Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03865

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03865

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын И /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, өөрийн байр хаягт оршин байх, БГДЭМТ /РД: .../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Нэхэмжлэгч Э.И-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Э.И нь 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдрөөс БГДЭМТ-д Н.Э.М.Б.Б.Т.Х.О.Д-аар ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллах болсон. Энэ хугацаанд үндсэн цалин 964,899 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 48,245 төгрөг, хариуцлагын нэмэгдэл 20 хувь буюу 192,980 төгрөг, улирлын урамшуулал 60 хувь буюу 578,939 төгрөг, хоолны хөнгөлөлтийн үнэ 94,500 төгрөг, унааны хөнгөлөлт 21,000 төгрөг, нийт 1,900,563 төгөрөгийн цалин, нэмэгдлийн хамт авдаг байсан. Намайг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон тушаалд ...Э.И-ийг байгууллагын бодлого зохиуцуулалт, корона вирусын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллуулсугай гэсэн байх бөгөөд миний бие сүүлийн 2 жил буюу корона вирусын цар тахлын үед коронавирусын халдвараар өвчилсэн өвчтөнүудийг хэвтүүлэн эмчлэхэд шаардлагатай арга хэмжээний зохицуулалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан. Цар тахлын үөд Нийслэлийн хэмжээнд БГДЭМТөөс ковидын эмчилгээнд зориулж 830 ор дэлгэн, өвчтөн хүлээн авч, эмч ажилтнуудыг 14 хоногоор тусгаарлан ажиллуулж, ковидын халдвар авсан өвчтөнүүдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Энэ үед миний бие олон цагаар тусгаарлагдан ажиллаж байгаа эмч ажилтнуудад олгож байгаа цалин хөлс, илүү цагийн хөлс нь ажлын ачааллынхаа хаана ч хүрэхгүй байна. Нэгэнт ковидын эмчилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тогтоосон тарифаар санхүүжүүлж байгаа тул тэдний цалин, хөлсийг Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар эсхүл дүйцүүлэн олгож өгөөчөө гэдэг асуудлаар миний бие улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудынхаа хамтаар удаа дараа Эрүүл мэндийн төвийн даргад санал, хүсэлт, шаардлага тавьж байсан боловч энэ асуудлыг шийдвэрлэлгүй, эмч ажилтнууд маань илүү цагаар ажилласан хөлсөө зохих ёсоор нь тооцуулж авч чадахгүй байсан.

 

2022 он гарангуут шинэ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж эхлэхэд миний бие Эрүүл мэндийн төвийн даргад шинэ журам болон хөдөлмөрийн гэрээний төслийг нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусган, аль аль талын эрх ашгийг тэгш хангая гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 14-ны баасан гарагийн 17.24 минутанд Хүний нөөц хариуцсан ажилтан БГДЭМТ-ийн журам, Эд хөрөнгийн хариуцлагын, Хөдөлмөрийн гэрээний төслүүдийг БГДЭМТ Удирдлага гэх группт байршуулж, 17-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурал дээр саналаа өгөөрэй гэсэн агуулгатай мессеж үлдээсэн байсан. Удирдлагын зөвлөлийн хурал нь 17-ны буюу нэг дэх өдрийн 10 цагаас болсон бөгөөд энэхүү гэрээний төслийг амралтын өдрүүдээр нийт ажилчдад танилцуулах, санал авах ажпыг зохион байгуулах боломжгүй байсан. Миний бие уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэн, хуульд нийцүүлэх шаардлага тавьж хуулийн зөвлөхөд саналаа хэлсэн. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан журам, гэрээний төслүүдийн дагуу эмнэлгийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг ухраан буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр байгуулсныг засах, байгууллагын дотоод журам болон гэрээний нөхцөлийг эмч ажилчдад танилцуулж, санал аван, гаргасан саналыг нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага тавьсан. Гэвч Эрүүл мэндийн төвийн дарга асуудлыг шийдвэрлээгүй байж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан, гэрээ байгуулахгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байна гэх үндэслэл гарган, намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Ингээд 17-ны өдөр төслүүдийг хэлэлцэхэд тус хуралд оролцсон орлогоч дарга үмэндэмбэрэл болон Э.И-ийн зүгээс бэлэн байгаагүй. Өмнө 01 дүгээр сарын 05-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний төсөл чинь телеграммд тавьсан хөдөлмөрийн гэрээний төсөлтэй чинь зөрүүтэй байна гээд саналаа дахин авах шаардлагай байна гэдэг саналыг хэлсэн. Энэ тухай үзлэг хийсэн тэмдэглэлд ч харагдана. Удирдлагын зөвлөлийн хурлаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээнд өгөх саналаа удирдлагын зөвлөлийн гишүүд бичгээр дэлгэрэнгүй бичиж ирүүлэхийг үүрэг болгоод хурал тарсан. Үүнээс хойш Э.Иийг ажлаас халагдах хүртэл дахин ямар нэгэн хурал болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ батлаагүй. н.Б даргын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуул гэдэг хугацаатай даалгавар Э.И-т өгсөн. Тэгэхэд Э.И огтхон ч байгуулахгүй гэдэг хариу өгөөгүй, харин хөдөлмөрийн гэрээний төсөлдөө нийт ажилчдаасаа хуулийн дагуу саналаа авч удирдах зөвлөлөөр батлах, бүтэц батлагдсан хэсэг нь тодорхойгүй байна. Яг ямар ажил, ямар бүтэцтэй, ямар ямар үүрэг хариуцлагатайгаар ажиллах нь тодорхойгүй байна гэдэг шалтгааныг хэлсэн. Хуульд заасан журмын дагуу хууль ёсны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг тавьсан. Ер нь бол хөдөлмөрийн дотоод журам, бүтцийг байгууллагаас огт танилцуулдаггүй. Ганц Э.И-т ч биш бүх ажилчдад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг огт танилцуулахгүй байдаг. Удаа дараа шаардлага тавьсан боловч огт гэрээг танилцуулаагүй, ажилчид хэн хэн ямар ажил үүрэг хариуцах нь тодорхойгүй явдаг. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ямар нэгэн байдлаар гардаж аваагүй. Э.И-т 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байсан гэдгийг хавтаст хэргээс харж мэдсэн. Сахилгын шийтгэл оногдуулсан гэдгийг огт мэдээгүй. Сахилгын зөрчлийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд, сахилгын шийтгэл оногдуулж байгаа гэсэн зүйл байхгүй. н.Б дарга өөрөө л сахилгын шийтгэл оногдуулсан тушаал бичээд хэрэгт өгсөн байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хугацаатай үүрэг даалгаврыг Э.И биелүүлдэггүй байсан талаар бичсэн байсан. Э.И нь өгсөн үүрэг, даалгаварыг тухай бүрт нь биелүүлж бичгээр хариуг нь өгдөг байсан. Ийм учраас бүтцээ байнга шаардаж байсан, хэн ямар ажил хийлгэхийг тодорхой болгуулах талаар шаардаж ирсэн. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас БГДЭМТ-ийн 2022 оны бүтцийг батлаагүй байгаа. Ажилчид өөрсдийн ажил үүргийн хуваарийг огтхон ч мэдэхгүй. Эцэст нь хэлэхэд Э.И нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг Хүний нөөц, эсхүл н.Б даргад өгсөн удаа байхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

2. Хариуцагч БГДЭМТ-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, БГДЭМТ-ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны ... дүгээр тушаалаар Э.И-ийг тус төвийн Нийгмийн эрүүл мэнд, бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулж албан тушаалын тодорхойлолт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний ... дүгээр тушаалаар дээрх албан тушаалаас дэвшүүлж Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон байна. Энэ үеэс эхэлж ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч саналаа ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлэхгүй, үндсэн чиг үүргийн ажлыг гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргаж байсан учир Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 09-ний ... дугаар тушаалаар Э.И-т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сараас байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ боловсруулах ажлын хэсэг төслийг гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 05-нд удирдах зөвлөлийн гишүүдэд тарааж, тасаг албадын ажилтнууддаа танилцуулж санал авч удирдах зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхпэн мөрдөн ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Э.И-т хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьсан боловч хуулийн зөвлөхтэй уулзах санал гаргаснаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж он, сар, өдрийн талаар ойлголцолд хүрч хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний аль зүйл, заалт таны хууль ёсны ашиг сонирхпыг зөрчиж байгаа талаар саналаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх үүрэг, чиглэл өгсөн боловч ирүүлээгүй тул Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны ... дүгээр тушаалаар Э.Иийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ шийдвэр нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй тул Э.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Э.Иийг Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа. Миний хувьд 2021 оны 09 дүгээр сард БГДЭМТ-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулах ажлыг 2021 оны 12 дугаар сараас эхлэн санаачилсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдана. Тийм учраас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн батлахтай холбогдуулан нийт ажилчдаас төсөлд тусгах саналыг хүлээн авна уу гэдэг саналыг нэгжийн дарга нарт хүргүүлсэн. Түүний дагуу санал авсныг 2022 оны 01 дүгээр сарын 05-нд удирдлагын зөвлөлийн гишүүд бүгд танилцлаа гээд гарын үсэг зурсан байгаа. Ганц л хүн буюу Зөвлөх албаны дарга л төсөлд саналаа ирүүлсэн, бусад нь санал ирүүлээгүй. Э.И даргын хувьд гэвэл түүнийг миний бие 2 удаа хүлээн авч уулзсан, ингэхдээ Та шинэчилсэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулна уу, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний яг ямар заалтыг зөвшөөрөхгүй байгаа юм, юу нь хууль зөрчөөд байна гэж үзээд байгаагаа тодорхой болгож өгнө үү гээд н.Б даргын гарын үсэг бүхий 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн огноотой хугацаат үүрэг даалгаврын хуудсыг би өөрийн гараар Э.И даргад танилцуулсан. Тэгээд 10 хоногийн дотор хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний талаарх зөвшөөрөхгүй байгаа заалтаа тодорхой болгож өгнө үү. Таны зөвшөөрөхгүй байгаа зүйл, заалтын талаар ярилцаад өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг хэлсэн. Гэсэн ч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсан. Жил гаруй хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь маш олон удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн хугацаат үүрэг даалгавар өгсөн нөхцөл байдлыг харахаар нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтгүй, яг ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй болохоор үүрэг даалгавар өгөөд тэр нь биелэгдэхгүй, ирээд байж байгаад цалингаа аваад явдаг болсон. Удирдлагын зөвлөлийн хуралд орохоороо баахан эсэргүүцэл илэрхийлдэг, мөн байгууллага дотор өөрийн багийг бүрдүүлээд удирдлагын эсрэг явж эхэлсэн. Би хуулийн зөвлөхийн хувьд Э.И даргад өөрт нь хандаж Таныг н.Б дарга урьж авчирч хамтарч ажиллаж байгаа, үе тэнгийн улсууд байна. Хоорондоо ярилцаад ойлголцоод хамтраад ажилаач, уриад авчирсан хүнийхээ эсрэг ийм үйл ажиллагаа явуулаад байх юм уу, надад ч гэсэн та нарт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хүндрэлтэй байна гэдгээ хэлсэн. Гэтэл Э.И дарга би хөдөлмөрийн гэрээ байгуулах л юм бол надад арга хэмжээ авах гээд байна гэдэг зүйл ярьсан. Хоёр ч удаа хөдөлмөрийн гэрээний төслийг хүргүүлсэн. Тэрээр Би яг өнөөдрөөр байгуулна гэхээр нь мөн хөдөлмөрийн гэрээнийхээ загварыг 2022 оны 03 дугаар сарын 01-нд хүргүүлсэн. Энэ өдөр зурахгүй гэхээр нь тухайн уулзсан өдрөөрөө гээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гээд хоёр удаа хөдөлмөрийн гэрээг хүргүүлсэн боловч мөн л хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсан юм. Тэгээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохоос өөр аргагүйд хүрч тушаал гаргасан. Үнэхээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоос өөр арга байгаагүй.

 

Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1-т Ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй гэж заасан эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтан дараах үндсэн үүрэгтэй, 42.2.2хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэсэн энэ үүрэг хэрэгжихгүйд хүрсэн. Тийм учраас хөдөлмөрийн харилцааг дуусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх гэдэг үүргээ н.Б дарга биелүүлсэн, мөн 43.2.2хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгнө, 43.2.3энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах гэсэн үндсэн үүрэг нь хэрэгжихгүйд хүрснээс гадна мөн хуулийн 48.1-т хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах-ыг хуулиар шаардсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтан, ажил олгогчид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна гэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд яг хөдөлмөрийн гэрээний аль зүйл заалт нь өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд байсан юм гэдэг нь байсангүй. Мөн хөдөлмөрийн гэрээний тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль гээд цоо шинэ хууль гарч ирсэн. Энэ хуультай холбогдуулаад Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсноороо эмнэлгүүд бие даасан үйл ажиллагаатай болж ирсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь төсвөөс санхүүждэг байсан бол одоо төсвөөс санхүүжихгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс олсон орлогоороо санхүүждэг болсон. Үүнтэй холбоотой эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэг маш өндөрт тавигдаж ирсэн. Тийм учраас бид нар ажил, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан юм. Бие даасан үйл ажиллагаатай болсонтой холбогдуулаад гүйцэтгэл, хариуцлагын гэрээ гэж мөн хөдөлмөрийн дотоод журмын зүйл, заалтууд орж ирсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээг байгуулсаны дараа гүйцэтгэл, хариуцлагын гэрээ байгуулах гэтэл ер гэрээ байгуулахгүй байсан. Үр дүнгийн урамшуулал нь улиралд 1 удаа олгодог. Яг гүйцэтгэлээрээ хэр зэрэг ажил гүйцэтгэсэн байна тэр хэмжээгээрээ урамшуулал олгогдоод явж байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд эмнэлгийн дүрмийг батлах журмыг тусгайлан заасан, тус хуулийн 21.2Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан ба засгийн газрын гишүүн эрхээ Нийслэлийн засаг даргад шилжлүүлснээр 2016 оноос эхлэн Нийслэлийн засаг дарга дүрмийг баталж хэрэгжүүлж ажиллаж байна. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхлэсэн үеэсээ Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд өөрчлөлт орсноор ерөнхийдөө тус төв нь бие даасан үйл ажиллагаатай болж эхлэсэн, 2021 оны хагас жилээс 2022 оны бүтэц, орон тоогоо тухайн эмнэлэг баталдаг болсон. Одоо эмнэлгийн нэршил өөрчлөгдөөд нэгдсэн эмнэлэг болох чиглэл рүүгээ ороод явж байна. Тийм учраас ийм дэс дараалал, хариуцлагатай, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа эмнэлгийн ажилтан маань хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол үнэхээр боломжгүй гэв.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот албан бичиг, БГДЭМТ-ийн даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот тушаал, Э.И-ийн албан тушаалын тодорхойлолтыг хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаат үүрэг даалгаварын хуудас, хугацаат үүрэг даалгаварын биелэлт гэх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргажээ.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БГДЭМТ-ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот тушаал, мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот тушаал, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот тушаал, БГДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Удирдлагын баг, тасгийн эрхлэгч нарын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 4 тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шуурхай хурлын 5 тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын 6 тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 7 тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 8 тоот тэмдэглэл, Удирдлагын багийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 9 тоот тэмдэглэл, Удирдлагын багийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 10 тоот тэмдэглэл, Удирдлагын багийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 11 тоот тэмдэглэл, Удирдлагын багийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 12 тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын ... тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхай хурлын ... тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай хурлын ... тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шуурхай хурлын ... тоот тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай хурлын ... тоот тэмдэглэл, БГДЭМТ-ийн удирдлагын зөвлөл, БГДЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төсөлд санал авах 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн маягт, хугацаат үүрэг даалгаварын хуудас, 2022 оны 01 дүгээр сарын нас барсан 8 түүхэнд дүгнэлт хийхэд гэх баримт, Н.Э.М.Г.Д-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот тушаал, тушаалын 2 дугаар хавсралт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13ы өдрийн ... дугаар захирамжаар хангаж хариуцагч БГДЭМТ-өөс Эмнэлэгийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, тогтоол, төвийн дүрэм, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан БГДЭМТ-ийн удирдлагын зөвлөлийн хурал хийх журмыг, Н.Э.М.Г.Д-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот тушаал, тушаалын 1, 2 дугаар хавсралтыг шүүхийн журмаар гаргуулсан. Мөн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БГДЭМТ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн удирдах зөвлөлийн хурал-ын бичлэг бүхий сиди-нд үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч БГДЭМТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Э.И нь 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдрөөс БГДЭМТ-д Н.Э.М.Б.Б.Т.Х.О.Д-аар ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллах болсон. 2022 он гарангуут шинэ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж эхлэхэд миний бие Эрүүл мэндийн төвийн даргад шинэ журам болон хөдөлмөрийн гэрээний төслийг нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусган, аль аль талын эрх ашгийг тэгш хангая гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 14-ны баасан гарагийн 17.24 минутанд Хүний нөөц хариуцсан ажилтан БГДЭМТ-ийн журам, Эд хөрөнгийн хариуцлагын, Хөдөлмөрийн гэрээний төслүүдийг БГДЭМТ Удирдлага гэх группт байршуулж, 17-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурал дээр саналаа өгөөрэй гэсэн агуулгатай мессеж үлдээсэн байсан. Удирдлагын зөвлөлийн хурал нь 17-ны буюу нэг дэх өдрийн 10 цагаас болсон бөгөөд энэхүү гэрээний төслийг амралтын өдрүүдээр нийт ажилчдад танилцуулах, санал авах ажпыг зохион байгуулах боломжгүй байсан. Миний бие уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэн, хуульд нийцүүлэх шаардлага тавьж хуулийн зөвлөхөд саналаа хэлсэн. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан журам, гэрээний төслүүдийн дагуу эмнэлгийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг ухраан буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр байгуулсныг засах, байгууллагын дотоод журам болон гэрээний нөхцөлийг эмч ажилчдад танилцуулж, санал аван, гаргасан саналыг нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага тавьсан. Гэвч Эрүүл мэндийн төвийн дарга асуудлыг шийдвэрлээгүй байж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан, гэрээ байгуулахгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байна гэх үндэслэл гарган, намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Тэрээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төслөө нийт ажилчдад танилцуулж санал авахуулах, байгууллагыг бүтцийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраар батлуулахыг шаардаж байсан. Э.И-т 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байсан гэдгийг хавтаст хэргээс харж мэдсэн. Сахилгын зөрчлийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд, сахилгын шийтгэл оногдуулж байгаа гэсэн зүйл байхгүй. н.Б дарга өөрөө л сахилгын шийтгэл оногдуулсан тушаал бичээд хэрэгт өгсөн байна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг Э.И-т хүргүүлсэн боловч хариу саналаа ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлэхгүй, үндсэн чиг үүргийн ажлыг гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргаж байсан учир Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 09-ний ... дугаар тушаалаар Э.И-т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сараас байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ боловсруулах ажлын хэсэг төслийг гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 05-нд удирдах зөвлөлийн гишүүдэд тарааж, тасаг албадын ажилтнууддаа танилцуулж санал авч удирдах зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхпэн мөрдөн ажиллаж байна. Шинэчлэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэн хуультай холбогдуулан Э.И-т хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьсан боловч хуулийн зөвлөхтэй уулзах санал гаргаснаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж он, сар, өдрийн талаар ойлголцолд хүрч хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний аль зүйл, заалт таны хууль ёсны ашиг сонирхпыг зөрчиж байгаа талаар саналаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх үүрэг, чиглэл өгсөн боловч ирүүлээгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч Б.Д.З.Д Ө.С 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот албан бичгээр ... маргаан зохицуулах хороог байгуулах, гишүүдийг томолсон тогтоол гараагүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараа хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицууулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахгүйгээр дүүргийн засаг даргад хандаж, улмаар ... тоот албан хариуг авснаар шууд шүүхэд хандсан, энэ талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 155, 158 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

6.1. Нэхэмжлэгч Б.И нь БГДЭМТ-ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот тушаалаар тус төвийн Н.Э.М.Б.Б.Т.Х.О.Д-аар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар тус тус томилогдсон. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.17, 41 дүгээр зүйлийн 41.3, 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.2.7, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.2.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.2, Эмнэлэгийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.5, 2.6.6, 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд шинэчлэн баталсны дагуу Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.И-т хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлэхэд хуулийн зөвлөхтэй уулзах санал гаргасны дагуу 04 дүгээр сарын 13-нд уулзаж хөдөлмөрийн гэрээний хугацаа, он, сар, өдрийн талаар ойлголцож гэрээ байгуулахаар гарсан, удирдлагын зүгээс удаа дараа, Удирдлагын зөвлөлийн хурлаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг сануулсан мөн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр хүргүүлж хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, зүйл заалт, албан тушаалын тодорхойлолт хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаарх тайлбар, саналаа 05 дугаар сарын 13-ны дотор ирүүлж гэрээ байгуулах үүрэг чиглэл өгсөн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа нь ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж үзэн ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг хуулийн хүрээнд явуулах боломжгүй нөхцөл үүссэн тул 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажил хүлээлцүүлж, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

 

6.2. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот ... эмнэлгийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ... ажиллахыг Хүний нөөцийн албаны даргад даалгасугай. гэх тушаалын дагуу ажил олгогчтой шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

6.3. Мөн БГДЭМТ-ийн бүтцийг Н.Э.М.Г.Д-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/136 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар, мөн БГДЭМТ-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дүгээр тушаалаар тус төвийн бүтэц, орон тооны зохион байгуулалтыг хавсралтаар баталсан. Нэхэмжлэгч Э.И-т 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн ... тоот тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.И нь хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийн эрхлэх ажлын хүрээнд нэгжийг хариуцан удирдан чиглүүлэх ажил хангалтгүй, удирдлагыг тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллээр тогтмол хангаж ажилладаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан.

 

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хариуцагч БГДЭМТ-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг, хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, дагалдангаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хоёрдугаар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг гуравдугаар, гүйцэтгэл-хариуцлагын гэрээг дөрөвдүгээр, даргын тушаал, журамд санал авах, танилцуулах хуудас, чөлөөний хуудас, ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг тавдугаар хавсралтаар тус тус баталж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөх, эмнэлгийн ажилтнуудтай хөдөлмөрийн дотоод журам танилцуулж гарын үсгээр баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, албан тушаалын тодорхойлолтод гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээнд хавсарган баталгаажуулж нэг хувийг ажилтанд өгч ажиллахыг Хүний нөөцийн албаны даргад даалгаж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүйд тооцжээ.

 

6.5. Хариуцагч БГДЭМТ нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төслийг нийт ажилтнууддаа харьяалах нэгжийн даргаар нь дамжуулан танилцуулж, санал авсан болох нь БГДЭМТ-ийн удирдлагын зөвлөлийн гишүүд-эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.И, НЭМТҮХ орлогч дарга Ц.Т, Хүний нөөцийн албаны дарга Д.Ц, ЭТҮЧ-ын албаны дарга Д.Ө, Ахлах нягтлан бодогч Б.Х, Зөвлөх поликлиникийн эрхлэгч Б.Э, Сувилахуйн албаны дарга Д.Н, Аж ахуйн албаны дарга Б.М, ХЭ салбарын эрхлэгч Г.Б, Ахмадын салбар эмнэлгийн дарга О.О /хавтас хэргийн 77 дугаар тал/ гэх баримт, Санал авах хуудас БГДЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төсөлд санал авах маягт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр /хавтаст хэргийн 78 дугаар тал/, Удирдлагын багийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэл, нэхэмжлэгчийн ... 2022 он гарангуут шинэ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж эхлэхэд миний бие Эрүүл мэндийн төвийн даргад шинэ журам болон хөдөлмөрийн гэрээний төслийг нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусган, аль аль талын эрх ашгийг тэгш хангая гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 14-ны баасан гарагийн 17.24 минутанд Хүний нөөц хариуцсан ажилтан БГДЭМТ-ийн журам, Эд хөрөнгийн хариуцлагын, Хөдөлмөрийн гэрээний төслүүдийг БГДЭМТ Удирдлага гэх группт байршуулж, 17-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурал дээр саналаа өгөөрэй гэсэн агуулгатай мессеж үлдээсэн байсан гэх, хариуцагчийн ... 2021 оны 12 дугаар сараас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр удирдах зөвлөлийн гишүүдэд тараан өгч, тасаг албадуудын ажилтнууддаа танилцуулж, санал ач, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байгаа гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

7. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй, мөн хуулийн 42.1.1-д Ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг байгуулах, өөрчлөх, цуцлах гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч Э.И нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 4 сарын 17 хоногийн хугацаанд ажил олгогчийн удаа дараагийн хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй эс үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78.1.1-д талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлд хамаарч байх бөгөөд хариуцагч БГДЭМТ-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан, хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Нэхэмжлэгч Э.И-ийн ... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан журам, гэрээний төслүүдийн дагуу эмнэлгийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг ухрааж буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр байгуулсныг засах, байгууллагын дотоод журам болон гэрээний нөхцөлийг эмч ажилчдад танилцуулж, санал аван, гаргасан саналыг нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага тавьсан боловч Эрүүл мэндийн төвийн дарга асуудлыг шийдвэрлээгүй байж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан, гэрээ байгуулахгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байна гэх үндэслэл гарган, намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Э.И нь байгууллагын бүтцийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраар батлуулах шаардлагыг мөн тавьж байсан, сахилгын шийтгэл өмнө нь ногдуулсныг шүүх дээр ирээд мэдсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж нэг ч удаа хэлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь мөн дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний төслийг нийт ажилчдад нэгжийн дарга нараар нь дамжуулан танилцуулан санал авч, удирдах зөвлөлийн хурлаараа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцүүлж батлан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн, мөн байгууллагын бүтэц, орон тоог баталсан. Хөдөлмөрийн гэрээний төслийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтай байгуулсан нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй асуудал байх бөгөөд эдгээр үндэслэлүүд нь аливаа ажилтныг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

 

9. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.И-ийн хариуцагч БГДЭМТ-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР