Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04-ны өдөр            2021/ДШМ/18                                 Хэрлэн сум

 

 

Н.М-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0057,15/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар  сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2039003520221  дугаартай 2 хавтас, нийт 329 хуудастай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Н.М нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт “Тоёото хайлюкс” маркийн 62-79 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн  “3/ “батлагдсан замаас гарч шинэ зам гаргах”,  мөн дүрмийн 10.1  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Д.Н-гийн дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас  Н.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 31.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг  дахь сум  дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 2021/ШЦТ/66 тоот  шийтгэх тогтоолыг шүүгдэгч  Н.М-ийн  өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн  Холбооны  гишүүн  өмгөөлөгч Х.Баатарбилэг миний бие хүлээн  авч  танилцаад ЭХХШТХ-ын  15.1 дүгээр зүйлийн 15.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн  38.1.1 дэх хэсэгт тус тус  заасан  эрхийн хүрээнд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Манай үйлчлүүлэгч  Н.М  нь мөрдөн байцаалтын  болон шүүхийн шатанд  өөрийн гэм  буруугаа  болон  хохирлыг бүрэн  хүлээн зөвшөөрч  шүүхийн шатанд  гэмт хэргийн улмаас  учирсан  хохиролд 31.000.000 төгрөг төлж барагдуулсан.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын  зорилго нь “...гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх,  гэмт хэрэг үйлдсэн хүнийг  нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  байна.

Шүүгдэгч Н.М-ийн  үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн  болгоомжгүй хэлбэрт  хамаардаг ба  хэрэг гарах үед Н.М согтууруулах  ундааны зүйл хэрэглээгүй, хэрэг гарсны дараа  нэн даруй  хохирогчид  эмнэлгийн  анхан шатны  тусламж  цаг алдалгүй үзүүлэхэд оролцсон, гэм буруугаа  анхнаасаа хүлээн  зөвшөөрч  хохирлыг бүрэн барагдуулсан, өөрөө ажил хөдөлмөр  эрхэлдэг бөгөөд  нийгмээс тусгаарлахгүй бол хэргийн улмаас  цаашид гарах  хор уршгийг арилгахад санаачлаг гаргах  талаараа анхан шатны  шүүхийн  хэлэлцүүлэгт илэрхийлсэн, мөн ар  гэрийн  нөхцөл байдал,  уг гэмт  хэргийн хор  уршиг, хууль зүйн  үр дагаврыг сайн ойлгож мэдсэн зэргийг  харгалзан мөн дээрх  эрүүгийн  хариуцлагын зорилготой уялдуулан  заавал  хорих ялыг  биеэр эдлүүлж нийгмээс  тусгаарлах  шаардлагагүй хэмээн  өмгөөлөгчийн зүгээс  үзэж байна.

 

Иймд  дээрх  гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн нөхцөл  байдлуудыг харгалзан Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсгийн  удирдлага  болгон  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр  зүйлийн  1.4 дэх хэсгийг баримтлан  Н.М-т оногдуулсан  1 жилийн хорих ялыг  тэнсэж өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас хойш хохирогчийн ар гэрт 50.000.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс манай үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Н.М 77  хоног цагдан хоригдож байна. Цагдан хоригдож байх хугацаандаа хууль зүйн үр дагаврыг маш сайн ойлгосон. Тийм учраас оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тэнсэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хяналтын прокурор Ж.Баянжаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.М 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт “Тоёото хайлюкс” маркийн 62-79 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн  “3/ батлагдсан замаас гарч шинэ зам гаргах/,  мөн дүрмийн 10.1  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Д.Н-гийндээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пагмаагийн: “...нөхөр Д.Н нь элэгнийхээ эмийг уусан, гадаа машиныхаа хамарны өөдөөс нь харуулаад 3 орчим метр зайд нөхөрөө хэвтүүлсэн. 62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн дунд оврын жип машин...намайг тойроод машины маань урдуур нь гараад явсан. Тэнд байсан хүмүүс “Яана аа, Д.Н ахын дээгүүр нь машин гараад явчихлаа ш дээ” гэж бахирахаар нь  харсан чинь нөхрийн маань зүүн гар нь хугараад эргэчихсэн байсан. Тэгээд талийгаач нөхөр маань тэр жолооч залууд хандан: “Яаж байгаа юм бэ?, миний дүү, чи ахынхаа дээгүүр машинтайгаа бүтэн гараад явчихлаа” гэж хэлсэн чинь тэр жолооч залуу сандарсан байдалтай “Ах аа би харсангүй, уучлаарай” гэж байсан. Тэгээд сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд маш их гомдолтой байна, буяны ажил мөн бусад зардлуудыг  нэхэмжилнэ ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

- Гэрч Ж.Хатанбаатарын: “...М өөрийнхөө 62-79 улсын дугаартай Хайлюкс машинаа бариад хүнсний бараа зарж байсан Истана машины зүүн хойд талаас нь очоод баруун талаар тойроход нэг юман дээгүүр гарах шиг болсон. Тэгээд машинаа зогсоогоод бууж харахад Истана машины жолооч ёолоод хэвтэж байсан.“ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-29/,

 

- Гэрч М.Мөнхзулын: “...Тэгээд Мгмашинтайгаа хөдлөөд Истана маркийн машины баруун талаар тойроход хүн дайрчлаа гээд хүмүүс хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

- Шинжээч Ж.Жаргалтуяагийн: “... Дээрх цээж хэвлийн хавсарсан гэмтэл нь  учрах үедээ амь насанд аюултай үхэлд хүргэх гэмтэл мөн. Шатлалын эмнэлэгт хүргэгдсэн ч амь насыг аврах боломж бага” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны №82 дугаартай: “...гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд дайрагдах үед үүсгэгдэх боломжтой.  Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж цус алдагдаж нас баржээ.”  гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-71/,

 

- Шинжээч Б.Энхтайваны: “Н.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3/ “батлагдсан замаас гарч шинэ зам гаргах”, мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 202-203/,

 

- Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би хараагүй дээгүүр нь гараад явсан, би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-08/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-11, 14-15/, 62-79 УБВ улсын дугаартай “ Тоёото хайлюкс” маркийн тээврийн хэрэгсэлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-59-65/ зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг “...Шүүгдэгч Н.Мийн  үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн  болгоомжгүй хэлбэрт  хамаардаг, хохирогчид  эмнэлгийн  анхан шатны  тусламж  цаг алдалгүй үзүүлэхэд оролцсон, гэм буруугаа  хүлээн  зөвшөөрсөн,  хохиролыг бүрэн барагдуулсан тул хорих ялыг  тэнсэж өгнө үү” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Н.М гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пагмаад анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 31.000.000 төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдсан байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2021 оны 04 сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөгийг нэмж төлсөн  ХААН банкны шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлжээ. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пагмаа нь “Н.М-т ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдлоо бүрэн барагдуулсан тул ялыг хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүх бичгээр ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Н.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт яаралтай хүргэхэд унааны туслалцаа үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пагмаагийн  давж заалдах шатны шүүхэд гаргасан  хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар Н.Мийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Мийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

 

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-тоногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.”  гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.М-тоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Н.М-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.М 2021 оны 04 сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөгийг хохирогчид  төлсөн болохыг дурьдсугай. 

 

5.  Шүүгдэгч Н.М шийтгэх тогтоол гарснаас хойш 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,  шүүгдэгч Н.Мийг нэн даруй сулласугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА