Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/365

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

   2025          8                15                                            2025/ШЦТ/365

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ч.Т-д холбогдох эрүүгийн 2434*******дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **********************регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Тнь Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багт 2025 оны 6 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн 00-00 ЛЛЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2534******* дугаартай хэрэгт авагдсан:

 

Гэрч П.Э-н өгсөн: “Би тухайн өдөр Лүн сумын Өгөөмөр 2 дугаар баг замын цагдаагийн хяналтын постон дээр хяналт шалгалт хийж байх хугацаанд 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Ч.Т нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон драгер багажаар шалгахад 4,05 хувийн согтолттой байсан. Намайг тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад иргэн Ч.Тнь жолоодож явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Шүүгдэгч Ч.Т-н өгсөн: “Би 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар явж дүүрэг 18 хороо Бэлхийн 48-200Б тоотоос өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Архангай аймаг Цэнхэр сум руу явж байгаад замдаа 22-ийн товчоо өнгөрөөд Хараа нэртэй 0.5 граммын архи аваад ганцаараа машиндаа уучхаад цаашаа Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн хяналтын постон дээр цагдаа зогсоож шалгасан.  Би 2024 оны 11-р сард Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригдаж жолоодох эрхээ хасуулж 30 хоног баривчлагдсан. Би dragger үлээсэн 4.05 хувийн согттолтой байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

“Би 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед гэр буюу *************** тоотоос өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай машиныг жолоодоод Архангай аймаг руу найзынх руугаа хөдөлсөн. Тэгээд би Эмээлт даваад Атар орчим явж байгаад машинаа замын хажууд зогсоож машиндаа байсан 0.5 литрийн Хараа гэдэг архины талыг нь уучхаад хөдөлсөн. Тэгээд 02 цагийн үед Төв аймгийн Лүн сумын цагдаагийн пост дээр иртэл цагдаа нар шалгаж байсан. Намайг үлээлгэж шалгахад 4.05 хувьтай гарсан. Би 2024 оны 11-р сард согтуугаар жолоо барьж жолоодох эрхээ нэг жил хасуулж 400 000 төгрөгөөр торгуулж байсан. Би архи согтууруулах ундаан хэрэглэсэн байсан. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1/,

2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4/,

2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай" эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 5/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4, 6-8/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Т-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.Т нь Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багт 2025 оны 6 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн 00-00 ЛЛЛдугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ч.Т-д дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Ч.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч “шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу гэж шүүхээс үзсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

            Шүүгдэгч Ч.Т нь “3 хүүхэдтэй сургуульд орох гээд байгаа. Эхнэр ганцаараа хэцүү байна.” гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч *********** тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй талаарх талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 28-31/,

мөн шүүгдэгч урьд 4 удаагийн ял шийтгэлтэй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 35-38, 41-43, 44-51/ авагджээ.

 

Шүүгдэгч Ч.Т-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, тэрээр өмнөх тогтоолоор оногдуулсан торгуулын ялыг биелүүлээгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан тоот, танилцуулга ирүүлсэн байх тул,

шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “3 хүүхэдтэй сургуульд орох гээд байгаа. Эхнэр нь ганцаараа ажил эрхэлж, хүүхдүүдээ зөөдөг. Сургууль орох гээд байгаа тул хэцүү байна.” гэх хүсэлт, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх хүсэлт болон өмнөх тогтоолоор оногдуулсан 3 сая төгрөгийн торгуулын ялыг хэрхэн яагаад барагдуулаагүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн таницуулагаас харагдахгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл хасах нэмэгдэл ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэлээ.     

 

Эрүүгийн 2534****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

өмнөх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг бүгдийг нэмж нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 дээшгүй цагаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэч Ч.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7.Эрүүгийн 2534****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ