| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02234/И |
| Дугаар | 102/ШШ2022/03557 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/03557
| 2022 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/03557 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, Х овогт Х-гийн Д /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Д овогт Д-гийн Т /РД: .../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 94,106,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.Д нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Т-д зээлийн гэрээний үндсэн дээр 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 177.38 м2 талбай бүхий газрыг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг барьцаа болгож авсан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойш Х.Д нь Д.Т-тай удаа дараа холбогдож үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч Д.Т нь тухай бүрт шалтаг шалтгаан хэлдэг байсан. Удалгүй Д.Т нь Х.Д-той холбогдож ...банкнаас зээл авч байгаад таны мөнгийг өгөх хэрэгтэй байна. Зээл авах гэтэл үл хөдлөх эд хөрөнгө баръцаанд тавих хэрэг гарчихлаа гэж хэлээд анх барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг С.Б гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн. Дараа нь С.Б гэсэн хүнээс Ч.Б-ы нэр дээр шилжсэн. Хамгийн сүүлд буцаад Д.Т-ын нэр дээр шилжсэн байдаг. Түүнээс хойш Х.Д нь хариуцагчтай удаа дараа холбогдсоны эцэст талууд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг байгуулах үед хариуцагч Д.Т нь Х.Д-гийн мөнгийг хүүтэй нь хамт 94,106,240 төгрөг болгож өгнө гэсэн учир зээлийн гэрээг 94,106,240 төгрөгөөр хийсэн байдаг. Мөнгө зээлэх болсон шалтгаан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Т, Ч.Б нар нь манай гэрт ирж уулзсан. Д.Т надад хандан ... би Баянхонгор аймагт алтны уурхай ажшлуулж байгаа, гэтэл уурхайд усан буу, алт угаах машин яаралтай авах шаардлагатай байна, хөрөнгө оруулалт байхгүй учраас авах боломжгүй байна. Та надад 100,000,000 төгрөг байвал зээлээч. Би танд барьцаа хөрөнгө болгож Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах 177.38 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгье гэж хэлсэн учир, мөн Д.Т нь Х.Д-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан сайн танил, мөн Ч.Б-ы найз гэж бодсон тул мөнгө өгөхийг зөвшөөрсөн. 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчид бэлэн 100,000,000 төгрөг байгаагүй тул маргааш нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю мон худалдааны төвд уулзаад 80,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл хариуцагч нь уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төлөөгүй, уул уурхайн тоног төхөөрөмж аваад эхний ашгаас нэхэмжлэгчийн мөнгийг өгнө гэсэн боловч уул уурхайн тоног төхөөрөмж аваагүй тул нэхэмжлэгч Х.Д нь 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж байсан юм. Сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Анх мөнгө зээлдүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс зээлийн нэмэлт гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 сар 18 хоног байгаа бөгөөд 80,000,000 төгрөгийн 1 сарын 5 хувийн хүү нь 4,000,000 төгрөг болж байгаа, үүнийг 6 сард үржүүлэхээр 24,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийн 1 хоногийн хүү нь 133,333 төгрөг болж байгаа бөгөөд 18 хоногийн хүү нь 2,399,999 төгрөг. Ингээд үндсэн зээл 80,000,000 төгрөг дээр 6 сарын хүү 24,000,000 төгрөг, 18 хоногийн хүү 2,399,999 төгрөгийг тус тус нэмж, нийт 106,399,999 төгрөг болж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Д.Т, нэхэмжлэгч Х.Д, гэрч Ч.Б нарын мэдүүлгээс үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ байгуулсан өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Д.Т нь дунджаар 12,293,760 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогдсон тул нийт үүрэг болох 106,399,999 төгрөгөөс 12,293,760 төгрөгийг хасахаар 94,106,240 төгрөг гарч байгаа. Иймд Д.Т-аас 94,106,240 төгрөгийг гаргуулж Х.Д-д олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус шүүхэд Х.Д-гийн нэхэмжлэлтэй Д.Т-д холбогдох 94,106,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.Т би Х.Д-гоос бэлнээр болон дансаар огт мөнгө аваагүй бөгөөд нэхэмжпэгч нь үндэслэлгүйгээр намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан 4 жил гаруй хугацаанд шалгуулсан. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2 удаа анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэж намайг Х.Д гэх хүнийг залилаагүй гэдгийг тогтоосон. Ингээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х.Д-гоос гарган өгсөн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх гэрээний тухайд: Х.Д, Д.Т бид энэхүү гэрээг өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэг цаг хугацаанд сууж байгаад гэрээний агуулгаа тодорхойлж, харилцан ярилцаж, тохиролцож гэрээ байгуулаагүй юм. Энэхүү гэрээ гэх баримтанд Х.Д гарын үсэг зурагдаагүй байхад зээлийн гэрээний нөхөж бичих хэсгүүд мөн бичигдээгүй байхад Ч.Б гэх хүний шахалт дарамтаар гарын үсэг зурсан баримт юм. Учир нь тухайн цаг хугацаанд Ч.Б бид хоёрын дунд үүссэн мөнгөний тооцоотой холбоотой асуудлаар тухайн баримтанд гарын үсэг зурсан юм. Ч.Б гэх хүний бий болгосон зохиомол гэрээ юм. Зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд Х.Д нь Д.Т-д бэлнээр дансаар аль ч хэлбэрээр мөнгө шилжүүлээгүй юм.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор тогтоогдоогүй үйл баримтад нэхэмжлэгч дүгнэлт хийж талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээ байна, энэ гэрээний дагуу шаардлага хангаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийснээр магадгүй нэхэмжлэгч өнөөдөр нэхэмжлэлээ гаргаж байгаа байх. Энэ иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын гаргаж өгч байгаа тайлбар, эрүүгийн хэргийг шалгах 4 жил гаруй хугацаанд цугларсан нотлох баримтаас үзэхэд Д.Т гэдэг хүн яг өөрөө Х.Д-гоос мөнгө зээлье гэдэг хүсэл зориг илэрхийлээгүй. Хариуцагч Д.Т нь Ч.Б гэдэг хүнээс 150,000,000 төгрөг өндөр хүүтэй зээлж, тэр зээлийнхээ дарамтад орсон байсан. Ч.Б-ы дарамт шахалтаар маш олон янз янзын баримтан дээр гарын үсэг зурж байсан. Ч.Б чи өр зээлээ төл, би Х.Д-гоос мөнгө авах гээд байна, чи ямар ч байсан Х.Д-д өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг байдаг 177.38 м/к газраа барьцаал гэж шаардсан тул 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой Д.Т нь эгч, дүү хоёртоо Ч.Бд би мөнгөний асуудалтай байна ямар ч гэсэн энэ бичгийг хийж өгөх ёстой гэдэг товчхон тайлбар хэлээд нотариат дээр хамт орж итгэмжлэл хийлгэсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.Д Америк руу явсан байж энэ өдөр 80,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаад байгаа. Д.Т нь Ч.Б-аас 150,000,000 төгрөг зээлснийхээ хүүд сар бүр 7,500,000 төгрөг өгдөг байсан. Энэ их эцэс төгсгөлгүй хүүгийн дарамтад орсноос болоод архи их уудаг байсан. Ч.Бы хэлсэн янз бүрийн баримтад гарын үсэг зурж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд эхнэр нь хүртэл нөхрөө архи дарс уугаад байхаар нь гэр бүлээс гадуур харилцаатай болчихсон юм байна гээд нөхөртэйгөө ярилцаж үзэхэд эхнэртээ бүх үнэнийг хэлээд 2017 оны 07 дугаар сараас эхлээд Ч.Б-тай өгсөн авснаа тооцоод иргэний журмаар шүүхээр яваад 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, 150 сая төгрөгийг 270-аас 280 сая төгрөг болгон буцааж төлсөн байсан.
Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба татгалзлын үндэслэлээ эрүүгийн журмаар шалгагдаж байхад өгсөн хохирогч Х.Д-гийн мэдүүлгүүд зөрсөн гэжээ. Мөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар иргэнийн болон эрүүгийн хуульд заасан аль аль харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн гэж тайлбарлаж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 857 дугаартай магадлалд дурдсанаар эрүүгийн эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд зүйлсийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан шууд санаатай идвэхитэй үйлдэлтэй байхыг шаарддаг гэж тайлбарласан байгаа юм. Үүн дээр дурдахдаа нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гэдэг үндэслэлээр тайлбарласан байгаа. Иргэний эрх зүйн маргаан биш юм байна гэж угаасаа эрүүгийн шийдвэр, магадлал дээр дурдах боломжгүй. Иргэний эрх зүй харилцаа мөн үү үгүй юу гэдгийг одоо энэ шүүх хуралдаанаар шийдэх гэж байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Гэрч Ч.Б Д.Тыг дарамталсан мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс баримтгүйгээр бусдыг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж байгаа үйлдэл гэж үзэж байна. Яагаад гэвэл эрүүгийн журмаар шалгуулаад Ч.Б гэдэг хүн ямар нэгэн байдлаар дарамталсан, үгүй гэдгийг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас дураараа ярих хэрэггүй. Д.Т нь 80,000,000 төгрөг зээлж авсан талаар удаа дараа мэдүүлсэн. Тэр зээлж авсан мөнгөө Ч.Б-д өгсөн байна уу? өөр хүнд өгсөн байна уу? найз нөхөддөө зарцуулсан байна уу гэдэг нь одоо бидний энэ зээлийн гэрээнд хамааралгүй. Иймд Х.Д-гийн нэхэмжлэлийн шаардпага үндэслэлгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х.Д-гоос авсан тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х.Д-г хохирогчоор тогтоосон тогтоол, байцаалтын тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б, Х.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Дг дахин байцаасан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар магадлал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 910 дугаар яллах дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/Ш3/374 дүгээр захирамж, мөн Д.Т-ын 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гар бичвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариу тайлбараа бичгээр гаргасан.
5. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2021/09858 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын архиваас 201625022686 тоот эрүүгийн хэргээс Д.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2015 оны 07 дугаар сард Д.Т-аас Сүхбаатар дүүргийн 177.38 м/к талбай бүхий амины орон сууцны захиран зарцуулах эрхийг Х.Д-д олгосон итгэмжлэл, гэрч н.Баттогтох, н.Амартүвшин, н.Түвшинтулга нарын мэдүүлэг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас Д.Тын нэхэмжлэлтэй Ч.Бд холбогдох 102,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2021/10457 дугаар захирамжаар Х.Д-гийн гомдол, Х.Д-г 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анх удаа асуусан тэмдэглэл, Х.Д-г хохирогчоор тогтоож 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр асуусан тэмдэглэл, гэрч Ч.Б, хохирогч Х.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, хохирогчийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл, Х.Д-г, Д.Т-тай нүүрэлдүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байцаасан тэмдэглэл, гэрч Ч.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 11-18-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 11, 16-ны өдөр байцаасан тэмдэглэлийг гаргуулж, мөн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2021/13844 дүгээр захирамжаар шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3440 дүгээр шинжээчийн дүгнэлт, мөн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2022/04001 дүгээр захиаржмаар шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94,106,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х.Д нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Т-д зээлийн гэрээний үндсэн дээр 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 177.38 м2 талбай бүхий газрыг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг барьцаа болгож авсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш Х.Д нь Д.Т-тай удаа дараа холбогдож үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч Д.Т нь тухай бүрт шалтаг шалтгаан хэлдэг байсан. Х.Д нь хариуцагчтай удаа дараа холбогдсоны эцэст талууд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг байгуулах үед хариуцагч Д.Т нь Х.Д-гийн мөнгийг хүүтэй нь хамт 94,106,240 төгрөг болгож өгнө гэсэн учир зээлийн гэрээг 94,106,240 төгрөгөөр хийсэн байдаг. Мөнгө зээлэх болсон шалтгаан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Т, Ч.Б нар нь манай гэрт ирж уулзсан. Д.Т надад хандан ... би Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулж байгаа, гэтэл уурхайд усан буу, алт угаах машин яаралтай авах шаардлагатай байна, хөрөнгө оруулалт байхгүй учраас авах боломжгүй байна. Та надад 100,000,000 төгрөг байвал зээлээч. Би танд баръцаа хөрөнгө болгож Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах 177.38 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгье гэж хэлсэн учир, мөн Д.Т нь Х.Д-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан сайн танил, мөн Ч.Б-ы найз гэж бодсон тул мөнгө өгөхийг зөвшөөрсөн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчид бэлэн 100,000,000 төгрөг байгаагүй тул маргааш нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю мон худалдааны төвд уулзаад 80,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл хариуцагч нь уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төлөөгүй, уул уурхайн тоног төхөөрөмж аваад эхний ашгаас нэхэмжлэгчийн мөнгийг өгнө гэсэн боловч уул уурхайн тоног төхөөрөмж аваагүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Хариуцагч Д.Т нь Х.Д-гоос бэлнээр болон дансаар огт мөнгө аваагүй. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2 удаа анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэж намайг Х.Д гэх хүнийг залилаагүй гэдгийг тогтоосон. Ингээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х.Д-гоос гарган өгсөн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх гэрээг өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэг цаг хугацаанд сууж байгаад гэрээний агуулгаа тодорхойлж, харилцан ярилцаж, тохиролцож гэрээ байгуулаагүй юм. Энэхүү гэрээ гэх баримтанд Х.Д-гийн гарын үсэг зурагдаагүй байхад зээлийн гэрээний нөхөж бичих хэсгүүд мөн бичигдээгүй байхад Ч.Б гэх хүний шахалт дарамтаар гарын үсэг зурсан баримт юм. Учир нь тухайн цаг хугацаанд Ч.Б-аас Д.Т нь 150 сая төгрөгийг өндөр хүүтэйгээр зээлж авсан байсан бөгөөд энэ зээлийн дарамтад орж тухайн баримтанд гарын үсэг зурсан юм. Ч.Б-ы дарамт шахалтаар маш олон янз янзын баримтан дээр гарын үсэг зурж байсан. Ч.Б чи өр зээлээ төл, би Х.Д-гоос мөнгө авах гээд байна, чи ямар ч байсан Х.Д-д өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг байдаг 177.38 м/к газраа барьцаал гэж шаардсан тул 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой Д.Т нь эгч, дүү хоёртоо Ч.Бд би мөнгөний асуудалтай байна ямар ч гэсэн энэ бичгийг хийж өгөх ёстой гэдэг товчхон тайлбар хэлээд нотариат дээр хамт орж итгэмжлэл хийлгэсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.Д Америк руу явсан байж энэ өдөр 80,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаад байгаа. Энэ их эцэс төгсгөлгүй хүүгийн дарамтад орсноос болоод архи их уудаг байсан. Ч.Б-ы хэлсэн янз бүрийн баримтад гарын үсэг зурж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд эхнэр нь хүртэл нөхрөө архи дарс уугаад байхаар нь гэр бүлээс гадуур харилцаатай болчихсон юм байна гээд нөхөртэйгөө ярилцаж үзэхэд эхнэртээ бүх үнэнийг хэлээд 2017 оны 07 дугаар сараас эхлээд Ч.Бтай өгсөн авснаа тооцоод иргэний журмаар шүүхээр яваад 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, 150 сая төгрөгийг 270-аас 280 сая төгрөг болгон буцааж төлсөн байсан гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Д.Т-д 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг амаар байгуулсан ба хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зорилгоор Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 177.31 м/к талбай бүхий газрын захиран зарцуулах эрхийг Х.Д-д 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэлээр шилжүүлсэн, нэхэмжлэгч Х.Д нь зээлийн гэрээний үүрэгт 80,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Блю мон төвд хариуцагч Д.Тд хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан ... Д.Т, Ч.Б нар нь Х.Д-гийн гэрт ирж уулзан ... би Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулж байгаа, гэтэл уурхайд усан буу, алт угаах машин яаралтай авах шаардлагатай байна, хөрөнгө оруулалт байхгүй учраас авах боломжгүй байна. Та надад 100,000,000 төгрөг байвал зээлээч. Би танд барьцаа хөрөнгө болгож Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах 177.38 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгье гэж хэлсэнд болон Ч.Бы дагуулж ирсэн хүн болохоор нь итгээд зөвшөөрсөн. Түүнд бэлэн мөнгө байгаагүй тул маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөнгийг нь бэлэн болгоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Блю мон төвд аваачиж мөнгийг Д.Т-д өгсөн гэх тайлбар, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Б-ыг гэрчээр байцаасан ... би бол Х.Д эмчийг сайн таньдаг байсан ба Д.Т бид 2 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 9-6 тоотод Х.Д эмчийн гэрт нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очсон. Тэгээд Д.Т нь Х.Д эмчээс 80,000,000 төгрөгийг зээлж аваад барьцаанд нь засварын газраа Х.Д эгчийн дүү С.Б гэх залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн гэх тэмдэглэл /I дүгээр хавтаст хэргийн 108-110 дүгаар хуудас/, сэжигтэн Д.Т-ыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин байцаасан ... миний бие нь өөрийн төрөл садангийн хүн болох Ч.Б-аас 2013 онд цувуулан авсаар байгаад нийт 150,000,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр би гадаад орноос машины сэлбэг авчирч Мэлтэс сэлбэгийн дэлгүүртээ худалдаалдаг. Мөн Ц.Э гэх хүнийг Ч.Б-аар дамжуулан танилцаж бага багаар мөнгө зээлж 49,000,000 төгрөг авч сэлбэг оруулж ирэн худалдаалаад хүүтэй нь мөнгийг нь өгдөг байсан. За ингээд Ч.Б нь 2015 онд надаас мөнгөө нэхэх үед нь миний нуруу өвдөөд хүний их эмч Х.Д эмчийн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ч.Б нь Х.Д эмчийг таньдаг байсан ба би Х.Д эмчээс 80,000,000 төгрөг зээлдээд Ч.Б-д өгсөн, зээлийн барьцаанд өөрийн сэлбэгийн дэлгүүрийг тавьсан гэм тэмдэглэл /I дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал/, мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн 80.0 сая /наян сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр сар бүрэн 20-нд 4.0 сая /дөрвөн сая/ төлөхөөр тохиролцов. Тохирсон хугацаанд төлөөгүй үед алданги тооцно гэх хариуцагч Д.Тын гар бичвэр /II дугаар хавтаст хэргийн 115 дугаар тал/, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл /I дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал/-ээр тогтоогдож байна.
6. Зохигчдын дээрх тохиролцооноос үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч Х.Д, хариуцагч Д.Т нарын хооронд үүссэн, нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр Д.Тд зээлдүүлсэн, гэрээний хугацаа дууссан ч зээлээ төлөхгүй байсан тул удаа дараа ярьж байж түүнтэй уулзаж зээлийн гэрээг бичгээр нөхөж хийсэн гэж тайлбарлаад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр гаргаж өгсөн /I дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал/ боловч тухайн гэрээн дээрх зээлдүүлэгч гэсний доор зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Х.Дгийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3440 дүгээр шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсоноос үзвэл зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.
8. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 80,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 12,293,760 төгрөг төлсөн тайлбарласан тул энэ төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, хариуцагч Д.Таас зээлийн гэрээний үүрэгт 67,702,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,404,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар прокурорын байгууллагын архивт хадгалагдаж буй нотлох баримтуудыг гаргуулж энэ иргэний хэрэгт хавсаргасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан тул иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 628,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 67,702,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 628,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР