрийн банкны шийдвэр, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 115 дугаартай шаардах эрх шилжүүлэх, мөн өдрийн 114 дугаартай актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 01/03 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдох ба 2011 оны 10-р сарын 03-ны өдрийн 403643 тоот орон сууцны зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шаардана. Энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно”, 123.6 “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ”, 123.9 “Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна” гэж заасантай нийцэж байна.
7. Хариуцагч нар нь 403643 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай” мэдэгдэл, зээлдэгч нарын өргөдөл, хүсэлт, уулзалт тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын ...нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцалж байгаа гэх тайлбар үндэслэлтэй, улмаар орон сууцны зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 39,344,077.56 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,500 төгрөгийг хариуцагч Ж.Ганчимэг, О.Ганболд нар хариуцан төлөх нь үндэслэлтэй гэж үзэв.
8. Харин 2011 оны 10-р сарын 03-ны өдрийн 403643 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Тодруулбал, энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165, 166, 167 зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл хэдий ч уг хэлцлийн үүргийг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ”, 172 дугаар зүйлийн 172.2 “Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ” гэж заасны дагуу шилжүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохоо нотлоогүй тул түүнд шаардах эрх шилжсэн гэж дүгнэх боломжгүй юм.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Ж.Ганчимэг, О.Ганболд нараас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 39,354,577.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 354,670.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганчимэг, О.Ганболд нараас 39,354,577.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,670.38 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ганчимэг, О.Ганболд нараас улсын тэмдэгтийн хураамжид 354,670.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ