| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/03914/И |
| Дугаар | 102/ШШ2022/03912 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/03912
| 2022 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2022/03912 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Т овогт Ц-ын У /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух, Г овогт В-гийн Б /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 48,358,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа,
Хариуцагч В.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар,
Гэрч Г.М /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Архангай аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байх үеэсээ В.Б-ийг мэддэг, мөн манай нөхөр Г.М-ы найз юм. Би В.Б-өд 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 тонн 640 килограмм Хуш модны самрыг 1 килограммийг нь 18,000 төгрөгөөр тооцож өгсөн ба самрын үнэ 48,380,000 төгрөгийг борлуулсны дараа авахаар тохирсон. Энэ хугацаанд миний зарж борлуулахаар өгсөн самар зарагдсан, би мөнгөө авахаар В.Б-өөс нэхэхэд чиний самарны мөнгийг Сэлэнгэ аймаг, Зүүнхараа суманд байдаг Д гэдэг хүнд самар авахуулахаар өгсөн, энэ хүн самар авч ирж өгөөгүй байхад чиний мөнгийг би хаанаас гаргаж өгөх юм бэ гээд миний мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. В.Б нь надад Д гэдэг хүний 99990489 дугаарыг өгсөн. Би энэ хүнтэй утсаар ярихад надад мөнгө шилжиж орж ирсэн нь үнэн гэдэг боловч өөр тодорхой зүйл ярьдаггүй. В.Б нь миний самар зарагдсан байхад мөнгийг нь надад өгөлгүй, миний танихгүй хүнд өгсөн гэж намайг хуурч хохироож байна. Би В.Б-өд өгсөн самрыг хүмүүсээс худалдаж авсан ба үнийг нь өөрийн Хаан банкин дахь ... тоот данснаас шилжүүлж байсан юм.
2021 оны 08 дугаар сараас эхлэн Г.М-ы төрсөн ах Г.Г нар Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд самар бэлдэх ажиллагаа хийж байсан. Үүнийг үгүйсгэхгүй, яагаад Ц.У энд оролцох болсон бэ гэвэл энэ самар аваад байгаа мөнгө бол Г.М-ы мөнгө огт биш. Хэдийгээр Ц.У, Г.М нар нь хамтран амьдарч байсан боловч тухайн самрыг газар дээрээс нь худалдаж авахад Ц.У-ийн мөнгөөр худалдаж авсан. Ц.У, Г.М нарын хооронд ...В.-Бийг таньдаг миний найз байгаа юм, Хятад улс руу самарнуудыг гаргана тэнд таньдаг хүн байгаа гэдэг яриа байсан. Гэхдээ хариуцагч уг самрыг зарж мөнгийг нь авчихаад Ц.У-г огт танихгүй гэж хэлээд байх юм. Тухайн самраа хүргэж өгөөд, самрыг тодорхой агуулахад хадгалаад самрыг чийг авахуулахгүйн тулд хатааж байсан үйл ажиллагаа явагдаж байсан. Ц.У-д эхний 1,647 кг самрыг зарагдсан гэж В.Б өөрөө хэлж байсан. Мөн ашиг хэдэн төгрөг болж байсан талаар тодорхой хэлж байсан. Ер нь самар зарагдсан гэдэг талаар Ц.У, Г.М нарт хэлж байсан. Энэ самрын төлбөр нь Ц.У Г.М нарын хамтарсан данснаас биш зөвхөн Ц.У-ийн хувь хүнийх нь данснаас гарсан. Өнөөдөр яагаад Ц.Уг танихгүй гэдэг асуудал яригдаад байна гэхээр эд нар үе тэнгийнхэн, Архангай аймгийн Жаргалант суманд нэг сургуульд сурч байсан юм билээ. Өнөөдөр огт танихгүй, мэдэхгүй гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм ч учраас н.Д гэдэг хүн рүү мөнгө шилжүүлсэн гэж удаа дараа утсаар ярьсан. Сүүлдээ В.Б утсаа авахаа больж, Ц.У-ийн дугаарыг блоклосон. Бид нэлээн эрэн сурвалжилж байж хаягийг нь тогтоож авсан. Ингээд Ц.Угйин мөнгөөр худалдаж авсан тэр самрын үнийг нэхэж байгаа юм. Г.Мы хэлсний дагуу мөнгийг Д руу шилжүүлсэн гэдэг асуудал бол худлаа, ийм асуудал огт болоогүй. Хариуцагч ... надад самар өгсөн падаан байхгүй гэж тайлбарлаж байна, үүнийг хүлээн зөвшөөргүй байна, яагаад гэвэл тухайн үед В.Б ганц Ц.У-гээс самар авч байгаагүй, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг н.Батзул, н.Цолмонжаргал, н.Батсуурь гэдэг хүмүүсээс самар худалдаж авч байсан. Эдгээр хүмүүсийн самрын мөнгийг өгсөн, ганцхан Ц.У-ийн самрын мөнгийг өгөөгүй. Ц.У-ийн өөрийнх нь тайлбараар бол Г.М шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүйгээс болоод хорих ялаар солигдсон. Энэ явдлаас болж В.Бийн зан ааш нь өөрчлөгдөж Ц.Утэй харьцахаа больж н.Д гэдэг хүнд мөнгийг чинь өгсөн гэдэг ийм байдлаар харьцаж самрын мөнгийг өгөхгүй байгаа. Иймд хариуцагч В.Бөөс 2,640 килограмм самрын үнэ 48,358,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч В.Бийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2 найзтайгаа нийлж самрын бизнес хийж байсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчтэй ямар ч хамаагүй, бид 2-ын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар ч самрыг Удвалаас аваагүйгээс гадна тийм их хэмжээний мөнгө өгнө гэж тохироогүй. Ямар учраас надаас ийм зүйлс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Удвал нь надтай хамт юм хийдэг найз Мэндсайханы эхнэр мөн. Гэхдээ ийм байлаа гээд бусдын нэр хүндэд халдаж, шүүхэд дуудуулж байгаа нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэгдүгээрт баримт байдаггүй, хоёрдугаарт Г.М-ы мөнгө биш гэж байна. Г.М-ы мөнгө ч бай, Ц.У-ийн мөнгө ч бай хариуцагч В.Б-өд ямар ч хамаарал байхгүй. Самрын бизнесийг хамтраад 5 найз хийе, олсон ашгаа тэнцүү хуваая гэсэн л гэрээ хийж эхэлсэн. Тухайн үед Г.Мы зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг н.Д гэдэг хүн рүү мөнгийг шилжүүлсэн. Энэ бол Г.Мы зөвшөөрлөөр явсан ийм л зүйл болсон. Нэхэмжлэгчийг хариуцагч огт танихгүй гэж хэлээгүй, тийм зүйл огт яриагүй. Ц.У-ийн мөнгөөр самрын үйл ажиллагааг явуулаад байдаг гэдэг зүйл ярьж байна. Ц.У-ийн мөнгөөр самар аваад В.Б-өд өгөөд байсан зүйл байдаггүй. Ц.У-ийн мөнгөөр авсан самар хаашаа яаж орсон талаар бид нар мэдэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч В.Бөд самрыг өгсөн гэдгээ, мөн самар зарагдсан, буцааж мөнгөө авах гэхээр өгөхгүй байна гэдэг тайлбараа нэхэмжлэгч нотлох ёстой. Үүнийг үндэслэлгүй тайлбар гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, гэтэл тийм баримт байдаггүй, зөвхөн амаараа л ярьсан зүйл байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл огт эрх зүйн харилцаанд ороогүй атал бусдаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилт нь өөрөө иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэж, иргэний хэргийн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хаан банк ХХК дахь ... тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргажээ.
4. Хариуцагч В.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргаж өгчээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Г.Мыг гэрчээр асууж тэмдэглэлээр бэхжүүлж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч В.Бөд холбогдуулан гэрээний үүрэгт 48,358,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Архангай аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байх үеэсээ В.Б-ийг мэддэг, мөн манай нөхөр Г.М-ы найз юм. Би В.Бөд 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 тонн 640 килограмм Хуш модны самрыг 1 килограммийг нь 18,000 төгрөгөөр тооцож өгсөн ба самрын үнэ 48,380,000 төгрөгийг борлуулсны дараа авахаар тохирсон. Энэ хугацаанд миний зарж борлуулахаар өгсөн самар зарагдсан, би мөнгөө авахаар В.Бөөс нэхэхэд чиний самарны мөнгийг Сэлэнгэ аймаг, Зүүнхараа суманд байдаг Д гэдэг хүнд самар авахуулахаар өгсөн, энэ хүн самар авч ирж өгөөгүй байхад чиний мөнгийг би хаанаас гаргаж өгөх юм бэ гээд миний мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. В.Б нь надад Д гэдэг хүний 99990489 дугаарыг өгсөн. Би энэ хүнтэй утсаар ярихад надад мөнгө шилжиж орж ирсэн нь үнэн гэдэг боловч өөр тодорхой зүйл ярьдаггүй. В.Б нь миний самар зарагдсан байхад мөнгийг нь надад өгөлгүй, миний танихгүй хүнд өгсөн гэж намайг хуурч хохироож байна. Би В.Б-өд өгсөн самрыг хүмүүсээс худалдаж авсан ба үнийг нь өөрийн Хаан банкин дахь ... тоот данснаас шилжүүлж байсан юм гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үгүйсгэж, татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлажээ. Үүнд, би 2 найзтайгаа нийлж самрын бизнес хийж байсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч Ц.У-тэй ямар ч хамаагүй, бид 2-ын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар ч самрыг Ц.У-аас аваагүйгээс гадна тийм их хэмжээний мөнгө өгнө гэж тохироогүй. Ямар учраас надаас ийм зүйлс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Удвал нь надтай хамт юм хийдэг найз Ч.М-ы эхнэр мөн. Гэхдээ ийм байлаа гээд бусдын нэр хүндэд халдаж, шүүхэд дуудуулж байгаа нь буруу. В.Б-өд самар заруулахаар хүлээлгэж өгсөн баримт байдаггүй, самар худалдаж авч байсан мөнгө нь Г.М-ы мөнгө ч бай, Ц.У-ийн мөнгө ч бай хариуцагч В.Б-өд ямар ч хамаарал байхгүй. Самрын бизнесийг хамтраад 5 найз хийе, олсон ашгаа тэнцүү хуваая гэсэн ийм л гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Тухайн үед самрын бизнес хийгээд Г.М-ы мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг н.Д гэдэг хүн рүү мөнгийг шилжүүлсэн. Ц.У-ийн мөнгөөр самар аваад В.Б-өд өгөөд байсан зүйл байдаггүй. Ц.У-ийн мөнгөөр авсан самар хаашаа яаж орсон талаар бид нар мэдэхгүй. Хариуцагч В.Бөд самрыг өгсөн гэдгээ, мөн самар зарагдсан, буцааж мөнгөө авах гэхээр өгөхгүй байна гэдэг тайлбараа нэхэмжлэгч нотлох ёстой гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч Ц.У нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний хооронд Хуш модны цайруулсан самар худалдаж авна гэж зар тавьж, бусдаас 2,640 килограмм самар худалдаж авсан, самрын үнийг Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас төлж байсан. Авсан самраа В.Бөд 1 килограммыг нь 18,000 төгрөгөөр заруулж, мөнгийг нь самар зарагдсаны дараа авахаар тохиролцсон. 2,640 килограмм самрын үнэ 48,358,000 төгрөг болсон ба самар бүрэн зарагдсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2,640 килограмм самрыг В.Б-өөр заруулахаар Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан даалгаварын гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлжээ.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ц.У, хариуцагч В.Б нарын хооронд гэрээний харилцаа буюу 2,640 килограмм самрыг худалдуулж, самар борлогдсоны дараа төлбөрийг авахаар тохиролцсон гэх харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээр нотлохоор Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн ... тоот дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд za, guilgee, ok, Sa Mendeegees, Samar, Samar Arhangai, Мэндээгээс гэх утга бүхий гүйлгээ хийсэн байх бөгөөд энэхүү гүйлгээнүүд нь нэхэмжлэгч Ц.У нь 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний хооронд бусдаас 2,640 килограмм самар худалдаж авсныг шууд нотолсон баримт биш байна. Мөн Г.Мыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуухад ... нэхэмжлэгч Ц.У нь 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний хооронд бусдаас 2,640 килограмм самар худалдан авч, В.Бөд заруулахаар өгсөн талаар нотолж мэдүүлээгүй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.У-ийн хариуцагч В.Б-өд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 48,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР